Өнөөдөр залуу хуульчдын “Хос дэнс” клубээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тус клубээс өмнө нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд намынхаа их хурлыг зохион байгуулахдаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц болон Авлигатай тэмцэх газар хандаад байсан юм.
Гэвч Авлигатай тэмцэх газраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ял завшихыг оролдсон гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлд гомдол гаргаж буй юм байна.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд МАХН-ын Их хурал зохион байгуулж, өөрөө намын дарга болсон. Энэ хурлаа зохион байгуулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас зөвшөөрөл авсан байна. Гэвч хуулийн хэрэгжилтийн талаар хурал зохион байгуулна гэж зөвшөөрлөө авсан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар дахин Авлигатай тэмцэх газарт өгч байгаагаа онцоллоо.