Categories
мэдээ нийгэм

ОДОНГИЙН САЙНЖАРГАЛ: . Бид уламжлалт “Диффузи”-ийн аргыг халж CO2 хийн өндөр даралтын технологиор чацарганы тосыг ялгах төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өндөр технологийн төхөөрөмжтэй болж чадсан

Дэлхийг бурхан биш инженерүүд бүтээсэн. Инженерүүдийн ачаар илүү хялбар амьдрах боломж өдөр бүр бидэнд нэмэгдсээр байна. Тэднийг газар дээрх бурхад гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Манай улсад ч олон бурхад бий. Тэдний нэгтэй нь бид өнөөдөр ярилцлага хийлээ. Зайрмагны аяга үйлдвэрлэх машинаас эхлээд томоохон үйлдвэрүүдийг босгосон Одонгийн Сайнжаргал инженертэй ярилцаж түүний олон сонирхолтой бүтээлүүд болон хувь хүний зан чанар баримталдаг зарчмын тухай яриа өрнүүлсэн юм. Тэрээр Монголдоо төдийгүй дэлхийд эрэлт хэрэгцээ өндөр чацарганы тосыг гаргах машин зохион бүтээсэн нь манай улсын хувьд дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөхүйц брэнд бүтээгдэхүүнтэй болох боломж гарц нээгдсэн юм. Техник сэтгэлгээтэй ааваасаа инженерийн ур чадварыг өвлөж авсан тэрээр хамт олон дундаа цаг нарийн баримталж тооцоолол нягт нямбай гаргадаг гэдгээрээ алдартай.Хэлэх үг хийсэн зүйл их түүнтэй ярилцахад сонирхолтой хэрнээ урамтай байсныг нуух юун.

-Дэлхийн хэмжээнд алттай дүйцэхүйц үнэ цэнэтэй чацарганы тос гаргаж авах төхөөрөмжийгмонгол инженер бүтээсэн байна.

Энэ бүтээл монгол хүний хувьд бахархлыг минь төрүүлж харин сэтгүүлчийн үүднээс сонирхлыг минь маш ихээр татлаа. Тиймээс энэ сэдвээр хоёулаа ярилцлагаа эхэлье. Магадгүй Монголд ургадаг чацаргана жимсний үнэ цэнэ эрэлт хэрэгцээг монголчууд бид өөрсдөө төдийлэн сайн мэддэгүй юм шиг…?

-Чацарганад 50 гаруй биологийн идэвхт бодис, уураг, витамин С болон Е бодис агуулагдаж, үүнээс гаргаж авсан тос нь хорт хавдар, ходоод гэдэсний шархлаа, үрэвсэлд нэн сайн нь шинжлэх ухаанаар батлагдсан.Энэ жимсний үрээс гаргаж авсан тосыг эрүүл мэнд, гоо сайхан гээд бүх төрлийн зүйлд ашиглах боломжтой. Дэлхий дээр омега-7 агууламж өндөртэй хоёр бүтээгдэхүүн байдаг. Нэг нь загасанд агууллагддаг бөгөөд япончуудын урт насалдгийн гол нууц нь үүнтэй холбоотой. Нөгөө нэг нь чацаргана жимс. Чацаргана жимсний омега-7 агууламж загаснаас илүү өндөр болохыг Харвардын сургуулийн эрдэмтэд тогтоосон байдаг.Ялангуяа Увс аймагт ургаж байгаа чацаргана жимсэнд бусад нутгийнхтай харьцуулахад омега-7 агууламж өндөр болох нь олон судалгаагаар батлагдсан. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээнд чацарганы үрний тосны эрэлт хэрэгцээ өдөр бүр нэмэгдэж үнэ цэнэ нь шар алтнаас дутахааргүй өндрөөр үнэлэгдэж байна. Манай улс чацаргана жимсний нөөц боломж ихтэй. Иймд гадны улсууд экспортоор авах сонирхол нэлээдгүй өндөр байдаг.

