Одоогоос жил гаруйн өмнө “Очир” төвд 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан. Гэвч хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн шатнаас хэд хэдэн удаа буцсан юм. Энэ сарын 7-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр товлосон билээ. Тэгвэл уг шүүх хурлын үеэр тайван жагсаал хийх болсон талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээллээ.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан 13 настай охины хэрэг гараад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч шийдэгдээгүй байгаа тул хэргийг үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарлаа хандуулж ажиллана. Мөн Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдэд “Очир” төвд 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн хүнд шийтгэлийг оноохыг шаардаж байна” гэв. Мөн тус холбооноос шүүх хурлын ажиглагчаар оролцох хүсэлтээ өгчээ. Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шүүх хурал болох өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын гадаа тайван жагсаал хийх юм.