Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан уржигдар болсон. Тус хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Иргэний хууль болон Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн эцэслэн шийдвэрлэсэн юм. Найман хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргасныг Үндсэн хуулийн Цэц үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан аж. Энэ асуудалтай холбоотойгоор арилжааны банкны удирдлагууд өчигдөр хуралдсан юм. Хуралдаанаараа жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг зогсоох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Монголын банкны холбооны дарга О.Орхоноос тодруулсан юм.
–Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар, дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг баталгаажууллаа. Үүнтэй холбогдуулан арилжааны банкны удирдлагууд хуралдсан байна. Хуралдаанаар ямар шийдвэр гарав?
-Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрт харамсч байна. Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Нэг үгээр бол орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болчихлоо. Ийм учраас Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн иргэд болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг зогсоогоод байна. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Ипотекийн зээлийг зогсоохоос өөр аргагүй болсноор банк өөрөө ч эрсдэлд орж байгаа.
–Найман хувийн ипотекийн зээлтэй иргэдийн хувьд яах бол гэсэн байдал байна. Мөн зээл хөөцөлдөж байсан хүмүүс энэ асуудлыг ихээр сонирхож байгаа?
-Өмнө нь зээл авсан иргэдийн хувьд тэр үеийнхээ хуулиар явах болохоор ямар нэгэн эрсдэл үүсэхгүй. Харин орон сууцны зээлд хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий боллоо. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлнэ.
Ж.БАЯР