-Яг энэ л эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан чацарганы тос гаргаж авах төхөөрөмж зохион бүтээх санаа тань бий болсон байх. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-“Тэсо” корпораци чацаргана жимсийг ашиглан шүүс, зайрмаг зэргийг үйлдвэрлэдэг байсан тул үүнийгээ дагаад тус жимсний үр, хайлсний нөөц хуримтлагдан бий болж эхэлсэн. Түүнчлэн Увсын чацарганы үрээс гаргасан тосыг худалдан авъя гэсэн санал тухайн үед Япон, Тайвань, Солонгос, Хятад гэх мэт улсаас нэлээдгүй ирдэг байлаа. Тэд чацарганы үрээс гаргаж авсан тосыг гоо сайхан болон витамин хийхэд ашиглах саналтайгаа илэрхийлсэн. Өөрсдөө УВС-ын чацарганыг маш олон талаас нь судалж үзэн хамгийн тохиромжтой, ашигт элемент ихтэй болохыг нь тогтоосон юм байна лээ. Монголын эрдэмтэд ч мөн энэ их нөөцийг ашиглая гэх захиалга, санал хүсэлтүүдийг өгдөг байсан. Иймд дүү Жаргалсайхан болон компанийн чадварлаг залуу ажилчдынхаа хамт чацарганы тос гаргаж авах төхөөрөмж бүтээх ажлаа эхлүүлсэн. Тэгээд судалгааны ажилдаа орон Тайвань улсад очин чацарганы тос гаргаж авдаг технологитой танилцаж судалсан юм. Тухайн технологийг эзэмшдэг Тайвань компани манайд төхөөрөмж нийлүүлье, хариуд нь бид чацарганы тос авья гэсэн санал гаргасан. Тухайн үед Монголд байгаа чацарганы үрийн нөөц, тэдний авахыг хүсч байгаа хэмжээ мөн хийх хөрөнгө оруулалт тохиролцоонд хүрэх хэмжээний байгаагүй тул бид татгалзсан хариуг өгсөн. Бид Монголдоо эргэн ирж ажилдаа ханцуй шамлан орсон. Нефтийн үйлдвэрт ашигладаг тос салгах зарим нэг арга шийдлүүд байдаг. Үүнээс бид ашигтай санаануудыг авч шингээгээд Тайвань, Хятад улсад ашиглагдаж байгаа технологитой дүйцэхүйц зарим талаараа шинэ шийдэл бүхий төхөөрөмжтэй болж чадсан. Өнөөдрийн байдлаар тус машин 24 цаг тасралтгүй хэвийн ажиллаж бүтээгдэхүүн гарган үүнийг нь бид Тайвань,Япон гэх мэт улсууд руу экспортод гаргаж байна.

-Чацарганы тос гаргаж авах судалгааны ажил болон бүтээл технологиудыг урьд өмнө нь олон эрдэмтэд хийж байсан. Гэхдээ экспортод бүтээгдэхүүн гаргах хэмжээнд хүрч чадаагүй. Энэ юутай холбоотой вэ. Та алдааг нь харж чадсан учираас л өнөөдөр таны бүтээсэн төхөөрөмж экспортод гарах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байгаа гэж бодож байна.

-Сүүлийн 20 гаруй жил чацарганы тос гаргаж авах цаашлаад экспортод гаргах тухай Монгол Улсын хэмжээнд ярилцаж гарц шийдлийг хайсан. Энэ талаар гадна дотны маш олон эрдэмтэд судалсан. Бидний хийсэн судалгаагаар чацарганы үрэнд асар их хэмжээний омега-7 агуулсан тосны хүчлүүд байна гэдгийг бүрэн ялгаад гаргаж ирсэн. Бодитоор нь харуулсан гэсэн үг. Үүнээс гадна хоёр дахь гол зүйл нь чацаргана жимсний ашиггүй бодисыг өмнө нь манай улс ялгаж чаддагүй байснаас болж экспортод гаргах боломжгүй байсан юм. Харин бидний бүтээсэн технологи бүх ашигтай бодисыг ашиггүйгээс нь ялгаж 100 хувь витамины агууламжтайгаар гаргаж чадсанаар экспортод гарах үүд хаалга нээгдсэн. Чацарганы тос бол монгол гайхамшиг. Түүнийг үйлдвэрлэх төхөөрөмж бүтээж чадсан нь өөрийнхөө төдийгүй монгол инженерүүдийн түүхэнд гаргасан маш том амжилт.

-Таны анхны бүтээл бас сонирхлыг минь нэлээд татсан. Зайрмагны аяга үйлдвэрлэх машин бүтээж байсан. Энэ тухайгаа ярьвал…?

-За баярлалаа. 1996 онд манай улсад ЗХУ-д үйлдвэрлэсэн хоёртонн орчим жинтэй зайрмагны аяга үйлдвэрлэдэг цөөхөн машин байсан. Тухайн үед тэр машин нь нэлээдгүй эрэлт хэрэгцээ ихтэй байсан юм. Энэ тухай сонсоод сониуч зан минь хөдөлж тэр машиныг очиж сонирхсоны дараагаар ийм зайрмагны аяга үйлдвэрлэдэг машин бүтээх хүсэл бий болж маш олон төрлийн судалгааг хийж эхэлсэн. Би тэр үед төрсөн нутаг болох Увс аймгийн Тэс суманд ажиллаж амьдардаг байсан тул тог цахилгаанаас эхлээд гачигдаж дутагдах зүйл нэлээдгүй их байлаа. Угаасаа тэр үед бүхий л үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьчихсан шинээр юм хийхэд хөдөө битгий хэл хотод ч юм, юм хомс байсан цаг үе. Одоо ярихад амархан санагдаж байгаа ч, тухайн үедээ үүнийг хийхийн тулд ширэм, хайлшийг жижиг зууханд хайлуулж, хэвэнд цутгаж, боловсруулалт хийх гээд хөдөөгийн тоног төхөөрөмж тааруу, тог цахилгаангүй нөхцөлд нэлээдгүй хүндрэл гардаг байлаа. Хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл, заан зөвлөж байсан ааваас минь эхлээд олон хүний дэмжлэгийн үр дүнд энэ ажлын ард гарч байлаа.Анхны бүтээл учир материал судлалын ухаанаас эхлээд олон төрлийн мэдээлэл, мэдлэгийг судалж эзэмшин маш олон удаагийн оролдлого туршилтын үр дүндхүчин чадал нь адилхан мөртлөө хоёр тонн орчим жинтэй машиныг 100 кг болтол нь жижигрүүлж бүтээж чадсан юм. Хийсэн зайрмагны аяганы машинаа автомашинаар аймгийн төв оруулаад цаашаа онгоцонд дайн нийслэлрүү хүргэдэг байлаа. Эрэлт хэрэгцээ өндөртэй байсан болохоор онгоцноос буунгуутаа л манай зайрмагны аяганы машинууд маань зарагдчихдаг байсан. Энэ нь биднийг нийслэл хотдоо шилжин ирж амьдрах, ажил бизнесээ өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болсон. Хотод нүүж ирсний дараагаар бүтээсэн машиныг маань нэлээн олон хүн хүрч ирэн сонирхож хэрхэн яаж бүтсэн тухай асуун, зургийг нь аваад буцдаг байсан. Тэдгээр хүмүүс дундаас БНХАУ-д очиж зайрмагны аяганы машины зургийг үзүүлж дуурайлган тус улсад хийлгэж, буцаан Монголд худалдаалах болсон.

-БНХАУ-ын инежерүүдийн сэтгэж чадаагүй сэтгэн шинэ төрлийн зайрмагны аяга үйлдвэрлэх машин бүтээсэн нь танд урам зориг өгч олон шинэ бүтээлийн санаануудыг бий болгосон байхдаа?

-Тэгэлгүй яахав. Анхны бүтээл маань амжилттай болж улс оронд дутагдаад байсан нэг ч гэсэн орон зайг нөхөж чадаж байгаад урамшин дараагийн бүтээлдээ орсон. Бид зайрмагны аягатай болж чадсан юм чинь одоо дотор нь зайрмагтай болох л дутаад байлаа. Манай дүү анх бид нарыг хотод амьдарч, бизнес хийвэл боломж байна гэж Тэсээс дуудаж манай компанийн анхны үндэс суурь тавигдаж байлаа. Тэр үед бид Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар ажиллагаатай жижиг машинаар зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн. Тус машин хэлбэр загвар муутайн дээр бүтээмж маш муу байсан. Надад энэ машиныг л өөрчилж шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн бодол толгойноос огт гарахаа больсон. Энэ бодолдоо автан илүү ажлын бүтээмж өндөр зайрмаг үйлдвэрлэх шугам бүтээх ажилдаа ханцуй шамлан орсон юм. Зайрмагийг шугаман хэлбэрээр л хийж болдог гэхээс өөр мэдлэг мэдээлэл бидэнд огт байсангүй. Иймд Турк улсад үйлдвэрлэсэн машинаас санаа авч өмнөх зайрмагны аяга үйлдвэрлэх машин бүтээхэд бий болсон туршлага дээр тулгуурлаад бүтээх их ажилдаа орсон. Үүний үр дүнд дүү О.Жаргалсайхан болон компанийн залуучуудтайгаа хамтран цагт 300 кг буюу өдөрт 70-80 мянган ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай өмнөх бүтээмжийг 10 дахин нэмэгдүүлсэн эскимо хэлбэрийн зайрмагны шугамыг бүтээж чадсан юм.Тус зайрмаг нь та бидний сайн мэдэх одоогийн “БАМБАР” аарцтай зайрмаг юм. Энэ үеэс л бамбар зайрмаг болон “Тэсо” корпорацийн түүх бичигдэж эхэлсэн.

-Ер нь та одоогийн байдлаар нийтдээ хичнээн зүйл зохион бүтээгээд байгаа вэ?

-За байз, тэр бүр бүтээлээ тоолж бүртгээд байдаггүй юм байна. Миний тооцоогоор 40 гаруй бүтээл байгаа байхаа. Ихэвчлэн барилга байгууламж болон үйлдвэрүүдтэй л холбоотой зүйлс бийдээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг илүү сайжруулж монгол орны нөхцөл байдалд тохирохуйц тоног төхөөрөмжүүд нэлээдгүй зохиосон. Ер нь манай улс шиг эрс тэс хүйтэн уур амьсгалтай газарт гадны улсаас ирсэн хөргөлтийн төхөөрөмжүүд өвлийн нөхцөлд тасралтгүй ажиллахад хүндрэлтэй байдаг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхээр үйлдвэрлэлийн хөргөлтөнд ашиглах усан хөргөлттэй Гардерийн системийг монгол орны хүйтэн нөхцөлд тасралтгүй ажиллах боломжтой төхөөрөмжийн зураг төсөл зохиож түүнийгээ Тайвань улсад хийлгүүлсэн.Одоо энэ төхөөрөмжийннөлөөгөөр үйлдвэрүүд маань жилийн дөрвөн улиралд тасралтгүй жигд ажиллах боломжтой болсон. Ижил төстэй гадны машинуудаас илүү өндөр гарцтай жимс боловсруулах машин, барилгын дулаанд үйлдвэрлэлд ашиглагдсан уурыг ашиглах технологийг хийсэн. “Содон” цогцолбор хорооллын барилга, “Айсмарк”, “Агь”, “Милко” үйлдвэрийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийг удирдаж оролцсон гээд дурьдаад байвал чамгүй бий.

-Би таны аавыг их техник сэтгэлгээтэй хүн гэж сонссон. Магадгүй аавынхаа энэ зан чанараас үлгэр дуурайлал авч өнөөдөр энэ олон бүтээлийн зохион бүтээгч болсон байх. Та анхны бүтээлээ аавтайгаа хамтарч хийж байсан уу?

-Тиймээ, анхны бүтээл болох зайрмагны аяга үйлдвэрлэх машинаа аавтайгаа хамтарч хийж байлаа. Миний аав надтай харьцуулашгүй мундаг инженер хүн байсан. Бага сургууль төгссөн ч техник сэтгэлгээ өндөртэй, оюун билэгтэй, бурхан ухаантай хүн байсан. Аав минь үйлдвэрт ажиллаж байгаа автомат машиныг хийчихээгүй ч гэлээ хүүхдүүд биднийхээ оюунд ийм байх учиртай гэсэн санал санаачлагын үр хөврөлийг баттай суулгаж тарьж чадсан. Ер нь манайхан бүгд шинийг сонирхогч, бүтээлч зан чанартай хүмүүс. Миний аав л гэхэд тухайн үедээ л шинэ техникийг хамгийн түрүүнд хэрэглэж, туршиж үздэг, 20 гаруй инноваци, шинэ бүтээлийг нэвтрүүлсэн тухайн үеийнхээр “ШБОС” Одон гэж хүн байлаа. Бид бас хамтач амьдрал, багийн ажиллагааг их эрхэмлэдэг. Манай өвөө л гэхэд ах дүүгийнхээ 10 гаруй айлыг хамтатган нэг хашаанд буулгаад тэдэнтэйгээ хамтран ажил төрлөө хийж, нэг нэгэндээ дэмтэй явж ирсэн сайхан түүхүүд бий. Аавынхаа шинийг санаачлагч зангаас ах дүү бид их багаар бүгд л өвлөсөн. Үүнээс би техник талыг нь өвлөж авсандаа баяртай байдаг.

-Таны хувьд өөрийн ааваасаа инженерийн мэргэжлээ өвлөж авсан байна. Тэгвэл танай хүүхдүүд дундаас мэргэжлийг тань өвлөн авч байгаа юу?

-Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь хуульч эдийн засагч мэргэжилтэй. Одоогоор яг миний мэргэжлийг өвлөж авсан хүүхэд байхгүй л байна. Гэхдээ хамгийн бага охиноо инженер болчих болов уу гэж найдаад л байгаа. Гэртээ ганц хоёр зүйл ухчихсан засаад сууж байгаа харагддаг.

-Таны залгамж халаа болох олон залуучууд энэ мэргэжлээр сурч боловсорч байна. Тэдэнд хандаж хэлэхэд инженер хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар юу вэ?

-Энэ улсын хөгжил инженерүүдээс эхлэх учиртай. Иймд энэ мэргэжлээр маш олон хүүхэд залуус суралцаасай гэж хүсч байна. Яаж хэрхэн хийх вэ гэдэг энгийн асуултаас л том бүтээл, санаачлага төрдөг. Төрсөн санаа бүрээ хамгийн гол нь ажил хэрэг болгохын төлөө нарийн сайн тооцоолж төлөвлөхийг боддог. Хэн ч бодож, төсөөлж, мөрөөдөж чадна. Түүнийгээ харин бодит болгох нь чухал. Шийдэл болоод гарцаа олж харсан л бол түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө шаргуу хөдөлмөрлөж зорьсон ажлынхаа ард гарч, хийе гэснээ хэрэгжүүлж дуусгаж байвал амжилт ирдэг гэж итгэдэг.

Улс орны хөгжлийн төлөө ур ухаанаа уралдуулан зүтгэж буй их ажлынхаа хажуугаар бидэнтэй ярилцсанд баярлалаа. “Инженер мэргэжлээр олон хүүхэд залуучууд суралцаасай” гэх таны хүсэл зорилго биелэлээ олж Монгол Улсад бурхан ухаантай инженерүүд олноороо төрөх болтугай гэх сайхан ерөөлөөр энэ удаагийн ярилцлагаа энд хүргээд дуусгая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *