Categories
мэдээ цаг-үе

О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хорих ял эдлүүлэх ажлын хүрээнд хоригдлуудыг нийгэмшүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулан явуулдаг. Үүнд боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, улмаар хорих ялаа эдэлж дуусахад нь ажлын байранд зуучлах, зан үйлийг засах зэрэг олон чиглэлээр ажил зохион байгуулдаг. Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн О.Эрдэнэчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хоригдлыг мэргэжилтэй болгох ажлын хүрээнд та олон жил ажилласан хүн. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцана уу?

-1996 онд тухайн үеийн Хууль зүйн сайд Ж.Амарсанаа миний үзэсгэлэн дээр тааралдаад надтай уулзах хүсэлт тавьсан. Бид уулзах үеэрээ уран дархны үйл хэргээр дамжуулж хоригдлуудыг нийгэмшүүлж, мэргэжил эзэмшүүлэх ажлын талаар ярилцсан юм. Тэгээд тэр үеийн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал Л.Гарамжил, хурандаа Л.Санжаасүрэн нарын санаачилга шийдвэрээр энэ хөтөлбөрийн суурь тавигдсан. 24 жилийн хугацаа өнгөрчээ. Уран дарханы үйл бол маш нарийн чухал ариун зүйл юм. Сургалтад хамрагдсан хоригдлууд бүгд сэтгэл дүүрэн байдаг. “Биднийг нийгэмд гарч амьдрахад туслалцаа үзүүлж, Монгол Улсын өв соёл болсон уран дарханы сургалтад хамруулсанд баярлалаа” гээд л талархал илэрхийлэх нь олон. Мэдээж хоригдол бүрт уран дархны арга ухааныг заагаад байх боломжгүй. Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хорих байгууллагаас суллагдаад сайхан амьдрахад нь тус дэм болох үүднээс гарын эв дүйтэйг нь сонгон сургалтад хамруулдаг. Би дархан хүн худалч хуурмаг байж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Тиймээс сургалтандаа залилангийн гэмт хэрэгтэй хоригдлуудыг хамруулдаггүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Санаандгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүн ч байдаг. Гэхдээ тухайн хүн өөрөө нийгэмд гараад цаашдаа зөв хандлага, төлөвшилтэй амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тийм л хүмүүсийг би сонгож сургадаг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хоригдлыг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, зөв хандлагатай иргэн болгоход чиглэсэн ажлуудыг тасралтгүй зохион байгуулдаг. Тиймээс хүнийг хөдөлмөрөөр болон сурсан эрдэм мэдлэгээр нь хүмүүжүүлж дахин нийгмийн харилцаанд ороход нь бэлдэх ёстой. Миний хувьд шавь нартаа энэ эрдмийг сураад нийгэмд гараад мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдраарай гэж ерөөгөөд үдэн гаргаж өгдөг дөө.

-Дархны мэргэжлийг ямар хугацаанд эзэмшдэг вэ. Ял эдлэх хугацаандаа энэ эрдмийг таниар заалгаж суралцсан олон хүн байдаг уу?

-Сүүлийн 15 жилийн хугацаанд уран дархны мэдлэг эзэмшүүлэх хөтөлбөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад явагдаж байна. Миний хувьд энэ хугацаанд 60 хоригдолд уран дархны мэргэжил эзэмшүүлсэн. Уран дархан болохын тулд маш их цаг, хугацаа шаардагддаг. Нэг хоригдол ойролцоогоор таван жилийн хугацаанд уран дархны эрдэмд суралцдаг.Сургалтад хамрагдсан хоригдлуудаас олон сайн дархчууд төрөн гарсан. Өнөөдрийн байдлаар 21 дархан ажиллаж байна. Мөн гурван хүн баг бүрдүүлсэн. Таван хүн урлангийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Хувиараа болон мэргэжлийн урлан, аж ахуйн нэгжүүдэд 13 хүн ажиллаж байгаа.

-Ял эдэлж байх хугацаанд нь хоригдлуудад цахилгаанчин, мужаан, барилгачин, өрлөгчин, гагнуурчин зэрэг олон төрлийн мэргэжил эзэмшүүлдэг. Тэгвэл уран дархны мэргэжил олгох сургалтын онцлог юу вэ?

-Хоригдлууд шүүхийн тогтоолоор ял эдэлж байгаа ч сурч, хөгжих эрх нь нээлттэй. Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлж, алдсан ч гэсэн эргээд зөв амьдралаа олоход уран дархны сургалт үр нөлөө үзүүлж л байвал энэ хөтөлбөрийн үр дүн гарч байгаа юм. Би амьдралынхаа 40 гаруй жилийг монгол дархны үйл хэрэгт зориулсан. Уран дархан, дархны үйл бол миний амьдралын утга учир юм. Тэр дундаа сүүлийн 20 орчим жилийг хүмүүнлэгийн ажилд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулж монгол дархны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна.

-Уран дараны мэргэжлийг эзэмшихэд хувь хүн өөрөө авьяастай байх хэрэгтэй юү?

-Өөрийн мэддэг чаддаг бүхнээ хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдэг бол уран дархан хүн бүрийн эрхэм үүрэг гэж хэлж болно. Миний гурван хүү уран дархан. Шавь нараас маань хүүхдүүдтэй минь хамтран ажиллаж байгаа. Тэд маань одоо ч гэсэн уран дархны үйлд суралцаж яваа. Хүн ер нь өдөр бүр л суралцдаг юм байна.

-Хорих ангид байх хугацаандаа уран дархны мэргэжил эзэмшээд суллагдсаны дараа үргэлжлүүлэн ажиллаж байгаа хэдэн хүн байдаг вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлсэн уран дархны мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр олон хүнд үр өгөөжөө өгсөн. Миний сургасан 60 хоригдлоос 21 нь энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Үлдсэн хэд нь ямар ч л байсан өөрийнхөө бүсийг дархлаад зүүчихдэг, мөнгөн аягаа хийчихдэг л болсон. Шавь нараас маань хоёр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөлийг хүртсэн бол нэг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байдаг. Мөн 2004 онд хоёр жил тутамд зохион байгууллагддаг хорих байгууллагуудад ял эдэлж байгаа хүмүүсийн урлал, бүтээлийн олон улсын үзэсгэлэнд хорих ангид ял эдэлж байсан хоёр шавь маань бүтээлээрээ оролцож тэргүүн дээд Гранпри шагнал авсан. Зөв сайхан амьдарч яваа шавь нараа хараад бахархаж суудаг.

-Таны яриаг сонсож байхад хүнийг сурсан эрдэм мэдлэг хүмүүжүүлдэг гэх санаа төрж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан үеэ эргээд нэг харахад юу гэж бодогдож байна?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан цаг хугацаа маань үр дүнтэй, өгөөжтэй сайхан он жилүүд байсан. Байгууллагынхаа нэг хэсэг нь болж үе үеийн дарга, удирдлагуудтай мөр зэрэгцэн гар нийлэн ажилласандаа баярлаж явдаг. Хүмүүс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ер нь муугаар бодох тал бий. Шорон гэх өөрийнхөө төсөөллөөр хараад байдаг. Манай байгууллага бол хүмүүнлэгийн нийгмийн сайн сайхны төлөө үйл хэргээ явуулдаг газар гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдийгээр эрхээ хязгаарлуулж, ял шийтгэл эдэлж байгаа ч тэнд ч гэсэн нийгмийн харилцаа хором бүрт явагдаж байдаг.

Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны урласан бүтээл болгон өнө мөнхөд өвлөгдөн үлдэх болтугай.

-Та бүхэнд ч их талархаж байна. Нийгэм харилцаан дээр тогтдог. Харин харилцаа гэдэг зүйлд хүн өдөр бүр суралцаж байх хэрэгтэй. Зөв хүн гэж аливаад шударга, сэтгэл зүрхнээсээ ханддаг хүнийг хэлдэг юм шүү гэж захимаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *