Categories
мэдээ нийгэм

Одон авдаг С.Одонтуяа дарга аа, өлсгөлөн зарлаж байгаад хүний амь үрэгдвэл танд хамаагүй юу?

Хар хорин захын ойролцоо нэгдүгээр хорооллын 32-ын автобусны буудлын орчимд жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс гэр барьж, нойтон өлсгөлөн энэ сарын 25-наас зарлаж эхэлсэн. Тэд хог бүхий 60х15 хэмжээтэй газарт жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрлийг нийслэл болон дүүргийн удирдлагуудаасаа хүссэн байдаг. Зарим удирдлагууд үүнийг зөвшөөрсөн ч дорвитой хариу шийд огт өгөхгүй байгаа гэдгийг хэлсэн билээ. Өлсгөлөн зарлаж буй иргэдтэй холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл К.Баясгалан ярихдаа “Өлсгөлөн зарлаж эхэлсэн эхний өдөр 14 хүн байсан. Харин одоо 11 болсон. Нэг иргэн ухаан алдсан. Түүнийг эмнэлгийнхэн ирж үзсэн. Ерөнхийдөө бид нарын биеийн байдал жаахан тааруу байна. Өдөр бүр Эүүл мэндийн яамнаас холбогдох мэргэжилтнүүд ирж, үзлэг хийж байгаа. Ингэхэд бид нарын жин хасагдсан байна лээ. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Эрүүл мэндийн яамныхан уг асуудлаар хуралдаж хэлэлцэнэ гэсэн” хэмээв. Мөн тэрбээр фэйсбүүкээр хүүхдийн маань зураг дээр “Нүдийг нь сохолно” гэх зэргээр дарамталсан мессэж ирсэн. Энэ талаар би Хүний эрхийн үндэсний комисст хандчихсан байгаа. Бид айдастай байна. Асуудлыг хурдан нэг талд нь шийдвэрлэж өгөхгүй бол бидний ар гэрийнхэн маань хүртэл дарамтанд орж болзошгүй юм. Цагдаагийн байгууллагад хандахад “Бид үүнийг шалгахгүй ээ, авч хэлэлцэхгүй” гэсэн. Манай улсад үнэн шударга зүйл гэж байна уу. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд их хүндрэлтэй, дарамттай болчихжээ гэж байлаа.

БИД ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ БАЙНА. БИЕИЙН БАЙДАЛ МАШ МУУ БАЙНА ГЭВ

Өлсгөлөн зарлаж буй иргэдтэй Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ирж уулзсан гэнэ. Тэрээр иргэдэд та бүхэн амьдрал, эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Бид та бүхний өмнөөс тэмцэж, алхам хийх болно гэдгийг онцолжээ. Мөн Дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг дүүргийн хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар газар дээр нь очиж танилцсан гэнэ. 12 иргэнээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвийн эмч, сувилагч нар очиж шинжилгээ авч, биеийн байдлыг үзсэн аж. Ингэхэд анхан шатны үзлэгээр даралт нь ихэссэн, хавантай, ханиадтай нийт таван иргэн байсан бол хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26,10 тоот тушаалд хөхүүл эхчүүд өлсгөлөнд оролцохыг хориглосон заалт байдаг аж. Дүүргийн удирдлагууд өлсгөлөн зарлаж буй иргэдийн биеийн байдалтай танилцаж, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардсан гэв.

Өлсгөлөнг зохион байгуулагч С.Мишиг хэлэхдээ “Тав дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал маш муу байна. Бид ажилгүйдэл, ядуурлаас ангижрах зорилготой. Холбогдох албан тушаалтнууд ирж уулзаж байгаа. Бид санаа бодлоо хүргэсэн. Эцсээ хүртэл тэмцэнэ. Төр засгийн удирдлагууд маань ирээдүйн сайн сайхны төлөө ард иргэдээ ажлын байртай л байлгах хэрэгтэй. Хэрвээ үр дүнтэй шийд гаргахгүй бол ирэх долоо хоногт тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөн рүү шилжинэ” гэсэн юм. Мөн Жижиглэн худалдаа эрхлэгч Б.Өлзийхүү “Жижиглэн худалдаа эрхэлдэг 100 гаруй хүний төлөөлөл болж бид өлсгөлөн зарлаж байна. Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Гантөмөр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарт биднийг ажлын байраар хангаж өгөөч ээ гэсэн захирамж явуулчихсан. С.Одонтуяа дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Харин энэ талаар ямар нэг хариу огт гаргахгүй байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрч байна шүү дээ. Өлсгөлөн зарлаж буй хүмүүсийн биеийн байдал муу байна. Маш хэцүү байна. Төрөөс нэг ч төгрөг нэхэмжилж гуйхгүй. Хоёр жил гаруй хугацаанд бид тэмцэж байна ш дээ. Хариу шийд өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөн зарлана. Хүмүүс ямар ч хүч тэнхээ, чадалгүй болчихлоо” гэж байв.

Ийнхүү Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа шийдвэр гаргахгүй байснаар хүний амь нас үрэгдвэл, хариуцлагыг хэн хүлээх вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *