Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуутай Монгол Улсын эрдэс баялгийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, эрдсийн чиглэлээр цогц шинжилгээ гүйцэтгэдэг 65 жилийн түүхтэй, Монгол Улсын Геологийн төв лабораторийн тухай ярилцлаа.
-Та Геологийн төв лабораторийн захирлаар томилогдоод жил гаруй болж байна. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?
–Геологийн төв лаборатори нь 65 жилийн тэртээ Монгол Улсад геологийн судалгаа, эрэл хайгуул эхэлсэн цаг үеэс Монгол Улсын газрын хэвлий дэх эрдэс баялаг, ашигт малтмалын мэдээллийг бий болгох, 1:200,000-ны масштабтай геологийн зураглалын ажлын лабораторийн шинжилгээг гүйцэтгэж эхэлсэн боловч өнөөдөр улс нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдол бүхий түүхий эд болох эрдэс баялгийг нээн илрүүлэх, түүний нөөцийг тогтоох, олборлох, баяжуулах, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд геологич, уурхайчид, баяжуулагчдыг дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын түвшинд гурвалсан стандартаар магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний үр дүнгээр хангаж ирлээ.
Бидний энэ амжилтын үр дүнд манай салбар улсын төсвийн орлогын 30 хувь экспортын бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлэгч эдийн засгийн тулгуур салбар боллоо.
Манай лабораторийн хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын сүлжээ лабораториудтай өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмж, чадварлаг инженерүүдээс бүрдсэн хүний нөөцтэй, орчин үеийн лаборатори болж чадсан. Үүний тод жишээ нь бид Засгийн газрын захиалгаар төрийн нүд чих болж, зарим уул уурхайн бүтээгдэхүүнд Засгийн газрын хяналтын шинжилгээг гүйцэтгэж байна. Мөн лабораторийн шинжилгээний эталон загвар болох хэмжил зүйн аттестатчилсан стандартчилсан загварыг олон улсын “ISO 17034 Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, мэргэжлийн сүлжээг үүсгэн, Англи, АНУ, ОХУ, Хятад, Австрали, Германы дистрибьютерээр дамжуулан дэлхий даяар худалдан борлуулж байна. Мөн дэлхийн бусад лабораториудаас зохион байгуулагддаг ур чадварын сорилд тогтмол амжилттай оролцож, өөрийн лабораторийн мэргэжлийн ур чадварыг үнэлүүлэхээс гадна ISO 17043 Тохирлын үнэлгээ-Ур чадварын сорилт зохион байгуулагчид тавих ерөнхий шаардлага” стандартаар итгэмжлэгдэж, эрдсийн шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын лабораториудын ур чадварыг үнэлдэг. Бидний зохион байгуулж буй УЧС-ын хөтөлбөрт оролцож амжилттай үнэлэгдсэнээр MNS ISO/IEC 17025 стандартыг хангах нэг гол үзүүлэлт болж өгдөг төдийгүй, Монгол Улсын хэмжээнд стандартчилал, хэмжил зүйн шалгуурыг хангуулах нэг хөшүүрэг болдог.
Нэг үгээр хэлбэл эрэл хайгуул, зураглалын ажлаас эхлээд орд, газрыг илрүүлэх, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүний чанарын баталгааг олгох зэрэг геологи, уул уурхайн салбарын бүх л үе шатанд лабораторийн шинжилгээг гүйцэтгэдэг, улсын хэмжээний цорын ганц байгууллага юм. Бидний шинжилгээний ажлын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрснөөр уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж чадсан.
-Таны яриаг сонсоход Монгол Улсын түүхэн хөгжилд лабораторийн оруулсан хувь нэмэр, үүрэг оролцоо өндөр байсан гэж ойлгогдлоо.
–Тийм шүү. Үе үеийн төрийн мэргэн бодлого, манай лабораторид өөрийн мэдлэг, боловсрол, хичээл зүтгэлээ зориулсан удирдлагууд, инженерүүд ажилтнуудын маань нөр их хөдөлмөрийн үр шим юм даа.
-Өнөөдөр танай байгууллагын ажлын ачаалал хэр байна вэ?
–Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол орны геологийн судалгаа, хайгуул, уул уурхайн олборлолтын ажил зогсонги байдалтай байсан хэдий ч энэ оноос харьцангуй идэвхжиж, эрчимжиж байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа 1:50000-ны масштабтай зураглалын ажил зохих түвшинд үргэлжлүүлэн хийгдэж эхэллээ. Үүнтэй холбогдуулаад ажлын хэмжээ нэмэгдэж байна. Зарим лаборатори нэгжүүд 2, 3 ээлжээр ажиллаж, шинжилгээний үр дүнг хугацаанд нь гарган өгөхөөр чармайн ажиллаж байна. Өнгөрсөн онуудтай харьцуулахад дээжийн тоо, гүйцэтгэл, үндсэндээ 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
-Геологийн төв лаборатори нь миний ойлгосноор өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ТӨҮГ гэж ойлгодог…
–Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд геологийн салбар маань орхигдсон байсан. Нэг үгээр хэлэхэд геологичдын олсон, нээн илрүүлж, нөөцийг батлуулсан томоохон орд газруудыг үндсэнд нь олборлож, уул уурхайн салбарт ашиглаж эхлээд байна. Одоо геологичдын хүчийг ашиглан шинэ орд газрууд, нөөцийг илрүүлэх эрэл хайгуул, судалгааны ажлыг дорвитой хийх шаардлага үүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Үндэсний геологийн албыг 2020 онд шинээр байгуулсан нь цаг үеэ олсон оновчтой шийдвэр байлаа. Геологийн төв лабораторийн дүрэмд өөрчлөлт оруулж, Үндэсний геологийн алба, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хосолмол удирдлагатай болсон нь лабораторийн үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулах, чухал ач холбогдолтой шийдвэр байлаа. Ингэснээр бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд УУХҮЯ, ҮГА-аас бодлогын хувьд ихээхэн дэмжлэгийг авч, өнөөдөр Геологийн төв лаборатори гэдэг байгууллага ЗГ, УИХ-ын анхаарлын төвд очиж чадлаа.
-ЗГ болон УИХ-ын анхаарлын төвд очиж чадлаа гэдгийг тодруулбал?
-Бид үндсэн үйл ажиллагаанаас гадна ЗГ-ын захиалгаар хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг гэж түрүүн дурдсан. Өнөөдөр хүний эрүүл мэндийн асуудал, экологи, байгаль орчны асуудал онцгой тавигдаж байгаа энэ үед бүх төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдэд тавих төрийн хяналт чухал юм. Олон улсын жишигт төрийн хяналт буюу Засгийн газрын хяналтыг бүх салбарт лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн тавих болсон. Жишээ нь хүнс, барилга, бараа бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хоргүй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалах ёстой.
Манай лабораторийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтын нүд чих юм. Ялангуяа экспортын бүтээгдэхүүний 90 хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналт зохих хэмжээнд хийгдэж байгаа эсэх нь эргэлзээтэй л байна. Уул уурхайн бүтээгдэхүүн болох хүдэр, баяжмалын ялгаа, түүн доторх ашигт элементийн агуулгыг ямар ч хүн нүдээр хараад тодорхойлох боломжгүй, зөвхөн лабораторийн шинжилгээний үр дүнгээр тодорхойлогддог гэдэг нь хүн бүрт ойлгомжтой.
-Хилээр нэвтрүүлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналт өнөөдөр хэрхэн явагдаж байна. Тухайлбал нүүрсний хулгайн асуудал нийгэмд хурцаар тавигдаж байна. Экспортод гарч байгаа нүүрсэнд хяналтыг хэрхэн тавьж байна вэ?
–Өнөөдрийн энэ яригдаж байгаа нүүрсний хулгай бол улсын хилээр бүртгэлгүй татвар төлөөгүй ч юмуу шалтгаанаар гаргасан нүүрсний талаар ярьж байна гэж ойлгож байна. Энэнээс нарийн зохион байгуулалттай төр анхааралдаа авахгүй бол болохгүй хулгай зөвхөн нүүрс биш, бусад экспортод гарч байгаа баяжмалуудад гарч байхыг үгүйсгэхгүй.
-Тэр нь юу гэсэн үг вэ, Тодруулбал?
–Хилээр гарч байгаа бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд зохих лабораторийн шинжилгээ хийж хяналт тавиагүйгээс тухайн баяжмалын доторх ашигт элементийн агуулга, чанарыг бууруулснаар тухайн бүтээгдэхүүнийг хямд үнээр тооцож татвар төлөх асуудлыг хэлж байгаа юм. Баяжмалыг хүдрийн үнээр гаргах боломж гэж харагдаж байгаа юм. Жишээ нь саяхан батлагдсан нүүрсний ангиллыг тогтоосон стандарт нь олон улсын стандартад нийцүүлсэн, хилээр гарч байгаа нүүрсний ангилал, чанарт нь тохирсон үнээр борлуулах, тэр хэмжээгээр татварыг бодитой тогтоох төрийн бодлогын хүрээнд батлагдсан стандарт юм. Энэ стандарт нь шаардлагын хувьд бага ялгаатай хэдий ч үнийн хувьд багагүй зөрүүтэй тиймээс стандартад нийцүүлэн лабораторийн нарийн шинжилгээг үндэслэж, нүүрсний чанар, ангилал, үнийг тогтоон, татварыг бодитоор ногдуулах ёстой. Цаашлаад яривал хилээр гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний хэдэн тонн тутамд нэг шинжилгээг хийх өөрөөр хэлбэл нэг шинжилгээний үр дүн хэдий хэмжээний баяжмалыг төлөөлөх вэ гэдэг стандарт Монголд байхгүй байгаа. Олон улсын байгууллагаас уул уурхайн бүтээгдэхүүнд тавих хяналтын талаарх зөвлөмжид дээрх хэмжээг тогтоож, хуульчлах талаар зөвлөмжийг өгсөн байдаг. Тэгэхээр төрийн бодлогоор дээрх хэмжээг тогтоож мөрдөх нь уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтыг сайжруулах, улмаар татварыг бодитоор тогтоож, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх эхний алхам, чухал шийдвэр юм.
-Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Гаалийн төв болон салбар лабораториудад 20 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн тухай мэдээлэл бий. Гаалийн байгууллагын лаборатори нь уул уурхайн бүтээгдэхүүний хяналтын шинжилгээг хийдэггүй гэсэн үг үү?
–Хийж байгаа, хийж байгаа. Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лаборатори нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд биш улсын хилээр нэвтрүүлж буй тухайлбал, архи, тамхи, мансууруулах бодис, эм эмийн бэлдмэл, ноос ноолуур гэх мэт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг, хамран хүрээ их. Нөгөө талаас уул уурхайн бүтээгдэхүүний хувьд Гаалийн хяналтын тухай хуулийн зохицуулалтаар түүвэрлэсэн аргаар хийгддэг магадлан шинжилгээ юм. Энэ нь хилээр гарах тухайн үеийн гаалийн хяналт хийгдэж байгаа болохоос биш төрийн хяналтыг бүрэн төлөөлж чадахгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох түвшний Засгийн газрын хяналтын шинжилгээ биш юм гэж хэлж болно.
-Та яриандаа “Манай лабораторийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтын нүд чих” гэлээ. Танай лаборатори юугаараа давуу талтай вэ, танай лабораторийн үр дүн хэр баталгаатай вэ?
–Бүх төрлийн лабораторийн үйл ажиллагааны гол цөм болсон зохицуулалт нь ISO/IEC 17025 “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандарт болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-иар бие даасан, хараат бус, хөндлөнгийн байх үндсэн шаардлага юм.Хараат бус, бие даасан, хөндлөнгийн байх шаардлага нь 1-рт шинжилгээний үр дүнд нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах, 2-рт шинжилгээний үр дүнгийн нууцлалыг хадгалах үндсэн зохицуулалт бөгөөд заавал биелүүлэх шаардлага байдаг.
Манай лаборатори нь олон улсын түвшинд итгэмжлэгдсэн цаг үеэс өнөөдрийг хүртэл энэхүү стандартын шаардлагыг бүрэн хангаж, хадгалж ирсэн бөгөөд бидний үр дүн дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдөж байна. Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн дунд үед лабораторийн Чанарын тогтолцоог нэвтрүүлж, олон улсын түвшинд итгэмжлэгдсэнээр өнөөдрийн уул уурхайн салбар дах хөрөнгө оруулагчдыг татаж, ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг хүртэх хэмжээнд хүрсэн нь манай лабораторийн үр дүнгийн баталгаа юм уу даа.
-Хоёулаа, богино хугацаанд өргөн хүрээнд ярилцлаа. Танд нэмж хэлэх зүйл байвал сүүлийн хормыг танд үлдээе?
–Япон, Солонгос ч юмуу одоо өндөр технологийг экспортолж, технологийн хөгжилд суурилсан эдийн засагтай улс орон биш шүү дээ манайх. Улсын төсвийн 30 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг, уул уурхайд суурилсан эдийн засагтай манай орны хувьд төрийн хяналтын нүд чих болсон лабораторийн чадавх, нэр хүнд, статусыг бодлогоор дэмжиж, өндөрт хадгалах ёстой. Цаашлаад Засгийн газрын хяналтын шинжилгээний схем, стандартыг тогтоох, лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн төрийн хяналтыг хэрэгжүүлэх, дүгнэлт, дүн шинжилгээ хийж, татвар ногдуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын хяналтын системийн эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай.
–Ярилцлага өгсөнд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.
–За баярлалаа.