Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын УАШТ маргааш болно

Монголын Оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулж буй ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын V дахь удаагийн тэмцээний урьдчилсан шат болох гэж байна. Тэмцээн маргааш буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Монгол-Японы төв дээр болно.

Энэхүү тэмцээний зорилго нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах юм.

УАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд нийт 120 тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд эхний 50 тамирчин эцсийн шалгаруулалтад оролцох эрхийг авах юм. Харин ой тогтоолтын УАШТ-ий төгсгөлийн шат ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болж, 2015 оны аваргууд тодорно.

Тэмцээний 10 төрөлд нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах багтжээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.

Энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч “Мөнхийн үсэг” ХХК, Rapid Development Group, “Төгс Эрдэм” сан ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, Монголын Оюун Ухааны академи өнгөрсөн 4 жилийн хугацаанд оюуны спортын 40 гаруй тэмцээн уралдаан дотооддоо зохион байгуулж 1500 гаруй тамирчдыг хамруулжээ. Мөн олон улсын чанартай 30 гаруй тэмцээнд оролцсоноос 349 медалийг авсны дотор дунд насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ийг нь Монголын тамирчид эзэмшиж байна. 2014 оны 12 дугаар сард БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон ДАШТ-ээс Монголын тамирчид 29 медаль (боломжит 60-с) хүртэж, багаараа II байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *