Ойн салбарын Үндэсний чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Тус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-наас 3 өдөр зохион байгуулна. Чуулганы салбар хуралдаан Байгаль орчны шинжилгээний төвд болох бол Үндсэн чуулган Төрийн ордонд хуралдах юм.
Чуулганаар манай улсад өрнөөд буй 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний эхлэл, явцын талаар хэлэлцэж, хэрэгжүүлэх арга зам, шийдлийн талаар мөн ярилцах юм.
Манай улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог байгуулаад байна. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хянах юм. Мөн цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулан ажиллах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байна.