Categories
мэдээ цаг-үе

О.Зоригт: Албан ёсны лицензтэй хэрэглээний программ хангамжтай болсноор мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл буурсан

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа.


-Алба байгуулагдсанаас хойш ямар үр дүнтэй ажиллав?

-Олон улсын түвшинд “Мэдээлэлд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” гэсэн ойлголт бий болж, дэлхийн зарим улс орнуудын цагдаагийн байгууллага хэрэгжүүлээд явж байна. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Техник, технологийн ололт, шинжлэх ухааны дэвшилтэт арга, аргачлал, шийдлийг нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх цагдаагийн анхан шатны ажил, үйлчилгээний шуурхай байдал, хүртээмж, чанарыг дээшлүүлэх нь манай албаны үндсэн чиг үүргийн нэг. Энэ чиглэлээр цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүллээ. Манай албаны харьяа Лавлагааны сангаас иргэд, цагдаагийн алба нэгжүүд болон төрийн бусад байгууллагуудад лавлагаа, тодорхойлолтыг улсын хэмжээнд нэг цэгээс олгож, үүнд хугацаа их орж, хүлээлт үүсч чирэгдэл гардаг байсныг аймаг, дүүргийн цагдаагийн газар хэлтсээс болон үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгодог болгосноор үйлчилгээний шуурхай байдал сайжирсан. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй бүх компьютерийг “Micro­soft” компанийн албан ёсны лицензтэй үйлдлийн систем, хэрэглээний программ хангамжтай болгосноор цахим мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл буурсан.

-Бүтэц, зохион байгуулалтад шинэчлэлт хийсэн үү?

-Орон тоо, төсөв нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийж,тус албыг байгуулсан. Нэмж мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан нэгжтэй болгох зайлшгүй шаардлага бий.

-Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлсийг бодитой тодорхойлж иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг эрчимжүүлэхэд мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний ажил гол үүрэг гүйцэтгэдэг. Тус хэлтсийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ?

-Мэдээллийн ухаалаг тогтолцоо бүрдүүлж, эрэлтэд нийцсэн судалгаа, дүн шинжилгээ хийх, оновчтой дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, цагдаагийн байгууллагын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох чиглэлээр удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь бидний бодлого, үйл ажиллагааны нэг хэсэг. Судалгаа, дүн шинжилгээний ажлын төрөл, тоог нэмэгдүүлэх,шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэх, онол, практикийг ойртуулахыг зорьж байгаа.

Энэ оны эхний хагас жилд Хууль зүй, дотоод хэргийн яамны ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран хууль зүйн салбарт анх удаа системийн динамикийн загварчлалыг ашиглаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2009-2019 оны гэмт хэрэг, зөрчлийн төлөв байдлын судалгааг хийлээ. Энэхүү загвараар гэмт хэрэг, зөрчлийн дунд болон урт хугацааны таамаглалыг дэвшүүлж, туршилт симуляциар шалгах, цаашдын хандлага, төлөв, хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус тодорхойлох боломжтой юм.

-Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын ажил бол цагдаагийн байгууллагын онцгой ажил. Бид төв штаб гэж нэрлэдэг. Энэ штабын үйл ажиллагааны ач холбогдол юу вэ. Энд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардлагатай технологийн дэвшил, хүн хүч, ажиллах боломж бүрдсэн үү?

-Бид цаг үеийн мэдээ, мэдээлэл, нөхцөл байдлын талаарх үнэлгээг цаг алдалгүй авах, удирдлагыг мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ажлыг техник, технологи, арга ажиллагаатай хослуулан зохион байгуулж байна. Техник хэрэгслийн хувьд бусад улс орны жишгээс нэг их хол хоцроогүй боловч шинэчлэх, сайжруулах шаардлага, хэрэгцээ бий. Энэ нэгжийн алба хаагчид ажлын цагаар нэгж алба хаагчдын ажлыг уялдуулж холбон зохицуулах, удирдлага, алба хаагчдыг нөхцөл байдлын мэдээллээр хангах, иргэдтэй харьцаж гомдол мэдээллийг нь хүлээн авах, тэдгээрийн мөрөөр шуурхай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах, байгууллагын дотоод журмыг мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангах гэх мэт олон чиглэлийн маш их ажилтай байдгаас гадна ажлын бус цагаар тухайн нэгж байгууллагынхаа бүх л ажлыг хариуцан үлддэг. Тиймээс ч дээр үеэс “жирийн хүн биш, жижүүр хүн” гэсэн хэлц үг гарсан байх. Амаргүй, хариуцлага, мэдрэмж, мэдлэг, чадвар, хурд бүгдийг шаарддаг ажил. Цагдаагийн төв байгууллагын Шуурхай удирдлагын штабын үйл ажиллагаа нь үүрэг, хариуцлага нь маш тодорхой, дотоод үйл ажиллагаа нь нарийн зохион байгуулалттай, хамгийн богино хугацаанд мэдээ, мэдээллийг цуглуулж, үнэлж дүгнэн, хууль тогтоомжийн хүрээнд оновчтой шийдвэр гаргаж, үйл ажиллагааг зөв зохион байгуулахад чиглэгдсэн байдаг юм.

-Таны хувьд энэ том албаны анхны даргын хувьд ирээдүйг нь хэрхэн төсөөлдөг вэ. Тухайлбал, танай албанд нэн шаардлагатай, тулгамдсан ямар асуудлууд байдаг, хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинэ технологи, дэвшлийг нэвтрүүлэх ажилд чин сэтгэлээсээ “шунан дурлаж” байгаа. “Үйл ажиллагааны автоматчилал”, “Дахин инженерчлэл”-ийг хийчих юмсан, үгүй юмаа гэхэд зөв эхлэлийг нь тавьчих юмсан, технологийн хөгжлийн энэ олон боломжуудаас аль болох олныг нэвтрүүлэх юмсан,цагдаагийн байгууллагад мэдээллийн ухаалаг тогтолцоог жинхэнэ утгаар нь бий болгож үндсэндээ мэдээлэлтэй сайн ажиллаж байж үр дүн нь гардаг гэмт хэрэг илрүүлэх, хэв журам сахиулах ажилд зарцуулдаг хүч хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж хөнгөвчлөх юмсан, ингэснээрээ иргэдийн амар тайван аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл боломжийг дээшлүүлэх юмсан,цагдаагийн нийт алба хаагчдын ажлыг “ухаалаг”, “мэдээлэлд бүрэн суурилсан өргөн боломжтой”шуурхай, орчин үеийн болгох юмсан, удирдаж буй хамт олноо зөв чиглүүлж, зохион байгуулж, өөрөө үлгэрлэж, бас суралцаж, хамтын нэгдмэл хүчээр энэ зорилго, зорилтуудаа биелүүлэх юмсан гэж хүсч төсөөлж явдаг даа.

Эцэст нь мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахмадууд, алба хаагч, ажилтнууддаа Цагдаагийн байгууллагын 99 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *