Categories
мэдээ нийгэм

О.Магнай: Намайг яаж ажилласныг Т.Аюурсайхан гэж нэг намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ удаад ажлыг нь хүлээж авч байсан Т.Аюурсайхан олон нийтэд өөрийг нь мөнгө төгрөг идэж уусан гэх мэдээлэл тарааж байгаа учраас хэвлэлийн хурал хийхээр болсон аж.

О.Магнай ингэж ярилаа.

“Т.Аюурсайхан гэгч нөхөр намайг элдвээр гүтгэж, миний нэр хүндэд халдлаа. Энэ асуудлыг тоохгүй байя гэж бодож байлаа. Намайг яаж ч гүтгэж болно. Хамгийн гол нь мөнгө төгрөгтэй холбоотой асуудал, идсэн уусан гэсэн асуудал бол миний хувийн зарчимтай яах аргагүй харшилсан учраас би энэ хэвлэлийн хурлыг хийж байна.

-“Ник” компани бол монополь компани. Гэтэл Т.Аюурсайхан ажлаа аваад уг компанийг монополь гэсэн ангилалаас гаргасан байсан. Ингээд тавьсан торгуулийг нь хүчингүй болгоод, тухайн ажлын хэсэгт байсан бүх хүнийг ажлаас нь халах маягаар асуудлыг шийдсэн байсан. Ер нь та бүгд “Ник” компанийг ямар эзэдтэй вэ гэдгийг мэднэ. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Отгонбилэг гэж хүний хүүхдүүд болох О.Содбилэг нарын эзэмшдэг компани. Г.Аюурсайхан гэж нөхөр бол өмнө нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Эд нар бүгд нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигархи бүлэглэл.

-Т.Аюурсайхан намайг сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьчихаад хүчингүй болгосон гэж ярьсан байсан. “Миний дэлгүүр”, “Номин”, “Макс” дэлгүүрүүдэд нэг асуудлаар торгууль тавьсан. Гэтэл тавьсан торгуулиудаа намайг хүчингүй болгосон гэж ярьсан байна лээ. Энэ асуудал шүүх дээр очоод тухайн үед илэрсэн зөрчлүүдээ сүлжээ дэлгүүрүүд бүрэн арилгана. Гэхдээ дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг ямар нэгэн үл маргалдах зарчимаар шууд төлнө гэсэн гэрээг шүүх дээр байгуулсан. Гэтэл үүнийг тавьсан торгуулиа бүр хүчингүй болгосон юм шигээр ярьсан байсан. Тийм зүйл ерөөсөө байхгүй.

Т.Аюурсайхан өөрөө торгуулийн асуудлыг бүгдийг хүчингүй болгочихоод О.Магнай энэ асуудалд оролцсон гэх маягаар хандаж байгаа нь туйлын хариуцлагагүй зүйл. Би энэ асуудлаар Т.Аюурсайхан гэж нөхрийг холбогдох хуулийн байгууллагад өгнө. Ер нь намайг яаж ажилласаныг Т.Аюурсайхан гэж нэг намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш. Намайг шалгахад ямар ч хаалт хамгаалалт байхгүй. Шалгаж болно. Улайм цайм ийм гүтгэлэг тарааж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *