Categories
мэдээ нийгэм

Ойн арга хэмжээ баярын жагсаалаар эхэллээ

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги үүсч байгуулагдсаны түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн баярын арга хэмжээ өнөө өглөө тус аймгийн цэргийн хүрээний анги байгууллагуудын алба хаагчдын оролцсон баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ.

Баярын жагсаалын арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү болон төв, орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, ГУТОТС-ын Клубын тэргүүнүүд, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үе, үеийн удирдлага, алба хаагчид, хүндэт зочид, Өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын баг тамирчид оролцлоо.


Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги нь 1976 онд байгуулагдаж одоог хүртэл улс эх орон, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.
Баярын жагсаалын дараа улсын төсвөөр бус, орон нутгийн дэмжлэг, туслалцаа, алба хаагчдын өөрсдийн дотоод хүч, нөөц бололцоог ашиглан барьж, ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.


Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүсийн хэмжээнд томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна, баг тамирчид гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа жилийн аль ч улиралд хийх боломжтой болж байгаагаараа онцлог юм.


Мөн ойн хүрээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулна.
Тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубуудийн шигшээ багууд болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *