Categories
мэдээ улс-төр

О.Магнай: АН-д 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү байхгүйг хариуцлагатай мэдэгдэж байна

Image result for Магнай

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа, Д.Оросоо нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. О.Магнай “Нэр бүхий яамдын гадаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон. Иргэдийн сайн дурын тэмцлийг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой. Энэ нь яавч зөв зүйл биш. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж иргэд тэмцсэн. АН энэ тэмцлийг дэмжсэн. АН өнөөдөр сөрөг хүчин. 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү АН-д байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хийх ажил маш их байгаа. Нийгмийн хүлээлтийг өнөөдрийг хүртэл хангаж чадахгүй байна. Ардчиллын хамгийн том суурь нь иргэдийн оролцоо юм. Яамдын үүдэнд болсон жагсаалд цагдаа хүчний байгууллага хүч хэрэглэсэн тохиолдол гарсан. Мөн жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэлээ.

АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар “Наймаа хийх зарчмаар эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Монгол Улс цаашдаа парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Цэц хянахгүй байх зарчим руу орох гэж байна. Ингэхийн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг есөн жил болгох заалтыг оруулсан. Энэ бол Үндсэн хуулийн авлигал. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Энэ өөрчлөлтөөр үндсэн агуулга, суурь зарчмыг нь алдагдуулах гэж байна. Ийм байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *