Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчид өнөөг хүртэл эрх ашиг нь зөрчигдсөн хэвээр байна. Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын их дэлгүүрт хийсэн шалгалтаар их хэмжээний зөрчлийг илрүүлэн, шүүхэд хандаад байгаа юм. Шүүхийн асуудал хэрхэн үргэлжилж байгаа, жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгаалах хууль эрх зүй ямар байгаа талаар Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл О.Отгонбаяртай ярилцлаа.
-Санхүүгийн зохицуулах хороо Улсын их дэлгүүрт шалгалт оруулж ноцтой зөрчлүүдийг илрүүлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш сураг алдарлаа. Жижиг хувьцаа эзэмшигчийн хувьд энэ асуудлыг судалж үзэв үү?
-Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд УИД-т шалгалт оруулсан байдаг. УИД хувьцаат компани, “Номин реалтор” гэж хоёр компани хоорондоо түрээсийн гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь зах зээлийн ханшаас доогуур байгуулагддаг. Харин “Номин реалтор” нь цаашаа түрээслэгчдэдээ зах зээлийн ханшаар түрээслээд явдаг систем бий болчихсон. Уг нь энэ байдлыг зогсоож, УИД-ийн бие даасан байдлыг хангах гэрээг 2017 онд хийсэн байдаг. Гэвч тэр гэрээ нь хэрэгжээгүй. Гэтэл хууль журмаараа ажилласан бол 2016 онд татварын дараахь ашиг нь 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж болох байсан байна гэсэн шалгалтын дүн гарсан байдаг. Нийт дүнгээрээ бол маш их хэмжээний ногдол ашиг тараах боломжийг УИД жижиг хувьцаа эзэмшигчдээс хулгайлсан байна гэсэн дүгнэлт. Миний хамгийн сүүлд авсан мэдээллээр Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргаад унасан гэж ойлгосон. Гол шалтгаан нь жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдөө нэхэмжлэл гаргах шаардлагатай.
-Жижиг хувьцаа эзэмшигчид нэгдэж шүүхэд хандаагүй байгаа хэрэг үү?
-Одоогоор албан ёсоор нэгдэж шүүхэд хандаагүй байна. Өмнө нь хувьцаа эзэмшигчид шүүхэд хандаад жагсаал цуглаандаа тулсан бөөн асуудал босч байсан. Тэр үед жижиг хувьцаа эзэмшигчид найдлага төрж байсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс одоо бол тэдний итгэл алдарч, цөхөрсөн байдалтай байдаг нь харагддаг. Фэйсбүүк сүлжээнд Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчид гээд групп байгуулан хувьцаа эзэмшигчидтэй санал солилцож, цаашдаа хэрхэх талаар ярилцдаг. Гэвч хувьцаа эзэмшигчдийн хувьд цөхрөлтэй хэвээр байна.
-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин манайд хангалтгүй байна гэдгийг эдийн засаг, банкирууд хэлж эхлээд байгаа. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хуулиуд ямар байна вэ?
-Компанийн тухай хууль дээр хувьцаат компанийн тухай голчилж заасан байдаг. Харамсалтай нь жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар юу ч дурдаагүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ганц хоёр заалт бий. Тус хуулийн 1.1 буюу хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж байгаа. Энэ заалтыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэдгийг жижиг хувьцаа эзэмшигчийн өнцгөөс харахаар энэ хууль зорилтоо хэрэгжүүлэх чадамжгүй байгаа юм. Тус хуулийн 21.1.1-д Бусдыг хууран мэхлэх, залилах, завших зэрэг үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон, 21.1.2-д хууран мэхлэх, залилах, завших болон бусад хууль бус зорилгоор компанийг үүсгэн байгуулсан, 21.1.3-д компанийн үүсгэн байгуулагч нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болон бусад эрх бүхий албан тушаалтан тухайн компани түүний хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэх залилах завших бусад хууль бус үйл ажиллагаа явуулсан бол Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Үүнээс өөрөөр жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалсан зүйл заалт байхгүй. Хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг үүрэгчилж өгөөгүй, цаашдаа арга хэмжээ авах, шууд шийдвэр гаргах эрхгүй байгаа нь хууль эрх зүйн орчны хамгийн том дутагдал. Ганц УИД-ээр тогтохгүй манай хөрөнгийн бирж дээр байгаа ихэнх компаниуд дээр нэлээд ажиглагддаг. Ер нь жижиг хувьцаа эзэмшигчид үүнд л их гомдолтой байдаг. Монголын хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа шалтгаан тэр гэж үзэж байдаг.
-Улсын их дэлгүүр өнгөрсөн хугацаанд жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ холбоо тогтоох, эрх ашгийг нь хамгаалах талаар ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авсан уу?
-Өнөөдрийг хүртэл тийм зүйл алга. 2019 оныхоо хурлыг удахгүй зарлах байх. Өнгөрсөн жилийн хурлын зар гэхэд лхагва гаригт өглөөний 10:00 цагт 100 айлын хаана ч билээ, тэр байшинг тойроод тэнд болно гэж илт төөрөгдүүлсэн байдлаар зарлаж хурлаа хийсэн. Жижиг хувьцаа эзэмшигчид бүрэн оролцож чадаагүй. Тухайн үед том хувьцаа эзэмшигчид ямар шийдвэр гаргасан нь одоо харагдаж байгаа. Яг л нөгөө бахь байдгаараа, таг чиг байгаа. Гэхдээ одоо бол маш олон зүйл өөрчлөгдөж байгаа. 2015 онд тэмцэж байхад тэр үед олон нийтийн сүлжээ тийм ч их дэлгэрээгүй байлаа. Одоо бол олон нийтийн сүлжээг ашиглаж дэмжээд явбал илүү боломжтой болчихлоо. Тиймээс цаашдаа эрхээ хамгаалах, хууль эрх зүйн орчныг өөрчлүүлэх тал дээр ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Хөрөнгийн зах зээл дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах гадны практик ямар байдаг юм бол?
-2009 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Азийн хөгжлийн банктай хамтарч “Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь” гэсэн том хэмжээний судалгаа тайланг гаргасан байдаг. 11 жилийн өмнөх тайланг би анх уншихдаа “За хуучирсан мэдлээлэл байна даа” гэж бодож байтал яг л өнөөдрийн нөхцөл байдал дурдагдсан байсан. Өөрөөр хэлбэл, 2009 онд Монголын хөрөнгийн зах зээлд хийж байсан анализ одоо хүртэл өөрчлөгдөөгүй байна. Яг л 2019 онд хийсэн мэдээллийг уншиж байгаа юм шиг. Энэ бол маш харамсалтай. 10 жилийн өмнө ноцтой байдлаар дүгнэж, сайжруулах шаардлагатай гэж байхад өнөөдөр хүртэл хэрэгжээгүй байна. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй гэдгийг харуулж байгаа бодит жишээ энэ. Тиймээс УИД шиг жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироож байгаа компаниудын хууль бус үйлдлийг засахын тулд хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгаалах үүргийг тодорхой болгох шаардлагатай.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг гадны олон жишээ бий. Үүний нэг нь Сингапур улс. Тус улс бол хөрөнгийн зах зээл хамгийн өндөр хөгжиж байгаа улс. Жишээ нь, Сингапурын Засгийн газраас 1990 оны эхээр төрийн өмчит компаниудаа хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтийн компани болгож IPO гаргасан. Түүний нэг нь “Singapore Telecommunications” гэх компани. Энэ бол одоо том корпораци болсон. Тус компани тухайн үедээ IPO босгохдоо 4.2 тэрбум сингапур долларыг татан төвлөрүүлсэн байдаг. Тэр үед Сингапурт хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшдэг 250.000 хувьцаа эзэмшигч байсан. Үүнийг идэвжхүүлэхийн тулд Засгийн газраас нь “Singapore Telecommunications” компанийн бирж дээр бүртгүүлэхдээ манайхаар бол нийгмийн даатгалын шимтгэлээсээ хөрөнгө оруулалт хийж болдог байдлаар явсан байдаг. Нэг ажилтан 100 сингапур долларын нийгмийн даатгал төлдөг байсан бол тэндээс тодорхой хувийг нь нийгмийн даатгалын сангаас дамжуулаад тус компани IPO болгож худалдаж авсан. Мэдээж нийгмийн даатгалаар иргэдэдээ хувьцаа эзэмшүүлж байна гэдэг ажил хийж байгаа иргэдийг дэмжиж байгаа нэг том хөшүүрэг. 1993 онд 250.000 хүн арилжаанд ордог байсан Сингапур улс “Singapore Telecommunications” компанийн IPO зарагдаж дууссаны дараа 1.5 сая иргэн нь хувьцаа эзэмшдэг болсон. Монголд ч гэсэн ийм жишгийг бий болгох боломжтой. Гол нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах асуудлаа тодорхой болгож, УИД мэтийн хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг компанийн үйл ажиллагааг цэгцлэх шаардлагатай.
Б.ЭНХЗАЯА