Дэлхийн бүх улс орнуудын нийт суралцагчдын 91 хувь “Ковид-19” цар тахлын нөлөөнд өртсөн бол 3 суралцагч тутмын 2 нь сурлагын хоцрогдолд орсон. Энэ нь зөвхөн сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн ЮНЕСКО тодорхойлж байна.
Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь одоогийн нийгэмд, ялангуяа цар тахалтай энэ нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй байгааг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг үе шаттайгаар мэргэшүүлэн ажиллуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургууль, БШУЯ-ны харьяа лаборатори болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг ажиллуулахаар мэргэшүүлэн сургаж байна.
Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн:
• Хэвийн ажиллаж, амьдарч, суралцдаг
• Нийгэмд зохих байр суурь эзлэн хувь нэмрээ оруулдаг
• Нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан
зохицож чаддаг
• Бие даан ажиллаж, хариуцлагатай байж чаддаг
• Сэтгэцийн эмгэг өөрчлөлтгүй хүнийг хэлнэ.