Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Лхагвасүрэн: Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, татварын таатай нөхцөлийг бий болгох хэрэгтэй DNN.mn

“Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн ТУЗ-ын дарга, судлаач О.Лхагвасүрэнтэй хөрөнгө оруулалтын орчин, алдаа дутагдал болон ирэх оны төсвийн талаар ярилцлаа.


-Манай улсын хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна гэж та дүгнэх вэ?

-Хөрөнгө оруулалтын орчноо бид 30 жилийн хугацаанд маш олон өөрчилсөн. Хөрөнгө оруулагчид ороод ирэхээр л хуулиа чангалчихдаг. Эргээд нөгөөдүүл нь гараад явсны дараа буцаад оруулж ирэх гэж будилдаг. Миний хувьд Монголын хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг хоёр салгаж ойлгомоор санагддаг. Улсын хөрөнгө оруулалт бол тусдаа асуудал. Улс дангаараа, хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр, эс бөгөөс төр, хувийн хэвшил хамтарч хийдэг хөрөнгө оруулалтын хэлбэрүүд бий.

Чөлөөт эдийн засагтай орнуудад Засгийн газар нь нийгмийн дэд бүтцийг бий болгох, хувийн хэвшил хийдэггүй тэр хэсэгт хөрөнгө оруулах үүрэгтэй. Гэтэл манай улс үргэлж төсвийн алдагдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл татварын суурь бааз маань том хөрөнгө оруулалт хийх хэмжээний чадамжтай биш. Тиймээс олон улсын хөгжлийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэсээр ирсэн. Жишээлбэл, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авч, олон хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэж ирсэн. Гэсэн хэдий ч эрчим хүчний дутагдлаа нөхөх, хурдны зам байгуулах хөрөнгө оруулалтаа авч чадаагүй. Уг нь манай улс эрчим хүчний маш их дутагдалтай, зам харгуй муу, ганц ч хурдны зам байхгүй. Аймаг бүрд цэвэрлэх байгууламж алга. Хүн амын эрүүл мэндийн хамгийн чухал асуудал бол бохир усны цэвэрлэгээ, цэвэр усны нөөц байдаг. Эрчим хүчний дутагдал гэдэг зөвхөн Засгийн газрын асуудал ерөөсөө биш. Үүнээс болоод хувийн хэвшил өргөжин хөгжих боломж бололцоо нь хязгаарлагддаг. Орон сууцны хорооллууд тэлж, гэр хороололд барилга баригдахгүй байна гэхээр тэнд эрчим хүч, дулааны шугам гэх мэт суурь дэд бүтэц байхгүйгээс шалтгаалж байна. Хөрөнгө оруулалтын орчинд голлон нөлөөлдөг хүчин зүйлс бол манай улсын зээлжих чадамж, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны зохистой байдал зэрэг юм. Иймээс Засгийн газрын хувьд дан ганц улсын төсөв болон бондоор хөрөнгө оруулалтаа шийднэ гэхээсээ илүү төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийгмийн дэд бүтцийг шийдэх боломжтой. Жишээлбэл, Филиппин улсын Манила хот гэхэд 11 сая хүн амтай хотынхоо цэвэрлэх байгууламжийг хувийн хэвшилдээ өгчихсөн байдаг. Цахилгаан станц, хурдны зам, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаарддаг хөрөнгө оруулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийдэг механизмыг нэвтрүүлэх шаардлагатай.

-Эрчим хүчний дутагдлаа нөхөх тал дээр дорвитой зүйл огт хийгээгүй гэж хэлэх гээд байна уу?

-Засгийн газар өнөөдрийг хүртэл яагаад нэг ч цахилгаан станц барьж чадахгүй байгаа юм бэ. Эрчим хүчний дутагдлаас болж барилгын салбар тэлдэггүй, орон нутагт үйлдвэр барих гэхээр эрчим хүч байхгүй. Оюу толгой гэхэд л дэлхийн хэмжээний үйлдвэр байгуулчихаад өнөөдөр Хятадаас 200 мегават цахилгааныг шууд импортлож байна. Уг нь Таван толгойн цахилгаан станцаа барьчихсан бол Оюу толгойгоос гадна Таван толгойн өөрийнх нь хэрэглээг бүрэн хангах хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл үүний шийдлийг олж чадахгүй суугаад л байна. Тэгэхээр Засгийн газар аль болох шаардлагагүй өр зээлээ хойш тавиад хувийн хэвшилтэйгээ хамтраад эрчим хүчний дутагдлаас гарах ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай.

-Хувийн хэвшлийнхэн гаднаас хөрөнгө оруулалт татах дээр ямар асуудал байна вэ?

-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, манай эрх зүйн орчин маш тогтворгүй. Дээр нь давхар татвар хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байх том шалтгаан болж байна. Монгол Улс нэлээд олон улстай давхар татварын гэрээтэй байсан. Гэвч 2010-аад оны үед хөрөнгө оруулагчид татварын таатай орчинтой гээд ороод ирэхэд нь давхар татварын гэрээгээ цуцлаад 20 хувийн татвартай болгочихсон. Монголд хөрөнгө оруулснаар буцаагаад өгөөжөө авахад 20 хувь болгочихсон. Олж байгаа өгөөжийнхөө 20 хувийг суутган татварт өгөөд, дээрээс нь ашгийн татварт 10 хувь гэхээр 30 хувийн татвартайгаар яаж хөрөнгө оруулагч орж ирэх юм бэ.

-Ямар ч ашиггүй бизнес болчих гээд байна, тийм үү?

-Тийм. Ийм болохоор бид давхар татварынхаа гэрээ хэлэлцээрүүдийг эргэж харах хэрэгтэй. Мөн хөрөнгийн зах зээл уг нь хөрөнгө оруулагчдыг татах хамгийн чухал орон зай. Манай өнөөгийн хувийн хэвшлийнхэн дотор 10-аад байгууллага л гадагшаа гарч хөрөнгө оруулалт босгож байна. Бусад нь дотоодын арилжааны банкууд, хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт авдаг. Гэтэл тэдгээр нь хамгийн багадаа 12 хувь, дээд тал нь 30 гаруй хувийн хүүтэй. Ийм байхад бизнес яаж үр ашигтай байх вэ. Тиймээс бид олон талт эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй. Үүнээс гадна гаднаас долларын 7-8 хувийн хүүтэй, урт хугацааны зээл олоод үйлдвэр байгуулаад явдаг. Гэтэл валютын ханшийн зөрүүнээс болоод маш их алдагдалд ордог. Нэг ам.доллар 1300 төгрөг байхад зээл авсан хүмүүс өнөөдөр буцаагаад төлөх үед 3500 төгрөг болчихсон байна. Тиймээс Төв банк ханшийн эрсдэлийг хааж өгдөг своп хэлцлүүд, хөрөнгийн зах нь шинэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Мөн бодлогын хүү, инфляциа тогтвортой барих тал дээр сайн ажиллаж байж хөрөнгө оруулагчид орж ирнэ. Хөрөнгө оруулагчид сонирхдог салбаруудынхаа бодлогыг урт хугацаанд тогтвортой байлгамаар байна. Төсөл нь хэдий сайн байлаа ч гэсэн -В үнэлгээтэй улсынхаа эрсдэлийг давж чадахгүй байна шүү дээ.

-Хуулиа байнга өөрчилдөг гэснээс саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчилсөн. Та тэр хуулийг харсан уу. Ямар болсон гэж үзэж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ерөнхийд нь харсан. Энэ хуулийг хэдэн янзаар, яаж ч өөрчлөөд байж болно. Харин бид дагалдах хууль, орчноо сайжруулах ёстой юм. Тус хуульд “Тогтворжилтын гэрээ” гэж ойлголт бий. Гэтэл өнөөдрийг хүртэл хэдэн аж ахуйн нэгж энэ гэрчилгээг авч, татварын таатай нөхцөлд байгаа юм. Улаанбаатар хотод хөрөнгө оруулбал тогтворжилтын гэрчилгээ өгөөд, энэ хүрээнд татварын орчин нөхцөл өөрчлөгдсөн ч тухайн үед гэрээ хийсэн байдлаасаа өөрчлөгдөхгүйгээр явах байтал энэ нь амьдрал дээр огт хэрэгждэггүй. Миний мэдэж байгаагаар 5-6 томоохон төсөлд л бөөн юм болж байж өгсөн. Улаанбаатартай ийм ойрхон байж Төв аймагт яагаад томоохон төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байгаа юм гэдэг чинь үүнтэй холбоотой.

-Хөрөнгө оруулагчдаа хулхидсан тохиолдол хэд, хэд гарч, шүүхээр хүртэл орж байсан. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээдэг бас нэгэн шалтгаан гэж ярьдаг шүү дээ?

-Манай улсын хувьд эрүүгийн, иргэний гээд хууль зүйн орчин нь харьцангуй дажгүй. Гэтэл бизнесийн харилцааны орчин нөхцөл нь маш сул. Жишээлбэл, маргаан шийдвэрлэдэг механизм бидэнд байхгүй. Гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхдээ Монголын хуулийг дагаад явъя гэхээр хэрэг шийдэгддэг процесс нь авлига, хээл хахууль, танил тал болоод явчихдаг. Хөрөнгө оруулагчийг хамгаалдаг арбитрын, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ байхгүй. Монголд Дампуурлын тухай хууль байдаг ч дампуурсан гэж нэгийг ч сонсоогүй. Эдийн засаг сэргэсэн 2010-аад маш олон хөрөнгө оруулагч орж ирсэн. Тэд Монголд, бизнесийн орчин нөхцөлд нь итгэж байсан. Гэтэл авлига, хүнд суртал, тогтворгүй бодлого, бизнесийн таагүй нөхцөл үүсээд хөрөнгө оруулагч гарах шийдвэр гаргадаг. Ингэхэд бизнесийн харилцаа, арбитрын хуулийн зохицуулалтууд, гэрээний эрх зүйн харилцааны зохицуулалтууд сул байгаагийн улмаас зарим нэг ёс зүйгүй бизнесүүд хөрөнгө оруулагчдыг хулхиддаг тал бий. Яагаад хөрөнгө оруулагчид Сингапур, Лондонгийн хуулиар явъя гэдэг гэхээр тэнд нь хөрөнгө оруулагчийг хамгаалдаг эрх зүйн орчнууд тогтвортой байдаг юм. Мөн Монголд төгрөгөөр хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч хязгаарлагдмал. Уг нь олон улсад хөрвөх чадвартай валютаар хөрөнгө оруулалт хийхийг ямар хөрөнгө оруулагч бодно. Иймээс ханшийн тогтвортой байдлыг хангах асуудал хөрөнгө оруулалтын орчинд маш чухал.

-Гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд, сайн орчин нөхцөлөөр нь хангаад өгвөл дагаад манай жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бий болно л гэж хараад байна?

-Манай бизнесийн 95 орчим хувь нь арилжааны банкуудаас санхүүжилт авдаг. Дэлхийн улс орнуудад санхүүгийн систем нь хоёр хөлтэй байдаг. Нэг нь хөрөнгийн зах зээл бол нөгөө нь арилжааны банкууд. Гэтэл манай хөрөнгийн зах зээл одоо л нэг сэргэж, хөгжих учраа олох шатандаа явж байна. Мөн Монголыг огт мэдэхгүй хөрөнгө оруулагчид яаж орж ирэх аргаа олохгүй байгаа. Дээрээс нь манай давхар татвар өндөр. Хөрөнгө оруулагчийн оруулсан нийт мөнгөнөөс нь татвар авдаг. Уг нь олсон өгөөж, ашгаасаа татвар авах ёстой биз дээ. Үүнийг өөрчилж, нийт оруулсан хөрөнгө оруулалтаас биш Монголын эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон ашгаас нь татвар авдаг болох хэрэгтэй. Мөн бид хөрөнгийн зах зээлд орж ирэх гэж байгаа хөрөнгө оруулагчдад тууштай бодлого санал болгомоор байгаа юм. Та таван жилийн хугацаанд хөрөнгө оруулбал ийм, 10 жилээр Монголд мөнгөө байршуулж, хөрөнгө оруулсан тохиолдолд ийм хөнгөлөлт эдэлнэ гээд ялгаатай орчныг бий болгож өгвөл хөрөнгө оруулагчид илүү сонирхоно. Манай хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа бонд өнөөдрийн байдлаар ердөө л хоёр жил хүртэлх хугацаатай. Хөрөнгө оруулалт татаж аваад түүгээрээ бизнес хийгээд буцаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай наанадаж тэнцүү хөрөнгө оруулалтын, бондын хугацаа нийцэх ёстой. Долоон жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж дуусах бол долоон жилээр зээл авах ёстой юм.

-Гэтэл манайх нөхөх боломжгүй хугацаа тавьчихаад байгаа юм уу?

-Яг Хөгжлийн банкны асуудал байхгүй юу. Засгийн газар нь таван жилийн хугацаатай бонд гаргаад тэр төсөл хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөс үл хамаараад таван жилийн дотор л төл гээд тулгачихсан. Гэтэл цементийн төсөл л гэхэд 7-8 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө. Эрчим хүчний төслүүд 7-12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг. Санхүүжүүлж байгаа хугацаа, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа хоёр нь нийцэж чадахгүй байна. Тэгээд бизнесүүд олдсон дээр нь аваад л аргална даа гэдэг байдлаар явж ирсэн. Уг нь ийм баймааргүй юм. Дахин санхүүжилтыг аль болох хийхгүй байхаар төслийг анхнаас нь загварчлах ёстой. Тиймээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахаас гадна урт хугацаатай хөрөнгө оруулалт орж ирэх орчныг бий болгоход анхаарах хэрэгтэй. Монголыг мэдэхгүй хөрөнгө оруулагчид яаж орж ирэх учраа мэдэхгүй гэж би түрүүн хэлсэн. Тиймээс өмнө нь манай улсад хөрөнгө оруулж байсан, одоо байгаа Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг олон улсын банкуудыг томоохон төслүүдэд тэргүүлэх хөрөнгө оруулагчаар татан оролцуулах замаар бусад хөрөнгө оруулагчийг татах боломжийг харах хэрэгтэй.

-Тантай уулзсаных ирэх оны төсвийн талаар асуумаар байна. Сонгуульд зориулсан амлалтын шинжтэй, хэтэрхий хөөсөрсөн төсөв болсон гэх шүүмжлэл байгаа. Таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Манай улсын сүүлийн 30 жилийн түүхийг аваад үзвэл бид олсныхоо хэрээр үрж ирлээ. Аав, ээж нь хэдийг ч олсон байлаа үнэтэй газар хоол идээд дор нь дуусгачихдаг. Тэгээд сарын эцэс болоогүй байхад одоо яах вэ гээд сууж байдаг үрэлгэн айл шиг л явж ирсэн. Богино ой санамж, үйлдлээр Улсын төсөвт ханддаг. Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай зэрэг сайн хуулиуд уг нь баталсан. Би Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг газарт ажиллаж байхдаа улсын төсвийн реформын хоёр ч үе шатанд ажиллаж байлаа. Үрэлгэн зан чинь манай сонгуулийн цикл, улстөрчдийн сонгуулийн амлалтаа биелүүлэх гэдэг тойргийн системтэй холбоотой. Манай эдийн засаг 10-хан жилийн дотор нүүрснээс бүрэн хамааралтай болчихлоо. Эдийн засгаа солонгоруулна гэдэг ч дорвитой үйлдэл, хөрөнгө оруулалт, хүчин чармайлт гаргаж байсангүй. Чили улс л гэхэд 100 жилийн туршид зэс, молбиден хоёроороо л боссон. Сүүлийн 30 жилийн хугацаанд уул уурхайн баялгаас олсон орлогоосоо эдийн засгийн хоёр, гурван хөлөө тэжээх хөрөнгө оруулалтууд хийсэн. Чили улс мах, вино, жимсний экспортоор өнөөдөр дэлхийд толгой цохиж байна. Тиймээс бид урт хугацаанд аль салбарыг дэмжвэл нүүрсний үнэ унахад манай эдийн засгийг тогтвортой авч явах вэ гэдгийг огт бодохгүй, шийдэхгүй байгаа. Мэдээж сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн суурь асуудлыг шийдэх нь Засгийн газрын үүрэг. Гэхдээ хавтгайруулсан нийгмийн халамж, төрийн данхайсан бүтэц нь л захиргааны шинжтэй зардлаа даахгүй байдалд хүргэж байна.

-Та төрийн бүтэц данхайсан гэж үзэж байна уу?

-Ирэх оны төсвийг би сонгуулийн төсөв гэж хэлнэ. Баахан амлалтууд өгсөн. Тэртээ 1990-ээд онд манай төрийн албаны бүтэц 70-аад мянган төрийн албан хаагчтай байсан бол 2010-аад онд 110 мянга болж нэмэгдсэн. Харин өнөөдөр 220 мянган хүн төрийн албанд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөдөлмөрийн насны хүн амын гурван хүний нэг нь төрийн албанд ажиллаж байна. Төрийн албыг улам томруулаад байхаар урсгал зардлаа дийлэхгүй болчихсон. Хөрөнгө оруулалтыг бүр хаясан. Эрчим хүч дутагдалтай гэж 30 жил ярьчихаад тогтвортой эрчим хүч бий болгохын тулд нэг ч удаа Засгийн газраас баталгаа гаргаж өгсөнгүй. Баталгаа авахгүйгээр явж болох төсөлд ч дэмжлэг үзүүлсэнгүй. Монголын Засгийн газар 600-хан сая ам.долларын баталгаа гаргаад Таван толгойн цахилгаан станцыг барьж чадсангүй. Тэгсэн хэрнээ энэ хэмжээний мөнгийг хавтгайруулсан халамжид дуртайяа цацдаг. Реформын шинжтэй зүйл огт хийхгүй байна. Дөрөв, дөрвөн жилийн хугацаатай амиа аргацаасан, төрийн албаны данхар бүтцийг тэжээсэн төсвийг батлаад явж байна. Ковидын өмнө 12 их наяд байсан төсөв ирэх онд 27 их наяд болтлоо томорсон. Нүүрс илүү гаргаж болно. Гэхдээ нүүрсний үнэ үргэлж ийм тогтвортой байх уу. Бид ганцхан БНХАУ-д л нүүрсээ гаргадаг. Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл нь бага байсан ковидын үед бидэнд боломж олдсон. Одоо бизнесийн хэвийн голдиролдоо орчихлоо. Дараа жил нүүрсний хэрэглээ нь өндөр байна гэдгийг яаж таамаглаад байгаа юм бол. Манай оффтэйк гэрээнүүдийн хугацаа нь бүгд дууссан гэж сонссон. Биржээр нүүрсээ зарна л гээд байгаа. Дандаа богино маневртай ажлууд хийж байна. Биржээр нүүрс авна гэдэг чинь богино хугацааны худалдан авалт. Харин оффтэйк бол үндсээрээ өөр зүйл. Нүүрсийг Хятад авч байгаа боловч цаана нь химийн болон гангийн үйлдвэрүүд эцсийн хэрэглэгч нь. Тэдгээр үйлдвэр Монголын нүүрсний чанарт тохируулан технологио тохируулдаг. Урт хугацаанд манай нүүрсийг авна гэсэн харилцаа хийх хэрэгтэй. Улсын төсвийг уншихаар энэ жил яагаад 60 саяыг гаргасан юм. Ирэх жил ямар учраас энэ хэмжээний нүүрс гаргах юм гэсэн зах зээлийн таамаглал огт байхгүй. Урт хугацааны оффтэйкийн хэлэлцээр хийгээгүй байж яаж ийм их хэмжээний нүүрс гаргах төлөвлөгөөтэй байгаа нь ойлгомжгүй харагдаж байна.

-60 сая тонн нүүрс гаргана л гээд байгаа шүү дээ?

-Эрдэнэс Таван толгойнхны ярьж байгаагаар одоо нэг ч идэвхтэй гурав, таван жилээр хийсэн оффтэйк гэрээ байхгүй гэж ойлгосон. Биржийн арилжаа зөв байж болно. Гэхдээ нүүрс чинь улаанбуудай, алт, зэс шиг комодити биш. Тухайн бүс нутагтаа үнэ тогтож явдаг. Иймээс урт хугацааны оффтэйкийн гэрээ хийх замаар урт хугацаанд тоо хэмжээгээ баталгаажуулж авах нь чухал ач холбогдолтой.

-Ганц худалдан авагч маань авахаа больчихвол хэцүү байдалд орно биз дээ?

-Алдаанаасаа сургамж авах хэрэгтэй. Өнгөрсөн 2012-2016 он хүртэл бид үүнийг туулсан шүү дээ. Манай нүүрсний үнэ унасан үе байсан. Яагаад ингэж үнэ нь унасан бэ гэдгийг одоо ярьж байгаа хүн алга. Тэр үеийг бодоход манайх эрчим хүчний, хагас коксжих нүүрсээ гаргаж чаддаг болсон байна. Энэ эрэлтийг бид урт хугацаанд тооцоолж байж л ярих ёстой юм. Урт хугацааны оффтэйкийн давуу талыг үгүйсгэж ерөөсөө болохгүй. Яагаад гэхээр ийм гэрээндээ суурь үнийг бодитой тогтоож чадвал Монголд олон давуу талыг бий болгож чадна. Ер нь урт хугацааны төслүүдийн хувьд оффтейкын гэрээ хөрөнгө оруулалтын баталгаа нь болдог. Яагаад Оюу толгой арван хэдэн тэрбум ам.долларыг татаж чадсан гэхээр тэд цаана нь 10, 20 жил зэсээ зарах худалдан авагчийн оффтэйкийн гэрээтэй юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *