Categories
мэдээ цаг-үе

О.Эрдэнэ-Очир: Бүжгийг дагасан маш олон боломжууд байдаг

“Royal dance” бүжгийн клубийн ерөнхий дасгалжуулагч, “Dance chance” контентыг санаачлагч, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Эрдэнэ-Очиртой хөөрөлдлөө.


Royal dance бүжгийн хамтлаг нь хэдэн онд ямар зорилгоор хэний санаачлагаар байгуулагдсан бэ?

-Манай хамтлаг бол 2019 оны зургадугаар сарын 14нд анх “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох гээд клубын дэргэдэх оюутан залуусаа бүрдүүлэн байгуулагдаж байсан. Энэ хамтлагийг үүсгэн байгуулсан хүмүүс бол ерөнхийдөө хоёр багшийн санаачлагаар ШУТИС, АШУҮИС, МУИС-ийн хүүхдүүдээр багаа бүрдүүлсэн. Сургуулиудын хооронд урлагийн их наадам гэж зохиогддог, тэр наадмаар манай клуб дээр бүжиг заалгаж байсан хүүхдүүдээс сайн гэсэн хүүхдүүддээ хоёр багш нь санал тавиад нэг баг болгон бүрдүүлсэн. Дасгалжуулагч багшаар Б.Халиун (Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер,Moon dance хамтлагийн бүжигчин), ерөнхий дасгалжуулагч багшаар О.Эрдэнэ-Очир (Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, Moon dance хамтлагийн бүжигчин) миний бие ажиллаж байна.

-Одоо танай хамтлаг хэдэн гишүүнтэй вэ? Насны хувьд хэдэн насны хүүхдүүд байгаа вэ?

-Ерөнхийдөө манай хамтлагт 14-22 насны залуучууд байгаа. Бүрэлдэхүүний хувьд 22 гишүүнтэй хоёр багштайгаа нийлээд 24 гишүүнтэй. Үүний 90 хувь нь оюутан байдаг.

-Авъяаслаг монголчууд шоу нэвтрүүлэгт танай клубын бага насны бүжгийн хамтлаг оролцсон. Тэр хамтлаг болон одоогийн хамтлагийнхаа ялгааг гаргаж өгөөч зарим хүмүүс мэдэхгүй байх?

-Манайх Royal dance гээд бүжгийн клуб. Энэхүү клубт маань таваас дээш насны бүх хүүхдүүдийг сургалтандаа суулгаж, бүжгийн спортыг зааж сургадаг. Тэгэхээр насанд хүрэгчдийн хамтлагаас гадна маш олон хүүхдүүд байгаа гэсэн үг. Насанд хүрэгчдийн маань хамтлаг болохоор Royal dance клубын дэргэдэх Royal dance насанд хүрэгчдийн хамтлаг, авъяаслаг монголчуудад оролцдог хүүхдүүд маань бол манай клубын бага насны хүүхдүүдийн хамтлаг өөрөөр хэлэх юм бол соло охидын хамтлаг гэсэн үг. Ер нь бүжгийн спорт маань хүүхэд, өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн насны төрлүүдтэй байдаг. Одоогийн байдлаар манайх хүүхэд, насан хүрэгчид гэсэн хоёр насны төрөл дээр хамтлагтай байгаа. Цаашдаа өсвөрийн болон залуучуудийн хамтлаг дахиад байгуулагдана. Ерөнхийдөө багаас нь эхлээд хүүхдүүдээ бэлтгээд явдаг, тийм болохоор хүүхдүүд маань том болоод дараа дараагийнхаа насны ангилалд шилждэг. Одоо манайд зуу гаран хүүхэд клубын гишүүнчлэлтэй хичээллэж байна.

-Танай хамтлаг ямар төрөл жанрын бүжиг бүжиглэдэг вэ?

-Бүжгийн суурь бэлтгэл дасгалжуулалт бол дандаа бүжгийн спортын бүжгийг хийдэг. Өөрөөр хэлвэл латин америкийн бүжгүүдээр хичээллүүлдэг. Миний хувьд ганцхан бүжгийн спортоор хичээллүүлнэ гэж хязгаарлахгүйгээр бүх төрлийн бүжгүүдийг хийлгэх сонирхолтой. Яагаад гэвэл бид нар цаг үетэйгээ нийцээд олон төрлий бүжиг бүжиглэдэг. Үндэсний бүжгийг бол хүн зайлшгүй бүжиглэж чаддаг байх ёстой гэж боддог. Янз бүрийн реклам зар сурталчилгаанд хамтарч ажилладаг болохоор орчин үеийн бүжгийг бас шаарддаг. Олон газартай хамтарч ажилладаг учир бид хөрвөх чадвартай байх шаардлагатай байдаг.

-Royal dance хамтлагийн амжилтаас яръя л даа. Анх Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээр залуус маань нэгдсэн гэсэн шүү дээ. Дараа дараагийнхаа амжилтаас яривал?

-Нэг жилийн хугацаанд “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн”д нэгдүгээр байр, Улсын аварга шалгаруулах “Сарны цом” тэмцээнднасанд хүрэгчдийн төрөлд гуравдугаар байранд орсон. Энэ тэмцээн нь эхний хоёр байранд орсон багт нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгодог том тэмцээн. Энэ жилийн хувьд маш олон тэмцээн уралдаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусын улмаас дотоод гадаадын бүх тэмцээн уралдаан цуцлагдсан. Тийм учраас бид нар онлайн хэлбэрээр тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Тэдгээр нь дандаа контентын уралдаанууд байсан. Жишээ нь KFC-сзохион байгуулсан бүжгийн уралдаан, UB Smart card контентын уралдаан, Нийслэлийн соёл урлагийн газраас зохион явуулсан “Хотын соёл” контент фэстивалд багаараа амжилттай оролцсон. Ингээд тоочих юм бол маш олон тэмцээн уралдаанд оролцож байсан. Дээр нь бид өөрсдөө цуврал нэвтрүүлэг хийж байгаа.


-Тэмцээндээ орохдоо хэрхэн бэлтгэлээ хийдэг вэ? Өдөрт цаг зааж бэлддэг үү эсвэл хоногоор бэлддэг үү?

-Бид долоо хоногтоо 3-4 удаа хоёр цагийн хугацаанд бэлтгэл хийдэг. Энэ хамтлагийн хувьд мэргэжлийн бүжигчид биш дандаа өөр өөр мэргэжлээр сурдаг оюутан залуучууд байгаа учраас дандаа хичээлийн бус цагаар бэлтгэл хийдэг. Мэргэжлийн бүжигчид байвал хичээлийнхээ цагаар бэлтгэл хийнэ. Жишээ нь СУИС-ийн оюутнууд маань хичээлийнхээ цаг дээр бэлтгэлээ хийдэг. Манайхан бол өөр өөр мэргэжилтэй учраас эдгээр хүүхдүүдийнхээ хичээлийнх нь цаг хэдээс дуусч байна тэрэнтэй нь зөрүүлж бэлтгэлийнхээ хуваарийг зохицуулдаг. Одоогийн байдлаар коронавирусын улмаас бэлтгэл маань завсардсан байгаа.

-Уралдаан тэмцээнд оролцоход санхүүгийн асуудал тулгардаг уу? Үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Багш нь өөрийнхөө туршлагаас харахад бүжгийн спортоор хичээллэдэг ялангуяа тэмцээн уралдаанд байнгийн оролцдог хамтлагийн гишүүний хувьд санхүүгийн асуудал нэг номерийн асуудал болдог. Яагаад гэвэл бүгдээрээ бүжгээ хийснээрээ цалин хөлс авдаггүй. Бүжгийн бэлтгэлийн хажуугаар өөр ажил хийгээд түүнээсээ олсон цалингаа тэмцээн уралдаандаа зарцуулж өөрсдөө хувиасаа зардалаа гаргаж явдаг. Ямар нэг ивээн тэтгэгч байгууллагатай хамтарч ажилладаггүй байсан. Тийм учраас эдгээр залуучуудын хувьд бид өөрсдөө хуримтлалаа бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэр юу вэ гэвэл контент уралдаануудад оролцоод, ямарваа нэгэн байр эзэлвэл өөрсдөө тодорхой хэмжээгээр мөнгө цуглуулаад тэрийгээ хуримтлал болгоод байх боломжтой гэж бодсон. Тэрнээс биш бид нартай яг одоогоор хамтарч ажилласан, ивээн тэтгэсэн байгууллага байхгүй. Гадагшаа уралдаан тэмцээнд явах эрхээ авах юм бол энэ талаар хөөцөлдөөд байгууллагууддаа саналаа хүргүүлнэ. Үүнээс гадна бид дотооддоо ийш тийшээ аялах ч юм уу, хамтлагаас ямар арга хэмжээ зохиогдож байна түүндээ зарцуулах хуримтлалыг үүсгэх бодолтой байгаа.

-Хөл хорио тогтоосон энэ үед өөрсдийн зүгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаа байгаа юу?

-Бид Dance chance гээд контент зохион байгуулж байгаа. Нэг сарын хугацаанд таван дугаар олон нийтэд хүрсэн. Өөрөөр хэлвэл долоо хоногт нэг дугаар цацдаг. Энэ контент маань яаж гарч ирсэн бэ гэхээр манай залуучууд өглөө болгон цэцэрлэгт хүрээлэнд гүйж бэлтгэл хийдэг, тэр бичлэгээ сошиалд тавьсан. Бид бүхний бүжгийн бичлэгийг маань долоо хоногийн дотор 80-100 мянган хүн үзсэн, 200-300 мянган хүнд хүрсэн судалгаатай байсан. Тиймээс энэ хүмүүс бидний бүжгийг их үзэж байгаа учраас ерөнхийдөө энэ бол боломж юм байна гэж харсан. Яагаад гэвэл олон хүнд хүрж байна гэдэг бол боломж тэгэхээр энэ боломжийг яаж ашиглах боломжтой вэ гээд бид туршилтаар нэг кофе шоп руу очоод танайхыг бид нар хүмүүст сурталчилж бүжигтэй хослуулсан реклам хийж өгье хариуд нь танайх манайхыг үнэгүй кофегоор дайлаач гээд санал тавьсан. Энэ туршилт нь амжилттай болсон, нөгөө газар маань ч гоё хүлээж авсан. Тэгээд тэр газрынх нь хандалт бас ихэссэн байсан. Тийм болохоор дараа дараагийн дугаартаа бид нар юуг хийж болох уу гээд бодсоны эцэст хэвлэлийн газар очсон, ресторанд очиж хамтлагийнхаа нэг жилийн ойг үнэгүй тэмдэглэсэн. Сая гэхэд л бид хөвсгөл рүү очиж амарчихаад ирсэн. Цаашдаа энэ маань заавал реклам хийх ч гэлтгүй ер нь өөрсдийн боломжийг ашиглаад ямар ямар зүйл бүтээх боломжтой байна. Хуримтлалаа яаж бүрдүүлж чадахаар байна, гэдгээ бодолцсон төлөвлөгөөнүүд бас бий. Үүгээрээ дамжуулан дандаа сайн сайхан зөв зүйлд л уриална. Хотын соёл контент уралдаанаас олсон орлогынхоо 10 хувиар бэлэг аваад зургадуугаар сарын 1нд нийгмийн зорилтот бүлгийн 100 хүүхдэд бэлэг тараасан. Тэр маань бол бидний хамгийн анхны сайн үйлсийн аян байсан .Дараа жил бид бас энэ тоогоо ахиулна. Магадгүй 200 цаашдаа 1000 хүргэх ч боломжтой учраас жил болгон хүүхдийн баяраар бэлэг тараана гэсэн бодолтой байгаа. Ер нь тэр болгон бэлэг аваад байдгүй тийм айлын хүүхдүүдийг сонгосон. Энэ жил гэхэд Улаанчулуутын хогын цэг дээрх айлуудаар болон Баруун салаа Зүүн салаа гэх газруудаар явсан. Тэгэхээр боломж бол үргэлж байдаг, зөвхөн бүжиг ч гэлтгүй хүн болгонд янз бүрийн боломж байдаг. Жишээ нь бид энэ нэвтрүүлгээрээ нэг фитнесс дээр очоод танайхыг сурталчилж өгье гэсэн чинь манайд сурталчилгаа хэрэггүй гэсэн, тэгэхээр нь хариуд нь бид нар танай ямар нэгэн тэмдэглэлт үйл ажиллагаа болвол түүн дээр чинь үнэгүй бүжиглэж өгье. Тиймээс та нарт бид зайлшгүй хэрэг болж та бүхэн манай бүжигтэй холбогдоно. Тиймээс та нар манай саналыг хүлээгээд аваач гэхэд нөгөө хүмүүс тэгье гээд манай хамтлагийн 12 хүнд бүтэн жил үнэгүй суралцах эрхийг өгсөн. Тэр фитнессийн сарын төлбөр нь 140000 байсан нэг хүний жилийн төлбөр доод тал нь сая төгрөг болж байгаа, тэгэхээр 12 хүний жилийн төлбөр 12 сая төгрөг болж байгаа. Бид 12 сая төгрөгөөр өөрсөддөө хөрөнгө оруулалт хйисэн гэж хэлж болно. Долоо хоногийн аль ч өдөр хүссэн цагтаа очоод бэлтгэлээ хийж болно. Ингэхээр энэ бас нэг боломж, бид өөрсдийн бүжгийн боломжийг л ашиглаж байна. Иймэрхүү маягаар бартер хийдэг өөрсдөөс маань ямар ч мөнгө гарахгүй зөвхөн өөрсдийнхөө боломжийг ашиглаад байж болох юм байна гээд энэхүү контентыг санаачилсан. Дээр нь Dance chance ТББ гээд тамга тэмдэг аваад байгууллага болгоод бүжгийн боломжоор юу юуг хийж болох вэ гэдгийг контентоор харуулах бодолтой байгаа. Цаашдаа энэ нь маш олон хүмүүс үздэг сонирхолтой нэвтрүүлэг болох болов уу гэж бодож байна. Манай залуучууд ч бас үүнд идэвхтэй оролцож байгаа.

-Анх энэхүү нэвтрүүлгийг хэн санаачилсан бэ?

-Ерөнхийдөө санааг нь багш нь гаргасан. Тэгээд залуучууддаа танилцуулсан байгаа. Бидэнд ийм зөндөө боломж байна, бүгдээрээ боломжуудаа зөвөөр ашиглаж үзье гэж хэлсэн. Энэ нэвтрүүлэгт оролцоход манай бүжгийн клуб нөгөө талаас хамтран ажиллаж байгаа байгууллага мөн манай бүжигчид гээд энэ гурван хүчин зүйл байгаа. Бид нарын контентыг үзэхийн хэрээр хамтран ажиллах байгууллагууд маань ихэснэ. Дараа дараагийн ээлжинд байгууллагуудтайгаа гэрээ хийгээд мөнгөн дүнгээ тохироод ажиллах бодолтой байгаа.

-Байгууллагуудад санал тавихад хэр хүлээж авсан бэ?

-Эхний таван дугаарт орсон байгууллагууд маань ямартай ч татгалзаагүй. Ер нь эхний дугаар сошиалд тавигдангуут дөрвөн газраас бидэнд санал тавьсан. Тэгэхээр нэг дугаар нийтлэгдэнгүүт дахиад нэг хүн гарж ирж байна гэсэн үг. Бид бүхэн дугааруудаа аль болох өөр өөр салбаруудаар хийе гэсэн зорилготой төлөвлөгөөтэй байгаа. Ямарваа нэг байгууллага дээр очоод заавал реклам хийж өгнө гэсэн формат байхгүй. Одоо манайхан шинэ зүйл санаачилсан клубт 10 болон 20 хувийн хөнгөлөлттэй хичээллүүлэх карт гаргасан. Үүнийг нэг хүнд 1000, 2000 төгрөгөөр зарна, энэ картыг авсан хүн манай клубт 10 болон 20 хувийн хөнгөлөлттэй хичээллэх боломжтой гэсэн үг. Үүнийг бид хэрэгжүүлээд өөрсдийнхөө хуримтлалд хэдэн төгрөг цуглуулж чадахаа үзэх гэж байгаа.

-Royal dance хамтлагийн онцлог давуу тал?

-Хамтлагийн онцлог давуу тал бол дандаа шинэ үеийн зөв үзэл бодолтой ямарваа нэг муу зуршилгүй залуучууд цугласан байдгаараа онцлогтой. Бүжгээр дамжуулж хүмүүсийг зөв зүйлд уриалж явна гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Манай залуучууд маш их эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд.

-Танай хамтлаг бүжгээрээ дамжуулан нийгэмд ямар мессежийг өгөхийг зорьдог вэ?

-Одоогийн нөхцөл байдлын хувьд бүжгээр дамжуулан маш их боломжууд байдгийг харуулахыг хичээж байна.Би залуусыгаа нэгдүгээрт хичээлээ заавал хий гэдэг, өөрийн мэргэжлээ илүү эзэмшиж, мэргэжлийнхээ хажуугаар давхар мэргэжил болгож бүжгээр хичээллээрээ гэж хэлдэг. Миний хувьд одоо мэргэжлээрээ биш бүжгээр хичээллэж ажиллаж амьдарч байгаа хүний хувьд бүжгийг дагасан боломжууд маш их байдаг гэдгийг мэддэг учраас залуучууддаа давхар мэргэжил эзэмшүүлэхийг хүсдэг.

-Бүжгийн спортоор хичээллэсний ач холбогдол?

-Бүжгийн спорт бол маш нарийн техник шаарддаг. Урлаг спортын нийлмэл учраас бүжгийн техникийг эзэмшихэд их хугацаа шаарддаг. Энэ техникийг өөрөө хараад сурахаас илүү багшаар заалгаж байж бүрэн зөв эзэмшиж сурдаг. Мөн өөрийнх нь хичээл зүтгэл нэлээн шаардлагатай. Эхний ээлжинд бүжгийн алхаануудаа сурна, яг уншиж сурахтай адилхан. Тодорхой хугацааны удаан дасгалжуулалтын дараа өөрийгөө удирдаж хөл гараа зөв захирч сурдаг. Тэсвэр тэвчээрийн хувьд спорт талаасаа латин америк бүжиг бүжиглэх нь бусад бүжгээсээ их хурд тэсрэлт гоо зүйн мэдрэмж шаарддаг. Бүх зүйлийг өв тэгш хийхийг шаарддаг бүжгийн төрөл. Энэхүү бүжгийг бүжиглэж байгаа хүмүүсийн хувьд энерги их зарцуулдаг, ая дуустлаа тэмцдэг.

-Бүжигээ хэрхэн, хэн дэглэдэг вэ?

-Манайх хоёр багштай Халиун болон Эрдэнэ-Очир. Ерөнхийдөө Халиун багш маань бэлтгэл дасгалжуулалтыг хариуцаж хийлгэдэг. Миний хувьд дандаа бүжиг дэглэлт, ая, найруулга, зохиомж болон хамтлагийн бэлтгэл дасгалжуулалтын төлөвлөгөөг гаргаж ажилладаг.

-Коронавирус гарснаас болж төлөвлөгөөнүүд цуцлагдсан гэсэн. Ямар ямар төлөвлөгөөтэй байсан бэ?

-Мэдээж олон тэмцээн уралдаанд оролцох байсан. Хоёрдугаар сард гэхэд л клубын аварга шалгаруулах тэмцээнийхээ хуваарийг гаргачихсан байсан. Эхлээд клубын аварга шалгаруулах тэмцээн, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн, улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн бүжгийн спортын хорооноос зохион байгуулж байгаа тэмцээнүүд гэх мэт маш олон тэмцээн уралдаан байсан. Үргэлжлүүлээд бид энэ жил Хятадын нэг компанитай хамтарч ажиллах байсан. Манай бүжигчид тэнд очиж бүжиглээд цалин авна. Тэр цалингаараа гадагшаа тэмцээн уралдаанд орох зардлаа олно, мөн сургалтынхаа төлбөрийг төлнө гэсэн иймэрхүү төлөвлөгөөтэй байсан. Дэлхийн аваргад оролцох мандатаа авч чадахгүй байлаа гэхэд олон улсын тэмцээнүүд рүү саналаа явуулна гэсэн төлөвлөгөө бас байсан.

-Royal dance хамтлагийн ирээдүйн зорилго цаашдын төлөвлөгөө?

-Зорилгууд бол маш олон бий. Энэ дотроосоо жагсаавал манай хамтлагийн хамгийн том зорилго нь олон улсын тэмцээнүүдэд улсынхаа нэрийг гаргаж амжилттай оролцох. Клубын зорилго маань хүүхэд залуучууд бүжгийн спортоор дамжуулж бие бялдар болоод гоо зүйн өв тэгш хүмүүжлийг олгох зорилгуудтай байгаа.

-Хамтлагаа удирдаж авч явахад хүндрэл бэрхшээл тулгардаг уу?

-Хамтлагийн ахлагч Л.Отгонбаатар: Хамтлагийнхаа анхны ахлагчаар томилогдсон. Хамтлаг удирдахад хүндрэл бэрхшээл ерөнхийдөө тулгардаг гэхдээ тэр нь хамтлагийнхнаасаа авч байгаа аз жаргалаас илүү бага байдаг. Үе тэнгийн залуус учраас ойлголцоход амархан тийм болохоор тулгараад байх хүнд асуудал гарч байгаагүй. Мэдээж маш олон залуус нэгдсэн байгаа учраас өөр өөр хүмүүжилтэй байгаа. Ярилцаж байж л асуудал шийдэгддэг учир хааяа ам зөрөх зүйлс гардаг түүнийгээ ярилцаад л шийдчихдэг.


-Танай хамтлагт дүрэм журам гэж байдаг уу?

-Хамтлагийн ахлагч Л.Отгонбаатар: Яг нарийн тийм бичсэн дүрэм журам байхгүй. Гэхдээ бие биетэйгээ зөв харьцах, цагаа барих гэх мэтчилэн тийм зүйлсийг багш маань анхнаас нь тархинд нь суулгаад өгчихсөн байдаг.

-Тэмцээн уралдаанд оролцохдоо алдаа гаргаж байсан уу? Тэр алдаагаа тайзан дээр хэрхэн яаж хурдан засдаг вэ?

-Хамтлагийн ахлагч Л.Отгонбаатар: “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн” бол бидний хамгийн анхны том тэмцээн байсан. Эрэгтэй эмэгтэй бүх хүүхдүүд маань өсгийтэй гутлан дээр бүжиглэдэг шүү дээ тийм болохоор бид туршлага муутай дээрээс нь шал нь халтиргаатай байсан учраас бүжгийн нэг хэсэг дээр өөд өөдөөсөө гүйдэг тэр үед халтираад мөргөлдөхөө шахсан (инээв). Иймэрхүү үед нүднийхээ булангаар гялс ойлголцоод алдаагаа засдаг. Энэ үед маш их хурд шаарддаг. Биеийн ч хурд нүдний ч хурд шаарддаг.


-Бүжгээр хичээллэсний дараа гарсан үр дүн?

-Хамтлагийн гишүүн С.Оюунгэрэл: Би гурвадугаар ангиасаа эхлээд бүжгээр хичээллэж эхэлсэн. Надад гарсан өөрчлөлт гэх юм бол багадаа хүнтэй харьцаж дотносож чаддаггүй байсан. Бүжгээр хичээллээд танилын хүрээ ихтэй болж, бусад хүмүүстэй ойлголцож сурсан мөн тэсвэр тэвчээр хатуужилтай болсон.

-Хамтлагийн ахлагч Л.Отгонбаатар:Хүмүүстэй чөлөөтэй харилцаж нээлттэй болсон. Багаар хамтарч ажиллах чадвар илүү нэмэгдсэн. Би ч гэлтгүй манай хамтлагийн бүх залуус энэ чадварт бүгд суралцаж байгаа. Охидын хувьд биеийн галбир сайжирна, хөвгүүдийн хувьд тэсвэр хатуужил сууна, мөн эмэгтэйчүүдийг илүү ойлгож чадна гэж боддог.

-Шантрах үе тохиолдож байсан уу? Түүнийгээ хэрхэн даван туулдаг вэ?

-Хамтлагийн гишүүн С.Оюунгэрэл: Шантрах үе олон байдаг. Яг тэр шантрах үед өөрийн маань хүсэл сонирхол намайг шантралаас гаргадаг. Бүжигээ бүжиглэхгүй л бол хэцүү санагддаг. Хэдий шантарч байгаа ч гэсэн би бүжиглэх дуртай сонирхолтой юм чинь гээд өөртөө их зорилт тавьдаг.

-Хамтлагийн ахлагч Л.Отгонбаатар:Оройжингоо бэлтгэл хийж байгаад харихаар их ядардаг яг тэр үедээ ингэж их зовох гэж боддог. Гэхдээ энэ спортод хайртай болчихсон юм чинь эргэж хичээллэхгүй байж чаддаггүй. Хүн дуртай зүйлээ хйихгүй байж чаддаггүй шүү дээ өөрөө тэр зүйлээсээ хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрдэг болохоор шантрал нь удаан үргэлжилж чаддаггүй. Мөн хамтлагийнхан маань маш их урам дэмжлэг өгч эмчилдэг.


-Хамтлагийн гишүүдийнхээ зан чанарын талаарх таны бодол?

-Хамтлагийн ахлагч Л.Отгонбаатар: Нэгнээсээ маш олон зүйлийг суралцдаг. Залуус маань хичээл ихтэй үедээ орой нь бэлтгэлээ хийгээд шөнөжингөө хичээлээ хийдэг байсан. Тийм болохоор залуусаараа их бахархадаг. Бүгдийнх нь үзэл бодол тогтчихсон хувь хүн болчихсон залуучууд нийлээд нэг баг болоод хамтдаа бэлтгэл сургуулилт хийж байхад санал зөрөхгүй асуудал гэж байдаггүй. Нэг зүйл асуухад л бүгд өөр өөр хариулт хэлдэг. Үүнийг яаж амархан шийдвэрлэдэг вэ гэхээр тухайн хүн өөр өөрийгөө л хэн хүнээс илүү сайн мэддэг, тухайн хүний бодол нь заавал өөр бусдад таалагдах албагүй. Гэхдээ бид бэлтгэл хийж байхдаа хөдөлгөөнөө зөрүүлж болохгүй яг энд байхдаа бие биенийхээ бодлыг хүндэтгэн авч үзэх ёстой гэсэн үг. Эцсийн шийдвэрээ гаргахад хоорондоо сайн ярилцаад шийдвэрээ гаргачихдаг. Нэг нэгнийхээ бодлыг хүндэлж сураарай гэдгийг үргэлж сургадаг. Дараа нь бэлтгэл сургуулилт хийж байхдаа санал зөрөлдсөн нэгнийгээ гадуурхах ч юмуу тийм зүйл байж болохгүй гэж багш маань үргэлж хэлдэг. Нэг мөсөн ярилцаад шийдчихвэл их амар байдаг.

-Эцэг эх нь хэрхэн хүүхдүүдээ дэмждэг вэ?

-Хамтлагийн ахлагч Л.Отгонбаатар: Эхэндээ эцэг эх маань дургүйцэх хандлагатай байсан. Энэ дургүйцлийг нь яаж арилгасан бэ гэхээр манай хамтлагийн бүх зүйл нээлттэй байдаг. Сошиалд бидний хийж байгаа бүх зүйлс байршсан байдаг. Тийм болохоор түүнийг эцэг эх ах эгч нар нь үзээд эргээд дэмждэг болчихдог. Хааяадаа бэлтгэлдээ явахгүй байхаар гэрийнхэн бэлтгэлдээ яагаад явахгүй байгаа юм бэлтгэлдээ яваач гээд хэлэх жишэээний. Өөрсдөө санаачлагаараа олон контентыг хийж бүтээж байгаа болохоор эцэг эхийнхээ итгэлийг нь олоод авчихсан.

-Хамтлагт орохын тулд ямар шалгуураар орох вэ?

-Манай бүжгийн клуб бүх хүмүүст нээлттэй байдаг. Фэйсбүүк пэйж хуудсанд маань манай клубын талаар мэдээлэл байгаа. Яг хамтлагт орох хүсэлтэй хүүхдүүд маань эхлээд бүжиглэх сонирхолтой байх ёстой, бүжиглэж чадахгүй байсан ч бид нартай хамт бэлтгэл хийгээд явж байгаа хүн олон байгаа анхандаа шантарна, шантраад орхиод явсан ч хүн байгаа шантралгүйгээр одоо хүртэл хичээллэсэн ч хүн байгаа. Энэ маань өөрөө сонирхолын бүлэг учраас сонирхолоороо ирээд хичээллэж болно. Зөвхөн эндээс аз жаргалыг мэдэрч байвал л болох нь тэр. Нэг ёсондоо галт тэрэг гэсэн үг. Галт тэрэг чинь байнга хөдлөөд явж байдаг өртөө болгон дээр хүмүүс буудаг суудаг. Тиймээс энэ галт тэргийг багш нь маш хурдтай явуулах хүсэлтэй, зөв жолоодох ёстой. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хичээллэж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэрч байх хэрэгтэй.

Х.ЕСҮ





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *