Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбилэг: Намын дарга болвол АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина

Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль боллоо. Ардчилсан намыг энэ удаад хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд оролцох болов уу гэсэн хүлээлт байсан ч дахин сөрөг хүчин боллоо. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ удаагийн ялагдал дээр 2016 оны сонгуулийн дүнг тооцоод үзэхээр нийт найман жилийн хугацаанд АН сөрөг хүчний байр суурин дээр ажиллах шаардлагатай болж байна. Хоёр дахь удаагаа ялагдал хүлээсэн явдалд Ардчилсан намын гишүүд, ардчилалд хайртай, дэмждэг хүмүүс янз бүрийн л байр суурь илэрхийлж байгаа. Улс төр судлаач, сонгуулийн штабд орж ажилласан хүнийхээ хувьд гурван үндсэн шалтгаан байна уу гэж харж байгаа. Нэгдүгээр шалтгаан нь Сонгуулийн тухай хууль. Эрх баригч МАН нийт сонгогчдын 33 орчим хувийн саналыг авсан хэрнээ нийт эрх мэдлийн 80 гаруй хувийг авч буй нь Сонгуулийн тухай хууль болохгүй байна гэдгийг харуулж байна. Сонгогчдын олонхын санал авсан улс төрийн хүчин биш, олонх болж чадаагүй улс төрийн хүчнүүдээсээ хамгийн олон санал авсан нам бүх эрх мэдлийг авдаг гаж тогтолцоо байна. Энэ утгаараа АН-ын болон бусад бүх намын ялагдалд Сонгуулийн тухай хууль шууд шалтгаалсан. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдал байна. Надад байгаа мэдээллээр Үндсэн хууль хэлэлцэх үеэр Сонгуулийн тухай хууль ямар хэлбэрээр байх вэ гэдэг ажил хэрэгч маргаан мэтгэлцээн өрнөж байхад эрх баригч намд солонгосчууд ирж зөвлөсөн. Тэгэхдээ танай нам нийт сонгогчдын 50 хүртэлх хувьдаа таалагдахгүй байгаа учраас жижиг тойргоор эсвэл холимог тогтолцоо, дэвшилтэт тогтолцоог оруулж ирэх юм бол ялахгүй. Харин эрх мэдлээ хадгалахын тулд томсгосон мажоритар буюу олон мандаттай тогтолцоогоор яв гэдэг зөвлөгөөг өгсөн гэж сонссон. Миний хувьд үүнийг үнэн байх гэж бодож байгаа. Учир нь яг энэ цар тахлыг ашиглаад БНСУ-д сонгууль болоход эрх баригч нам нь үргэлжлүүлээд ялсан. Энэ технологийг үндсэнд нь хуулбарлачихав уу даа гэж харж байгаа. Бидний гол алдаа бол сонгуулийн стратегиа буруу сонгосон явдал. Энэ удаад нэг сонгогч-нэг санал гэх сонгуулийн ардчиллын үндсэн зарчим эвдэгдээд нэг сонгогч гурван санал өгч, Үндсэн хуулийн эсрэг гэж хэлж болохуйц тогтолцоо руу явсан.

Ийм нөхцөлд МАН болон бусад нам гэсэн хоёр том блок үүсгэх шаардлагатай байж. Хэрвээ бусад намууд нэгдээд МАН-ын эсрэг блок үүсгээд орсон бол Засгийн эрх авах боломжтой байсан. Тэгэхээр АН дангаараа орсон нь сонгуулийн стратегийн алдаа байж, бид ядаж ардчиллын үзэл баримтлалд ойролцоо намуудтайгаа эвсэж орох ёстой байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

Гуравдугаарт, бид эрх баригч намтай бус Монголын төртэй өрсөлдлөө. Цар тахлаар дамжуулж бүх зүйлийг хаадаг, хориглодог, хүчний байгууллагууд эрх мэдлээ хэтрүүлдэг, заналхийлдэг, тухайн улстөрчдийн болон нэр дэвшигчдийн хувийн мэдээлэл рүү чөлөөтэй нэвтэрдэг, тэр битгий хэл хорьж, ялладаг ийм тогтолцоо руу орчихлоо. Ийм төрийн хүчирхийллийн нөхцөлд намын жирийн гишүүдийн ажиллах урам зориг, итгэл үнэмшил хангалттай өсөж чадсангүй. Харамсалтай нь энэ үед АН-аас гарсан Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллын талд байсангүй. Бараг эрх баригчдын тодорхой хэсэгтэй ойрхон байна уу даа гэж харагдлаа. Сэлэнгэ аймагт болсон сонгуулийн жишгийг харахад л ийм байна. Тийм ч учраас АН-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүй” гэж хэлсэн болов уу гэж бодож байгаа.

-Дээрх шалтгаануудаас гадна намын дотоод эв нэгдэл ялагдалд нөлөөлөв үү. Энэ намд байсан хуучны гэгдэх улстөрчид нэр дэвшигчдийг сонгоход оролцсон нь ялагдлын нэг шалтгаан байсан гэдэг нь хэр бодитой вэ?

-Ер нь сонгууль бүрээр л 76 хүн нэр дэвшиж, бусад нь гомдоод үлддэг жамтай. Мэдээж гомдол, чирэгдэл байсан. Гэхдээ намын дотоод эв нэгдэл энэ удаагийн сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж харахгүй байна. Сонгуулийн дүнд нөлөөлсөн гэхээсээ илүү цаашдаа Ардчилсан намын бүх харилцаа дүрэм журмаараа явах, улс төрийн намын хувьд нэг дарга, нэг эрх мэдэлтнээс үл хамаарсан дүрэмтэй байх ёстой гэх итгэл үнэмшилд их хүнд цохилт боллоо гэж харсан. Тийм учраас дээр хэлсэнчлэн намын гишүүд маань идэвхтэй, урам зоригтой ажиллаж чадсангүй. Түүнээс АН-аас гомдогсод гарч, тэр нь ялагдалд хүргэчихсэн гэж харахгүй байна.

Бүх зүйл дүрмийн дагуу явж байгаа гэж байсан боловч нэр дэвшигчдийг сонгох эцсийн мөчид шийдвэрийг “Шонхор” фракц дангаараа гаргачихсан. Өнгөрсөн хугацаанд дүрмийн шинэчлэл маш сайн болсон ч нэг алдаа нь улс төрийн нам фракцгүй байх ёстой юм байна гээд ихэнх фракцууд тарчихсан. Харин “Шонхор” фракц л үлдсэн байж. Тус фракц нэр дэвшилтийг дангаараа шийдсэн нь ардчилсан намын гишүүдийн сонгуульд ажиллах урам зоригт мэдээж сөргөөр нөлөөлсөн.

-Сонгуульд ялагдал хүлээсэн учир намын дүрмийн дагуу АН-ын удирдлагууд огцорсон. Мөн дүрмэндээ заасны дагуу намын даргын сунгаа, сурталчилгаа тодорхой хугацаанд явах ёстой. Гэсэн ч намын даргаа сонгох энэ үйл явц хойшилсоор байна. Ямар шалтгааны улмаас ингэж хойшлоод байна вэ?

-Намын үндсэн дүрмийн дагуу намын дарга т хариуцлага хүлээн автоматаар огцорсон. Түүнээс гадна тухайн УИХ-ын тойргоос хэрвээ УИХ-ын гишүүн сонгогдоогүй бол хамаарах Үндэсний бодлогын хорооны гишүүд нь хариуцлага хүлээж автоматаар огцордог. Өнөөдөр АН-ын үндсэн бүтцийн байгууллага болох ҮБХ 400 гаруй гишүүнтэй хэдий ч УИХ-д 11 гишүүн сонгогдсон учир багцаагаар 55-56 ҮБХ-ны гишүүн нь л дүрмийн утгаараа хүчинтэй. Одоо Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо хоёр л хүчинтэй байгаа. Ийм нөхцөлд дүрмийнхээ дагуу намын даргын сунгаагаа хийхгүй бол АН өөрөө дүрмийн хямрал руу явна.

