Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.
Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өнгөрсөн зургадугаар сард Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Тус ангийн барилга нь олон жил ашиглагдаагүй, хуучин байгууламж байсан. Аймаг, орон нутгаас шинэ гал түймэр, аврах анги байгуулахад 70 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, алба хаагчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан богино хугацаанд засварлаж, ангийн барилга, 15 айлын орон сууцын хамт ашиглалтад оруулаад байна.
Бууцагаан сум 4000 өрхтэй. Энэ хугацаанд гал түймрийн бүртгэлтэй зургаан дуудлага, эрэн хайх, аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажилласан байна. Шуурганд төөрөх, шавар, голд усанд автомашинтайгаа суух дуудлагууд зохилдог байна. Өнгөрсөн долдугаар сард төөрч алга болсон Франц улсын хоёр, Герман улсын таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олжээ.
Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги Баянхонгор аймгийн 6, Говь-Алтай аймгийн 5 суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллаж байна.