“Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнайтай ярилцлаа.
–ШӨХТГ-ын даргаар томилогдохоос өмнө та орон нутаг, дүүргүүдээр явж иргэдтэй уулзалт хийж байгаагаа ярьсан. Төрийн ажлыг өгснөөс хойш ч цөөнгүй хүмүүстэй уулзаж байна. Иргэдийн үзэл бодол, амьдралд өөрчлөлт гарч уу?
-ШӨХТГ-ын даргын ажлаа өгсний дараа Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзсан. Өнгөрсөн зун дөрөв, таван аймгаар явж иргэдтэй уулзлаа. Есдүгээр сарын сүүлчээс эхлээд Сонгинохайрхан дүүрэгт олон удаа уулзалт зохион байгуулсан. Давхардсан тоогоор 13 мянга орчим иргэнтэй нүүр тулж уулзлаа. “Амьдрал сайхан байна”, “Засаг төр сайн ажиллаж байна” гэж ярьсан хүнтэй тааралдсангүй. Энэ нь иргэдийн амьдрал хэцүү байгааг, төрд, ирээдүйдээ итгэх итгэл алдарсныг харуулж байна.
–Хүмүүс юу ярьж байна вэ. Яавал ирээдүйд, төрд итгэх итгэл сэргэж, амьдрал нь сайжрах юм шиг байна?
-Ардчилсан нийгэм байгуулж байна гэж 25 жил өнгөрлөө. 25 жил гэдэг хувь хүнд ч, улс орны амьдралд ч богино хугацаа биш. Тиймээс өнөөдрийг хүртэл хаана хүрсэн бэ гэдгээ дүгнэх түүхэн цаг үед иржээ. Буруу замаар орсон бол засаад зөвөөр нь цааш явъя, зөв явсан бол иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байгаад дүгнэлт хийе. Хүмүүс ч үүнийг хүсч байна.
–УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө тантай ярилцаж байхад “Хувьсгал хийх нь гарцаагүй боллоо гэж хүмүүс үзэж байна” гэж ярьж байсан. Хүмүүсийн үзэл санаа өөрчлөгдөж үү?
-Иргэд өөрчлөлтийг хүсч байна. Олон жилийн өмнө ч ийм л байсан. Гэхдээ би тэр өөрчлөлтийг хувьсгал гэж томъёолмооргүй байна. Сири, Украинд болж байгаа үйл явдал хувьсгалыг бидний хүсдэгээс өөр зүг рүү харуулж байгаа. Тиймээс би өөрчлөлт гэж томъёолмоор байна. Иргэд өөрчлөлтийг хүсч байна гэж дахиад хэлье. Энэ чигээрээ яваад байвал тухайн иргэний амьдрал сайжрах үгүйтэй биш Монгол Улстай холбоотой асуудал болж байгааг олон хүн ойлгож байна. Би хамгийн том гэгддэг бизнесмэнээс эхлээд Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүмүүстэй ч уулзлаа. Бүгд өөрчлөлт зайлшгүй гэдэгтэй санал нэгдэж байна.
–Тэр өөрчлөлт нь юу байх вэ. Яаж, ямар байдлаар өөрчлөх вэ?
-Тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Аль нэг нам, дараагийн сонгуульдаа зориулж гэх мэтчилэн богино хугацаанд харахаас илүүтэй Монголоо бодоод Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хурдан хийх хэрэгтэй.
–Үндсэн хуулийн төсөлтэй танилцсан байх. Зүйл заалт бүрийг нь дэмжиж байгаа юу?
-Маш их талархаж хүлээж авсан. Манай нийгэмд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт бүрэн туссан гэж ойлгож байгаа. УИХ-д хамгийн олон суудалтай намын гишүүн гэхээсээ илүүтэй “Иргэний нийгэм”-ийн гишүүн гэдэг байр сууринаас хэлж байгаа шүү дээ. Хуулийн төслөөс “Энэ нь буруу юм” гэдэг зүйл заалт харагдаагүй. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн сул тал нь хүч хаана төвлөрч байгаа нь мэдэгддэггүй. Үүнээс болж шийдвэр гардаггүй, шийдвэр гарахгүйгээс болж хэн ч хариуцлага хүлээдэггүй. Шинэ хуулийн төсөлд хүчийг нэг талд төвлөрүүлж, шийдвэр гаргах боломжийг нэг хүнд өгч байгаа нь харагдсан. Харин хариуцлагын асуудал суларч магадгүй нь анзаарагдсан. Япон, Герман гэж яривал өндөр ёс суртахуунтай ард түмэн. Японы Ерөнхий сайд байсан Кейзо Обучигийн охин дэвүүр тарааснаасаа болж сайн дураараа сайдын суудлаас огцорч байсан. Германы Батлан хамгаалахын сайд залуу докторын дипломын ажил дээрээ номноос нэг өгүүлбэр хуулсныхаа хариуцлагыг хүлээж огцорч байлаа. Харин бидний хувьд ёс суртахуун ийм хэмжээнд хүрээгүй. Тийм байхад хариуцлагыг зөвхөн ёс суртахуунд даатгах нь хэр зөв болж гэж эргэлзэж байгаа. Гэхдээ зөвхөн өнөөдрөөр харж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Арав, хорин жилийн дараахь Монголыг харж өөрчлөх ёстой. Хорин жилийн дараа манайх Япон, Герман шиг ёс суртахуунтай улс болно гэж итгэж байгаа учраас тэгтлээ эсэргүүцэхгүй байна.
–МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй, хатуу эсэргүүцэхээ мэдэгдсэн?
-1990 оноос хойших бүхий л өөрчлөлт, шинэчлэлтийг МАН зогсоож, хаах талд байсан. Гадаад паспорт өгөхөд үгүй л гэсэн. Мал хувьчлахад болохгүй л гэж байсан. Орон сууц хувьчлахад эсэргүүцэж л байсан. Ний нуугүй хэлэхэд, МАН өнгөрсөн 25 жилд бүх өөрчлөлтөд тормоз болж байсны үр дүн өнөөдрийн нийгмээр харагдаж байгаа шүү. Ардчилсан хувьсгал хийснээс 25 жилийн дараа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор бие, биеэ шагнаад сууж байна. Англиар түүнийгээ юу гэж орчуулахыг мэдэхгүй, гадны хүнд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй 25 жилийн түүхийг бий болгосон.
–Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна сүүлийн үед олон баривчилгаа боллоо. Тэр бүхнийг улс төртэй холбон тайлбарлах хүмүүс олон байна. Сонгуулийн өмнөх улс төр гэх юм. Танд тийм холбоос харагдаж байна уу?
-Хэрэг илэрч байвал сайн. Авлигатай тэмцэнэ гэдэг хүнд ажил. Баригдсан хүмүүст, гэр бүлд нь хэцүү л байх. Гэхдээ улсаа, ирээдүйгээ бодвол авлигатай хатуу тэмцэх нь зөв. Бид өнөөдөр зөв соёлыг бий болговол хойч үедээ түүнийгээ л үлдээнэ. Өнгөрсөн 25 жилд дэндүү замбараагүй явсны үр дүнд өнөөдөр залуучууд улс төрийг баяжих бизнес гэж харж байна. Улс төр гэдэг ардаа хариуцлага байдаг, буруу хийвэл нэр төр, юу ч үгүй болж дуусдгийг зарим нэг хүнээр үзүүлэх ёстой. Би хүний нэр хэлмээргүй байна. Тэр хүнд хэцүү байж болзошгүй. Гэхдээ үндэсний эрх ашиг, улс орноо боддог байх хэрэгтэй. Авлигатай тэмцэхийн нөгөө талд хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг байр сууриндаа хатуу байх ёстой.
–Та ажлаа өгснөөс хойш улс төрд илүүтэй анхаараад байна уу. Эсвэл өмнөх сонгуулийн өмнөх шиг “Магнай ард түмэнтэйгээ хамт гудамжиндаа байна” гэж ярьж байгаа юу?
-Улс төр парламентад байдаг. Эсвэл гудамжинд жагсаал хийвэл ойртдог байж болох юм. Түүнээс энэ танхимд та бид хоёр мянга улс төр яриад улс төр болохгүй, сайн дурын уран сайхан л байж магадгүй. Би аль болох олон хүнтэй уулзаж байна. Иргэд юу хүсч байгааг зайлшгүй сонсч байх хэрэгтэй. Магнайгаас гадна төрд байгаа олон хүн иргэдийг сонсч байвал төрийн шийдвэр иргэндээ наалдана. Нийгмийн олонхийн төлөө шийдвэр гаргадаг нийгмийг ардчилал гэж тодорхойлдог. Гэтэл өнгөрсөн он жилүүдэд шийдвэр гаргадаг хүмүүс ард түмнээсээ тасарснаас болж төрийн шийдвэр иргэнд очихгүй байна. Үүнээс болж хоёр өөр монгол бий болсон байна шүү дээ. Сонгинохайрханы захын хорооны монгол, Багатойрогт ажиллаж байгаа монгол хүний бодож байгаа бодол, хүсэл нь огт өөр байгаа. Ийм байж болохгүй.
–Улс төрийг парламентад хийсэн нь илүү үр дүнтэй гэж та шийдсэн үү?
-Миний шийдвэр биш. Угаасаа л улс төр парламентад байдаг.
–Та Багатойрог, Сонгинохайрханд хоёр өөр монгол байна гэж ярилаа. Сонгинохайрханы монголчуудад та хувцас тараасан. Таны хийсэн ажлыг “Магнай тусламжаар ирсэн хуучин хувцас тарааж доромжиллоо” гэх шүүмжлэл бас дагасан.
-Би ямар ч шүүмжлэлийг эерэгээр хүлээж аваад сурчихсан давуу талтай. Түүх ярья. “Exclusive” компани хувцсаа үнэгүй тараана гэдэг мэдээллийн дараа монголчууд яаж цугласан билээ. Түүнийг хараад “Хүмүүст хувцас тараавал хүнд хэрэгтэй ажил болох юм болов уу” гэж бодсон. Ингээд гадаадад байдаг найзуудаасаа “боломж байна уу” гэж асуухад “Замынхаа зардлыг чи хариуц. Бид шинэ хувцас өгье” гэсэн. Тэгтэл “Бид Монгол” компани тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар боллоо. Хүмүүс хувцас аваад үнэхээр баярласан. Юуг ч мушгиж, гуйвуулдаг хэсэг байдаг шүү дээ. Тэд л хуучин хувцас тараалаа гэсэн байх. Хэдэн мянган хувцас тараахад ганц нэгийнх нь товч тасарсан, түүнийг авсан нь хуучин гэж бодсон бол би уучлал гуйхад бэлэн байна. Хэрэггүй нэгэнд хэрэггүй л байх. Захын хороололд амьдарч байгаа, солих хувцас амьдралынх нь асуудал болсон хүмүүст би дэм болсон гэж итгэж байгаа.
–Таныг цахим ертөнцөөр шүүмжилж байгаа хүмүүст солих хувцас чухал биш байх. Харин танаас хувцас авсан хүмүүс хэрхэн хүлээн авч байна?
-Арав гаруй мянган иргэнд хувцас тараалаа. Их ч баярласан. Хоногийн хоолгүй, мөнгөгүй, ажилгүй, олон хүүхэдтэй хүнд миний өгсөн хувцас ямар дэм болсныг ойлгохгүй нэг нь ойлгохгүй л байх.
–Дараа нь та нүүрс тараасан. Сошиал медиагаар тарсан бичлэгээс харахад хүмүүс шуудай нүүрсэнд “алалцаж” байв уу?
-Бид тухайн хорооны хүнд амьдралтай хүмүүст купон тараасан. Нэг купоноор хоёр шуудай нүүрс авах юм. Хүмүүс купоноо авч ирээд нүүрсээ авч байсан. Сошиалаар тарсан бичлэг үзсэн хүмүүст эвгүй сэтгэгдэл төрсөн байж магадгүй. Юу болсон гэхээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын нөхдүүд согтуу хүмүүс явуулаад үймээн гаргачихсан хэрэг. Согтуу нөхдүүд тэвш рүү дайрч гараад нүүрс шидээд үймээн дэгдээчихсэн юм билээ. Магнайг муухай харагдуулах гэхээсээ манай нийгэм ямар байгаагийн илрэл л дээ.
–Засгийн газраас хэсэг хугацаанд “Нүүрс хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ ажлыг хийсэн хүмүүс хэрэгт холбогдсоноор иргэдийг хямд нүүрсээр хангах ажил зогссон. Ер нь иргэдийг хямд нүүрсээр хангах боломж байна уу?
-Монголчууд юугаар баян нүүрсээр баян. Газрын тосоор баян улсад бензин авахдаа литрээр хэмждэггүй, банкаа дүүргээд дөрөв, таван ам.доллар төлдөг шиг төр зөв зохион байгуулбал нүүрс маш хямд байх боломж байна. Сонгинохайрханы захын хорооллоор явж байхад гурван хүүхэдтэй эмэгтэй тоосгыг хаягдал тосонд дэвтээгээд түлж байгааг харсан. Юун маргааш, өнөө шөнө яаж дулаан хонох вэ гэж байгаа айл олон байна. Тийм хүмүүст таван шуудай нүүрс өгчихье гэсэн бодлоор энэ ажлыг хийсэн. Найзууд маань туслаад арван вагон нүүрс хандивласан. Түүнийгээ л тарааж байгаа.
–Арван вагон нүүрсийг хэдэн айлд өгөхөөр тооцоолсон бэ?
-Уурхайгаас ачуулаад ирэхэд 20-30 хувь хаягдал болдог юм байна. Л.Гансүх нарын шүүх хуралдааныг үзэж байхад гайхаж байлаа. Гэтэл уурхайн аман дээрээс ачуулаад Улаанбаатарт буулгахад 30 хувь нь зүгээр л алга болчихдогийг өөрөө мэдэрлээ. Ингээд тооцохоор арав гаруй мянган шуудай нүүрс тарааж байгаа юм.
–Танаас хэр их мөнгө гарав?
-“Алаг толгой” уурхайгаас нүүрс хандивласан. Нүүрсээ үнэгүй авсан гэсэн үг. Нэг вагон нүүрсний тээврийн зардал 600 мянган төгрөг. Арван вагон нүүрс авчрахад зургаан сая төгрөг боллоо.
–Хувцас, нүүрс тараалаа. Хэдийгээр үнэгүй авсан ч тээвэрлэлт, иргэдэд тараах зардал багагүй гарсан болов уу. Эдийн засаг хүнд энэ үед яаж зохицуулж байна?
-Миний орлогод санаа зовж байна уу?
–Таныг олон улсын “Ардчиллыг бэхжүүлэх сан”-гаас хэдэн мянган ам.доллараар цалинждаг тухай сонссон болохоор санаа зовохгүй байна л даа. Харин тэр их мөнгийг ардчиллын төлөө зарцуулж байна уу гэж хардаад.
-Нэгдүгээрт, тэр сан бол 2008, 2009 оны асуудал. Одоо тийм сан байхгүй. Хоёрдугаарт, цалингаа зөвхөн өөртөө зарцуулдаг хүний дэргэд би олон хүний төлөө амьдардаг. Тиймээс намайг дэмждэг, Монголыг Магнай өөрчилнө гэж итгэдэг маш олон хүн бий. Би олон нийтийн хүн. Цалингаараа шар айраг уучихаад, твиттер, фэйсбүүкээр бухимдлаа илэрхийлээд сууж байгаа залуу авч байгаа цалингаараа бүхнийг хэмжих нь аргагүй. Нийгмийн сайн сайхны төлөө амьдарч байгаа хүнд боломж хязгааргүй байдаг. Дэлхий уужим. Би гурван захидал бичээд л арав гаруй мянган хувцас олчихсон. Таван хүнтэй уулзаад арван хэдэн мянган шуудай нүүрс тараачихлаа. Үүнийг улс төр гэж ойлгохоосоо илүү хүмүүнлэгийн талаас нь хараасай гэж хүсч байна.
–Таны гадаад, дотоод найзууд тун өгөөмөр юм аа?
-Нэг жишээ ярья л даа. 2009 онд Харвардад суръя гэж бодсон. Чиний мөнгө хамаагүй, чи хэн бэ, энэ сургуулиас юу хүсч байгаагаа л хэл гэдэг хариу ирсэн. Өөрийнхөө кэйсийг бичээд явуулахад Польшийн парламентын гишүүн “Ирээдүйтэй залуу байна” гээд сургалтын бүх зардлыг даая гэсэн захидал ирүүлж байсан. Идэвхтэй, олон хүний сайн сайхны төлөө ажиллавал олон хүн чамайг мэддэг болно. Олон танилтай бол олон ажил бүтдэг гэдгийг эндээс ойлгож байгаа биз. Хаа очиж би гадаадад олон найзтай. Дэлхий хавтгай, боломж хязгааргүй. Зөвхөн хуруугаа л хөдөлгө. Сэтгэлгээний хувьд баян, асуудлыг томоор харж чадвал боломжгүй зүйл үгүй. Гэртээ суучихаад бусдыг шүүмжилж байгаа хүнд миний ярьж байгаа зүйл бүтэшгүй байх.
–Сонгинохайрханаас сонгогдсон УИХ-ын гишүүн нэгж өгч байж уулзалт хийж байгаа харагдсан. Та маш олон хүнтэй уулзаж байгаа зургаа цахим хуудастаа тавих юм. Иргэдийг яаж идэвхжүүлэв?
-Хүмүүс надаас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг. Хүн бүр өөрийнхөө төлөө санаа зовдог байх ёстойг би хэлдэг. Жастин Бибер өөрийнхөө дууг youtube-д тавьсан. Өнөөдөр дэлхийн од болчихсон, 15 сая ам.долларын байшинд амьдарч байна. Монголчууд үнэхээр авьяастай бол фэйсбүүк, твиттерийг хүн муулах хэрэгсэл болголгүй дуугаа цац л даа. “Авьяаслаг монголчууд”-д орох шаардлагагүйгээр цахим сүлжээгээр дэлхийд танигдах боломж байна. Үүнийг л би уулзсан хүмүүстээ хэлдэг.
–Таныг “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай гэдгээр андахгүй. Тийм ч учраас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг байх.
-Би угаасаа “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай байсан, байсаар ч байна.
–Тантай мөр зэрэгцээд “Иргэний хөдөлгөөн”-д явж байсан зарим хүн УИХ-д ороод таг болчихсон. Та ч бас УИХ-ын гишүүн болоод “томоожчих” юм биш биз?
-Хүн төрөлхтний түүх хувь хүний л түүх байдаг. Үүнтэй адил Монголыг нэг л хүн өөрчилнө. Нэг л хүн гарч ирж дагуулна. Тэр өөрчлөлтийг л хийх ёстой.
–Тэр нь та гэдэгт итгэж байна уу?
-Монгол хүн бүр өөрийгөө гэж хараасай гэж хүсч байна. Та надад итгэж байгаа учраас УИХ-д ороод чимээгүй болчих юм биш биз гэж болгоомжилж асууж байгаад баярлаж байна. Хүмүүс надад итгэж байгаа учраас түүхэн өөрчлөлт хийх агуу хүсэл санаа надад бас бий.
–Зарим хүн өөрийгөө шатааж тэмцэл хийлээ.
-Би яагаад ч үүнийг зөвтгөж чадахгүй. Эрүүл мэндээрээ хохирч, нийгмийн сэтгэл зүйг шархлууллаа. Түвдэд 50 хүрч байж гадагшаа явах паспорт авдаг. Түвдүүд аргаа ядахдаа өөрийгөө шатаадаг. Тэдэнтэй харьцуулашгүй эрх чөлөө байгаа учраас дуурайж болохгүй. Хятадын компаниас цалин авахгүй гэж өөрийгөө шатаасан гэж ойлгосон. Даяаршсан нийгэмд ийм тэмцэл хийж байгаа нь харамсалтай санагдсан.
–Та намтайгаа хэр ойр байгаа вэ?
-Нам бол нар шиг. Хамаагүй ойртвол шатчих гээд, холдвол хөлдчих гээд байдаг. Хэмжээгээ бариад л явж байгаа.