Улсын их дэлгүүр хувьцаат компани олон жилийн турш алдагдалтай ажилласан нэрээр жижиг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй байв. Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар УИД хувьцаат компани ашигтай ажиллах боломжтой, зориудаар алдагдалтай ажиллуулдгийг тогтоогоод буй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл О.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр жижиг хувьцаа эзэмшигчдийг нэгтгэн, эрх ашгийг хамгаалах ажлыг эхлүүлээд байгаа аж.
-Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал олон жил маргаан дагуулсан. Одоо хувьцаа эзэмшигчдийн нөхцөл байдал ямар байна вэ?
-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар “Улсын их дэлгүүр” ХК нийт 44,000 жижиг хувьцаа эзэмшигчтэй гэсэн байгаа. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж дээрх хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй хоёр дахь компани гэгддэг. Нэг дэх нь бол “Женко тур бюро гэх компани 51,000 хувьцаа эзэмшигчтэй.
Монголын хөрөнгийн зах зээл дээр ажиглагддаг, байсаар ирсэн зүйл бол томоохон хувьцаат компаниуд доороо охин компани байгуулчихдаг. Түүгээрээ хувьцаат компанийнхаа ашгийг авдаг. Тэгээд санхүүгийн тайлан дээрээ ашиггүй ажиллаж харагдуулдаг. Ингээд жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараадаггүй жишиг бий. Үүний сонгодог жишээ бол “Улсын их дэлгүүр” хувьцаат компани.
-Өнгөрсөн хугацаанд жижиг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авсан тохиолдол байдаг уу. Жишээ нь, та авсан уу?
-Монголын хөрөнгийн бирж дээрх хамгийн том брокер дилерийн компани болох “BDSec” 2015 онд Улсын их дэлгүүр дээр судалгаа хийсэн байдаг. Учир нь тэр үед жижиг хувьцаа эзэмшигчид хувьцааны асуудлаар жагсаал цуглаан зохион байгуулаад томоохон бужигнаан үүссэн шүү дээ.
Хэрэв энэ асуудал шийдэгдээд явчихвал Улсын их дэлгүүрийн нөхцөл байдал, санхүүгийн байдал ямар байх талаарх тайланг “BDSec” компани хийсэн байдаг. Тайлан дээрээс харахад УИД 2001 онд 30 мөнгөний, 2007 онд гурван төгрөгийн ногдол ашиг тараасан.
2010-2018 оны хагас хүртэл УИД-ийн хувьцааны ханш 400-500 төгрөгт явж ирсэн. Харин энэ оны наймдугаар сараас хувьцааны ханш алгуур өсөөд 1,150 төгрөг болж хаагдсан байгаа.
Жижиг хувьцаа эзэмшигчийн хувьд би 30 мөнгө, гурван төгрөгийн ногдол ашгаа авъя гээд очлоо гэхэд замын зардлаасаа эхлээд ногдол ашгаасаа хэд давсан зардал гарна даа. Тийм л нөхцөл байдалтайгаар өнгөрсөн хугацаанд явж ирсэн.
-Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын дүнд УИД компани “Номин”-гийн охин компаниудад хамаг ашгаа өгдөг нь тодорхой болсон шүү дээ?
-Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд УИД-т шалгалт оруулсан. УИД хувьцаат компани, Номин реалтор гэж хоёр компани хоорондоо түрээсийн гэрээ байгуулсан.
Тэр гэрээ нь зах зээлийн ханшаас доогуур байгуулагддаг. Харин Номин реалтор нь цаашаа түрээслэгчдэдээ зах зээлийн ханшаар түрээслээд явдаг систем бий болчихсон. Уг нь энэ байдлыг зогсоож, УИД-ийн бие даасан байдлыг хангах гэрээг 2017 онд хийсэн байдаг. Гэвч тэр гэрээ нь хэрэгжээгүй.
Гэтэл хууль журмаараа ажилласан бол 2016 онд татварын дараах ашиг нь 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж болох байсан байна гэсэн судалгаа гарсан байдаг.
Мэдээж хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах байсан. 2016 онд гэхэд тэр хэмжээгээр ашигтай ажиллаад ногдол ашгаа тараасан бол жижиг хувьцаа эзэмшигчдэд 106 төгрөг тараах ёстой байсан. Үүнийг шулуухан хэлэхэд санхүүгийн луйврын нэг арга яалт ч үгүй мөн.
-Уг нь УИД олон түрээслэгчтэй, түрээс нь өндөр. Алдагдалтай ажиллах нөхцөлгүй гэж үздэг?
-Монгол Улсад, ялангуяа Улаанбаатар шиг хотод УИД шиг ийм А байрлалд, зөвхөн түрээс хийдэг компани алдагдалтай ажиллаж байвал өөр ямар ч компани ашигтай ажиллах боломжгүй. Санхүүгийн мэдлэг шаардахгүй, энгийн логикоор бодоход л ойлгомжтой зүйл. Жижиг хувьцаа эзэмшигчид ч ингэж хараад байгаа юм. Мэдээж бизнесийн байгууллага ашгийн төлөө ажилладаг. Яах вэ, тэдний дунд ёс зүйгүй бизнес хаана ч байдаг.
Гол нь түүнийг хянах, зохицуулах, бүхэл бүтэн 44,000 хүний эрх ашиг хохироочихсон байхад гол хамгаалах ёстой субъект нь Санхүүгийн зохицуулах хороо. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо олон жил энэ асуудал дээр хойрго хандаж ирсэн. Тийм ч учраас олон нийтийн шүүмжлэлд ихээр өртдөг.
Бас нэг факт бол Номин реалтор компани УИД хувьцаат компанид 3.1 сая ам.долларын зээл өгсөн байдаг. Сарын хүү 1.22 хувийн хүүтэй,жилийн 14,6 хувийн хүүтэй зээл. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын тайлангаас харахад УИД хувьцаат компанийн нийт зардлын 70 орчим хувь нь зээлийн төлөлтөд зориулагдаж байна. Гэтэл Монгол Улсын хуулиар долларын зээлийн компанид олгодоггүй.
Энэ үндэслэлээр СЗХ хуулийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг нээлгэсэн гэж ойлгоод байгаа. Ер нь Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны шаардлага, түүнтэй холбоотой хийсэн судалгаагаар УИД ХК-ийн үйлдэл хууль бус гэдэг нь тодорхой байсан.
Нэгэнт хууль бус гэдгийг тогтоочихсон юм бол том зээлийг буцаагаад торгууль байдлаар оруулах, зориуд алдагдалтай ажиллуулсан юм бол буцааж бүх алдагдлуудыг нөхөн төлүүлэх зэргээр шийдвэрлэх боломжтой.
Ер нь жижиг хувьцаа эзэмшигчид бид илүү юм хүсээгүй, хуулийн дагуу ажиллахыг л хүсэж байгаа. Хуулийн дагуу олж байгаа ашгаас ногдол ашгаа л авъя гэж байгаа.
-Монгол Улс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчдээ хохироодог байдал засагдахгүй байгаа нь харамсалтай?
-Анх яагаад УИД компани олон хувьцаа эзэмшигчтэй болсон түүхээс судалж үзсэн. СЗХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Гэрэлчулууны ярилцлагад энэ тухай байдаг. Түүнээс биш энэ компанийн талаарх мэдээлэл их хомс.
1992 онд Эрдэнэт үйлдвэрийн 15 хувийг ажилчдад нь хувьчлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Хүмүүс ч маш ихээр сонирхож, захиалга өгч эхэлсэн. Гэтэл 1996 онд Эрдэнэт үйлдвэр стратегийн ач холбогдолтой ордоор нэрлэгдэж, хувьчлалыг зогсоосон.
Тэгэнгүүт хувьцаа эзэмшинэ гээд захиалга өгчихсөн 10 мянга гаруй хүн гараад ирсэн. Тиймээс тэдний хүсэлтийг шууд УИД-ийн хувьчлал руу шилжүүлчихсэн байдаг. Тийм болохоор ийм олон хувьцаа эзэмшигчтэй болсон. Үүн дээрээс юу хэлж болох вэ гэхээр манай улсад сонгуулийн санал өгөх насны 1,750,000 хүн байдаг. Тэднийг УИХ-ын 76 гишүүнд хуваахаар нэг гишүүн 23,000 хүнийг төлөөлж байдаг.
УИД компанийн хувьцаа эзэмшигчдийн асуудал бол тоогоороо хоёр тойргийн хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөнтэй дүйцэхүйц том тоо. Тиймээс Орхон аймгаас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү, О.Содбилэг, Дамба-Очир нарт уламжлахад танай тойрогт гэхэд 10 гаруй мянган хүний эрх ашиг зөрчигдөөд байна. Үүнийг анхааралдаа авахыг хүсмээр байна.
Ер нь Хөрөнгийн бирж дээр 2018 онд олон компаниуд орж ирж, тэсрэлт болсон. Түүнээс нэг зүйл харагдаад байгаа нь том хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироодог, алдагдалтай ажиллуулдаг болохоор энэ салбар руу орох сонирхол төрөхгүй байх шиг байна.
Хөрөнгийн зах зээл хөгжих гээд гадны дотны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийх гэхээр хөрөнгийн зах зээлийг муухай харагдуулж байгаа цөөхөн хэдэн компани байгаа. Үүний хамгийн том жишээ нь УИД хувьцаат компани. Уг нь эрт үеийн түүхтэй, “Өндөр хоршоо” гээд хүмүүсийн бахархдаг, очихыг хүсдэг дэлгүүр байсан.
Гэтэл одоо эргээд Хөрөнгийн зах зээлээ муухай харагдуулсан компани болж хувирлаа. Иймэрхүү асуудлаа шийдэхгүй бол хөрөнгийн зах зээл хөгжихгүй.
-Жижиг хувьцаа эзэмшигчдийг нэгтгэж, эрх ашгаа хамгаалах ажлыг эхлүүлж байгаа гэв үү?
-Би 2012 онд анх хувьцааны зах зээлийг сонирхож эхэлсэн. Тэр үед УИД компани дандаа ашиггүй ажилладаг гэлцэж байсан. Түүнийг нь ч нэг их анзаардаггүй байж.
Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар УИД доороо охин компани байгуулаад түүндээ бүх ашгаа өгдөг, эсвэл түүнээсээ зээл аваад хоорондоо гэрээ хийгээд бирж дээр бүртгэлтэй байгаа компаниа алдагдалтай ажиллуулахад хүргэдэг. Түүнийг 2015 онд хувьцаа эзэмшигчид эсэргүүцээд явж байсан боловч хоорондоо тухайн үед үр дүнд хүрч чадаагүй.
Тэр үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан болов уу, бүгд хоорондоо ярилцаж үзэл бодлоо хуваалцах, мэдээлэлтэй болох нөхцөл бүрдээгүй. Тиймээс фэйсбүүк сүлжээнд “УИД-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн групп” байгуулаад хүмүүстээ мэдээлэл өгөөд явж байна.
Магадгүй 2015 онд хүмүүс илүү сайн зохион байгуулалттай байсан бол 44,000 хүнээс дор хаяж 10, 20 мянга нь нэгдэж илүү үр дүнд хүрэх байсан болов уу гэж боддог.
Б.ЭНХЗАЯА