Одоогоос хоёр жил орчмын өмнө 13 настай охиныг хоёр залуу зочид буудалд дагуулан орж хүчиндэн улмаар амь насыг нь хохироосон хэрэг гарч, нийгмийг сэртхийлгэж байсан. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийн нэг нь талийгаачийн ойрын танил, гэр орноор нь орж гардаг хажуу айлынх нь хүн байсан гэдэг. Хэргийг шийдвэрлэх явцад олон бэрхшээл тулгарч байсан бөгөөд эцэст нь гэмт хэрэг үйлдэгчдийг бүх насаар нь хорих ял эдлүүлэх шийдвэрийг Монгол Улсын дээд шүүхээс гаргаж байлаа. Гэсэн ч гэмт хэрэгтнүүд ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээхээр болсон байдаг. Энэ талаар 13 настай охины аав Т.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Шүүхээс охины тань амь насыг хөнөөсөн этгээдүүдийг бүх насаар нь хорихоор шийдвэрлэж байна шүү дээ?
-Хяналтын анхан шатны шүүхээс гаргасан бүх насаар нь хорих шийдвэрийг хэвээр зөвшөөрөн баталсан. Тэгэхээр үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ялыг хууль, шүүхийн байгууллага оноосон гэж бид үзэж байгаа.
-Нөхөн төлбөр нэхэмжлэх үү?
-Нэгэнт шүүхийн шийдвэрээр талийгаачийг оршуулахтай холбогдуулан гаргасан зардлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээр хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн.Үүнийг өгөх үү, үгүй юу гэдгийг тэдгээр хүмүүсийн ухамсар мэднэ. Түүнээс биш бид заавал мөнгө авна, туслалцаа үзүүл гэхчлэнгээр шаардсан зүйл алга. Нэгэнт миний охин нас барчихсан, дахиж босч ирэхгүй шүү дээ. Хуулийн байгууллагаас дээд ялыг нь оноосон, гомдох зүйл алга. Анх Монгол Улсад хууль гэж байдаг бол түүнийхээ дагуу энэ хэргийг шийдээсэй гэж л хүсч байлаа. Миний ээж, аав олон жил хуулийн байгууллагад ажиллаж байсан ч эцэст нь өөрсдөө хууль, хяналтын байгууллагын гадаа үрээ алдчихаад зогсож байна гэж бодож байсангүй. Ийм хэцүү зовлон дахин нэг ч айл гэрт битгий тохиолдоосой гэдэг байдлаар зүтгэсэн.
-Шүүгдэгч нарын ар гэрийнхэн та бүхэнтэй уулзсан уу?
-Үгүй. Ерөөсөө уулзаагүй.
-Магадгүй залуу хүмүүс алдаж, онох зүйл байлгүй яах вэ гэж бодон шүүгдэгчдийг уучлах сэтгэл байна уу?
-Тэд залуу хүмүүс. Амьдралын амтанд эд орж, шунаж явах хүмүүс бүх насаараа хорих ялаар шийтгэгдээд шоронд сууна гэдэг үнэхээр харамсалтай. Үүний цаанаас эцэг, эхийн хүүхдэдээ олгож буй хүмүүжил дутмаг байгааг харж болно. Хэрэгтнүүдийн эцэг, эх хүүхдийнхээ хийсэн хэрэгт гэмшсэн шинж байгаагүй. Хэрэв тэднийг эцэг эх нь зөв хүмүүжүүлсэн бол 20 гаруйхан настай залуус амьдралын амтыг мэдэрч, бусдын адил явах л байсан байх. Мөн улс маань залуучуудыг боловсролтой, сургууль төгссөн залуучуудаа ажлын байраар хангаж өгдөггүй нь гэмт хэрэг үйлдэхэд хүргээд байна. Хэрэв гэмт хэрэгтнүүд ажиллаж хөдөлмөрлөдөг, завгүй амьдралтай байсан бол өнөөдөр ийм байдалтай байгаа ч уу. Тэд ийм хүний ёсноос гажууд үйлдэл хийгээгүй байсан бол хэн ч тэднийг ялаа аваад яваасай гэж бодохгүй шүү дээ. Өнөөдөр энэ хорвоо дээр миний охины сүүдэр нь алга байна.
-Охиныгоо алдсанаас хойш гэр бүлд тань олон бэрхшээл тохиолдсон байх?
-Бид тэр цагаас хойш сэтгэл санааны маш хүнд цохилтод орсон. Одоо хэрнээ бид энэ цочрол, тэр үеийн дарамтаасаа ер гарч чадахгүй байгаа. Яах вэ охин минь өвчнөөр өнгөрсөн бол цаг хугацааны эрхээр сэтгэлийн шарх эдгэрэх л байсан. Гэвч миний охины аймшигт үхэл цаг ирэх тусам улам л сэтгэлд гүнзгий бодогдож байгаа. Хоорондоо ч үг дуугарч чадахгүй өдөр хоногууд олон байсан.
-Сүүлд болсон шүүх хурлын үеэр охиныг 13 настай биш байсан гэдэг зүйл яригдаад байсан?
-Тэдэнд бодитой барьчих, өөрсдийгөө өмгөөлөх зүйл гарч ирэхгүй байсан болохоор л тэгсэн. Миний охин угаасаа намайг дуурайсан том биетэй болохоор насыг нь буруу хэлсэн байх гэдэг ойлголтыг тэд гаргаж ирсэн. Мөн хэрэг гарсан цагаас эхлүүлээд л миний охины нэр хүндийг гутааж, доромжлох оролдлогууд хийгдэж байсан. Гэмт хэрэг гарсан тухайн цаг үед миний охин 13 нас гурван сартай байсан.
-Тухайн өдөр яг юу болсныг яриач?
-Анх Баянзүрх дүүргийн цагдаа нар Амарболдоор манай гэрийг заалгаад бидэнд хэргийн талаар мэдээлсэн. Гэхдээ үхсэн гэж хэлээгүй. Гэтэл 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд орчин “Очир төв” зочид буудлын 304 тоот өрөөнд миний охин амиа алдсан. Хэргийг үйлдсэн этгээдүүд миний охины утсыг барьцаалж буудал руу дагуулж орон хэрэг үйлдэх эхний алхам нь тавигдсан гэж бид боддог. Шүүгдэгч Амарболдтой манайх их олон жил айл байсан. Бүр охиныгоо цэцэрлэгт байхад нь хааяа Амарболдыг “миний хүү дүүгээ аваад ирээч” гэдэг байлаа. Тэдний ээж, аав архинд нэвт орчихсон, үр хүүхдээ тоохоо болчихсон хүмүүс. Амарболдыг өвлийн хүйтэнд гадаа зогсож байхад нь хүртэл гэртээ оруулж ирэн хооллож ундлан, хонуулдаг байлаа. Магадгүй 8-10 жил айл хөрш байсан итгэл дээр дөрөөлөн миний охины амь насыг хөнөөсөн байх. Тэд хэргээ нуун далдлах гэж миний охиныг алсан. Шүүгдэгч Жавхлан мэдүүлэгтээ “Охиныг өнгөрсөн гэдгийг нь мэдэнгүүтээ нойлынхоо өрөөнд ороод мөнгөтэй, машинтай найз нараасаа нэгийг нь дуудаад хөдөө аваачаад булчихъя” гэж байсан. Охины минь ам руу архи цутган, зүй бусаар хүчиндсэн. Тэр өдөр охин минь ээж рүүгээ явах гэж гарсан. Амарболдтой автобусны буудал дээр таарсан юм билээ.
-Шүүх шинжилгээний дүгнэлтээр Жавхлангийн үрийн шингэн илрээгүй гэдэг шалтгаанаар хэргээс мултрах гэж оролдож байсан шүү дээ?
-Жавхлангийн хувьд хийхийн дээдийг гардаж хийсэн хүн. Тэр нь камерын бичлэг, Амарболдын мэдүүлгээр ч нотлогдож байгаа. Гэтэл үрийн шингэн илрээгүй гэдэг шалтгаанаар Жавхлан “Би энэ хэрэгт хамаагүй. Харин энэ хоёрыг хараад л суугаад байсан” гэж байсан болов ч камерын бичлэгт үлдсэн дүрсэнд үйлчлэгчийг буруу харах хооронд хоёр халаасандаа, атга дүүрэн салфетка чихэн өрөө рүүгээ орж байсан. Энэ үйлдэл нь түүнийг хэргийн газрыг цэвэрлэх гэж оролдсоныг илтгээд байгаа юм.
-Охинд ил харагдах шарх сорив байсан уу?
-Хамар нь цөмөрч, хүзүү нь хөхөрсөн байсан. Мөн гуяны дотор тал нь улаан нялга болсон, шулуун гэдэсний амсар урагдсан байсан. Охиныг нас барснаас гурав хоногийн дараа бидэнд цогцосыг харуулсан. Тэр үед хэвлий хэсгийнх нь бүтээлгийг сөхүүлэхгүй гээд ойртуулахгүй байсан.
-Хэрэг шийдвэрлэх явцыг дүгнээд хэлэхгүй юу?
-Анх хэргийн мөрдөн байцаах ажиллагаа учир дутагдалтай явагдаж эхэлсэн. Бид тухайн өдөр охиныг гэрээсээ гарч явснаас нэг цагийн дараа Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг нь манай гэрээс гуравхан буудлын цаана охин минь амь эрсэдсэн байдаг. Хэрэв тухайн үед цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч ажилласан бол ийм хэрэг гарах байсан үгүй нь эргэлзээтэй. Маргааш нь бид хэрэг гарсныг сонсоод очиход тухайн газарт хэрэгтнүүдийн хамсаатнууд болох ээж, дүү нар нь ирчихсэн байсан. Мөн цус болсон зүйлсийг нь цэвэрлэсэн байсан нь анзаарагдсан. Тэгсэн хэдий ч охиноос минь асгарсан цус гудас хүртлээ нэвчсэн байсан. Хэрэг гарснаас жилийн дараа шүүх хурал дээр эд мөрийн баримтыг гаргаж ирэхэд цус нь үнэртэж байсан. Тухайн үед хэргийн газраас нотлох баримтуудыг баталгаажуулж авах, сэжигтнүүдийг саатуулах ажлыг хийгээгүй. Хоёр этгээдийн нэг нь хэрэг гарснаас хоёр хоногийн дараа “өөрөө очихгүй бол ял нь хүндэрдэг гэдгийг сонсоод ирлээ” гэсэн байдаг. Шүүх хурал дээр нотлох баримтыг дүгнэхэд энэ хоёр хүний нэгнийх нь л дотуур хувцсыг баримтаар авч үлдсэн нөгөөгийнхийг нь авч үлдээгүй байсан нь мэдэгдсэн. Мөн сэжигтэнг батлан даалтад гаргачихсан. Тэднээс цусны шинжилгээ аваагүй, согтолтын хэмжээг тухайн үед тодорхойлоогүй улмаас гэмт хэрэгтнүүд өөрийгөө архи уугаагүй, харин өмнөх хоёр өдөр л архидсан гэхчлэнгээр хэргийн ул мөрийг баллах гэж оролдсон. Мөн охиныг минь нэг шил архийг өөрөө уусан мэтээр гүтгэж байлаа. Энэ бүхнээс харахад мөрдөн байцаалт анхнаасаа учир дутагдалтай байсан. Түүнээс гадна гэмт хэрэг болсон газар өөрсдийгөө өмгөөлөх оролдлогыг хийсэн. Тухайлбал, тухайн зочид буудлыг түрээслэгч эмэгтэй “Энэ охин өөрөө орж ирсэн, биеэ үнэлдэг, архи уудаг царайтай байсан” гэхчлэн элдвээр хэлсэн. Миний охины амиа алдсан үйлдлийн цаана мянга мянган охидын амьдралын баталгаа явж байгаа болохоор, шударга үнэн гэж байх ёстой гэж бодож явсан. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэгдэхэд эхнээс нь төгсгөл хүртэл тусалж, хамт байсан өмгөөлөгчдөдөө үнэхээр баярлаж байна.
-Хэрэгтнүүдэд хэд хэдэн зүйл ангиар ял оноогоод байгаа шүү дээ?
-Энэ гэмт хэргийг анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4 заасан “Бага насны хүүхдийг хүчиндсэн. Түүний улмаас амь насаа алдсан” гэдгээр л зүйлчилсэн. Энэ байр суурь дээрээ жил орчим зогссон. Өөрөөр хэлбэл, миний охины амиа алдсан үйлдлийг яагаад зүйлчлэхгүй байсан гэдэг асуудал орхигдоод байна.
-Хүчиндсэний улмаас амиа алдсан гэдгийг яаж мэдсэн юм?
-Охины минь уушгинд үүссэн харвалт, бага тархинд үүсэн цэгчилсэн харвалт гэхчлэн олон нөлөөллийн учрыг тогтоохгүй байсан. Тиймээс хүний алтан амь үрэгдсэн энэ асуудал нь хуулийн хүрээнд зүйлчилэгдэх ёстой гэдэг үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 “Хүний амь насыг хохироосон” гэдэг зүйл анги нэмэгдсэн. Хэргийг шийдвэрлэсэн шүүгчид асуудалд нэлээд бодитой хандаж, хавтаст хэрэгт хавсрагдсан нотлох баримт, зургуудыг харан шийдвэрийг гаргасан байх. Тиймээс Баянзүрх дүүргийн Анхан шатны шүүгч Одонтуул, Баасанбат, Пүрэвсүрэн нар болон давж заалдах шатны шүүгч Пүрэвсүрэнээр даргалуулсан шүүгч бүрэлдэхүүнд талархаж байна. Бид Анхан шатны шүүх хурлын шийдвэр гарсны дараа нөгөө талыг арай ч давж заалдахгүй байх гэсэн боловч давж заалдсан. Ингэхэд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхээс гарсан хариуг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан нь Монгол Улсад хүний амь хуулиар хамгаалагдсан. Бага насны хүүхдийг зүй бусаар хүчирхийлж амь насыг нь егүүтгэсэн үйлдлийг дахин гаргахгүй, хууль гэж байдгийг нотлон харуулсан үйлдэл боллоо. Тиймээс хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхэд баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлмээр байна.
-Одоо хэрнээ гомдолтой үлдсэн зүйл байна уу?
-Тухайн гэмт хэргийг гарах нөхцөлийг бүрдүүлсэн “Очир төв” гэх байгууллага хуулийн хариуцлагын ард үлдээд байна. Үрээ алдсан гэр бүлд нэг удаа ч болов эмгэнэл илэрхийлээгүй. Харин ч эсрэгээрээ 49 хоног нь болж, зул өргөхөөр манай гэр бүлийнхэн Р.Булгамаа өмгөөлөгчийн хамтаар очиход гаднаасаа хөөх шахам бидэнд хандаж байсан. Мөн Гэмт хэрэг гарах үед “Очир төв”-ийн тусгай зөвшөөрөл нь дуусчихсан байсан. Гэтэл Баянзүрх дүүрэгт болсон Анхан шатны шүүх дээр энэ байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хурлын үеэр “Ер нь энэ төр засгийн хүнд сурталтай байдлаас болоод зөвшөөрлөө сунгуулж чадаагүй зургаан сар болж байна” гэж тайлбарласан. Харин дараагийн хурал болоход “Очир төв”-ийн зөвшөөрөл гараад ирсэн. Зөвшөөрөл дээр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх гэдэг хүний гарын үсэг байсан. Гэтэл Д.Батсүх нь ““Очир” гэх нэртэй байгууллага олон бий. Тэдний нэгэнтэй нь давхцан зурагдсан байна” гэж байсан юм. Одоо хүртэл тэр байгууллага үйл ажиллагааг явуулсаар байна. Уг нь Төрийн тэргүүн “Очир төв”-д шалгалт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад хэлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шалгалт хийгээд танилцуулсан зүйл алга. Төрийн тэргүүнийхээ үгийг хүртэл ажил хэрэг болгодоггүй хууль хяналтын байгууллага байна.
-Охиноо дурсан бодох үе зөндөө байдаг уу?
-Хэрэг гарснаас хойш бараг хоёр жил боллоо. Энэ хугацаанд жаахан ч гэсэн бодохгүй байх юмсан гэж хичээж байгаа. Гэтэл бодохгүй байж болдоггүй юм байна лээ. Дүү нь эгчийгээ байнга нэхдэг. Эгчийнхээ зурагны өмнө оччихоод “аниа нааш ир” гээд л гараа сарвагануулаад байдаг. Харин ээж, эмээ, өвөө нь бидэнд тохиолдсон энэ гашуун зовлон дахин өөр гэр бүлд битгий тохиолдоосой хэмээн байнга залбирдаг.
З.МӨНХСУВД