Categories
мэдээ цаг-үе

О.Нямаа: Аав минь Их тэнгэрийн аманд намаг хатааж, Чойбалсан даргад “Алтан гартай хүн” гэж үнэлэгдэж явсан

Г.Одон гэргий Н.Цэрэндуламын хамт. Болгар Барна Хар далайн амралт. 1975 оны VIII сар

Ардын зураач Г.Одонгийн охин Нямаатай ярилцлаа.

-Ардын зураач Г.Одон гуай олон сайхан бүтээлээрээ Монголын ард түмний оюун санаанд хөрөнгө оруулж ирсэн нэрт сэхээтнүүдийн нэг. Уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэх үү?

-Аавын уран бүтээлд хөрөг зураг чухал байр эзэлдэг. Хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болсон нүдийг зурна гэдэг гайхамшигтай зүйл байдаг. Нүдийг нь сайн зурж чадсан бол хаанаас нь ч харсан тэр хөрөг зураг чам руу харна. Миний аав хөрөг зургийг амилуулж чаддаг байсан. Тавиад онд зурсан Д.Ичинхорлоо гуайн эхнэр хувцастай зураг, Л.Цогзолмаа гуайн ид залуугийн зургууд байна. Намайг бол өчнөөн мянга зурсан.

Улс орныхоо нийгмийн хөгжлийг харуулсан сэдэвт зураг их зуржээ. Тэдний нэг бол 2005 онд Монгол Улсын соёлын өвд бүртгэгдсэн таван бүтээлийн нэг болох “Ажлын дараа” зураг юм. Энэ бүтээлээ аав минь дөрвөн жил зурсан гэдэг. Жаран жилийн дараа “Ажлын дараа” зураг өнгөрөгч намар нээлтээ хийсэн “Шүүдэр дундуур” киноны гол сэдэв болж өгсөн нь тэр зургийн үнэ цэнийг харуулжээ гэж бодогддог юм.

Мөн аав сэтгэлийн гүн дэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж амьдралынхаа сүүлийн жилүүдэд түүхийн сэдэвтэй зургууд зурж байлаа. Чингис хаан, Чингисийн дөрвөн хүү, өрлөг жанжнууд, Есөнтөмөр хаан гээд олон бүтээл нь өдгөө Цэргийн музейд хадгалагдаж байна.

-Г.Одон гуай “Ажлын дараа” зургийнхаа талаарх дурсамж тэмдэглэл бичиж үлдээсэн байдаг. Энэ мэт уран бүтээлүүд нь хэрхэн бүтсэн талаар сонирхолтой түүх, дурсамж хуваалцахгүй юу?

-Аавын ажил, уран бүтээлийнхээ талаар тэмдэглэл хөтөлж байсан олон дэвтэр бий. Гэхдээ бүгд уйгаржин монгол бичгээр таталж бичсэн болохоор би тэр бүрийг ойлгож чаддаггүй. Кириллээр бичсэн нэг дэвтэрт нь 1951 онд зураг урлалын газрын дарга Чойдог гуайн даалгавраар Жаргалантын сангийн аж ахуй руу томилогдсон талаар тэмдэглэл байсан. Тэр үед атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөний талаар зургийн сэдэв амьдрал дээрээс олох гэж явуулж л дээ. Сангийн аж ахуйн амьдралыг бичиж тэмдэглээд, “Сангийн аж ахуйд” уран бүтээлээ туурвисан.

Аавын минь “Ажлын дараа” зураг бол судлагдаж дуусаагүй уран бүтээл шүү дээ. Аав зуны амралтаараа нутагтаа очиж ээждээ өвс, хадлан тэжээлийг нь бэлдэж өгдөг байж. Гар хадуураар нүдээ боогоод ч хадаж чаддаг байсан гэдэг. Нар шингэх үеэр хадлан дээрээ байж байхад нь эмээ аавыг оройн хоолоо ид гэж дуудаад, яваад очиход нь их гоё дүр зураг харагдсан байна. Эмээ ээж газар зууханд тогоо тавьж хоолоо хийчихээд, хөлөө жийгээд сууж байж. Аргалын утаа үнэртээд, өвсөн овоохойныхоо хажууд ширээ тавьсан байгаа нь сэтгэлд нь хадгалагдан үлдэж л дээ. Тэгээд л янз бүрээр зурсаар байгаад “Ажлын дараа” зураг бүтсэн гэдэг. Энэ зургийн голд суугаа өвгөн бол барилгачин Цогоо гуайн аав, цэнхэр хүрэмтэй эмэгтэй бол барималч Дамдимаа эгч гэх мэтээр бүгд эзэнтэй. Энэ зургийн талаар хэний ч мэдэхгүй, аавын ярьсан нэг сонирхолтой зүйлийг ярьчих уу?

-Тэгэлгүй яахав?

-Аав энэ зургаараа төрийн шагнал хүртчихсэн байсан үе. Яагаад ч юм нэг удаа надаас энэ “Ажлын дараа” зураг чамд ямар санагддаг вэ гэж асуулаа. Би ч “Ямар хачин юм асуудаг юм бэ” гэхэд, “Миний охин ер нь зураг хэр ойлгодог юм бэ. Энэ зургийг сайн хараадах даа” гэж байна. Би юуг нь харах юм бэ гэхэд “Гол дүрийн зэмлүүлж байгаа эрэгтэйг сайн хар” гэсэн. Тэгээд аав нь энэ зургийг хоёр санаатай зурсан юм ш дээ. “Ажлын дараа” гэхээр хүмүүс их ажлын дараа амарч байгаа хүмүүс байна гэж боддог. Тэр үед үзэл суртал чанга байсан болохоор уран сайхны зөвлөлд тэгж хэлсэн юм. Нөгөө талаар би зэмлүүлж байгаа нөхрийг ажлын садаа гэдэг утгаар зурсан. Сайн харах юм бол түүний өвөрт лонхтой юм байгаа. Чи харж байна уу” гэсэн юм. “Юу гэнэ ээ” гээд өврийг нь харахад лонхтой юм байж байдаг байгаа. Тухайн үед уран сайхны зөвлөл ч, өнөөдөр ч хүмүүс үүнийг анзаардаггүй нь сонин шүү.

-Аавын тань удам сударт гарын ур дүйтэй, зураг зурдаг хүмүүс байсан уу. Анх уран зурагт хэрхэн, яаж хөл тавьж байсан бол?

-Манай өвөг дээдсийн түүх их өрөвдөлтэй. Аав минь 1925 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрсөн. Шарайд овгийн буриад хүн шүү дээ. Өвөг дээдэс маань 1917 онд Орост гарсан иргэний дайнаас дүрвэж Монголд орж ирсэн буриадын удам угсаа. Аавын өвөө Жалсан, миний өвөг эцэг Гэлэг нар гарын уртай хүмүүс байсан гэдэг. Жалсан өвөө аавыг уран хүн болно гээд Одон гэдэг нэр хайрласан юм билээ. Тухайн үед хойд хязгаарт их түгшүүртэй, хүмүүс хүүхдүүдээ сургуульд өгөх нь битгий хэл гэрээсээ холхон гаргадаггүй байсан үе. Гэвч эмээ ээж маань холыг харж 1934 онд зэргэлдээх Баяндунгийн сургуульд шар тэргээр хүүгээ хүргэж өгсөн гэсэн. Тэгж аавын маань эрдэм ном сурах, авьяас билэг нь нээгдэх эхлэл тавигдсан юм билээ. Тэгээгүй бол аав минь нутагтаа нэг буриад баавай насыг барах байсан гэдэг. Улмаар 1937 онд аавыг хоёрдугаар ангид байхад Дашбалбар, Баяндун, Баян-Уул сумдын насанд хүрсэн бүх буриад эрчүүдийг баривчилж Дотоод явдлын яамны тогтоолоор буудан алах ялаар шийтгэхэд өвөө маань багтсан байдаг. 1992 онд буриадуудын хувьсгалын эсэргүүний хэргийг цагаатгасан шүү дээ.

Ингээд аав 1938 онд Баяндунгийн сургуулийг дүүргээд, 1939 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн техникумд суралцаж усан техникч мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд мал тариалангийн яаманд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар зураг урлалын газрын дарга Д.Чойдог гуайн зураачдын бүлгэмд явдаг байжээ. 1945 онд тус бүлгэмийн зураачдын уран бүтээлээр үзэсгэлэн гаргахад тухайн үеийн ерөнхий сайд Х.Чойбалсан гуай аавын “Шөнийн айл” зургийг таалж зураачтай нь уулзмаар байна гэжээ. Тэр үед аав малын бойн дээр ажиллаж байж. Маршал дуудсан гэдгийг сонсоод ухаан алдах шахсан гэдэг. Тэгээд л айх, гайхах зэрэгцээд очиход маршал “Чи нөгөө алтан гартай хүн байна ш дээ. Чи бас зураг зурдаг юм уу” гээд таньсан гэнэ лээ.

Г.Одон 1960-аад он

-Маршалтай урьд нь уулзаж байсан гэсэн үг үү?

-Тийм. Урьд жил нь Их тэнгэрийн аманд аав Мал тариалангийн яамны Содномцэрэн гэдэг анхны усан техникчийн хамт намаг хатаах ажил хийсэн юм билээ. Тэр жил хур бороо элбэг, их тэнгэрийн ам битүү намагтай Маршалын гэрт тулаад ирсэн байж л дээ. Тэгээд л Маршал усан техникч нарт намаг хатаах даалгавар өгсөн байна. Намгийг яаж хатаасан талаар ааваас асуухад “Галын үнс хутгадаг төмрөөр тэр хавийн газрыг хатгаад яваад байсан. Тэгж яваад усны судал олсон юм. Хар ухаанаар хэлэхэд тэр төмрөөрөө усны голдирлыг өөрчилсөн” гэсэн юм. Ингээд нэг сар болоход намаг хатсан байна. Чойбалсан дарга “Ингэж намаг хатааж болдог байх нь ээ. Та нар чинь ёстой үнэтэй мэргэжилтэй, алтан гартай хүмүүс байна. Нэр чинь хэн билээ?” гэсэн гэдэг.

-Тэгээд юу болсон бэ?

-Маршал Чойбалсан зураг урлалын газрын дарга Чойдог гуайд “Энэ хүүхдийг Москва руу сургуульд явуул” гэж хэлсэн гэнэ лээ. Аав 1945 оны есдүгээр сард Н.Чүлтэм гуайн хамт Суриковын нэрэмжит уран зургийн ангид очиж суралцсан байна. Ингээд 1951 онд Монгол Улсад сонгодог уран зургийг нэвтрүүлэх анхны мэргэжилтнүүд болж төгсч ирсэн. Төгсч ирээд л Зураг урлалын сургууль, Багшийн дээд сургуулиудад багшилж, нэг насаа Монголын уран зургийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд зориулсан. Аавыг хүмүүс зураач, багш гэдгээр нь илүү мэддэг. Гэхдээ аав минь төрийн албанд алба хашиж байсныг тэр бүр мэддэггүй. Би аавынхаа амьдрал, уран бүтээлийн талаар ном бичих ажилдаа орчихоод байгаа.

-Төрийн албанд ажиллаж байсан гэхээр ямар ажил эрхэлж байсан юм бол. Тэр талаар нь намтар түүхэнд нь тодорхой зүйл байдаггүй байх аа?

-Аав 1973 оны нэгдүгээр сарын 6-наас эхлээд Соёлын яамны дүрслэх урлагийн тасагт дүрслэх урлагийн бодлого тодорхойлох ажлыг хийж эхэлсэн байдаг. 1980 он хүртэл. Тэр үед Соёлын яамны орлогч сайдаар С.Лувсанвандан гуай ажиллаж байжээ. Түүхийн хуудсыг сөхөөд үзэхээр аавыг ажиллаж байсан энэ цаг үед соёлын өвийг сэргээх ажил эхэлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд Дорнод аймгийн Халхын голд байдаг Тогтохтөр вангийн бүтээсэн хэвтээ Майдар бурхныг ард түмний хамгаалалтад авсан байна. Мөн энэ хугацаанд Урлаг судлалын хүрээлэнг байгуулахад аав хувь нэмрээ оруулж явсан байгаа юм. Тийм болохоор энэ ажлыг нь аавын тухай номонд нэг бүлэг болгож оруулахаар төлөвлөж байгаа. Мөн Баянзүрх дүүргээс сонгогдож, найман жил депутатаар ажиллаж байснаас гадна, цэргийн түүхийн музей байгуулах ажилд гар бие оролцож явсан гэдэг.

-Аав ээж хоёр тань хэрхэн танилцаж байв. Гэр бүлийнхээ талаар дурсамж хуваалцаач?

-Манай ээж эмнэлэгт насаараа асрагч, сувилагч хийсэн хүн. Аавын амьдардаг газар, ээжийн ажлын газар ойрхон байсан болохоор танилцаж дотноссон гэдэг. Бид эцэг эхээс тавуулаа байсан. Би хоёр ах, хоёр эрэгтэй дүүтэй айлын ганц охин болохоор аавдаа их эрх байжээ. Цагийн эрхээр бүгд цуваад явчихдаг юм байна. Одоо ах, дүү бид гурав л байна даа. Миний ах О.Нямдаваа аавын авьяасыг өвөлж киноны зураач болсон. Талийгаач дүү Гандаваа минь мөн л зураач, бурхан бүтээдэг хүн байсан. Даанч 37-ны жил дээрээ бурхан болсон. Харин дүүгийн маань охин Японд хувцасны загвар зохион бүтээдэг.

Ээж бид хэд аавын ар талын ажлыг хариуцна. Зургийн раман дээр зотон даавуу татаж, маш нарийн хадаасаар үрчийлгэхгүй хадах, модны цавуу, цагаан будаг түрхэх ажлыг хариуцаж хийнэ. Аавын бийр арчдаг даавууг удаан жил хэрэглэсэн зөөлөн даавуугаар хийнэ. Орны даавууг дахин дахин угааж, индүүдэж зөөлрүүлээд гоё хэлбэртэй хайчилж, дунд нь нүх гаргадаг байлаа. Энэ бидний хувьд их нандин зүйл байсан.

-Аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж гэвэл?

-Монголын зураачид 1962 оноос Хүрхрээгийн аманд зусланд гардаг болсон. Тэр үед би зургаан настай байж. Тэнд олон сайхан дурсамж үлдсэн. Гомбосүрэн ахынх, Чүлтэм, Амгалан, Сэнгэцохио гуайнх гээд л бүгд зусланд гарна. Нэг айл нь мах чанавал бүгд очно. Нэг гэр бүл шиг дотно байсан. Аав минь судалбар зураг их хийнэ. Одоо гэрт аавын хувийн архивт 1500 шахам судалбар зураг байна. Би чинь найман нас хүрчихээд аавдаа үүрүүлээд уул хадаар явдаг байсан. Намайг ганц охин гээд их эрхлүүлнэ. Гэхдээ юмны наад цаадахыг ойлгуулж хэлнэ. Тэр жил зусланд гарахад би ихэд хөөрч уулын бэл рүү очоод баглаа цэцэг түүгээд ирсэн юм. Аав тэгэхэд ямар гоё цэцэг вэ, даанч ээж аав нь уйлж байгааа даа, миний охин. Чи хар даа гэж хэлсэн. Тэгээд нээрээ харсан чинь цэцгийн дэлбээн дээр шүүдрийн дусал дусчихсан байгааг хараад балчир ухаандаа уйлж байна гэж ойлгосон. Яагаад уйлж байгаа юм бэ гэж асуухад “Гуравхан сар амьдардаг цэцгийг тасалчихсан болохоор уйлж байна” гэсэн. Би их хачин болоод “Буцаагаад аваачаад тавьчих уу” гэхэд “Одоо нэгэнт тасалчихсан юм чинь усанд хийчих, хэд хоног амьдрах л байх. Ахиж битгий таслаарай” гэж хэлсэн. Би түүнээс хойш ахиж цэцэг таслаагүй. Цэцгэн дээр ч гишгэдэггүй. Аав бас цэцэгнээс “Чи яагаад ийм хөөрхөн байгаа юм бэ” гээд л “Би богинохон настай болохоор ийм хөөрхөн байдаг юм” гэж цэцэг хэлж байна гэх мэтээр аливаа зүйлийг надад амьдчилж хэлж өгдөг байсан.

-Аавынхаа амьдрал, уран бүтээлийг ном болгох ажилд нь амжилт хүсье?

-Баярлалаа. Бид 2015 онд аавынхаа төрсөн нутаг Дашбалбар сумын 90 жилийн ойгоор гэр музей байгуулсан. Тэнд 250 гаруй зураг, өмсч эдэлж явсан бүх зүйл нь байдаг юм. Тэр жил сумаас санаачилж гэр музейг хотод гаргахаар болж, Бест галлерэйд гаргасан. Хоёрдугаар сарын 2-7-ны ажлын таван өдөр үзүүлсэн. Би дотроо аавыг маань хүмүүс мартсан байх, үзэсгэлэнгийн нээлтэд олон хүн ирэхгүй биз гэж бодоод 50 урилга тараачихаад байж байлаа. Гэтэл маш олон хүн ирж ажлын таван өдөр манай үзэсгэлэн битүү хүнтэй байсан. Эндээс би нэг л зүйлийг ойлгосон. Өнөөгийн нийгэмд уран зургийн маш олон урсгал бий болсон ч реалист сонгодог уран зургийг, аавыг минь битүүхэн үгүйлж явдаг хүмүүс байдгийг мэдэрсэн. Тийм болохоор аавынхаа тухай ном бүтээхийг зорьсон. Энэ жилдээ багтаад гараас гаргачих болов уу гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *