Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор О.Пүрэвтэй ярилцлаа.
-Та аль нутгийн хүн бэ. Өөрийнхөө сурч төгссөн сургууль, нутаг усаа танилцуулахгүй юу?
-Би Говь-Алтай аймгийн Шарга сумын Татаал гэдэг газар 1950 онд төрсөн. Аймгийн төвийн арван жилийг төгссөн. Дараа нь тухайн үеийн Улсын багшийн дээд сургуульд Түүх, нийгэм судлалын багш мэргэжлийг эзэмшсэн. Багаасаа энэ түүх, нийгмийн чиглэлд сонирхолтой байсан юм. 1983 онд А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний институтийн филиал төгссөн. Аймгийнхаа Тонхил сумын найман жилийн сургуульд багшаар ажлын гараагаа эхлүүлсэн. Тэнд 1975 он хүртэл ажиллахдаа сүүлийн хоёр жилд нь хичээлийн эрхлэгчийн албыг хашсан. Сумын сургууль гэдэг соён гэгээрэл, боловсрол олгох гол газар байлаа. Суманд сургууль их нэр хүндтэй. Яагаад гэвэл тухайн үед дээд боловсрол эзэмшсэн мэргэжлийн багш их ховор байсан учраас ард иргэд, сурагчид биднийг их хүндэлдэг байсан. Энэ утгаараа бид соён гэгээрүүлэх, мэргэжлийнхээ хичээлийг чанартай заах, хүүхдүүддээ өгөөжтэй ажиллах, энэрэн хайрлах, үлгэр дуурайлал үзүүлэх тал дээр чармайдаг байсан. Би чинь дөнгөж л 22 настайдаа багшлахаар очсон гэхээр сурагчдаасаа ялгаагүй хүүхдээрээ шахуу байсан даа.
-1975 он хүртэл ажилласан гэлээ. Дараа нь хаана, ямар ажил хийсэн юм бэ?
-Өөрийн төрсөн нутаг Шарга сумынхаа дунд сургуулийн захирлаар томилогдсон. Шарга сумын бага сургуулийг дунд сургууль болгох шаардлагатай болсон. Бүрэн бус дунд сургууль байгуулна гэдэг чимхлүүр ажил шаардсан амаргүй юм шүү дээ. Хичээлүүдийг шинээр оруулах, тэнд шаардлагатай багш нарыг буй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, эцэг эхтэй нарийн холбоо тогтоох, сумын байгууллагуудтай нягт хамтарч ажиллах чамгүй зорилтуудад хүрсэн. Хамгийн гол нь санаачилгатай бүтээлч ажиллах багш нарыг бүрдүүлэх гэж их чармайсан даа. 1978 оноос Аймгийн боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллах болсон. Багш мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш судалгаа шинжилгээний ажил тасралтгүй хийж байсан учраас 1980 онд Ардын боловсролын яамны харьяа Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд Түүх, нийгмийн ухааны боловсрол, сургалт судалдаг эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон. Одоогийн Боловсролын хүрээлэнд шүү дээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл багшлах болон судалгаа, шинжилгээний ажил хийж байна.
-Таныг 1980-аад оны сүүлчээр Нийгмийн тухай мэдлэг хичээлийг анх санаачилсан гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?
-Боловсрол, сургалтад шинээр санаачилж оруулсан хичээл -судлагдахуун, хөтөлбөрүүд гээд нэлээд зүйл байгаа. Миний бие энэ хичээлийг санаачилж, сургалтын төлөвлөгөөнд оруулан, мэргэжлийн нөхдийнхөө хамт агуулга, арга зүйг боловсруулан, сургалтад нэвтрүүлсэн юм. Мөн ерөнхий боловсролын сургуульд Хүн төрөлхтний товч түүх, Эрх зүй хичээлийн хүний эрхийн хэсэг, Нийгмийн ухаан хичээлийн ардчилал бүлгийг анхлан санаачилж, сургалтын хөтөлбөр, гарын авлага, сурах бичгийг нь бичилцсэн. Нийгмийн тухай мэдлэг хичээл маань зорилго, агуулга, бүтэц нь өргөсөж, Нийгмийн ухаан гэдэг нэртэй болсон. 1964-1986 онуудад Нийгэм судлал гэж ордог байсан. Энэ хичээл нь ерөнхийдөө нэг үзэл суртлыг сурталчилсан, гол санаа, агуулга нь социализм, коммунизмын тухай ойлгуулахад чиглэсэн байсан юм. Тиймээс энэ хичээлийг Нийгмийн тухай мэдлэг, улмаар нийгмийн ухаан болгон өөрчилж, нийгмийн амьдралын нийгэм, соёл, улс төр, эрх зүй, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг хүрээнүүдийг хамруулан судлах, энэ талын мэдлэг, чадварыг суралцагчдад олгох болсон. Ингэснээр хүүхэд, залуус улс, нийгмийнхээ тухай системтэй үзэж, судлах боломж бүрдсэн. Өнөөдөр ЕБС, их, дээд сургуульд суралцагчид энэ хичээлийг залгамжтай судалдаг үнэ цэнэтэй хичээл болсон. Мэдээж хэрэг би үүнийг санаачилж, агуулга, арга зүйг нь тавьсан боловч мэргэжлийн хүмүүсийн хамтын оюун санаагаар бүтсэн. Миний оруулсан бас нэг чухал хувь нэмэр гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийг сурагчдад судлуулах сургалтын хөтөлбөрийг анхлан боловсруулж, сурах бичгийг нь доктор Д.Дашцэдэн гуайн хамт бичсэн. Мөн Хүний эрхийн тухай анхны сурах бичиг, гарын авлагыг бичсэн явдал юм. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг сурагчдад танин мэдүүлэх үүднээс сурах бичиг, гарын авлагыг бичсэн. Ардчилсан Үндсэн хуультай болох нь маш том дэвшил ч түүнийг хүүхэд, залуустаа боловсролын зорилгоор судлуулах нь хууль батлахаас ч дутахааргүй ажил юм шүү. Мөн Нийгмийн ухааны сурах бичигт Ардчилал бүлгийг оруулснаар ардчиллын тухай ойлголт, Монголд ардчилал хэрхэн буй болсон, ямар ололтод хүрсэн бэ гэдгийг суралцагчид судлах болсон.
-Эдгээрээс гадна ЕБС-д үзэж, судлах Иргэний боловсрол хичээлийн сургалтын агуулгыг боловсруулсан юм байна. Энэ хичээлийн зорилгыг эцэг, эхчүүд төдийлөн сайн ойлгодоггүй юм шиг санагддаг?
-2010 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар ЕБС-д иргэний боловсролын хүрээнд Монголын өв соёл, уламжлал, зан заншил, ёс суртахууныг судлах хичээлийг оруулахаар болсон. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байсан. Энэ зарлигийг гаргахын тулд эрдэмтэн судлаач биднээс санал авсан. Миний бодлоор цаг үеэ олсон шийдвэр гэж үздэг. Улсын нийт иргэн бол нийгмийнхээ гишүүн учир улсынхаа өв соёл, ёс уламжлал, зан заншлыг ухаарч танин мэдсэн, эрх үүргээ мэддэг, хариуцлагатай, оролцоотой байх ёстой. Аль ч улс оронд ингэж үздэг. Тийм учраас 2010 оноос эхлэн Иргэний боловсрол хичээлийн зорилго, агуулга, арга зүйг нь боловсруулсан. Ингэхдээ уламжлалт болон орчин үеийн иргэний боловсролын агуулга, бүтцээр боловсруулсан юм. Уламжлалт иргэний боловсрол гэдэг нь манай соёл иргэншлийн цөм үнэт зүйлүүдийн тухай мэдлэг, хандлага, хүмүүжлийг хэлнэ. Бид байгаль, дэлхийдээ ээлтэй ханддаг, хүн хүнээ хайрладаг ёс уламжлалтай. Иргэний боловсрол хичээл нь энэ бүхнийг багтаасан бүлэг сэдэвтэйгээс гадна орчин үеийн иргэний боловсролыг олгодог. Үндсэндээ ардчиллын үнэт зүйлүүдийг ойлгож, мэдэрдэг, идэвх оролцоотой, бүтээлч санаачилгатай, орчин үеэ мэдэрсэн, үүнийгээ зан үйл болгосон орчин үеийн иргэний хандлагыг энэ бүлгээр сурагчдад төлөвшүүлэх юм. Ийм агуулгатай сурах бичиг, гарын авлагыг бид эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн хамтын хүчээр зохиосон. Үүнийг одоо мөрдөж байна.
-Боловсролын салбарт цаашид анхаарах зүйлс юу байна вэ?
-Түрүүний асуулттай уялдуулаад хэлэхэд Иргэний боловсрол хичээлийг бусад хичээлүүдтэй нарийн шүтэлцүүлж, цул бүхэллэг агуулга, арга зүйгээр заах явдал ЕБС-ийн багш нарт дутагдаж байна. Тиймээс үүнийг агуулга, арга зүйн хувьд хангалттай сайн багшилж, сурагчдад сургаж чадахгүй дутагдал бий. Багш хичээлээ сайн заахыг багшлахуй, сурагч сайн сурахыг суралцахуй гэдэг. Багшлахуй, суралцахуй хоёр аль аль талаасаа их үр дүнтэй байвал боловсролын чанар, тухайн сурагчийн сурлагын амжилт, мэдлэг, чадвар, хандлага цогцоороо сайжирна. Уламжлалт багшлахуйн үнэт зүйлүүдийг орчин үетэй хослуулж сурагчдад сурах арга барилыг эзэмшүүлэх, тухайн хүүхдийнхээ сурах хэв маягийг сайн мэдрэх арга барил дутагдалтай байна. Нөгөө талаараа сурагчид өөрсдөө сурах үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Нийгмийн сайн гишүүн болох, аж амьдралаа сайн авч явах, улс нийгмээ хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд сурагч хүн чин сэтгэлээсээ ханддаг чанар дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн болон тэвчээр хатуужлын боловсрол дутаж байна. Үүнийг зөвхөн багшлахуйгаар засаж, сайжруулж болохгүй. Сурагч өөрөө өөрийгөө жолоодож, өөрийнхөө хувь хөгжлийнхөө төлөө ажилладаг бүтээлч хандлага, хүсэл тэмүүллийг жигд буй болгох хэрэгтэй. Өөрийнхөө төлөө хариуцлагатай санаа тавьдаг сурагчид бий. Гэхдээ жигд бус. Өөрөөр хэлбэл, сурагч нэг бүр сурлагын чанарынхаа эзэн болж чадахгүй байх дутагдал бий. Энэ бүхэнд гэр бүл, эцэг, эх, багш, сурагч, нийгэм, олон нийт, төр засаг бүгдийн хамтын нэгдмэл үйл ажиллагаа дутагдалтай байна. Үүнийг онол, практикийн түвшинд салгаж ярих нь өрөөсгөл. Бүгд нэгдмэл байдлаар хөдлөх, үйлдэх юм бол чанартай боловсролыг сурагчдад эзэмшүүлэх боломжтой. Энэ бол монгол хүний, монгол үндэстний төлөө үйл юм.
-Чанартай боловсролыг бий болгоход өөр ямар зүйлсийг хийх вэ?
-Монгол хүний, монгол сурагчийн үнэ цэнийг өндөржүүлэх шаардлагатай байна. Ийм боломж, чадавх манай хүүхэд, залуучуудад бий. Боловсролыг чадамжтай, чанартай болгоно гэхээр мэдэж чаддаг, суралцаж, хамтаараа амьдарч, нийгэмшиж чаддаг ийм чадамжуудтай болохыг шаарддаг. Ийм боломж байгаа. Үүнд би хоёр зүйлийг цохож хэлье. Нэгдүгээрт, монгол хүний, сурагчдын амин чанарыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Амин чанар гэдэг нь монгол хүний гол үнэт зүйл юм. Монгол хүн ерөнхийгөөс тусгай руу сэтгэх, хурдан сэтгэн бодох, сэтгэлгээний цар хүрээ өндөр зэрэг олон онцлог чанар бий. Монгол хүний гар юуг ч хийх чадвартай. Жишээ нь, япон хүний гар гэхэд инженерийн гар байдаг гэдэг. Би боловсролын хүн судлал гэдэг талаас нь харахад ийм жишээ гарч байна. Монгол хүний амин чанараас үүдсэн үнэт зүйлүүд бий. Энэ бол дэлхийд хаана ч бүтээгдээгүй нүүдэлчдийн бүтээсэн соёл иргэншлийн зүйлс юм. Монгол хүний амин чанар гэдэг нь биднийг бусдаас ялгаруулж, онцгойруулж байдаг, бас нэгтгэж, эелэлдүүлж байдаг үнэт зүйлийн цогц. Жишээ нь, сонгодог нүүдлийн мал аж ахуй бол бидний үнэт зүйлийн нэг юм. Мал аж ахуйн технологи, монгол гэрийг дурдаж болно. Монгол гэр гэхэд нүүдэлчдийн бүтээсэн оюуны соёл. Монгол гэрийг бүтээхдээ оюун ухаан, технологи, аж төрөх арга ухаанаа бүгдийг нь шингээж, байгаль, нийгэм, хүний үйл ажиллагааг цогцлоосон юм. Монгол наадам буюу үндэсний бөх, хурдан морь, сурын харваа нь монголчуудын бүтээсэн үнэт зүйл. Энэ бол бусад үндэстнээс ялгагдах гол ялгаа. Энэ мэт бүтээх чадвар, хүсэл эрмэлзэлтэй нь амин чанарыг нь сэргээх хэрэгтэй.
-Хоёрдугаарт нь?
-Монгол хүний эрчимт чанар гэж бий. Эрчимт чанар Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний үед буцалж байсан. Эрчимт чанарт эр зориг, тэсвэр хатуужил, оюун ухаан, ертөнцийн био эрчим хүч багтана. Эрчимт чанар сав, шим ертөнцийн эрчим хүчээр тэжээгдэнэ. Одоо ч энэ чанар монгол хүнд бий. Тэнгэрийн эрчим хүч, газрын эрчим хүч, монгол хүний эрчим хүч энэ гурав нийлэхээр ухаантай, эр зоригтой, тэсвэртэй, бэрхшээлийг давах чанарыг бүрдүүлдэг. Үүнийг сэргээх юм бол монгол хүний хөгжил, төлөвшил, хүмүүжил шинээр буй болж, өрсөлдөх, бүтээх чадвар бий болох үндэстэй. Тэгэхээр амин чанар, эрчимт чанарыг боловсролдоо шингээх хэрэгтэй. Мэдээж дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй. Түүнийг авч зөв идээшүүлэх нь чухал.
-Таны ярьсан эдгээр чанаруудыг боловсролын системд оруулах арга юу байна?
-Өөрсдийн соёл иргэншлийн давуу тал, үнэт зүйлүүдийг сайн судлаад сургалтынхаа хөтөлбөрт суулгах юм. Монгол хүний амин чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах асуудлын талаар би бичсэн. Судлаад боловсролын зорилгодоо үнэт зүйлүүдээ тусгаж, албан, албан бус сургалтаар сургах шаардлагатай.
Э.ЯНЖМАА