Ой модонд алхах нь сэтгэл зүйн байдлыг дээшлүүлээд зогсохгүй бие махбодод ч эмчилгээ болдгийг Японы судлаачид баталжээ. Судалгаагаар мод нь өөрийгөө нян, бактериас хамгаалах зорилгоор фитонцид хэмээх тосыг ялгаруулдгийг тогтоожээ. Энэ нь хүний сэтгэл зүйн байдлыг дээшлүүлээд зогсохгүй дархлааг сайжруулж, цусны даралт, зүрхний цохилт, стресс, түгшүүрийг бууруулдаг байна. Мөн, нойрны чанарыг сайжруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, тэр бүү хэл хорт хавдар, сэтгэл гутралын эсрэг эмчилгээ болдог аж. Ойд алхах нь физиологи, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэхийг нарийвлан судлуулахаар Японы эрх баригчид 2004-2012 онд дөрвөн сая ам.долларын санхүүжилт гаргасан байдаг. Токио дахь Ниппон анагаах ухааны сургуулийн профессор Чин Лигийн уг судалгаанд оролцогчдын нэг. Тэрбээр 12 хүнийг сонгон авч, ойд алхахаас өмнө болон алхсаны дараа хүний дархлааны тогтолцоон дахь төрөлхийн устгагч эсийн үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжжээ. Судалгааны явцад ойд алхсаны дараа устгагч эсүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, вирусийн халдвартай эс, хавдрын эсрэг хурдтай хариу үйлдэл үзүүлж буйг тогтоожээ. Энэхүү судалгаанд тулгуурлан Япон улс өдгөө 62 төрлийн эмчилгээний аргыг боловсруулсан аж. Өдгөө ойн эмчилгээг Финлянд, АНУ, Их Британи, Канад зэрэг улсад нэвтрүүлээд буй юм.