Categories
мэдээ цаг-үе

О.Чинбаяр: Оросын хэл, соёл, утга зохиолыг мэддэг, сонирхдог залуус цөөрчээ

О.Чинбаяр нь 1994 онд ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг уран зохиолын орчуулагч мэргэжлээр төгсөж, улмаар 2019 онд Москва хотын Хэвлэлийн их сургуульд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалаад буй юм. Тэрбээр Ж.Жойсын “Үлисс”, А.Платоновын “Чевенгүр”, Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”, О.Уайлдын “Дориан Грэйн хөрөг”, С.Соколовын “Тэнэгүүдийн сургууль” зэрэг дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдийг эх хэлнээ орчуулсан нэгэн билээ. Монголын Орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, орчуулагч, Хэл бичгийн ухааны доктор О.Чинбаяртай ярилцлаа.


-Та өөрийн орчуулсан дэлхийн сонгодог зохиолуудаа шинэчлэн хянаж арван ботиор хэвлүүлжээ. Өөрийн орчуулгаа дахин хянахад анхны хэвлэлтүүдэд нь алдаа их байв уу?

-Уран зохиолын хүнд хэлбэрийн модернист зохиолууд орчуулсан хүний хувьд бага сага алдаа мадаг байлгүй яахав. Эдгээр зохиолын ихэнхийг залуудаа орчуулсан учраас тухайн үедээ зарим нэг үгийн сонголт, найруулга зүйн хувьд мэр сэр гаргасан алдаа мэдээж бий. Ном зохиол эрхлэн гаргахад редактор чухал үүрэгтэй. Орчуулагч ганцаараа алив номыг төгс орчуулах тохиолдол ховор шүү дээ. Харин орчуулагчийн хийсэн ажлыг хянан шүүгээд эцсийн бүтээгдэхүүнийг бий болгох хариуцлагыг редактор хүлээдэг. Мөн техник редактор ч ихээхэн үүрэгтэй. Ингээд хоёроос доошгүй редакторын гар дамжсаны дараа тухайн ном хэвлэлд шилжвэл сайн. Аливаа номыг дахин хэвлэхдээ уншигчдын шүүмжийг тусгаж, өмнөх хэвлэлтийн алдаа мадгаа засаж залруулан улам сайжруулах шаардлагатай. Монголд хэвлэлийн сайн редактор дутмаг байгаа тал бий. Үүний шалтгаан нь ур чадвартай мэргэжилтнүүд өндөр цалин хүсдэг агаад хэвлэлийн компаниуд түүнийг нь өгч чаддагүйтэй холбоотой. Сайн зохиол уншигчдад хүргэе гэвэл сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнийг мөнгөөр “зодож” ажиллуулдаг л байх ёстой. Ингэж гэмээнэ тухайн хэвлэлийн компанийн нэр хүнд өснө. Орчуулагчаасаа илүү гарахгүй хэмжээний чадвартай хүн номыг нь редакторлахаар учир дутагдалтай бүтээл хэвлэлтээс гарна шүү дээ. Уншигчид өндөр үнээр ном худалдаж аваад уншиж буй учраас гол нь сайн зохиол л уншихыг хүснэ. Нөгөөтэйгүүр, муухан орчуулга нь тухайн уншигчийн хайртай зохиолчийг доош нь хийчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Номын алдаа дутагдалд дан ганц орчуулагчийг буруутгахаас гадна редакторууд болон хэвлэлийн газрын хариуцлага ч бас хамааралтайг бодолцох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хэвлэлийн газруудын зах зээлийн өрсөлдөөн илүү чамбайрч, сайн боловсон хүчний баг бүрдүүлэх бодлого барьж эхэлж байгаа нь сайшаалтай.

-“Үлисс” романыг уншсан зарим хүн тухайн зохиолын агуулгыг сайтар ойлгож чадсангүй гэх гомдол хэлдэг юм билээ. Та үүнийг юутай холбож тайлбарлах вэ?

-Ж.Жойсын уг романаа бичсэн эх хэлээр нь ирланд үндэстний соёлыг сайн мэддэг хүмүүс ч “Үлисс”-ийг уншаад ойлгох нь ховор байдаг. Тиймээс энэхүү зохиолын монгол орчуулгыг зарим хүн ойлгохгүй байх тохиолдол гарч буйг үгүйсгэх аргагүй. Энэ ганц монгол уншигчдад байгаа бэрхшээл биш.Дэлхий даяар “Үлисс”-ийг уншаад бүрэн төгс ойлгосон хүн цөөхөн бий. Ж.Жойсын хувьд, дэлхийн утга зохиолд шинэ урсгал эрэлхийлж, нэн шинэ тэсрэлт хийсэн. “Үлисс” романыг бэстселлер ном шиг олон хэл дээр орчуулаагүй шалтгаан нь түүнийг ойлгож орчуулах цараатай хүн маш ховор байдагтай холбоотой. Японд гэхэд уг романыг зургаан хүн хувааж орчуулсан байдаг. Миний бие “Үлисс”-ийг хоёр жил өдөр шөнөгүй сууж, өөр юу ч хийхгүйгээр төвлөрч,чадан яадан эх хэлнээ буулгасан. “Үлисс”-ийг барьж авахаас өмнө өөртөө тодорхой зорилго тавьж хөрвүүлэх нь мэргэжлийн орчуулагч хүний дотоод сэтгэлийн дуудлага, чинхүү хүсэл тэмүүлэл байсан. Монголчууд маань сайн зохиол уншаасай, дэлхийн утга зохиолын хөгжлөөс битгий хоцроосой, зохиолчид маань цаашид улам илүү даацтай зохиол бичээсэй гэсэн сэтгэлээр уг зохиолыг орчуулахаар барьж авсан даа. “Үлисс” романыг орчууллаа гээд бестселлер ном шиг их ашиг олно гэж үгүй. Ийм төрлийн зохиолуудын орчуулагддаггүй шалтгаан нь цаанаа уншигчид нь бэлтгэгдээгүй, цөөхөн байдагтай холбоотой. Нэгэн сайхан мэдээ дуулгахад, М.Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд” долоон боть зохиолын нэгдүгээр дэвтэр буюу “Сваны зүг” романыг найз маань орчуулаад талаас нь өнгөрчихсөн яваа гэсэн. Тэгэхээр бид энэ ондоо М.Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд” зохиолын эхний ботийг эх хэл дээрээ унших нь байна.

-Нэлээдгүй том бас ойлгоход тийм ч хялбаргүй романуудыг орчуулна гэдэг маш том эр зориг, хариуцлага байдаг. Та “Үлисс”-ийг орчуулж эхлэх үедээ хэр зэрэг айдастай байв?

-“Үлисс”-ийг 2001 онд анх барьж авсан ч таван хуудас орчуулаад л хаясан. Би тухайн үед түүнийг орчуулах хэмжээнд боловсроогүй байна гэдгээ мэдэрсэн л дээ. Харин Г.Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй” тууж, Оскар Уайльдын “Дориан Грейн Хөрөг”, Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа” романыг орчуулсны дараа тодорхой хэмжээний итгэл төрсөн. “Үлисс”-ийг хөрвүүлж эхлэхээсээ өмнө сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж, санхүүгийн асуудлаа ч зохицуулсан. Учир нь энэ агуу бүтээлийг орчуулах нь нийгмээс тодорхой хугацаанд тусгаарлагдах хэмжээний үйл явдал болсон. Үнэнийг хэлэхэд, би түүнийг орчуулах үедээ тавин грамм ч татахгүй хоёр жил болж билээ.

-Одоогийн байдлаар та “Үлисс”-ийг нийт хичнээн удаа уншаад байна вэ?

-Дөрөв, таван удаа уншсан юм болов уу.

-Таныг “Чевенгүр” романыг орчуулахдаа А.Платонов судлалын эрдэмтэдтэй уулзахаас эхлээд нэлээд судалгаа хийсэн тухай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана Монгол дахь уг номын нээлтэн дээр хэлсэн байдаг. Зохиолч, орчуулагч хүнд судалгаа их чухал биз?

-А.Платоновыг орчуулахаар сонгоход манай эрдэм шинжилгээний удирдагч багш Татьяна Тимофеевна Давыдова ихэд урам өгч, А. Платоновын “Чевенгүр” бол хорьдугаар зуунд орос хэл дээр бичигдсэн ойлгоход нэн хэцүү хоёр романы нэг шүү гээд, тухайн зохиолыг орчуулахад дөхөм болох үүднээс ямар судалгааны ажил, ном бүтээл уншихыг надад хэлж өгч билээ. “Чевенгүр” 1929 онд бичигдэж дууссан ч нам засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн учраас бараг жар орчим жил хориотой байсан зохиол юм. Анх 1988 онд “Дружба народов” сэтгүүлд цувралаар нийтлэгдээд, эхнэр охин хоёр нь хөөцөлдөж байж 1989 онд ном болгон хэвлүүлсэн байдаг. Энэ романыг орчуулахын тулд чамгүй их судалгаа хийсэн. Судалгаандаа үндэслээд, Ж.Жойсын “Үлисс”, Х.Мелвиллийн “Моби Дик”, А.Платоновын “Чевенгүр” романы хоорондын төрөл зүйн харилцааны талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, уг өгүүллээ ВАК буюу Дээд аттестатчиллын зөвлөлийн хүлээн зөвшөөрөгдсөн Волгоградын Багшийн их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл (Известия Волгоградского Педагогического Университета)-д хэвлүүлсэн. Эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа хүн гурваас доошгүй өгүүллээ тухайн салбарын хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлага тавьдаг. Миний хувьд зургаан өгүүллээ Оросын нэр бүхий сэтгүүл дээр гаргаж, олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд хэдэнтээ оролцож илтгэл тавьсан.“Чевенгүр” романыхаа нээлтийг анх өөрийн сурч төгссөн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль дээр хийсэн минь одоо ч санаанд тодхон байна.

-Та тухайн зохиолчийнхоо бичлэгийн онцлогийг алдагдуулахгүйгээр орчуулахын тулд ямар зарчим баримталдаг вэ?

-Зарим орчуулагчид аливаа зохиолыг орчуулахдаа хэт их монголчилж, өөрийн бичсэн зохиол шиг болгох гээд байдаг. Үүнийг буруу гэж би боддог. Учир нь ингэж орчуулагдсан зохиолоос А.Платонов, Ж.Жойс үнэртэхгүй шүү дээ. Орчуулагч хүн тухайн зохиолчийн бичсэн санааг л уран яруу эх хэлнээ буулгах ёстой. Ойлгохгүй зүйлсээ хасах, зохиолыг товчлох, тухайн зохиолд өөрийн санааг оруулан гоёчлох зүйлс хэрхэвч байж болохгүй. Хэрэвзээ“Үлисс”-ийн бичлэгийн хэв маягийг өөрчлөөд, өөрийн зохиол мэт болгоод орчуулчихвал Ж.Жойсийн сүнс лав намайг амар тайван байлгахгүй дэг ээ.

-Хүнд хэлбэрийн зохиолыг жүжиг хэлбэрээр нийтэд хүргэвэл уншигчид тухайн зохиолын агуулгыг ойлгоход илүү дөхөмтэй юм даа. Тэгээд ч жүжиг нь уншигчдад сонирхолтой байх байлгүй?

-Москвад байхдаа бид “Үлисс”-ийг дундаа хоёр удаа завсарлагатай, таван цаг гучин минутын жүжиг болгоод П.Фоменкогийн театрт тавьсныг үзсэн. Нойр хүрэх байх даа хэмээн бодсон ч эсрэгээрээ маш их сонирхолтой байсан. Үнэхээр ийм хүнд зохиолыг жүжиг болгон тавьсан нь найруулагчийн ур чадварыг илтгэж байна лээ. Мөн орчуулсан зохиолуудаас минь Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг”, Андрей Платоновын “Чевенгүр”, Саша Соколовын “Тэнэгүүдийн сургууль”, Жойсын “Үлисс” гэсэн эдгээр таван зохиолоос сэдэвлэн тавьсан жүжгийг үзсэн. Дээхнэ үед Херман Мэлвиллийн “Моби Дик”-ээр хийсэн киног Америкаас захиж авчруулаад МҮОНТ-ээр орчуулуулан гаргаж байсан. Сонгодог зохиолуудыг жүжиг болон кино хэлбэрээр үзэхэд тухайн зохиолоо гүн ойлгох, мэдрэх, харьцуулах боломжийг уншигчдад өгдөг давуу талтай. Театр бол тухайн улсын хөгжлийг тодорхойлдог. Монголд жүжгийн зохиол бичдэг хүн цөөхөн бий. Мөн жүжиг орчуулдаг хүн ч ховор шүү дээ.Москвад сурч байхдаа өөрийн төгссөн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хүүхдүүд явуулж, орчуулагчаар сургая гэж хэдэн жил хөөцөлдсөн ч шалгуур давах залуус гарсангүй.Нөгөөтэйгүүр, цаг төр өөр болж, орос хэл, Оросын соёл, утга зохиол мэддэг, сонирхдог хүүхэд залуус маш бага болжээ. Энэ талаар яривал их зүйл бий.

-1990 оноос хойш орос хэлтэй байтугай монгол хэлээ төгс эзэмшсэн хүн ч ховор болсон шүү дээ?

-Тийм. Энэ бол эмзэглэхээс аргагүй асуудал. Цаашид энэ чигээрээ байвал өнгөрсөн зуунд орчуулагдсан хэдэн сонгодог бүтээлтэйгээ л үлдэх юм байна. Хориннэгдүгээр зууны оросын уран зохиол ямар түвшинд байгаа, хэн гэдэг сайн зохиолч гарч ирснийг, орос зохиолчид ямар чиг хандлагаар бичиж байна вэ гэдгийг орос хэл мэддэг, орос ном авч уншдаг хүмүүс л баримжаалах байх. Оросыг таньж мэдэж, ард түмнийх нь сэтгэлгээг ойлгохын тулд утга зохиолыг нь унших хэрэгтэй. 1970, 1980-аад оны үед манай дөч орчим зохиолчийн бүтээл орос хэл дээр хатуу хавтастай хэвлэгдэж байсан. Харин 1990 оноос хойш хоёр орны улс төрийн харилцаа хүйтэрч манай зохиолчдын бүтээлийг орос руу орчуулахаа бараг больсон.

-Та арван жилээ төгсөөд л М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэн суралцсан байдаг. Дипломын ажлаа Оросын утга зохиолын “Мөнгөн үе”-ийн хайрын шүлгүүдийг монгол хэл рүү орчуулан хамгаалсан юм билээ. Энэ талаар?

-М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дипломын ажил маань хоёр бүлэгтэй байсан. Хожим хэвлэгдсэн “Ганцхан чамдаа” яруу найргийн түүвэрт багтсан орос хэлнээ орчуулагдсан миний шүлгүүд эхний бүлэгт нь багтсан. Яруу найргийн орчуулга оролдож байсанминь хожим энэ том зохиолуудыг орчуулахад надад тус болсон доо.

-Саяхан та Москва хотын Хэвлэлийн их сургуульд докторын зэрэг хамгааллаа. Сэдэв нь сонирхолтой санагдсан л даа?

-Хэвлэлийн их сургуулийн өдрийн ангид гурван жил суралцаж багш, судлаач мэргэжилтэй болсон. Улмаар 2019 онд хэл бичгийн ухааны докторын зэргийг “Монгол хэлнээ орчуулагдсан ХХ зууны Оросын зохиолчдын бүтээлүүд” (“Издание произведений русских писателей ХХ века в Монголии”) сэдвээр хамгаалсан. Урьд өмнө манайхаас Хэвлэлийн их сургуульд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан хүн байхгүй юм билээ.

-1940-2017 он хүртэлх 77 жилийн хугацаанд хэчнээн орос зохиол монгол хэлнээ орчуулагдсан байна вэ?

-Үзэл сурталжсан номуудыг хасаж үзвэл, ойролцоогоор 400 гаруй зохиол монгол хэлнээ орчуулагдсан байна лээ.

-Та уг эрдмийн ажлынхаа ном зүйд “Цог” сэтгүүлд хэвлэгдсэн орос зохиолуудын нэрсийг хүртэл хавсаргасан юм уу?

-Би Оросын Төв номын санд их суудаг байсан. Тэнд эрдмийн ажилтай холбоотой янз бүрийн ховор ном зохиол захиалж уншиж судлахаас гадна эрдмийн ажилтайгаа холбогдуулан Дорно дахины номын салбараас нь “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлийн анх гарч эхэлсэн үеэс 1990 он хүртэлх бүх дугаарыг захиалан авч тэдгээр дээр нийтлэгдэж байсан орос хэлнээс орчуулсан бүтээлүүдийн жагсаалтыг хүртэл гаргах шаардлага гарч байлаа.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *