Categories
мэдээ цаг-үе

О.Дашпагам: Эцэг эхчүүд болон асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авч байж вакцин хийдэг

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай томуугийн вакцины талаар ярилцлаа.


-Томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө жил бүр улсын хэмжээнд вакцинжуулах ажлыг зохион байгуулдаг шүү дээ. Энэ жилийн вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ?

-Монгол Улсын Засгийн газраас томуугийн өвчлөлд хамгийн өртөмтгий байдаг бүлэг буюу зургаан сараас есөн нас хүртэлх хүүхдүүдийг аравдугаар сарын 1-нээс дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дотор ес хүртэлх насны хүүхдүүд өвчлөлийн 80 хувийг эзэлдэг. Тийм учраас Улаанбаатар хотын хэмжээнд зургаан сартайгаас ес хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулж дархлаажуулна. Харин аймаг сумд хоёроос таван нас хүртэлх хүүхдүүдийг вакцинжуулна. Ингэхдээ тухайн сум хороодын эрүүл мэндийн төв нь сургууль, цэцэрлэгт очиж ажиллана. Гэртээ байгаа хүүхдүүд харьяа өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж хамрагдана. Харин есөөс дээш насныхан өвчлөлд өртөх нь харьцангуй бага л даа. Тийм учраас иргэн өөрөө хүсвэл улсын болон хувийн эмнэлэгт сайн дурын дархлаажуулалыг төлбөртэй хийлгэж болно.

-Ханиадны вакцины чанар стандартын тухай ярихгүй юу. Үүнд эцэг эхчүүд нэлээн санаа зовнидог?

-Солонгост үйлдвэрлэгдсэн “Грин Кросс” үйлдвэрийн гурван цэнт вакциныг оруулж ирсэн. Энэ гурван цэнт вакцин нь А хүрээний хоёр вирүс, Б хүрээний нэг вирусийн эсрэг дархлаа тогтооно. Бусад томуу болон томуу төст өвчин үүсгэдэг вирусүүдээс сэргийлэхгүй. Үүнээс гадна “Ханиадны вакцин хийлгэчихсэн мөртлөө хүүхэд өвдөж ханиад хүрээд байна” гэсэн яриа их гардаг шүү дээ. Томуу, томуу төст өвчин нь маш олон өвчнөөр үүсгэгдэж байгаа шүү дээ. Түүний хамгийн түгээмэл хүн амын дунд зонхилж, өвчлөл үүсгэж байгаа гурван вирусээс сэргийлэх вакциныг хийж байгаа. Мэдээж вакцин бол үр дүнтэй, тухайн халдвараас сэргийлнэ.

-Цахим орчинд “Вакцин хийхдээ эцэг эхээс нь зөвшөөрөл авахгүй тарьдаг” гэсэн гомдол санал их байна лээ?

-Бид эцэг эхээс нь зөвшөөрөл авна. Эцэг эхчүүд хүүхдээ өрхийн эрүүл мэндийн төв дээрээ аваад ирж байгаа тохиолдолд хүүхдийн эцэг эх, зөвшөөрөл санал авдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд вакцинжуулалт хийхийн өмнө эцэг эхэд нь таны хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакциныг хийх гэж байна. Вакцин хийлгэх үү. Хийлгэхийн тулд таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын эсрэг вакцинд хамрагдаагүй байх ёстой. Хэрвээ сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдсан бол мөн нэг сарын хугацаанд томуугийн вакциныг хийж болохгүй заалттай. Тэгэхээр энэ мэт мэдээллүүдийг авах зорилгоор эцэг эхчүүдээс нь мэдээлэл аваад баталгаажуулж байгаа.

-Ханиад томуугийн улирал ирчихлээ. Томуугийн дэгдэлт хэр байгаа вэ?

-Одоогоор томуу, төст буюу томуутай адил амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг өвчин их байна. Гэхдээ яг томуугийн вирус дэгдсэн гэсэн мэдээ байхгүй. Тэгэхээр вакциныг томуугийн вирус дэгдэхээс өмнө хийх хэрэгтэй. Ингээд дархлаажуулсны дараагаар 14-21 хоногтоо тухайн хийлгэсэн вакцины найрлагад орсон вирусээс сэргийлэх дархлаа тогтоно гэсэн үг.

-Томуугийн эсрэг вакцинд ямар эсрэг заалтууд орсон бэ. Мөн вакцин хийлгэсний дараа юун дээр анхаарах нь зүйтэй вэ?

-Томуугийн вакцинд өмнө нь томуугийн вакцин хийлгээд харшил өгч байсан мөн өндөг болоод өндөгний гаралтай бүтээгдэхүүнээс харшилтай хүмүүс хамрагдахгүй. Үүнээс гадна вакцинд хамрагдсаны дараа бага насны хүүхдүүд даарснаас шалтгаалан вакцины дараах хэсэг урвалууд илэрч магадгүй. Тийм учраас вакцин хийсний дараа хүүхдээ дулаан хувцаслаж, шингэн зүйл сайн уулгах зэрэгт анхаарах хэрэгтэй. Мөн сургууль, цэцэрлэгээр нь дархлаажуулж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ сүүлийн нэг сар вакцинд хамрагдсан эсэх талаар мэдээллийг үнэн бодитой өгөх нь зүйтэй. Ер нь тухайн вакциныг хийлгэснээр зургаан сараас нэг жилийн хугацаанд дархлаа тогтоно. Бидний дараагийн зорилтот бүлэг бол өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн байгууллагуудаар дамжууулаад дархлаажуулах ажлыг зохион байгуулна.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *