Categories
мэдээ цаг-үе

О.Гүндэгмаа: Олимпийн шалгуур хүндэрсэн. Гэхдээ би олимпийн эрхээ авах болно

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Шведийн Гётеборг хотноо болсон өсвөрийн хөлбөмбөгийн “Готхиа Цуп” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн “Дэрэн” баг болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, паралимпид оролцох эрхээ аваад байгаа З.Ганбаатар нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад паралимпийн тамирчин З.Ганбаатар хүндэтгэх шалтгааны улмаас хараахан ирж амжаагүй юм. Ингээд энэ үеэр Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай цөөн хором ярилцлаа.Тэрээр өнгөрсөн зургадугаар сард дэлхийн цомын цуврал болох Германы Мюнхен хотноо болсон тэмцээний спорт гар бууны 25м-ийн дасгалд алтан медаль, Словени улсын Марибор хотноо болсон тэмцээнд мөн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. 


-Юуны өмнө танд дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцсонд баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Таны хувьд багагүй хугацаанд спортоосоо завсарлаад эргэн ирсэн гэхэд бэлтгэл сайн хангагдсан нь анхны тэмцээнүүдээс чинь л харагдаж байна. Ер нь гарт орчихсон чадвар гэдэг өөр байдаг уу?

-Би буудлагын спортоор 20 гаруй жил хичээллэсэн. Тиймээс хоёр жил бэлтгэл тасраад эргээд ороход нэг их хүндрэл байсангүй. Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлдээ гарсан. Ер нь бол бэлтгэлийг маш эрчимтэй, шаргуу хийсэн гэхэд болно. 

-Германы Мюнхен хотод болсон тэмцээнд алтын төлөө Монгол Улсын гавьяат, ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяртай өрсөлдөхөд хэр сандрав. Таны хүчтэй өрсөлдөгчдийн нэг шүү дээ?

-Нэг их сандраагүй. Анхнаасаа л финалд үлдэж, алтын төлөө өрсөлдөнө гэсэн зорилготой орсон. Мөнхбаяр эгч надтай ойролцоо оноо авсан учраас бид хоёр алтын төлөө өрсөлдөж таарсан. Тэмцээний дараа Мөнхбаяр эгчтэй уулзаад “2008 оны олимпийн үеэр болсон явдал дахин давтагдлаа шүү” гээд хоорондоо ярьж инээлдсэн. 

-Дүрэмд өөрчлөлт орсон нь хэр нөлөөлсөн бэ?

-Хоёр жилийн дараа шинэ дүрмээр өрсөлдөхөд бас тийм ч амар байсангүй. Гэхдээ манай дасгалжуулагч финалын шатны бэлтгэлд түлхүү анхаарсан. Үндсэн 25 сумнаас 15-18 сум оноход медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно гэж зөвлөсөн. Өмнө нь 16, 17 сум оноход бараг медаль хүртэх магадлалтай болчихдог байсан байхгүй юу. 

Олон улсын буудлагын спортын финалын шатны дүрэмд том өөрчлөлт орсон. Тэмцээнийг илүү үзүүштэй болгох үүднээс гэдэг ч юм уу финалын шатанд үлдсэн найман тамирчинг хоёр хоёроор өрсөлдүүлдэг болсон байна лээ. Финал дотроо дахин шинээр өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын гол зорилго алт, мөнгөн медаль авах байсан. Өмнө нь тамирчдыг тэмцээнээс хүрэл медаль авахад үзэгчид “Энэ чадахгүй байхдаа яадаг юм. Хүрэл медаль аваад” гэж чамлах тохиолдол гардаг байсан. Тэгвэл одоо хүрэл медалийг хүртэл тамирчид нөр их хүч хөдөлмөрөөр авах болж байгаа юм.

-Мюнхенд болсон тэмцээнийг дөнгөж дуусгаад дахин нэг дэлхийн цомын цуврал тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн. Дараагийн тэмцээнд бэлтгэх боломж гарсан уу?

-Тэмцээний үед бэлтгэл хийх боломжгүй байдаг. Дэлхийн цомын тэмцээнд долоо хоногийн турш 80 гаруй орны тамирчид буудлагын арав гаруй төрлөөр өрсөлддөг. Тиймээс тамирчид дор дороо хувийн бэлтгэлээ л базаадаг. Бүх юм цагийн хуваарийн дагуу явагддаг. Явахаасаа өмнө л бэлтгэлээ сайн базаадаг.

-Ирэх сард ДАШТ болно. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-Бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Есдүгээр сард Испанид ДАШТ болно. Энэ тэмцээнээс эхэлж “Рио-2016” олимпийн эрхийг олгох юм. Спорт гар бууны төрөлд шалгарсан эхний тав, хийн гар буунд шалгарсан эхний зургаан тамирчин олимпийн эрх авах тухай журамд заасан байгаа. 

Дэлхийн цомын тэмцээнд 80 орны 150 орчим тамирчин орсон. ДАШТ-нд олимпийн эрх олгодог учраас дэлхийн цомоос нэг дахин их тамирчид өрсөлддөг. Тиймээс миний хувьд бэлтгэлээ маш сайн, шаргуу базааж байгаа. 

-Шинэ дүрмээр ДАШТ-ээс гадна хэдэн тэмцээнд орж байж эрхээ авна гэсэн үг?  

-Олон улсын буудлагын холбооны дүрэмд орсон өөрчлөлтүүдийн нэг бол энэ. Олимпийн эрхийг ДАШТ-ээс гадна хойтон болох дөрвөн дэлхийн цомын тэмцээн, азийн аварга шалгаруулах тэмцээнээр олгоно. Өмнө нь найман дэлхийн цом, Азийн аварга, дэлхийн аваргын гээд нийт арван тэмцээнд олгодог байсан нь багассан. Энэ утгаараа тамирчдын шалгуур ч өндөрссөн гэсэн үг.

-ДАШТ-ээс олимпийн эрхээ авна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж тэр өдөр хэн сайн байсан, хэн сийрэг ажиллаж чадсан нь медаль авах байх. Финалд дахин шинээр өрнөж байгаа учраас бүгд л эрхээ авахыг хүсч байгаа тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн болох байх. 

-Таны хувьд өөрийнхөө төрөлд дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар нэгт бичигдсэн гэсэн. Ер нь онооны хувьд хэр нягтралтай байгаа вэ? 

-Миний хувьд оноо гайгүй. Сүүлийн хоёр тэмцээнээс тус бүр 584 оноо авсан нь төрөлдөө тэргүүлэхэд нөлөөлсөн байх.

-Сая сайдтай уулзах үеэр гадаа бэлтгэх хийх боломжгүй гэсэн асуудал яригдсан. Энэ талаар?

-Манай тамирчдын амжилт гаргах хамгийн боломжтой төрөл бол 25 м-ийн зайд бууддаг спорт гар бууны дасгал. Зуны цагт зохиогдож буй томоохон тэмцээний үеэр тус төрөл гадаа талбайд болдог. Харин манайд бол гадаа бэлтгэл хийх боломжгүй. Гадаа зориулалтын талбайд хийх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл гадаа буудахад нарны тусгал хүртэл буудлагад нөлөөлдөг. 2008 оны Бээжингийн олимпод бэлтгэж байхдаа гадаах буудлагыг Найрамдал зусланд хийж байсан. Уг нь Техник спортын төвд хийх ёстой байдаг. Гэвч заавал тус төвийн дасгалжуулагч нартай дахин гэрээ хийх зэргээс эхлээд чирэгдэл ихтэй учраас боломж байдаггүй. Ямартай ч өнөөдрийн /өчигдөр/ сайдтай хийсэн уулзалтын үеэр энэ асуудал сөхөгдлөө. Өнөө маргаашгүй  Техник спортын төвтэй ярилцаад долоо хоногт хоёр удаа ч юм уу бэлтгэл хийх юм шиг байна. 

-Одоо бэлтгэлээ хаана хийдэг юм бэ?

-Батлан хамгаалах их сургуулийн “Аварга” клубт бэлтгэл хийж байгаа. 

-Ер нь тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаад ирэхдээ өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг үү?

-Тэмцээний үеэр бол айхтар догдлоод байдаггүй. Спорт хүнийг баргийн юманд хөөрөөд байхгүй ийм тэсвэр тэвчээртэй болгочихдог юм байна/инээв/. Ихэвчлэн эх орондоо ирээд, гэр бүлийнхээ дунд ирээд амжилт, алдаа оноогоо ярилцаад ирэхээр арай өөр болдог. Би анх энэ спортод хөл тавихдаа Отрядын охин Гүндэгмаа гэж олонд танигдсан. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн, алдар нэр өссөн гээд юу ч өөрчлөгдөхгүй. Отрядын охин Гүндэгмаа хэвээрээ л байх болно. 

Би ямагт өөртөө энэ үгийг сануулдаг. Харин ээж, гэр бүлийнхэндээ маш их баярладаг. Байнга л тэмцээн уралдаан гээд явахад үр хүүхдүүдүүдийг минь харж хандан арын ажлыг минь ганц зохицуулдаг хүн. Тиймээс ээждээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *