Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 16.00 цагт Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Xэргийн талаар эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 29-нд болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.
Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан нь баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцааж байжээ.