БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь нар сум дундын 16 ойн ангид автомашин, түймрээс урьдчилан сэргийлэх болон хамгаалах багаж хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө. Одоогоор улсын хэмжээнд 36 сум дундын ойн анги байгуулагдан ой аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа юм. Судалгаагаар жилд улсын нийт ойн сангийн 13,4 хувь хүртэлх ойн талбай ой-хээрийн түймэрт нэрвэгддэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнтэй холбоотойгоор ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд ашиглах ОХУ-д үйлдвэрлэсэн Пургон маркийн автомашин болон үлээгч аппарат, үүргэвчит гал унтраагч, усны резинэн сав зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зориулалтын багаж хэрэгслүүдийг БОАЖЯ-наас ойн ангиудын албаны хэрэгцээнд хүлээлгэн өгсөн юм. Манай улсын хойд бүс нутгаар байрлах сум дундын ойн ангиудын хамгаалалтад байгаа ойн сангийн нутаг дэвсгэр нь түймрийн эрсдэлийн I – IV зэрэглэлд багтдаг. Үүнээс I зэрэгт 70 хувь, II зэрэгт 15 хувь, III зэрэгт 10 хувь, IY зэрэгт таван хувь тус тус багтаж байгаа юм. Иймд ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад ойн түймэр болон хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд ойг зөв, зохистой хамгаалах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.