Categories
мэдээ нийгэм

​О.Батхүү: Дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа DNN.mn


Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Нийслэлээс дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байна л даа. Цагдаа нар булан тохойд нуугдаж байгаад л торгууль бичиж иргэдийн халаас руу өнгийж байгаа энэ үйлдлийг хуульч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?

-1968 оны замын хөдөлгөөний тухай тухай Венийн конвенц байдаг. Үүнийг НҮБ-аас баталсан. Энэ конвенцод манай улс 1997 онд нэгдсэн. Өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг. Энэ конвенцийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт янз бүрийн дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээгээр зорчиход хязгаарлалт хийж болохгүй гэх үүрэг хүлээсэн.

-Засгийн газар конвенцод нэгдсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг үү?

-Олон улсын гэрээний тухай хууль гэж манайд бий. Энд Монгол Улсын хууль конвенцтой зөрчилдвөл конвенцыг нь дагах талаар тодорхой заасан байдаг. Конвенц бол Үндэсэн хуулийн дараа орох хүчинтэй бичиг баримт мөн. Манайх өнөөдрийн түгжрэлээс шалтгаалаад Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалт тогтоогоод иргэдээ торгож байгаа нь буруу. Илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа. Хоёрдугаарт, Европын холбооны улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай замын хөдөлгөөнд оролцоход замын цагдаа зогсоож болохгүй. Өөрөөр хэлбэл, конвенц дээр чөлөөтэй зорчуулна гэж тодорхой заасан байдаг. Өнөөдөр хууль зөрчсөн шийдвэр гаргаад л жолооч нарыг торгож, тээврийн хэрэгслийг нь журамлаад байна. Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүйг л далимдуулж явуулж байгаа үйл ажиллагаа.

-Өнөөдөр хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн дагуу олон мянган торгууль тавьж байна. Дугаарын хязгаарлалт зөрчвөл тэр дор нь 150.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг журамлаж байна. Энэ бүгд хууль зөрчсөн үйл ажиллагаа болж таарлаа.

-Тийм. Хэдхэн жилийн өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад нэгдүгээр эгнээгээр зорчиж яваад торгуулснаа хууль бус гэж шүүхэд хандсан байдаг. Улмаар торгуулийг нь хүчингүй болгосон жишээ бий. Тухайн иргэн шүүхэд хандахдаа 1968 оны конвенцийг барьж хандсан байдаг. Үүнд үндэслэж торгуулийг нь хүчингүй болгосон.

-Арилжааны банкууд зээлээс нэг хувийн татвар авч байсан нь хууль бус гэх шийдвэрийг Дээд шүүх сая гаргасан. Үүнтэй ижил жишээ юм даа. Торгуулсан иргэд шүүхэд хандаад нөхөн төлбөр авч болох нь.

-Банкны хувьд бол дотоодын хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа юм. Дугаарын хязгаарлалт бол Монгол Улсын нэгдэн орсон конвенцийг Засгийн газар биелүүлэхгүй байгаа хэлбэр. 150 мянгаар торгуулчихаад л конвенц барьж шүүхээр заргалдах нь хэцүү биз дээ. Тийм завтай ч хүн байхгүй болов уу. Гэхдээ дугаарын хязгаарлалт тогтоож, торгож байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *