Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-аас сэрэмжлүүлэг гаргажээ

Нойтон цас, хүчтэй салхины уршгийн албан мэдээ хараахан гараагүй байгаа ч орон нутгийн эх сурвалжууд мэдээлэл ирүүлээд байна. Сүүлийн хоногт үргэлжилсэн цасан шуурганаар төл мал тэр дундаа унага бээрч, осгох тохиолдол их байжээ. Энэ нь ихэвчлэн хангайн аймгуудад тохиолдож буй бөгөөд говийн аймгуудаар ихэнх хугацаанд хүйтэн хавсрага салхитай байсан байна. Ер нь хур тунадас ихээр орж байгаа нь төл малд ихээхэн харш байгаа аж.
Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Архангай, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв зэрэг долоон аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун хоножээ. Харин өнөөдөрНутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Алтайн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байх юм байна.
      Ихэнх нутгаар сэрүүсч, цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, зам давааны нөхцөл байдлыг үнэлэх, салхи шуургатай үед замд гарахгүй байх, автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулаад байна.
Зайлшгүй тохиолдолд замд гарах тохиолдолд дулаан хувцаслах, шатахууны нөөцтэй явах, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган зорчихыг анхааруулж байна.      

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *