Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Сэргэлэн: Шинэ хуульд донорын насыг 21 болгосон нь чухал өөрчлөлт байлаа DNN.mn

Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэнтэй Донорын тухай хуулийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. Энэ удаагийн хуульд тусгагдсан онцлох зүйл заалтууд юу байна вэ?

-Донорын тухай хууль нийгмийнхээ хөгжлийг дагаад өөрчлөгдөж байх учиртай. Манай улсад анх 2000 онд Донорын тухай хууль батлагдаж, эрхтний донор, цусны донорыг нэг хуулиар хуульчилсан. Ингээд 2012 болон 2016 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдсэн.Энэ бүхнийг харьцуулаад үзэхэд 2000 онд батлагдсан хуульд эрхтний донорыг зөвхөн цусан төрлөөс нь авах заалт тусгаж өгсөн.

Тэгвэл 2012 оны шинэчилсэн найруулгаар ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд хэмээн өөрчилж оруусан нь дэвшил байсан. Учир нь ганцхан цусан төрөл гээд заачихаар эхнэр, нөхрүүдийн хамаатнуудаас хэн нэгэн нь эд, эрхтний амьд донор болох боломж нь хязгаарлагдмал байсан.Мөн Донорын тухай хуульд оруулсан 2016 оны шинэчилсэн өөрчлөлтөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах агентлаг байгуулсан. Харин энэ удаа яагаад дахин хууль өөрчлөх шаардлага гарсан гэхээр 2016 оны шинэчилсэн найруулгаар амьд донорын насыг 25 байхаар заасан. Уг нь тухайн үед ажлын хэсгээс донорын насыг 21 байхаар санал оруулсан байдаг. Гэвч 21 настай иргэн бие даан шийдвэр гаргахад хүндрэлтэй, ямар нэгэн байдлаар хэн нэгний дарамт, шахалтад орох магадлалтай гэх мэт шалтгаануудаас үүдэн 25 нас болгосон.

Гэтэл 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд уг заалтаас үүдэн олон хүний амь нас эрсэдсэн. Учир нь аав ээждээ 21 настай хүүхэд нь эд эрхтний донор болох боломжгүй болж эцэг эхээ алдаж байна. Мөн сүүлийн жилүүдэд төрөлхийн цөсний замын гажигтай хүүхдүүд маш их төрж байна. Тэдний эцэг эхчүүд ихэвчлэн 25 нас хүрээгүй байдаг учраас төрсөн хүүхэддээ донор болох боломжгүйн улмаас бяцхан хүүхдүүд амь насаа алдах эрсдэл гарч байна. Тиймээс энэ удаагийн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар донор болох насыг 21 байхаар өөрчилсөн. Энэ бол маш чухал заалт л даа.

-Мэргэжлийн ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал хандуулсан гэдгийг зарим эрдэмтэд хэлж байсан. Яг ямар асуудлууд тусгагдсан бэ?

-Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа эмнэлгүүдэд хийгдэх тусам ёс зүйн чухал асуудал хөндөгддөг. Гэтэл ёс зүйн асуудлын хэм хэмжээг зохицуулах байгууллага байдаггүй. Ёс зүйн асуудал гарсан тохиолдолд тухайн эмнэлэг тус бүр асуудлыг авч хэлэлцдэг. Тэгвэл уг асуудлыг нэгдсэн журмаар авч хэлэлцдэг нэгдсэн нэг байгууллага зайлшгүй байх ёстой. Тиймээс Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлагдах, тусдаа бие даасан эрхтэй Ёс зүйн хороо байгуулахаар энэ удаагийн шинэчилсэн найруулгад тусгасан. Тус хороо ямар үүрэгтэй вэ гэхээр эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа багуудын үйл ажиллагаа нэг талаас системийн дагуу зөв явагдаж байгаа эсэхийг өөрөөр хэлбэл, эрхтний наймаа явагдаж байгаа эсэхийг хянах юм. Нөгөө талаас иргэдээс ямар нэгэн байдлаар санал, гомдол гаргасан тохиолдолд тухайн хамт олон ёс зүйн хэм хэмжээгээ баримтлан ажилласан эсэхэд хяналт тавих юм. Тухайлбал, Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал ном журмынхаа дагуу явагдаж байгаа эсэх, цахим бүртгэлд бүртгэгдсэн дарааллын дагуу байгаа эсэхийг хянах Албан ёсны сахилгын хороог мөн байгуулсан. Энэ удаагийн баталсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ёс зүйн хорооны асуудлууд, донорын насыг 21 болгосон нь чухал өөрчлөлт байлаа.

-Тэгвэл энэ удаагийн шинэчилсэн найруулгаар батлагдаж чадаагүй хасагдсан зүйл заалт юу байна вэ?

-Маш чухал заалт Донорын тухай хуульд оруулахаар хэлэлцэж байсан. Тэр заалт юу байсан гэхээр тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын хандив олгох тухай заалт байсан. Өөрөөр хэлбэл, тархины үхэлтэй өвчтөн ямар нэг эрхтний донор болсон тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардал болгож нэг сая төгрөг олгох тухай заалт байсан юм. Харамсалтай нь тус заалт Нийгмийн бодлогын байнгын хороон дээр дэмжигдсэнгүй. Уг нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа уг заалтыг дэмжсэн боловч тус байнгын хорооноос “Нийгмийн даатгалын сан тухайн төсвийг нуруун дээрээ үүрч дийлэхгүй” гэсэн байр сууринаас хандсан. Үнэндээ энэ мөнгө дийлж, давшгүй их хэмжээний мөнгө бол биш л дээ. Жилд 20 сая ч төгрөг зарцуулагдахгүй.

-Та бүхэн хагалгааг гардаж хийдэг хүмүүс. Жилдээ хичнээн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлдэг юм бол?

-Бид 10 жилийн турш элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. Энэ хугацаанд тархины үхэлтэй найман донороос элэг шилжүүлэн суулгасан байна. Тиймээс энэ дүнгээс жилд хичнээн хүн уг хандивт хамрагдах боломжтой вэ гэдэг баримжаа авч болох байх.

Гэтэл донор болсон тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардал болгож нэг сая төгрөг олгох тухай уг зүйл заалтыг хассанд маш их харамсалтай, гомдолтой байгаа. Учир нь дээр дурдсан, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохыг зөвшөөрсөн найман гэр бүлд бид 100 төгрөг ч өгч чадаагүй. Бид уулзах ч эрхгүй байдаг. Үнэндээ хий дэмий баярлалаа гэх үгийг хэлэхээс өөр ямар ч зохицуулалт байдаггүй. Угтаа хэдэн арван сая төгрөг биш, ганцхан сая төгрөгийн багахан хэмжээний хандив өгөх энэхүү зохицуулалт батлагдчихсан бол тархины үхэлтэй донорын олдоцыг их биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд ч болов нэмэгдүүлэх байсан.

Донорын тоо нэмэгдвэл түүнийг дагаад олон хүний амь нас аврагдах боломжтой.

-Иргэдийн дунд донорын талаарх ойлголт хэр байна вэ. Талийгаачийн биеийг хөнддөггүй гэх мэт уламжлалт сэтгэлгээнээсээ салж, асуудалд илүү шинжлэх ухаанчаар хандаж чадаж байна уу. Тухайлбал, өндөр хөгжилтэй оронд донор болох эсэхээ иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх дээрээ тэмдэглэсэн байх тохиолдол ч байдаг шүү дээ?

-Яг энэ үйл ажиллагаа руу элэг, бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан орж ажиллах эрх байдаггүй. Ёс зүйн хувьд зөвшөөрөгддөггүй. Ер нь манайх буддын шашинтай орон. Бурхан багш хүртэл өөрийнхөө өрөөсөн нүдийг бусдад хандивласан түүх бий. Эд, эрхтний донорыг дээдийн дээд буян хийсэнд тооцдог. Тиймээс бурханы шашин талаасаа ямар нэгэн асуудал байхгүй байх. Харин жаахан зохион байгуулалт, зохицуулалт хэрэгтэй гэж хардаг. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн яам, ХЗДХЯ хамтраад тохиролцоонд хүрэх ёстой. Учир нь гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) эмнэлэг дээр тархины үхэлтэй донор олон тоогоор гардаг. Гэвч түүний цаана дандаа хууль шүүхийн байгууллагын асуудал явж байдаг учраас тухайн хүний эд, эрхтнийг хэн нэгэнд шилжүүлэн суулгах боломж байдаггүй. Уг асуудлыг хэрхэн шийдэх талаар тохиролцоонд хүрч, санамж бичиг зурсан тохиолдолд донорын тоо нэмэгдэх боломжтой. Харамсалтай нь ийм зохицуулалт өнөөдрийг хүртэл байхгүй учраас ГССҮТ-өөс донор олддогүй. Угтаа донороос эрүүл эрхтэнг л авна. Ямар нэгэн байдлаар гэмтсэн, өвчилсөн эрхтэнг авдаггүй. Хоёр бөөр, элэг, дээрээс нь арьс, шөрмөс, нойр булчирхай гээд л тоочоод байвал олон арван хүнд амьдрал бэлэглэж болохуйц тархины үхэлтэй донор эмнэлгээс олдох нь элбэгшинэ. Таны хэлж байгаачлан өндөр хөгжилтэй орнуудад донор болох хүсэлтэй иргэд жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэх дээрээ тусгай тэмдэглэгээ хийлгэсэн байдаг. Тийм учраас хэнээс ч асуухгүйгээр тухайн иргэний эд, эрхтнийг авч ашиглах эрх нь нээгддэг.

Харин зарим орнуудад ар гэрийн зөвшөөрлийг заавал авдаг. Манайд ч мөн ар гэрийн зөвшөөрлөөр донор болгодог. Ирэх намар Донорын тухай хуульд дахин өөрчлөлт оруулах учраас УИХ-ын гишүүд дараа дараагийн өөрчлөлт дээр анхаарч ажиллаасай. Яагаад дахин хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна гэхээр цусны болон эрхтний донорыг заавал салгаж хуульчлах ёстой.Цусны донорын тухайд сайн дураараа нэгдэхийг уриалах боломжтой. Гэтэл эрхтний донорын тухайд ёс зүйн хувьд асар өөр зүйл хөндөгддөг.

-Донорын хэрэгцээ шаардлага хэр их байна вэ?

-Маш их байна. Ялангуяа элэгний тухайд хүлээх боломж байдаггүй. Бөөр орлох машинтай адил элгийг орлуулах зүйл байдаггүй. Муудсан л бол солиулахаас өөр аргагүй. Гэтэл асар их хүлээлт байгаа учраас дарааллаа хүлээж дийлэхгүй нас барж байна. Одоогоор элэг солиулах донор хүлээж байгаа өвчтөнүүдийн тоо 450 гарчихсан байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгасан хагалгаа хэдэн хувийн амжилт үзүүлдэг вэ. Мөн эмч, мэргэжилтнүүдийн мэргэшлийн байдал ямар түвшинд байна?

-Зөвхөн өөрийнхөө багийг дүгнэж ярих боломжтой. Манай баг хамт олон бол мэргэшсэн баг. Дэлхийд амьд донороос элэг шилжүүлэн суулгах үзүүлэлтээрээ нэг номерт ордог. одоогоор 7000 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан, БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн багш нараасаа суралцсан баг. Манай баг хоёр хоногийн өмнө 166 дахь иргэнд элэг шилжүүлэн суулгасан, 92- 93 хувийн амжилттай байна. Бид дэлхийд амжилтаараа багш нарынхаа дараа орж байна. Гурван сая хүн амд оногдох элэг шилжүүлэн суулгасан хүн амын тоогоороо ч дэлхийд эхний гуравт ордог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *