Categories
мэдээ цаг-үе

О.Чинбат: Шууданч цагдаагийн гол үүрэг бол албан бичгийг хүлээн авч бүртгэл хөтлөн, цаг хугацаанд нь хүргэх юм

Шууданч цагдаагийн нэг өдрийн ажилтай танилцахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт зохион байгуулалт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн алба хаагч, шууданч цагдаа цагдаагийн дэд ахлагч О.Чинбаттай уулзлаа.


Тэрбээр цагдаагийн байгууллагын улаан тамгатай энгийн болон нууц, маш нууц, онц чухал, яаралтай бичгүүдийг цаг хугацаанд нь найдвартай гараас гарт хүргэх хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагч аж.

-Шууданч цагдаа гэдэг албанд хэрхэн томилогдон орж байсан тухайгаа дурсахгүй юу. Ер нь цагдаагийн алба хаагч болох ажлын гараараа хэрхэн эхлүүлж байсан бэ?

-Манай том нагац ах маань цэргийн хүн байсан юм. Би хүүхэд байхдаа нагац ахыгаа дагаад байгууллага дээр нь очоод дүрэмт хувцастай, дэг журамтай хүмүүсийг хараад маш их бахархдаг байлаа. Тэгээд ахыгаа хараад том болоод цэрэг цагдаагийн алба хаагч болно гэсэн мөрөөдөлтэй болсон. Тэр мөрөөдөлдөө хүрэхээр хичээж явна. Би анх 2016 онд Олон нийтийн цагдаагаар ажлын гараагаа эхэлж байсан. Ингээд удалгүй 2017 оны гуравдугаар сард ахлагчийн дамжаанд явах болж, төгсөж ирээд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаагаар ажилласан. Тэгээд 2017 оны наймдугаар сард Улаанбаатар хотын цагдаагийн газар нэртэй байхад шуудан хүргэгч цагдаагаар томилогдоод гурав дахь жилдээ энэ ажлаа хийж байна. Залуу хүний хувьд ажлыг багаас нь эхлүүлсэндээ урамтай байдаг. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсаа өмсөөд хүмүүстэй “Амрыг эрье” гэж мэндчилээд ажиллаж байгаадаа их урам зоригтой байдаг. Одоо Түшээ дээд сургуульд эчнээгээр эрх зүйн ангид суралцаж байна. Цаашдаа цагдаагийн байгууллагадаа илүү сайн ажиллана гэж боддог.

-Мэдээлэл технологи хөгжсөн эрин үед шууданг биеэр зөөдөг цагдаагийн алба хаагч байгаа нь цаанаа учиртай байх гэж бодож байна. Шууданч цагдаагийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг юм бол?

-Миний ажил бол Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчдаас дээд шатны байгууллагууд болон харьяа газар, хэлтэс, тасаг төв байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргэх албан бичгийг хүлээн авч бүртгэл хөтлөн, цаг хугацаанд нь хүргэх үүрэгтэй. Нууц болон энгийн бүртгэлийн дэвтэр хөтлөнө энэ тэр гээд нарийн чухал ажил. Монгол шуудангаар илгээх тохиолдол ч байна. Хаягаар нь хүргэж өгсөн өргөдөл гомдол, албан бичгийн хариуг хүлээн авч буй хүнээр нь гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.

Өглөө ажилдаа ирээд бичгүүдээ бүртгэлд аваад яаралтай гарна. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас иргэд, албан байгууллагад хандсан яаралтай болон тодорхой хугацаатай бичгүүдийг цаг хугацаанд нь хүргэх бол миний гол ажил. Өдөртөө ачаалал ихтэй цагтаа 40-50 бичиг, ачаалал бага байвал 15-20 бичиг хүргэнэ. Яаралтай бичгээ хамгийн түрүүнд байгууллага, иргэнд хүргэж өгөөд үргэлжлүүлээд явдаг юм. Заримдаа өдрийн цайгаа уух завгүй байх үе ч олон байдаг. Бичгүүдээ аваад байгууллагадаа хамгийн ойроос эхлэн хүргэж өгөөд үргэлжлүүлээд автобусаар голдуу явдаг. Уг нь би дугуй унах дуртай. Даанч дугуйны зориулалтын зам, зогсоол хүрэлцээгүй учир унахаа больсон.

Мөн нэг хэсэг өөрөө машин бариад бичгээ хүргэж өгөхөд байрлуулах боломжгүй цаг их авдаг учир автобусанд суугаад хүргэх нь илүү амар байна. Анх томилогдоод байгууллагуудын байршил, иргэдийн гэрийн хаягийг олоход амаргүй байсан юм. Заримдаа яаралтай гээд таксидаад явах тохиолдол байна. Маш яаралтай хүргэх ёстой бичиг бас их гардаг . Ямар ч байсан миний гол үүрэг бол бичгийг хугацаа хожигдуулж ёстой болохгүй.

Цагдаагийн байгууллагын хүний нөөц, томилгоо, албаны шалгалттай холбоотой бичгүүд бол заавал албан тоотоор дугтуйтай хүргэж өгдөг. Иргэний хариутай бичиг бас олон байдаг. Энэ бичгийг заавал иргэнд хаягаар нь хүргэж өгөх ёстой учир иргэний хэлсэн газар нь хугацаанд нь хүргэж өгдөг. Иргэд утсаа авахгүй, хаяг нь тодорхой биш, ажлын бус цагаар гэрт аваад ир гэх тохиолдол гарах нь цөөнгүй. Өдөртөө амжиж хүргэх гээд гэрийнх нь хаягаар хүргэнэ.

-Иргэнд хариутай бичгийг яг гарт нь өгөх ёстой юу?

Тэгэлгүй яахав. Иргэнд өөрт нь өгөхгүй бол хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байдаг. Маш нууц, нууц, гарт нь гэсэн олон ангилалтай учраас энэ журмаараа хүрэх шаардлагатай байдаг юм. Би Нийслэлийн цагдаагийн газрынхаа ажлыг хэвийн явуулахад өөрийн чиг үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хувь нэмрээ оруулж, тус дэм болж байна гэж боддог. Бичгүүдээ хүргээд явж байхад, “Яаралтай бичиг байсан юм. Хугацаанд нь аваад ирсэнд баярлалаа” гэх талархлын үгнээс их урам авдаг. Ашгүй дээ гээд дараагийн бичгээ хүргэхээр явна. Ууртай цухалдуу хүмүүс ч цөөнгүй тааралдна. Олон жил ажиллаад ирэхээр байгууллагын хаяг байршилаа сайн мэддэг болоод ирдэг юм. Мөн иргэдтэйгээ хэрхэн ажиллах тухайгаа мэддэг болсон болохоор түүртэх зүйлгүй, алдаа гаргахгүй ажиллахын төлөө хичээж байна. Өдөржин алхаад хааяа хөл өвдөх үе байдаг ч маргааш өглөө нь эрч хүч дүүрэн ажилдаа ирдэг. Бүх бичгүүдээ эздэд нь хугацаанд нь хүргэчихээд ажил дээрээ буцаад ирэхэд их сайхан байдаг. Ээж минь намайг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагаар хамгийн их бахархдаг хүн. Бүх ээжүүд хүүгээрээ ингэж бахархдаг байх гэж би боддог. 2017 онд Нийслэлийн цагдаагийн газрын даргын баярын бичиг авахад ээж минь их баярласан. Би байгууллагынхаа шатар, даамны тэмцээнд оролцдог. Ноднин байгууллагынхаа 100 буудалт даамны аварга болсон. Сагсны тэмцээнд ороод хүрэл, хөлбөмбөгийн тэмцээнд ороод алтан медаль авсан гээд байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох дуртай. Энэ бүхэнд ээж минь их баярладаг. Ээжээрээ болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хамт олноороо маш их бахархаж баярлаж явдаг юм. Та нартаа маш их баярлалаа гэж хэлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *