АШУҮИС-ийн Олон улсын Сайбер их сургуулийн захирал анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.
-Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнүүд, тэр дундаа ундаа шүүсний чихэрлэгийн хэмжээ маш өндөр байдаг. Танай багийн хийсэн судалгааны үр дүнгээс бидэнтэй хуваалцана уу.
Манай баг 2015-2017 онд УБ хотын 2100 орчин сургуулийн сурагчдын чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалж үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа, ус, цай эзэлж байна. НЭМҮТ –өөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна. Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалтай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна.
Илүүдэл жин, таргалалтанд хүргэдэг олон хүчин зүйлийн нэг нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, тэр дундаа чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ юм. Сургуулийн орчинд зарагдаж буй шингэний дийлэнх нь чихэртэй, хийжүүлсэн ундаа, шүүс мөн чихэр, жигнэмэг, шоколад байдгийг бид мэднэ. Судалгаанд хамруулсан сурагчдын хувьд ялангуяа тарган, илүүдэ жинтэй хүүхдүүдийн ууж буй шингэний дийлэнх нь чихэрлэг ундаа, мөн чихэр,жигнэмэгийн хэрэглээ хэвийн жинтэй хүүхэдтэй харьцуулахад 2-5 дахин их байсан.
Бид импортын болон дотоодын үйлдвэрийн 39 нэр төрлийн чихэрлэг ундаанд агуулагдаж буй сахарын хэмжээг тодорхойлоход хийжүүлсэн ундаанд 100 мл-т 11.5г, жимсний ундаанд 11.0 г, амтлаг усанд 4.8 г, хүч тамирын ундаанд 14.9 г байсан. Ундааны шошгонд бичсэн сахарын агууламжийг хийсэн шинжилгээний үр дүнтэй харьцуулахад 13 бүтээгдэхүүнд сахарын агууламж шошгонд тусгаснаас 20 хүртэл хувиар өндөр тодорхойлогдсон.
Эдгээр үр дүнгээс харахад яаж энэ хэрэглээг бууруулах вэ, ууж буй шингэн дэхь сахарын агууламжийг хэрхэн хязгаарлах вэ гэсэн асуудал гарна. Үүний тул хэрэглэгчид болох хүүхдүүд, насанд хүрэгчид бид өөрсдөө “Зөв хэрэглээ”-нд сурах буюу ус, хярам, цай зэрэг чихэргүй шингэн уух, үйлдвэрлэгчид бүтээгдхүүнийхээ сахарын агууламжийг багасгах, шошгонд түүний агууламжийг зөв бичих нь чухал.
Чихэрлэг ундааны хэрэглээ маш их, таргалалт илүүдэл жин сүүлийн 5 жилд эрчимтэй нэмэгдсэн байна. Та бүхэн судалгаа хийж, чихэрлэг ундаанд татвар ногдуулах хэрэгтэй талаар зөвлөж байгаа юм байна. Татвар ногдуулсан бусад орны туршлага, амжилт юу байна.
ДЭМБ-аас 2016 онд бүх улс орнуудад хандан таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20%-ийн татвар ногдуулахыг уриалсан байдаг.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах замаар илүүдэл жин, таргалалттай үр дүнтэйгээр тэмцэхийг зөвлөмж болгосны дагуу АНУ-ын ихэнх муж, Австрали, Мексик, Чили, Дани, Финлянд, Норвеги, Франц, Их Британи, Ирланд, Номхон далайн арлын орнууд, БНСУ, Камбож, Өмнөд Африк зэрэг дэлхийн олон улсад чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулаад байна.
Эрүүл зохистой хооллолт, ус ундааны зөв хэрэглээ зэрэг ХБӨ-өөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн болон төсвийн бодлогын үр нөлөөг үнэлэх зорилгоор ДЭМБ-ын хийсэн сүүлийн үеийн 11 тойм судалгаанаас үзэхэд чихэрлэг ундааны татварын үр дүнд түүний хэрэглээ 20-50% буурдаг нь нотлогдсон байна. Татварыг чихэрлэг ундаанд тогтоон харин түүнийг орлох бүтээгдэхүүн жимс, ногооны хэрэглээг дэмжсэн нь тэдгээрийн хэрэглээг 10-30%-иар нэмэгдүүлдэг байна.
Тухайлбал, Мексик улс таргалалт, чихрийн шижингийн тархалттай дэлхийн хэмжээнд хамгийн өндөр улсад тооцогддог. Иймээс Мексикийн Засгийн газраас 2014 оноос чихэрлэг ундаанд 10%-ийн татвар ногдуулсан. Энэ татварын бодлогын үр дүнд дараагийн арван жилийн хугацаанд илчлэгийн хэрэглээг нэг хүнд хоногт 8.38 ккал-аар бууруулж, илүүдэл жингийн тархалт, чихрийн шижингийн өвчлөлийг бууруулах боломжтойг тооцоолон амжилттай хэрэгжүүлж байна. Мексик улсад чихэрлэг ундааны татвар нэмсэнээс хоёр жилийн дараа чихэрлэг ундааны худалдаанд хийсэн дүн шинжилгээгээр эхний жилд 5.5 хувь, дараагийн жилд 9.7 хувь буурсан. Мөн татвар ноогдуулсан бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-12 хувь нэмэгдсэн бөгөөд хэрэглээ 10 хувиар буурсан нь тамхины татвараас илүү үр дүнтэйг харуулсан. Нийтдээ чихэрлэг ундааны татвар 2014 онд нэмсэнээс хойш MXN 107.2 тэрбум ($5.7 тэрбум) болж өссөн байна. Мекскийн хувьд энэхүү нэмэлт орлогыг ундны усны хангамж нэмэгдүүлэхэд зориулж, тухайн орны бүх сургуулиудад цэвэр усны цорго суурилуулсан байна.
Чихэрлэг ундаанд татвар ноогдуулах тооцлолыг хэрхэн хийсэн бэ. Хэдэн хувиар татвар ногдуулах, түүний эдийн засгийн болон эрүүл мэндийн үр өгөөжийг хэрхэн харж байна. АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны баг 2015 оноос эхлэн чихэрлэг ундааны хэрэглээ, түүний эрүүл мэндийн эрсдлийн судалгааг эхлүүлсэн бөгөөд 2017 онд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран энэ судалгааны үр дүнд тулгуурлан чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах тооцооллыг хийсэн. Татварын тооцоолол хийхдээ хилээр орж ирсэн ундааны импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ, жижиглэлийн үнэ, борлуулалтын хувь зэргийг харгалзан олон улсад ашигладаг стандарт арга болох “TaxSim” загварыг ашигласан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах зөвлөмжийг 2016 онд өгсний дагуу манай улсын Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газарт чихэрлэг ундааны зах зээлийг судалж, татварын боломжит хувилбаруудыг тооцоход техникийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу АШУҮИС, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яамны бүрэлдэхүүнтэй гарч “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах” тооцооллыг хийж үр дүнг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг бид 2018 оны зургадугаар сарын 1-нд зохион байгуулсан. Тооцооллыг хамтрагч, хэрэгжүүлэг талууд эерэгээр хүлээн авч даруй хэрэгжүүлэх нь зүйтэй байгаа талаар санал, зөвлөмж гаргасан.
Бид чихэрлэг ундааны онцгой татварыг 10, 20, 30 хувиар нэмэхээр тооцож үзсэн. . Тухайлбал 20%-ийн онцгой татвар ногдуулахад л татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба улсын төсвийг мөн хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой. 20 хувийн онцгой татвар тогтоосны үр дүнд жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой тооцоолол гарч байна. Онцгой татвар ногдуулахын цаад мөн чанар нь үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловрсол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэдэг байна. Тэрнээс биш татварын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг шууд хязгаарлах гэдэг талаас харах нь өрөөсгөл бөгөөд ямар ч бодлого, шийдвэрийг зөв хэрэгжүүлэх, түүнд тавих хяналт их чухал.
-Манай улсын хувьд чихэрлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хэр өндөр байна вэ?
-Манай улсад чихэрлэг ундааны зах зээлд дотоодын үйлдвэрлэл голлох байрыг эзэлж байгаа. Дэлхийд чихэрлэг ундааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Кока Кола” компани 2001 онд Монгол Улсад салбар үйлдвэрээ нээснээр чихэрлэг ундааны дотоодын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Манай орны хүн амын нийт нас баралтын дотор зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 1/3 хувийг эзэлж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55%-ийг зөвхөн зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүд эзэлж, жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зөвхөн энэ өвчнийг эмчлэхэд зарцуулж байна. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Манай улсад чихэрлэг ундааны борлуулалт сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30%-иар, жимсний шүүстэй харьцуулахад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл эрс өссөн. Мөн Монгол Улсын 2012 оны өрхийн чихэрлэг ундааны зардлыг 2015 оныхтой хурьцуулахад 41 хувиар өссөн нь ноцтой үзүүлэлт. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэнд ноцтой үр дагавар хүрэхийг сэрэмжлүүлж байгаа баримт. Өвчилсөн үеийн оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх зардал нь асар их бөгөөд харин сэргийлэх, хамгаалах, хянахад чиглэсэн бодлогын зөв мөн цаг үеэ олсон шийдэл, шийдвэр нь зардал бага ч үр дүн нь хэмжээлшгүй их байдаг. Иймээс НЭМ-ийн салбарынхан бидний үүрэг бол бодлогын энэ мэт судалгааг хийн төр засгийн зүгээс оновчтой шийдвэр гаргах нотолгоог бүрдүүлэх, тэднийг энэ чиглэлд ажиллахыг шахах шаардахад чиглэдэг.
-Зөвхөн ундаа төдийгүй хүнсний боовон бүтээгдэхүүнүүд нялуун, чихэрлэг амттай байна. Ааруулыг хүртэл их чихэртэй хийх юм. Чихрийн агууламж өндөртэй бүх бүтээгдэхүүнд татварын бодлого хэрэгжүүлэх ёстой юу?
-Ер нь чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулснаар хаяг шошгон дээр тэмдэглэгээ хийх, мөн үнийн хувьд ялгаатай байдлаар хэрэглэгчдэд хүрнэ. Тиймээс хэрэглэгчдэд зөв сонголт хийж худалдан авах боломжийг олгох юм. Юуны өмнө чихрийн агууламж өндөртэй ундаанд татварыг ногдуулах замаар эхлүүлье гэсэн санаачилгыг судалгааны дүнгээс хамаарч гаргасан байгаа юм. Хүн өдөрт доод тал нь 1.5-2 литр шингэн уудаг. Гурилан бүтээгдхүүн боорцог, мөн аарц,ааруул, зайрмаг гэх мэт хүнсний бусад бүтээгдэхүүнийг бодвол хүний шингэний хэрэгцээ харьцангуй илүү байдаг учраас эхлээд юуны өмнө ундаа, шүүсэнд татвар ногдуулж эхлэх тухай хөндөх нь чухал. Цаашлаад дараа дараагийн чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд дээр яригдана. Хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Тэгэхээр өвчилсөн, хорхойтсон шүд, эмгэгшсэн эрхтэнтэй зууралдах бус түүний шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулах нь хамгийн зөв шийдэл. Энэ дашрамд дурдахад эрүүл элэг хөтөлбөрийн хувьд өвчилсөн элэгтэй хүмүүсийг эмчилж тэдний амьдрах хугацааг уртасгах, эрүүлжүүлэхэд асар их хөрөнгө зарахаас илүү эрсдэл болоод буй вирусийн халдвар тархах эрсдэл, замыг таслах нь гол анхаарах зарчим нь юмаа.
Чихэрлэг ундаанд татварыг улс орон бүр эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн болон нийгмийн орчноос хамааран олон түвшинд, олон хувилбараар тогтоосон байдаг. Зарим улс татварыг зөвхөн зөөлөн ундааг хамруулан тогтоосон байсан бол зарим нь нэмэгдэл сахартай бүх төрлийн ундаанд болон тэдгээрийг бэлтгэх түүхий эдэд ногдуулсан байгаа. Татварын түвшин улс орон бүрт өөр өөр байсан. Тухайлбал АНУ-ын янз бүрийн мужид татварын хэмжээг 0-7 хувиар тогтоосон байлаа. Онцгой татварын хэмжээ Бабадос, Камбож, Лаос, Соломоны арлууд, БНСУ-д 10 хувиар тогтоосон бол хамгийн өндөр түвшинг Өмнөд Африк (20 хувь), Бангладеш (25 хувь), Микронезийн холбооны улс (25 хувь), Кирибати (40 хувь) улсуудад тогтоосон. Номхон далайн арлын орнуудад чихэрлэг ундаанд импортын татвар тогтоосон байсан.
-Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хүний биед ямар хор хөнөөлтэй байгааг судалгаагаар тогтоосон уу?
-Чихэрлэг ундаа нь шимт чанаргүй бөгөөд энгийн нүүрс-ус ихээр агуулсан бүтээгдэхүүн юм. Чихэрлэг ундааны хэрэглээ илүүдэл жин, таргалалт, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Манай улсад таргалалттай холбоотой үүсдэг халдварт бус өвчнүүд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр эмгэгүүдийн шинэ тохиолдол 2004-2015 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт жил бүр 100 мянган хүн тутамд 500-гаас дээш тоогоор тохиолдож байгаа нь Монгол Улсыг зүрх судасны эмгэгээр нас барж байгаагаар нь дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд оруулж байна. Чихэрлэг ундаанд элсэн чихрийн нэмэлттэй бүх төрлийн зөөлөн ундаа, хийжүүлсэн ундаа, жимсний ундаа, кофе, цай, хүч тамирын ундаа, спортын ундаа, амтлаг ус багтдаг. Энэ төрлийн ундааны хэрэглээ нь зөвхөн хөгжингүй улс орнуудын төдийгүй бага болон дунд орлоготой улс орнуудын хүмүүсийн элсэн чихрийн хэрэглээний гол үүсвэр болоод байна. Зах зээлийн судалгааны бие даасан агентлагаас судлахад чихэрлэг ундааны 100 мл тутамд ойролцоогоор 4гр-аас 13гр хүртэл хэмжээтэй элсэн чихэр агуулагддаг. Чихэрлэг ундаа нь хэрэглэсний дараа бусад хүнстэй адил цадах мэдрэмж төрүүлдэггүй. Иймд хэрэглэчид чихэрлэг ундаанаас авсан нэмэгдэл илчлэгийг бусад хүнсний хэрэглээгээ бууруулах байдлаар орлуулдаггүй. Чихэрлэг ундааг хэт их хэмжээгээр уух нь энгийн нүүрс усны хэрэглээг ихэсгэдэг. Үүний үр дүнд цусан дахь триглиферидийн хэмжээ болон цусны даралт нэмэгдэж, өндөр нягтралтай липопротейдын хэмжээ буурч, зүрх судасны эмгэгийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Мэдээж шүдийг гэмтээхэд нөлөөлж байна. Ундаа, шүүс шүдийг хамгийн ихээр гэмтээдэг. Тэр тусмаа одоогийн хүүхдүүд шүд их муутай болсон нь ундаа, шүүстэй холбоотой байхаас аргагүй. Хүний шүд сайн биш байгаа бол хүний эрүүл мэнд төдийлөн сайн байхгүй нь ойлгомжтой.
-Хэрэглэгч нар чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг ялгаж таних боломж өнөөдөр манайд алга байна. Худалдан авагч нар энэ ялгааг хэрхэн таних ёстой юм бэ?
-Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах анхны алхам болох эдийн засгийн хувьд тохиромжтой арга болох чихэрлэг ундааны онцгой татварын системийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоогоор манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа чихэрлэг ундааны сахарын агууламжийг заасан стандарт, лавламж хэмжээ байхгүй байгаа.
Нөгөө талаас сахарын агууламжаар ялгаатай чихэрлэг ундааны дотоодын үйлдвэрийн болон импортын хэмжээ, худалдаа борлуулалтын статистик тоо баримт хангалттай байхгүй байгаа тул бид чихэрлэг ундааны татварын тооцооллыг хийхдээ уг бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээг харгалзан үзэх боломжгүй байсан. Цаашид статистикийн нарийвчилсан мэдээлэл бий болсон тохиолдолд сахарын агууламжаас хамааруулан татвар ногдуулах төрөл бүрийн хувилбараар тооцоолол хийх боломж бүрдэнэ. Хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгааны бодлогын үнэлэмжийг ярьж байхад хар шошготой бүтээгдэхүүн гэж байдаг юм билээ. Тэр бүтээгдэхүүн нь эрүүл бус хоолнууд гэдгийг шууд илтгэнэ. Хүүхэд тэрхүү шошгыг харснаар энэ нь эрүүл бус бүтээгдэхүүн байна гэж ойлгодог туршлага гадныханд байдаг. Манайд одоогоор тийм үйлчилгээ байхгүй учраас тодорхой шошгоны үйлчилгээг оруулах саналыг юуны өмнө тавьж байгаа.