Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батжаргал: Манай аймаг төсвөө өөрчлөх, тэлэх тал дээр бодлого баримтлан ажилладаг DNN.mn


Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргалтай ярилцлаа.


-Юуны өмнө аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүн байрт шалгарсанд баяр хүргэе. Танай аймаг сүүлийн дөрвөн жилд дандаа нэг, хоёрт явсан байна лээ. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Манай аймаг төсвөө өөрчлөх, тэлэх тал дээр нэлээн эрчимтэй бодлого баримталж ажиллаж байгаа. Энэ бодлогыг маань ч гэсэн Монгол Улсын Засгийн газар дэмжиж, засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд Дорноговь аймагт хэрэгжиж байна. Дээрээс нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэд бүтцийн салбарыг өргөтгөх ялангуяа төмөр зам, цахилгаан эрчим хүчийг өргөтгөх асуудал явагдаж байна. Энэ хүрээнд шинэ үйлдвэрийн барилгын ажил ид явагдаж байна. Хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн барилгын ажил эхэлчихсэн. Та бүгд мэдэж байгаа 2022 оны гуравдугаар сарын 11-нд нээлтээ хийсэн. Шивээ хүрэн Зүүнбаян чиглэлийн төмөр зам арванхоёрдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн. Найман сарын хугацаанд 226км төмөр зам барьж БНХАУ-тай өргөн нарийн царигаар нэвтрэх бүрэн боломжийг хангасан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээд дэвшүүлж байгаа боомтын зэрэглэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр бид Замын-Үүд боомтыг өргөтгөх ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. 2012 оноос хойш хэрэгжүүлээд явж байгаа энэ боомтын дахин төлөвлөлтийн ажлууд амжилттай хэрэгжиж энэ жил Замын-Үүд боомтын зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулсан. Ингэснээр нийт зам талбай байгууламжийн хүчин чадал нь дөрөв дахин нэмэгдэж, иргэдийн болон зорчих тээврийн хэрэгслийн нэвтрэх боломжийг нэмэгдүүлсэн.

Замын-Үүд боомт дээр өргөн нарийн царигаар дөрвөн салаа замыг БНХАУ руу тавьж төмөр замаар орж ирэх транзит болон улс хоорондын ачаа тээврийг нэвтрүүлэх боломжийг атгаж чадсан байгаа. Харин төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Замын-Үүд боомтод шингэн түлш шилжүүлэн ачих хорин мянган тонн багтаамжтай цоо шинэ байгууламжийг ашиглалтад оруулсан.

-Энэ нь танай аймгийн эдийн засагт их нөлөөлөх үү?

-Энэ нь ганц манай аймгийн эдийн засаг ч биш улсын эдийн засагт хамгийн тулгуур салбар болж байгаа эрчим хүч, түлш, зам харилцаан дээр том ахицыг гаргаж чадсан гэж бодож байна. Дээрээс нь Дорноговь аймаг дээр дурдагдсан гол үзүүлэлтүүдээсээ гадна шудрага ил тод байдлын үнэлгээ, хүнд сурталгүй байдлын үнэлгээ хөрөнгө оруулалтад ээлтэй орчинг бүрдүүлж байгаа гэдэг ийм үзүүлэлтүүд томоохон жинг дарж байгаа. Цаашлаад Дорноговь аймаг маань илүү боловсруулж, баяжуулах үйлдвэрийн салбарыг дэмжиж байгаа гэдгээрээ онцлогтой. Дорноговь аймаг жилдээ 1 сая тн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн бусад төрлийн баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Аль болох бид эх орны баялгийг баяжуулах, боловсруулах цаашлаад эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр илүү төвлөрч ажиллаж байгаа. Энэ бас нэг үзүүлэлт болж байна уу гэж харж байгаа. Дээрээс нь цар тахлын хүнд нөхцөл байдлыг даван туулахад ААН, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, сэргээж, дэвшилт үзүүлэх нөлөө нь харьцангуй эерэг үзүүлэлт рүүгээ шилжиж улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого бүрдэлт энэ жил манай аймаг 100 хувь биелэлттэй төвлөрүүлж чадсан. 2021, 2022 оны улсын төсөвт төвлөрүүлэх төсвийг төвлөрүүлж өгсөн. Дээрээс нь дамжуулан зээлдэх гэж аймаг болгонд яригддаг суурь дэд бүтцийн дулааны эх үүсвэрийг тэлэх эрчим хүчний эх үүсвэрийг тэлэх хөтөлбөрийг бид амжилттай хэрэгжүүлсэн. Дамжуулан зээлдэхээ бас төлсөн.

-Өөр ямар ажлууд хийв?

-Мөн хот хөдөөгийн зэргэлдээ бодлогын хүрээнд хот суурины ариутгах татуургыг шинэчлэх, шинээр цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлхээр барилгуудаа бариад явж байгаа, анх удаа орон нутагт түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө батлаад, орон сууцаа бариад, төсвөө тавиад орон сууц маань ашиглалтад орохоор түрээсийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад явж байна. Үр ашигтай засаглалын байдлаараа нэлээн дээгүүр үнэлгээ авсан. Дорноговь аймаг аль болох хүнд сурталгүй нээлттэй, ил тод, төсвийн хөрөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах, урт удаан хугацаанд үр шимээ өгөх илүү нийгэм нийт рүү чиглэсэн байдлаар зохион байгуулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаа. Өөр олон үзүүлэлтүүдийг ярьвал бий л дээ. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААН байгууллага иргэдийн үзүүлсэн томоохон амжилтыг эдийн засгийн судалгааны хүрээлэн хараат бус хөндлөнгийн байгууллага дүгнэж байгаад бид бас талархалтай байгаа.

-Хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр ямар ямар ажил хийж байгаа вэ?

– Дорноговь аймаг хөрөнгө оруулалтын хувьд бусад аймагтай харьцуулахад харьцангуй нээлттэй бодлогыг баримталж байна. Аль болох зөвшөөрөл олгож, төрөөс гаргадаг засвар баримт бичгийг түргэн шуурхай шийдвэрлэх, дээрээс нь хариуцлагатай уул уурхай үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр илүү боломжийг эрэлхийлж ажилладаг. Зам харилцаа, дэд бүтцийг өргөтгөснөөрөө худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүст ачаа бараа таваарыг түргэн шуурхай нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Цар тахлын үед хил хаалттай хүнд хэцүү байсан ч бид анх удаагаа Шандмандлын хилийн боомтоор гурван сая гаруй тонн экспортыг хийж чадсан. Замын-Үүд боомтоо өсгөж чадсан байна. Замын-Үүд боомтоор орох ачаа тээврийн хэрэгслийг бас нэмэгдүүлж чадсан. Дээрээс нь нийгмийн шинжтэй ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд залуучуудын соёл боловсролын үйл ажиллагаанд чиглэсэн олон талт арга хэмжээг авч, өнгөрсөн 2022 онд бид “Нүүдэлчин Монгол 2022” томоохон наадамд амжилттай оролцож, Монгол улсынхаа соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлах, сурталчлах ажлыг эхлүүлж, 21 аймгаас гуравт шалгарсан. Энэхүү үнэлгээ маань нийгмийн олон салбар руу жигд анхаарч хөгжлийг аль болох тогтвортой байлгах дээр жигд анхаарч байна гэх үзүүлэлт нь арай давуу үнэлгээ авсан юм байна гэсэн дүгнэлттэй байгаа. Товчхондоо ийм л байна даа.

-Замын-Үүдэд бас тээвэрчид нэлээд хувийг эзэлдэг шүү дээ. Тээвэрчидээ дэмжсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Чингэлэг тээврээс болоод жолоочид хөдөлгөөн өрнүүлээд мэдэгдэл хийгээд байсан шүү дээ, асуудлыг яаж шийдэв?

-Чингэлэг тээврийн асуудал БНХАУ-ын ковидын бодлоготой холбоотойгоор задгай ачааг оруулахгүй гэдэг шийдвэр гаргасан үүнээс болоод чингэлэг тээвэр эхэлсэн. Чингэлэг тээвэр нэг хэсэг их оочер дараалалтай байсан ч сүүл рүүгээ чингэлгүүд маш ихээр орж ирсэн эргээд буцаагаад чингэлгээ гаргах асуудал хүндрэлтэй байсан. Гол нь Хятадын тал өдөртөө тодорхой тооны машины хязгаар тавьж ажилласантай холбоотой. Бид аль болох цар тахлын үеийн ганц том боомт Монгол Улсын бусад боомтуудтай харьцуулахад өдөртөө нэвтэрч байгаа машины тоо цар тахлын үед харьцангуй өндөр, одоо ч мөн өндөр хэмжээнд байлгах гэж чармайж байгаа. Саяхан бид Хятадын талтай ярьж байгаад Замын-Үүд боомтыг ердийн горимд шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Зорчигчид хэвийн нэвтэрч, тээврийн хэрэгслийн орж гарах тоо өдөртөө нэмэгдэж байна. Цаад талд ачааны тээврийн хэрэгслийг хүлээж авах том талбай байрлуулдаг газар бий. Уг газарт нь ачаанд ороход бэлэн болсон 800 гаруй машин байх жишээний ачаа дүүрсэн нааш гарахад бэлэн болсон 500 гаруй машин байх жишээтэй. Аль болох бүх багтаамжаараа хүлээж авья гэдэг байдалта бид байгаа боломжоо эрэлхийлж тээвэрчдийн асуудлыг шийдэж байна. Хил нээгдсэнтэй холбоотой олон мянган тээврийн жолоочид урагшаа гарахаар Замын-Үүдэд очсон. Гэнэт нэг дор олон машин, хүн цугларсан учраас оочер дарааллын хувьд хүлээгдэх үүнээс шалтгаалаад зарим мэдээллийн дутуу байдлаас болоод жолооч нарын дунд үл ойлголцол, бухимдал үүсэх зэрэг тохиолдолд бид шуурхай арга хэмжээ авч, оочер дараалалд нь оруулж жолоочдын үйл ажиллагааг авто тээврийн байгууллага, цагдаагийн байгууллага, хяналтын байгууллагатай хамтран хилээр нэвтрэх орох гарах энэ үйл ажиллагааг урд талын тавьж байгаа нөхцөл, цаад хүчин чадалтай нь уялдуулаад зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа.

-Өвөлжилтийн нөхцөл байдал хэр байгаа вэ. Малчдадаа чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өвөлжилтийн нөхцөл байдлын хувьд өнгөрсөн зуншлага их тааруу болсон. Ялангуяа урд талын зургаан сум намаржаа их тааруухан болсон. Хэдийгээр хангайн аймгийг бодоход цас бага ч хүйтний эрч, салхины эрч чанга байсантай холбогдуулан мал эцэж турах, ядрах, зарим тохиолдолд уруудах зэрэг асуудал гарч Монгол оронд болж буй зудын энэ байдалд эрсдэлтэй аймгуудын тоонд орсон байгаа. Үүний дагуу бид мөн сумдуудад өвс тэжээлийг хангалттай тарааж, иргэддээ аль болох хямд төсөв өртгөөр өвс тэжээл нийлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа. Сум болгон өөрсдийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг хэвшилтэй болсон. Сумдуудад УОК-оос 3000 боодол өвс өгсөн. Өвсөө байвал зохих хэмжээнд нөөцөө бүрдүүлээд иргэддээ хуваарилаад дахиад өвс ирвэл нөөцлөх хэмжээний болсон. ААН байгууллагуудадаа ч мөн уриалаад, дэмжлэг туслалцаа малчдад чиглэсэн хандивын аяныг өрнүүлээд явж байна. Аймгийн нөөцөд багагүй нөөцийг татан төвлөрүүлээд эхний ээлжинд 12-1 дүгээр сарын онцгой хүйтрэлийн үеэр малчдадаа өвс тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олголоо. Хоёрдугаар ээлжинд өвс татан байршуулж ирэх долоо хоногоос сум болгонд өвс тэжээлийн дэмжлэг өгөх хуваарилах ажил ид явагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *