УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.
Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ-ын хаврын чуулганаар жил бүр хэлэлцэгддэг Хүний Эрхийн Үндэсний Комиссын/ХЭҮК/ “Монгол Улс дахь хүний эрхийн эрх, чөлөө” 23 дахь илтгэлийг сонслоо. Уг илтгэлийг Байнгын хороо болон УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал доройтож буйг харж байгаа. Эдгээр эрхийг хамгаалах, мэргэжил арга зүйн байр сууриа илэрхийлэх ёстой ХЭҮК гэдэг байгууллага бий. Уг байгууллага хуулиар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж буй нь эргэлзээтэй.
Хүний эрхийн эрх, чөлөөний 23 дахь илтгэлийг харахад долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл эдгээр бүлэг нь өнгөрсөн жилүүдээс өөр, харьцуулах боломжгүй. Монгол Улсад тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан мэдээ бэлтгэж, УИХ-д өргөн барихгүй, ХЭҮК өөрсдийн ажил хийсэн гэж үзэгдэх зүйлүүдийг оруулсан байна.
Жишээ нь монголчуудын улс төрийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүүхдийн эрх, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах зэрэг хүний эрх зөрчигдөж байгаа талаар энэ удаагийн тайланд бараг алга.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр зарчим баримталдаг АН байр сууриа илэрхийлж ажиллана.
Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудыг нэгээр нэмэгдүүлэх хууль болох нь гэж үзлээ. Хуримтлалын санг нийгмийн Хамгааллын сайд удирдана гэсэн нь сонгуулийн өмнө халамж тараахыг хуульчлах нөхцөл байдалтай байна. Үндэсний баялгийн санг улс төрчдөөс хараат бус байлгах олон улсын үзэл баримтлал бий. Засгийн газраас өргөн барьсан хуулиудад гурван сайд удирдана гэсэн байна. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болгох үзэл баримтлал байна.
Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, “Эрдэнэс Монгол” компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх зэрэг нь авлигын шинэ сангийн тухай хууль өргөн баригджээ” хэмээн ярилаа.
One reply on “О.Цогтгэрэл: Монгол Улс ардчиллаас ухарч, авлигаар цойлж байна DNN.mn”
Ухралт ялалтын үндэс ч бас болдог байх аа. Тэр ардчилал гэгч чинь аймаар учраас ухарсан юм биш биз? Монголыг хөгжүүлэхгүй байх, гаднын боол байлгахаар чармайсан нь АН, МАН -ын нэгдэл биш гэж үү.