Хөгжмийн зохиолч О.Эрдэнээтэй ярилцлаа.
-Таныг их хожуу уран бүтээлдээ орсон гэдэг юм билээ. Хамгийн анхны уран бүтээл болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх дуугаа 22 жилийн дараа дуулуулсан гэлүү?
-Анх намайг наймдугаар ангид байхад аав минь төгөлдөр хуур авч өгсөн нь урлагийн хүн болгох эхлэлийг тавьсан л даа. Төгөлдөр хуураа 1990 онд их сургуульд орох хүртлээ ганцаарчлан, дараа нь сургалтад сууснаар давгүй сурчихсан. Их сургуульд орсныхоо дараа төгөлдөр хуурын аязууд зохиож эхэлсэн юм. Тухайн үед сонин дээрээс Б.Лхагвасүрэн гуайн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг олж уншаад ая хийсэн юм. Их сайхан шүлэг байсан л даа. Хүүхэд байсан болоод ч тэрүү тийм алдартай шүлэг гэдгийг нь мэдээгүй байгаа юм. Энэ миний хамгийн анхны дуу болсон. Гэхдээ дуу болгочихсон хэрнээ нэг ч хүнд үзүүлээгүй, далд хийчихсэн. Энэ дууг минь 22 жилийн дараа Буянжаргал дуулсан юм. Намайг сургуулиа төгсөхөд цаг үе хүнд байсан учир ганзагын наймаа хийхээс өөр аргагүйд хүрсэн л дээ. Тиймээс л анхны зохиосон дуугаа 22 жилийн дараа дуулуулсан хэрэг.
-Сүүлийн үед таны маш олон шинэ уран бүтээл төрж байгаа. Тэгэхээр уран бүтээлээсээ удаан хугацаанд завсарласан хэдий ч эргэн тун ч эрчимтэй орсон байна шүү?
-Яг үнэндээ энэ салбараасаа их хөндийрсөн байсан л даа. Гэхдээ хүний сурч мэдсэн зүйл гэдэг огт хаягддаггүй юм байна. Энэ хугацаанд төгөлдөр хуурынхаа ард хэдэн цагаар ч хамаагүй суух үе бишгүй л байв. Суухгүй удах үед аав минь тун ч дурамжхан “Энэ хөгжмийг ч хаях болж дээ” гэдэгсэн. Учир нь аав минь намайг урлагийн хүн болгох чин эрмэлзлэлтэй байсан юм. Харин ээж минь намайг инженер, эдийн засагч болгоно гэдэг байж билээ. Хэдий аавынхаа хүслээр урлагийн хүн болсон ч эргээд урлагт хөл тавина гэдэгт итгэлгүй байлаа. Таних дуучид, уран бүтээлчид ч ховор болчихсон байсан л даа. Гэтэл 2012 онд нүүдэл хийхдээ нотны дэвтрээ олдог юм байна. Нээгээд үзтэл 10 гаруй ая үгтэйгээ байж байх юм. Төгөлдөр хуурын ард суугаад тоглож үзлээ. Жигтэйхэн их л гоё санагдсан. Тэр үед энэ дэвтрийг хаавал дахиад хэзээ ч нээхгүй байх гэсэн бодол төрсөн нь урлагтаа эргээд ирэх үндэс нь байсан юм. Ингээд дуунуудаа сонсоод үзэхэд дуучин Буянжаргалын хоолойнд маш сайхан зохицох юм шиг санагдаад олж уулзахаар болсон. Буянжаргалтай хамтраад хамгийн анх “Аялагхан” хэмээх дуу минь гарсан. Хүний анхны юм гэдэг их дурсгалтай нандин байдаг юм билээ. Бүр уйдамгүй. Тэр дуугаа би долоон хоногийн турш сонссон. Дараа нь хамгийн анх зохиосон “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх дууг минь дуулсан юм.
-“Жаргалтай явна”, “Гангараа”, “Миний ээж хөөрхөн”, “Нандин” зэрэг дуунуудыг тань үзэгч, сонсогчид хэдийнэ мэднэ. Үзэгчдийн хүртээл болсон эдгээр уран бүтээлүүд хэрхэн бүтэж байв даа?
-Миний хайртай бүтээлүүдийн нэг бол СТА Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна” хэмээх дуу. Энэ дуу их сонин бүтсэн. Миний дунд охин жаахан байсан үе л дээ. Охин минь уйлаад болдоггүй. Би босож ширгэлсэн юм. Эргээд унтах гэтэл аманд ая орж ирээд унтаж чаддаггүй. Цаг хартал үүрийн дөрөв болж байх юм. Ямартай ч босоод нотны дэвтэр дээрээ тэмдэглэчихээд унтаад өглөө. Харин өглөө сэрээд өнөөх хөгжмөө хартал их хөнгөн, аятайхан болсон байсан. Ингээд М.Цэрэнтогтох руу явуулснаар тун удалгүй үг нь ирсэн шүү. Ер нь их хурдан бүтсэн дуу байгаа юм. Э.Төрмандах маань хэд, хэд дуулаад л өнгө, нугалаа зэргийг нь тааруулж, өөрийн болгочихсон. Гарсан даруйдаа маш хурдан хит болж билээ. Ер нь аливаа зүйлийн тохироо нь бүрдэнэ гэдэг их сайхан л даа. Бас ямар нэгэн зүйл хийхэд хэзээ ч оройтдоггүй юм байна гэдгийг их сайн ойлгосон. Одоо хамтарч ажиллаж үзээгүй нийтийн дуучин тун ховор болжээ. Бүгдэнтэй нь л ах, дүү бололцож, чанартай, сайн уран бүтээл хийхийн төлөө ажиллаж байна.
-Та цахим хаягныхаа найзууд дунд уралдаан зарлаж, зохиосон дууг тань хамгийн сайн дуулж буй оролцогчдыг шалгаруулдаг. Энэхүү уралдаанд маш олон хүн оролцож байгаа харагддаг. Ер нь энэ санааг хэн гаргасан юм бэ?
-Энэ санааг би өөрөө олсон. Миний хувьд уран бүтээлээ илүү олон хүнд хүргэхийг зорьсон л доо. Харин яавал дээр бол гэж их бодсон. Ингээд фэйсбүүк хаягтаа пэйж хуудас нээсэн юм. Харин энэ хуудсаараа уралдаан зарлавал хүмүүст хүрч болох юм шиг санагдсан. Ингээд эмэгтэйчүүдийн баяр болж байсан учир “Миний ээж хөөрхөн” дууг минь хэн сайн дуулах вэ гэсэн уралдаан зарлалаа. Гэхдээ тийм ч үр дүнтэй байна гэж найдаагүй л дээ. Гэтэл төсөөлж байснаас минь маш олон бичлэг ирсэн. Надад үнэхээр их урам өгсөн шүү. Миний хувьд ч илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Түүнээс хойш СТА Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа”, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын “Нандин”, “Гоо марал”, “Хайр бэлэглэе” зэрэг таван дуугаар уралдаан зарласан. Нийт 500 гаруй хүн бичлэгээ явуулсан байна. Энэ уралдааныг зохион байгуулснаараа би нэг зүйлд л өөртөө баярлаж байгаа. Юу вэ гэхээр би энэ уралдааныг зарласнаараа бичлэг явуулсан оролцогчийн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, анги хамт олны дунд бага ч болов баяр баяслыг өгч чадсан болов уу. Учир нь оролцогч бүрийг хамгийн дотно хүмүүс нь дэмжиж байдаг. Тэд аль болох түрүүлүүлэхийн тулд олон хүнд бичлэгээ түгээдэг. Тэр чинээгээрээ хүмүүст дуу хуур, баяр хөөрийг бэлэглэдэг. Энэ тухай ч үзэгч, сонсогчид маань “Энэ хар бараан мэдээлэл дүүрсэн цахим ертөнцөд таны уралдааныг үзэж л баясах юм. Танд маш их баярлалаа” гэх мэт сэтгэгдлүүдийг маш их хэлж байсан шүү. Миний хувьд уран бүтээлээ олон хүмүүст хүргэснээс ч илүү аз жаргал мэдэрч байсан. Уралдаанаа явуулахгүй хэсэг хугацаа өнгөрөхөөр л хүмүүс “Яагаад уралдаан хийхгүй байна вэ. Дахиад уралдаан хэзээ болох бол” гээд л их шаарддаг. Би хамгийн сүүлд дууны шүлгийн уралдаан зарласан юм. Учир нь шүлгэндээ ая хийлгүүлмээр байна гэсэн хүмүүс надад их ханддаг л даа. Ер нь олон сайхан шүлэгтэй ч ном гаргаагүй хүмүүс олон байдаг юм билээ. Тэгэхээр тэр олон сайхан хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд уралдаан зохиохоор болсон. Би түрүүлсэн оролцогчдын шүлгэнд ая хийн, дуучныг нь өөрөө олж өгөөд, мөн дүрсжүүлж өгөх юм. Ер нь миний хувьд уралдаанд түрүүлсэн оролцогчдодоо мөнгө төгрөг гэхээсээ илүү уран бүтээлээр бэлэг барихыг хүсдэг. Хүн өөрийн гэсэн уран бүтээлтэй байна гэдэг их сайхан шүү дээ.
-Анхны уралдаанд тань түрүүлсэн Ц.Өлзийсайхан охин “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээх дуутай болсон байсан. Энэ дууны тухайд?
-Есдүгээр ангийн сурагч Ц.Өлзийсайханы маань уралдаанд оролцсон бичлэгийг цахим ертөнцөд сая гаруй хүн үзсэн шүү. Тэр бүү хэл цахим ертөнцөд “Бумбагар” нэрээрээ танигдах болсон байна лээ. Бид “Эгшиг” студийн захирал Гантулга, яруу найрагч М.Цэрэнтогтох нартай хамтраад дуу хийж өгөхөөр болсон. Хэрэв цаашид дуучин болох бол уран бүтээлийнх нь эхлэл байг гэж бодсон л доо. Дуучин болохгүй байсан ч дурсамж болон үлдэнэ. Ингээд ямар дуу хийх тухай их ярилцсан. Ц.Өлзийсайхан маань нас бага учир яруу найрагч бид хоёр хайр дурлалын тухай дуунаас татгалзсан юм.
Бумбагарын маань төрсөн нутаг бол Хөвсгөл аймгийн Түнэл сум л даа. Түнэл гэдэг нь цэцгийн нэр юм билээ. Вансэмбэрүү цэцэг шиг л их ховор үзэгддэг цэцэг юм гэсэн. Тиймдээ ч “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээн дуугаа нэрлэсэн юм. Охин маань ээжийн тухай дуутай болъё гэсэн санал тавьсан л даа. Тиймээс манай яруу найрагч М.Цэрэнтогтох маань нутаг, ээж хоёрыг нь хамтад нь өгүүлсэн “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээх маш сайхан шүлгийг тэрлэсэн. Охинд маань ч их таалагдсан шүү. Дуу нь цахим ертөнцөд гарсан даруйдаа л хүмүүст сайн хүрсэн. Фм, радио, телевизүүдээс ч гэсэн цацах саналууд ирсээр л байна. Ц.Өлзийсайхан бол миний явуулсан өчүүхэн уралдааны бас нэг эерэг үр дүн нь байсан. Энэ авьяаслаг, мундаг охиныг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би уран бүтээл хийж эхэлснээсээ хойш 100 гаруй дуугаараа ард түмнийхээ сонорыг мялаагаад байна. Мөн нийтэд цацагдаагүй 70 гаруй дуу бий. Мөн энэ он гарснаар уран бүтээлийн олз арвин байна. Найман сарын хугацаанд 20 гаруй дуу гаргажээ. Уран бүтээлчид маань ч их захиалга өгч байна. Сүүлд Б.Оюунбат, Р.Бадралмаагийн “Наран хань”, В.Баттулгын “Дурлаа юу даа” гэх мэт дуунууд шинээр гараад байна. Мөн “Гангараа” дууг дуулсан Н.Мөнгөншагайгийн “Түвшин жаргалтай хурим” хэмээх шинэ дуу гарлаа. Одоогоор тэмцээнд түрүүлсэн таван оролцогч болон дуучидтайгаа хамтран кино концерт хийж байгаа. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Дуунаас гадна дан болон симфони хөгжмийн бүтээл хийж байгаа. Ерөнхийдөө 80 гаруй хувьтай явж байна. Түүнчлэн аравдугаар сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд “Гэгээн эгшиглэн-2017” хэмээх бие даасан хоёр дахь тоглолтоо хийнэ. Тоглолтдоо бүх анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байна. Уг тоглолтод дөчөөд уран бүтээлч оролцох болно. Миний хувьд “Гэгээн эгшиглэн” хэмээх тоглолтоо уламжлал болгон хийх бодолтой байгаа. Бодол, мөрөөдөл минь юм л даа. Мэдээж уламжлал болон зохиогдох учир маш чанартай хийхийг юу, юунаас илүү зорьж байна. Уран бүтээл хийж байх хугацаанд хэд, хэдэн тоглолтод найруулагчаар ажилласан. Энэ бүхнээс бага ч гэсэн туршлага хуримтлуулж чадсан гэж бодож байгаа. Ер нь жишиг болсон тоглолт хийхийн тулд маш их хөдөлмөрлөж байна даа.
Б.Урантуяа