АН сая Засгийн эрхийн төлөө том намынхаа хувьд өрсөлдөөд ялагдсан. Хэрвээ одоо АН дүрмийнхээ дагуу явахгүй бол Монголын ардчилал ялагдах, улс төрийн намуудын шинэчлэлийн тэргүүнд эгнээнд явж байдаг тэр улс төрийн хүчин өөрөө дотоод ардчилалгүй болох аюул ирнэ.

-Намын дүрмийнхээ дагуу явахгүй гэх байр суурь байгаа хэрэг үү?

-Маргаан бол байна. Миний хувьд дүрмийн дагуу явах ёстой гэж үзэж байгаа учраас намын даргын сунгаанд бүртгүүлсэн. АН дүрмийнхээ дагуу эхлээд намын дотоод сунгаагаа хийж намын даргатай болж, тэр намын дарга нь Их хурлаа зарлан хуралдуулах ёстой. Тэр Их хурлаараа намын дараагийн шинэчлэл, зорилго зорилт юу байх вэ, дүрмэндээ юуг тусгах уу, намрын орон нутгийн, хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох вэ гэдгээ шийдээд явах ёстой.

Намын даргын сунгааг хүчтэй, ил эсэргүүцэж байгаа хэсгийг харахад хоёр төрлийн байр суурьтай хүмүүс байх шиг. Нэгдүгээрх нь, хэрвээ АН дүрмийнхээ дагуу сунгаагаа явуулах юм бол олон нэр дэвшигч гарч ирээд намын гишүүдийг хагална. Ингэж хагарвал намар болох орон нутгийн сонгуульд сөрөг гэх тайлбарыг тавьж байгаа. Энэ нь дунд шатныхан буюу орон нутгийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүмүүсээс гарч буй санал. Огт үгүйсгэх санал бол биш.

Сунгаагаа явуулахгүй Их хурлаа хуралдуулъя гэж байна. Их хурлаа хуралдуулахын тулд дүрмээрээ ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулах ёстой. Гэтэл ҮБХ байхгүй, ихэнх гишүүд нь автоматаар огцорчихсон. Тэгэхээр дүрмийн бус ҮБХ-ны хурал болно, дүрмийн бус Их хурлыг зарлан хуралдуулж таарна. Ийм зүйл боллоо гэхэд бидний 10 жилийн турш үзсэн зовлонг дахин эхлүүлнэ. Таалагдаагүй хүн гарч ирэх юм бол энэ бол дүрмийн бус, АН-аа аваръя гээд дараагийн шинэчлэгчид гарч ирнэ, намынхаа үүдэнд жагсана, тэмцэнэ, дахин өөр фракц үүснэ. Энэ зовлон руу л явж байна гэсэн үг. Тэр ч утгаараа энэ яавч зөв шийдэл биш.

Хоёр дахь хэсэг нь АН-аас гарч сонгуульд бие даасан, салан тусгаарлаад өөр нам байгуулчихсан, эсвэл сонгуулийн үеэр бусад улс төрийн хүчнүүд дээр илт ажиллачихсан хүмүүс намдаа эргэн орж ирж шинэчлэлд оролцох сонирхолтой байгаа. Тэдгээр хүмүүс орж ирлээ гэхэд намын одоогийн дүрмээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрх нь найман жилийн хугацаанд хаалттай юм. Дүрмийн боломжгүй байгаа учраас тэд одоогийн дүрмийг өөрчилье гэж хамгийн их дуугарч байгаа болов уу. Тэрхүү шаардлагыг ч гэсэн ойлгож байгаа. Энэ хүмүүст хандаж хэлэхэд дүрмийнхээ дагуу намын даргын сунгааг явуулж, намын даргыг баталгаажуулах Их хурал дээрээ тэрхүү дүрмийг өөрчилж нэр дэвших, идэвхтэй оролцох эрхээ нээж болно. Өнгөрснийг бус ирээдүйг харах нь эрүүл юм. Тэгэхгүйгээр заавал дүрмийн бус Их хурал хийгээд байх шаардлагагүй.

-Намын даргын сунгаа хойшлоод байгаа шалтгаан нь дээрх өөр, өөр байр сууриудтай холбоотой байх нь.

-Тийм. Тодорхой сонирхлууд байгааг шулуухан хэлчихлээ шүү дээ. Манай нам энэ сонирхлуудаа нийлүүлэхийн тулд нэн тэргүүнд дүрмээрээ явах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Тодорхой хэлж мэдэхгүй юм. Угтаа энэ асуудлыг намын дүрмээрээ шийдэхгүй бол АН-д үүсэх дотоод хэрүүл тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөргөөр нөлөөлнө. Намар болох орон нутгийн сонгууль гэхэд ардчилсан нам учраа олчихсон, улмаар Ерөнхийлөгчийн сонгууль дээр бид эв нэгдэлтэй оролцох хэрэгтэй. Одоо байгаа Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж л таарна. Ардчилсан намаас гадна МАН, Та бидний эвсэл, Хүн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас өрсөлдөөн улам нэмэгдэнэ. Хуулиараа нийт ард түмнээс тавь дээр нэмэх нь нэг санал авна. Дөрвөн хүн өрсөлдөж байх үед тавь дээр нэмэх нь нэг гэсэн санал авах магадлал маш бага. Санал маш их хуваагдана. Ирэх ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж харж байна. Тиймээс миний байр суурь бол одоо Ардчилсан нам эрх баригчдаас бусад улс төрийн намуудтай ярилцах, магадгүй нэг эвсэл болж орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд орох асуудлыг ярих ёстой. Одоогийнх шигээ дотооддоо бужигнаад байх юм бол Х.Баттулга Ерөнхийлөгч дахин ялалт байгуулах магадлал улам багасна.

-Ерөнхийлөгч ч гэсэн үүнийг соргогоор харах ёстой байх, тийм үү?

-Туршлагатай, мэдээлэл сайтай том улстөрч үүнийг харж байгаа байх гэж бодож байна. Сунгаа хийхгүй Их хурлаа хийхийг дэмжих, намын 200.000 орчим гишүүдийн оролцоогүй 1000 хүний заалны сонгууль хийхийг Ерөнхийлөгч дэмжвэл гарах дотоод зөрчил өөрийнх нь сонгуульд эрсдэлтэй. Тийм учраас ирэх хаврын сонгуулийг бодож ардчилсан намын бодитой нэг лидерийн хувьд аль болох эв нэгдлийг эрхэмлээсэй, талцуулах бус нийлүүлэхийг илүү чухалчлаасай гэж хүсч байна. Тийм үүрэг хүссэн, хүсээгүй өөрт нь бий.

-АН-ын даргын сунгаанд ямар хүмүүс оролцох нь тодорхой болоод байна вэ?

-УОК-ын хорио наймдугаар сарын 1-ний өдөр цуцлагдангуут АН-ын Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгаанд бүртгүүлсэн хүмүүсээ дуудаж, нэр дэвшигчийн үнэмлэх өгөх ёстой. Гэхдээ намын даргын сунгаанд оролцоход тавьж буй шаардлагад тэнцсэн хүмүүстээ нэр дэвшигчийн үнэмлэх өгөх ёстой. Түүний дараа хэн нэр дэвших вэ гэдэг нь албан ёсоор тодорхой болно. Одоогоор нэр дэвших хүсэл сонирхолтой байна гэдэгээ илэрхийлсэн 10 хүн байгаа гэсэн. Ямар хүмүүс байгааг би ч сайн мэдэхгүй байна.

-Та АН-ын даргаар сонгогдвол энэ намд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх вэ?

-АН-д хүссэн хүсээгүй байгалийн ч, нийгмийн ч аль ч утгаараа үе солигдож байна. Нэг, хоёрдугаар эгнээнийхэн явцгааж, гуравдугаар эгнээнийхэн орж ирж байна. Үүнийг би сайн талтай гэж харж байгаа. Ямар нэгэн зүйлээр барьцаалагдаагүй, асуудалд орооцолдоогүй, нэр хочгүй хүмүүс орж ирж байна. Шинэ залуучууд намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж байна гэдэг тодорхой хайрцаг, фракцын бус соёлтой хүмүүс орж ирэх нь гэсэн үг. Тэр ч утгаараа намын даргын сунгаа илүү өрсөлдөөнтэй, чөлөөтэй, эрүүл болж, магадгүй хэний ч бодож байгаагүй хүмүүс гарч ирэх боломжтой байна. Энэ нь ч ардчиллын давуу байдлыг харуулах болов уу.

-Орон нутгийн сонгуульд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ?

-Нэр дэвшигчийн тухайд АН гурван зүйлийг хийх шаардлагатай байна гэж харж байгаа. Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо Үндсэн хуулиа найман жилийн турш хөндөх боломжгүй. Тиймээс сонгууль пропорцианал системд шилжихгүй нь тодорхой болчихсон. Жижиг мандат эсвэл саяын томсгосон тойрог, бүр үүнээс ч том тойргоор сонгууль явуулж магадгүй. Ийм нөхцөлд АН алдсан стратегиа буцааж авах ёстой. Ингэхийн тулд АН эв нэгдлийг эрэлхийлдэг, бусад намыг өөртөө нэгтгэдэг нам болох хэрэгтэй. Миний хувьд АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина. Ингэ байж АН илүү хүчирхэг, том, эв нэгдэлтэй болно. Мөн Ардчилсан үзэл баримтлалтай биш ч гэсэн МАН-ын эсрэг байдаг бусад намуудыг эвсэлд уриалахаас өөр аргагүй. Үүнийг есдүгээр сард яаралтай хийж байж бид орон нутгийн сонгуульд амжилттай оролцоно. Хэрэв АН намар болох орон нутгийн сонгуульд ялагдах юм бол Монгол Улсын хоёр том намын нэг байхаа болино. Гурав, дөрөв дэх нам болж, ХҮН зэрэг шинэ дүр төхтэй намууд байр суурийг нь эзэлнэ. Тиймээс хамгийн түрүүнд бид орон нутгийн сонгуульд олон суудал авах ёстой.

-Мөн Ардчилсан нам гишүүдтэйгээ очиж уулзах ёстой байх?

-Тийм. Одоо байгаа дүрмийн хамгийн том давуу тал нь бүх зүйлийг гишүүдээрээ шийдүүлж байгаад л оршиж байна. Яг үүр дээрээ байгаа жирийн гишүүн дээр очоод яагаад ялагдав, яаж шинэчлэгдэх вэ зэргээр санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Тэрхүү санаа, оноог намын даргын сунгаагаар Монголын 21 аймгийн, есөн дүүргийн бүх бүтцэд оруулж хийх ёстой. Тэгэхгүй хэсэг бүлэг ухаантай хүмүүс энд ялагдчихлаа гэж шуугилдаад л, одоо ингэж шинэчлэл гээд суух нь бодит шинэчлэл биш. Намын жирийн гишүүдээсээ асууж, тэдэнд урам зориг өгч, дахиж сэдэлжүүлэх ёстой. Хамгийн хүнд асуудал нь бид дахин ялагдлаа. Найман жилийн ялагдлын дүнд энэ намд жирийн гишүүн үлдэхээ болино. Тэд энэ хугацаанд АН-ын гишүүн байсныхаа төлөө ажилгүй, амьдралгүй, эрх баригчдын дарамтан дор байна. Яг л манай партизануудын туулсан тэр хүнд амьдрал шиг. Ядаж л жирийн хорооны иргэн хүртэх ёстой нийгмийн халамжийн үйлчилгээгээ ч хүртэж чадахгүй. Энэ байдал цааш удаан үргэлжилбэл тэр айл бүрэн сүйрнэ шүү дээ.

Би дарга болсонгүй, УИХ-ын гишүүн болж чадсангүй гээд байгаа хүмүүсээс илүүтэйгээр Ардчилсан намын 200 мянган гишүүн үнэхээр хүнд байдалд хоцорч байгааг л бодох хэрэгтэй байна. Энэ хүмүүсийг дахиж бүртгэж, намд нь идэвхжүүлж эрх ашгийг нь хамгаалах нь дараагийн Ардчилсан намын даргын хийх ёстой хамгийн том ажил. Эхний алхам нь АН-ын жирийн гишүүдийг бүгдийг нь намын татвараас чөлөөлөх ёстой. Би өөрөө намын бүтцэд ажиллаж байсан хүн. Намын гишүүний татвараар ажилладаг нам байдаггүй юм. Намын гишүүдийн татварын мөнгө тухайн жилд зарцуулагдаж байгаа намын нийт төсвийн арван хувьд нь ч хүрдэггүй. Үлдсэн 90 хувийг өөр арга замаар л босгодог.

Түүнчлэн намын дэмжигчдийг олонх болгох ёстой. Олонх болгохын тулд бүтцийн шинэчлэлт хийхээс өөр ямар ч арга байхгүй. Намын одоогийн бүтэц босоо тогтолцоо буюу коммунист тогтолцоотой юм. Одоо намын тогтолцоог шинэчилж, хэвтээ тогтолцоотой болох шаардлагатай байна. Намын дэргэдэх байгууллагуудыг мөн хамгийн түрүүнд шинэчилж сум, дүүрэг, хороодод байдаг босоо тогтолцоо биш клубийн систем рүү оруулах хэрэгтэй. Эдгээр клубүүд нь өөрөө сонирхлоороо л нэгдэнэ, намын гишүүн байх албагүй, дэмжигчийн статустай байхад л болно. Тухайлбал, ардчилсан үзэл баримтлалтай сэтгүүлчдийн, дугуй унагчдын, инжнерүүдийн гэх мэт клубүүд байх боломжтой. Тэдгээр нь өөрсдөө нэгдээд тухайн салбартаа юу хийж болох вэ, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт үүнийгээ яаж оруулах вэ гээд ярилцдаг байх хэрэгтэй. Ийм чиглэл рүү, зөв систем рүү явахгүй бол энэ том бүтэц цааш явах ямар ч боломжгүй.

Энийг хийхгүй бол Ардчилсан намыг тэжээх супер баян хүн уралдаж хайдаггүй бол төрийн эрх мэдэлд байгаа сайн ах нар залдаг одоо байгаа алдаагаа давтмааргүй байна. Намын дарга болгохдоо мөнгөтэй хүн л хайдаг, одоо ч гэсэн манайхны сэтгэхүйд амь бөхтэй байсаар байна. Намын даргад өрсөлдөх хүсэлтээ гаргасны дараа олон хүн утасдаж чи мөнгөгүй байж яаж болох юм гэж асууж байх жишээтэй.

Эцэст нь, Ардчилсан нам, сөрөг хүчний хамгийн сайн манлайллыг үзүүлэх ёстой. Монгол Улс ардчилсан улс байх уу, үгүй юү гэдэг асуудал дараагийн дөрвөн жилийн хугацаанд шийдэгдэх түвшинд ирчихлээ. Одоогийн эрх баригчдыг хараад байхад бүх зүйлийг л төрд авах гэж санаархаж, хувийн өмчийг үзэн ядаж байна. Мөн төрийн өмчийг гуйвуулдаг, хувийн хэвшлийнхнийг дарамталдаг, татвар нэмдэг, хууль хүчний байгууллагуудаар далайлгадаг, хувь хүний эрх мэдэлд халддаг болсон. Гадаад бодлогын хувьд гуравдагч хөршүүдээс аль болох холдож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ гэх зэргээр дагуул улсын хувь заяагаа шинэ хэлбэрээр орох эрсдэлтэй боллоо. Тэр ч утгаараа тусгаар тогтнол, эрх чөлөө Монгол Улсад сүүлийн 30 жил байсан энэ үүлэн чөлөөний нар болоод дуусах уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Үүний эсрэг л ирэх дөрвөн жил Ардчилсан намын удирдлага манлайлж ажиллах ёстой. Сүүдрийн Засгийн газар байгуулж, одоо байгаа 11 гишүүнтэйгээ, нэмээд Ерөнхийлөгчтэйгөө ойлголцоод цаашаа явахгүй бол маш хүнд байдалд орно. 2024 онд ардчилал ялж чадахгүй бол Монголын ардчилал тун хүнд байдалд орно. Үзүүлэнгийн хэдэн жижиг намтай, эрх баригч нам нь үргэлж засаглаж байдаг Оросын улс төрийн жишгээр л явах болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *