Categories
мэдээ улс-төр

Оффшорын хуулийн хориг 30 гаруй мянган албан тушаалтанд үйлчилнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Оффшор бүсийн асуудлыг зохицуулсан хуультай улс орон дэлхий хэд байна вэ. Миний судалснаар ийм хуультай улс байдаггүй юм байна. Олон орон албан тушаалтнуудыг орлогоо мэдүүл л гэдэг юм байна” гэж тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Францын парламент оффшортой холбоотой хуулиа баталж, 7000 хамаарал бүхий иргэдийг хамруулсан байдаг. Мөн Европын холбоо, ОХУ, БНХАУ-д ийм төрлийн хууль хэрэгжиж байна. 2000 оны сүүлчээс эхлээд “Их-20”-ын уулзалтаар эл асуудлыг хэлэлцдэг болсон” гэж тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хууль батлагдсанаар хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт шинэчлэгдэх үү. Мөн хэн нэгний эхнэр нөхөр байсныхаа төлөө хариуцлага хүлээх болоод байна уу” гэхэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “ХОМ-ын маягтыг шинэчлэх ажил хийгдэнэ. Оффшортой холбоотой хориг тавьж байгаа маань Панамын баримт бичигт манай улстөрчдийн нэр багтсантай холбоотой. Түүнчлэн гэр бүлийнхнийг нь хуулинд хамруулна гэсэн байгаа. Ер нь ХОМ бөглөдөг 30 гаруй мянган албан тушаалтанд хуулийн хориглолт, хязгаарлалт үйлчилнэ. Хэрэв энэхүү хуулийг зөрчсөн бол ажлаа өгөх, цаашилбал хангалттай нотлох баримт цугларсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай яригдана” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Монголын түүхэнд анх удаа ийм төрлийн хууль гарч байна. Хуулийг яаралтай батлах хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Хуулийг даруй шийдээсэй гэсэн хүлээлт нийгэмд бий. Гэхдээ АТГ баахан цаастай ноцолддог ажилтай болж байгаа юм биш биз. Хүмүүс ажилд томилогдож чаддаггүй байдалд хүрэх вий” хэмээв. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Хэрэв оффшор бүсэд дансгүй гэдэг нь нотлогдвол тухайн хүнийг гэм буруугүй гэдгийг нь тогтоодог байх ёстой. Энэхүү зохицуулалтыг хуулиндаа давхар тусгаж өгөх хэрэгтэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль ёсны орлого буюу татвараа төлсөн мөнгөө хаана байрлуулсан байх нь хэнд хамаатай юм бэ гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, “17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна гэж хэвлэлээр бичээд байгаа. 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улсаас 17 тэрбум ам.доллар хэрхэн хилийн чанад руу гарсан байх вэ. Одоогийн нөхцөлд 20 сая төгрөгөөс дээшхи гүйлгээг хянадаг. Иймд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хэдэн төгрөг хэрхэн гадагш гарав гэдгийг судлах нь зөв. Тус хууль батлагдвал гурван сарын дараа гэхэд оффшороос мөнгөө татах ёстой. Дараа нь 30 хоногийн дотор энэ тухайгаа мэдүүлэх үүрэгтэй” гэсэн хариултыг өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр тус хууль батлагдлаа. Үүний дараа тус хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь хэлэлцэн батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *