Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Төр нь хэзээ ч тагнуулчдаа илчилдэггүй юм, дэлхийн түүхэнд тагнуулын даргаар ажилласан хүн шоронд суусан гэж би сонсоогүй

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Та улстөрчийнхөө хувьд энэ сонгуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Юуны өмнө надаас орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаарх байр суурийг минь сонирхон асууж байгаад баярлалаа. Би найман жил УИХ-д сонгогдон ажиллаж байсны хувьд улстөрч гэж хэлүүлж болох ч одоо би улс төрийн аливаа нэгэн идэвхтэй үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Цаашид ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах эсэхээ хэлж мэдэхгүй байна. Тиймээс таны асуултад улстөрч гэхээсээ илүү иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд хариулсан нь зөв байх гэж бодож байна. Сонгуулийн үеэр АН-ын зүгээс ноцтой бичлэг болон гомдол саналуудыг хуулийн байгууллагад олноор гаргаж өгсөн. Гэвч нэг намын хатуу хяналтад байдаг хууль шүүхийн байгууллага нь шийдвэрлэж чадахгүй удаашруулж байгаад сонгуулийг дуусгах шив дээ.

-Гэхдээ та улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч АН-ын аль нэг даргатай ойр байгаа биз дээ?

-Би 1994 онд АН-д элсэж намын гишүүн болсон. 2011 онд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр тэргүүтэй хүмүүстэй нийлж МАХН-ыг үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудан зүтгэж, тухайн намыг нэг хүний, гэр бүлийн нам байлгахгүйн төлөө ардчилсан үзэлд суурилсан цоо шинэ гуравдагч хүчнийг үүсгэн байгуулах гэж зүтгээд чадаагүй. Тиймээс Ардчилсан намынхаа гишүүнчлэлээ дахиж сэргээсэн. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байсан гэдэг утгаараа АН-ын аль нэг дарга гэлтгүй бүх гишүүдтэй ойлголцоод зарим нэг хүмүүстэй нягт харилцаа холбоотой байгаа.

-АН дотроо олон шинэчлэлийн ажил хийсэн гэж байгаа ч нийслэлд томоохон ялагдал хүлээлээ. Одоо АН сэргэн мандахад юу хэрэгтэй вэ?

-Ялагдсан нам учраас хэн дуртай нь юу дуртайгаа ярих бололцоог өөрсдийгөө улстөрч гэж ярьж байгаа тэдгээр хүмүүст олгож байгаа байх.

Би1997 оныг санадаг юм. МАХН сонгуульд ялагдсан. Намын байр нь эзэнгүй. Өөрийгөө МАХН гэж хэлэхээс ичдэг хүмүүс байсан. Нам гэдэг мэдээж үзэл санаанд тулгуурлах нь зөв. Гэхдээ шууд бус боловч зайлшгүй нөлөөлдөг таван хүчин зүйлээс нам оршин тогтнох эсэх нь цаашид хамаардаг. Хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага, санхүү, ард түмний сэтгэлд хоногшсон нэр, лидер буюу удирдлага. Энэ таван зүйлээс хамаарна. МАХН хэцүү байдлаас гарахад М.Энхболд, Н.Энхбаяр тэргүүтэй 40 залуу ахмад үетэйгээ ойлголцон гарч ирсэн. 2016 онд дахин цус сэлбэсэн. Харин АН-ын хувьд өнөөг хүртэл ийм алхам шинэчлэл хийж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө ялалтыг дахин баталгаажуулахын тулд АН-ыг бүрэн хяналтандаа байлгаж, гишүүдийн хэлэх үг, хийх ажлыг заах нь холгүй байгаа энэ үед шинэчлэл ярих зоригтой хүн ер нь байгаа гэж үү.

-Та эхний асуултад цаашид улстөрч байх эсэхээ одоогоор мэдэхгүй байна гэж хариулсан. Таны хувьд харьцангуй залуу хүн. Цаашид улс төрийн карьераа үргэлжлүүлэх байх гэж олон хүн харж байгаа байх?

-Би улс төрд ороод найман жил явлаа. Одоо ард түмэн О.Баасанхүү хэрэггүй гэж байна шүү дээ. Сонголтоо хийлээ. Хэрэггүй гэж байгаа юм бол би хувийнхаа юмыг хийгээд л явна шүү дээ. Хэрэгтэй гэвэл тэгээд цаашаа үргэлжлүүлээд л явна. Бүх сонголтыг ард түмэн л хийнэ. Ард түмэнд өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сумъяабазар нар хэрэгтэй байна. Дэлхий даяар өвчин тараасан гэж Хятадаас нөхөн төлбөр авах ёстой гээд нэгдээд явж байна. Австралиас эхлээд нүүрсээ зарах яах вэ гэж Хятадын өөдөөс дуугарч байхад ганцхан бид л оччихсон 700 саяыг чинь авъя аа, танай дагавар улс шиг байя аа, нүүрсийг минь аваарай, дэлхий ямар хамаатай юм, бид л болж байвал болоо гэсэн маягтай байна. Манай гадаад бодлого ингэж л явж байна. Ийм бодлоготой хүмүүсийг ард түмэн дэмжээд хүсээд байна шүү дээ. Бид нар 300 жил Манжийн дарлалд байсан. Тухайн үед ганц нэгээрээ тэмцэж байсан ч нийт ард түмнээрээ бол тэмцэх сонирхол байгаагүй шүү дээ. Харин Богдыг аваачаад хийчихсэн чинь нийт ард түмнээрээ тэмцсэн. Тэрэн шиг манай монголчууд амьдрал ямархуу байна гэхээр, амьдрал болж байна аа, болж байна гэдэг. Муусайн ардчиллынхан хогийн хүмүүс. Хуучин гоё байж шүү гэж захын хүмүүс ярьж байна. Юу нь гоё байсан юм гэхээр, ажилтай байсан гэдэг. Тэр гоё байсан амьдралыг яаж мэддэг юм гэж асуухаар, би 1980 оных гэдэг. 10-хан настай бацаан байж өмнөх амьдралыг мэдээд байгаарай. Тийм биз. 1970, 1980 оныхон чинь ер нь галзуурчихсан байна лээ ш дээ. Хуучин нийгмийг хүсээд байна гэдэг бол тэжээлгэх сонирхолтой байна гэсэн үг. Ийм байгаа үед улс төр хийх нь утгагүй байхгүй юу. Үүнийг өөрчлөх нэг л алхам байна. Тэр нь юу гэхээр, нэг хүн юу ч хийж чадахгүй. Харин хийж чадах массыг цуглуулж чадна. Тийм учраас би цаашдаа хийж чадах массыг цуглуулъя гээд зориод явж байна. Халтмаагийн Баттулгын хэлсэн үгийг дандаа бодож байна. Мөнгөгүй бол чи эрх мэдэлгүй, эрх чөлөөтэй гэж. Би энэ үгнээс юуг ойлгож авч байгаа вэ гэвэл, мөнгөгүй байсан учраас хурд хүчээ гаргаж чадаагүй. Тухайн үед нэр нь муу байсан хүмүүстэй уулзаж, мөнгө төгрөг олж өгөөч, намын хурал хиймээр байна гэж явсан. Ард түмэн тэр хоёр минутын бичлэгийг сонсоод огиудас нь хүрсэн байх. Би дахиад хэлье. Битгий санаа зов. Бид маш том баг, хүч гаргахаар ажиллана. Тэрийг цаг хугацаа харуулна. Хэрвээ чи ухаантай бол чамаас олон тэнэг хүн байсан ч хамаагүй, ухаантай гэдгээ л батал. Энэ зарчмаар л явах хэрэгтэй. Цаашдын миний карьер гэдэг ойлголт бол би тэр багийг бүрдүүлж чадах уу, тэр яриад байгаа санхүүгийн асуудлаа шийдэж чадах уу, яриад байгаа олон улсын хэмжээнд гаргасан бодлогыг тодорхойлж чадах уу гэдгээс хамаарч явна уу гэхээс хоёр удаа парламентад сонгогдоод ажиллаад үзсэн над шиг хүн Төрийн ордонд орох гээд л гишүүн болох гээд явах миний нэгдүгээр зорилго биш байхгүй юу.

-Одоо асуултаа арай өөр тийш нь чиглүүлье. Танаас хуульч хүний тань хувьд асуух асуултууд байна. Та сүүлийн үеийн олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ. Жишээлбэл, саяхан Жастын Батхүүгийн гэх хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурал 13 хоног үргэлжлээд дүнгээ гаргасан. Хуульч хүнийхээ хувьд юу гэж харсан бэ?

-Миний санаж байгаагаар Жастын Батхүүгийн гэх хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Харин Батхүү нь Төрийн банкинд тодорхой бичиг баримт хуурамчаар үйлдэн Г.Алтан гэдэг хүнтэй нийлж мөнгө төгрөг залилсан гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг нь үргэлжлүүлэн шалгасан гэж би ойлгож байгаа. Хавтаст хэргийг нь нарийн уншаагүй учраас хэргийн талаар нарийн хэлж чадахгүй байна. Одоо Шүүхийн шийдвэрийг хөндлөнгөөс харах юм бол, хэрвээ Г.Алтан гэж хүн цагаадах нь үнэн бол нэгдүгээрт, Төрийн банкнаас мөнгө залилсан гэдэг нь худлаа болно. Тэгэхээр Төрийн банк Г.Алтанд мөнгө өгөх юм шиг байна. Хоёрдугаарт, Ш.Батхүү гэдэг хүний хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлгож болно. Тэгэхээр цаашдаа энэ хэрэг хэрэг биш болох байх. Би баталгаатай нэг зүйл яриад байгаа нь хэн нэгнийг шоронд хийх нь гол нь биш, хохирлыг төлүүлэх нь чухал шүү дээ. Харин Ш.Батхүүд хохирол төлүүлэх хөрөнгө мөнгө байхгүй. Мөнгөгүй байсан учир мөнгөтэй болж өрөө төлөхийн тулд Стандарт банкнаас зээл авсан гэж харсан. Өнөөдөр Ш.Батхүүгээс авах юу ч байхгүй байхад хөрөнгийг нь зарна, худалдана гээд яриад байгаа. Жишээ нь, Хадгаламж банкийг зарах юм уу, Төрийн банк болчихсон шүү дээ. Шатахуун түгээгүүрийн газрыг нь зарах юм уу, тэрийг нь аль хэзээний Оросын банк авчихсан шүү дээ. Одоо өөр ямар өмч байгаа юм. Мах маркет нь өчүүхэн, хэдхэн тэрбум төгрөг ч хүрэхгүй. Тэрийг нь бас өөр хүнд зарчихсан гэсэн биз дээ. Ганц хоёр орон сууц, байр байдаг юм уу мэдэхгүй байна. Хэдэн орон сууцны барилга байлаа гэхэд тэр нь зарагдчихсан, одоо хүмүүс нь амьдарч байгаа байлгүй дээ. Уг нь энэ хэргийг нарийн судлах ёстой. Харамсалтай нь шүүх ийм шийдвэр гаргаж байна. Дараа дараагийн шийдвэрийг харъя даа.

-ЖДҮ-ийн гэх хэрэг дээр ганц нэг нь ял аваад, ихэнх нь хариуцлагагаас мултарчихлаа шүү дээ. Таныг гишүүн байхдаа ЖДҮ-ийн хэрэгт байр сууриа илэрхийлж, араас нь хөөцөлддөг байсныг санаж байна?

-Би УИХ-ын гишүүн байхдаа авлига албан тушаалын хэрэг, ялангуяа тодорхой улс орныг сөхрүүлсэн хэргүүдийн асуудлаар байр сууриа илэрхийлэх, Авлигатай тэмцэх газар гомдол санал өгөх, ажлын хэсэг байгуулахыг шаардаж, ажлын хэсэг байгуулуулж байсан. Үүний нэг жишээ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудаар зээл авсан хэрэг юм. Мөн Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудал байна. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн тухайд, тухайн үеийн УИХ-ын 49 гишүүн ЖДҮ-ийн сангаас албан тушаалын байдлаа ашиглан зээл авсан. Албан тушаалын гэмт хэргийг хоёр үндэслэлээр тогтоодог. Өөртөө давуу байдал олгосон уу, бусдад давуу байдал олгож өгсөн үү гэж. Б.Ундармаад торгох ял өглөө. Тэр хүнд ЖДҮ-ийн хэргээр ял өглөө. Хорих ял аваагүй, торгох ял авсан. Гэтэл бусад гишүүд нь хаана байна. Хууль хүн бүрт тэгш бөгөөд шударга үйлчлэх ёстой. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс төрийн эрх мэдэлд орж болохгүй. Парламентад байгаа тодорхой гишүүд нь Авлигатай тэмцэх газарт нэр нь бүртгэлтэй, хавтаст хэргүүд нь шалгагдсан байдалтай байгаа ч Авлигатай тэмцэх газрынхан энэ хүмүүсийн хэргийг цааш явуулдаггүй, хэрэг бүртгэлтэй хэрэг гэсэн нэр зүүчихээд яллагчаар татдаггүй ийм л байдалтай байгаа ш дээ. Хэрэг нь цааш явахгүй байгаа нь хэнд ашигтай вэ гэвэл нөгөө эрх мэдлээ өөрийнхөөрөө шийдэх сонирхолтой төрийн өндөрлөгүүдэд ашигтай. Барьцаанд байгаа хүмүүс чинь төрийн өндөрлөгүүдийн өөрсдийнх нь хүссэнээр л ажиллана биз дээ. Аливаа хэргийг нэгэнт нотолгоо баримт нь байгаа үед прокурор, Авлигатай тэмцэх газрынхан нь шалгаад хэн ч байлаа гэсэн хэргийг эцэслэн шийдэх ёстой. Энэ чинь шударга ёс болохоос биш хүнд, хөнгөн ял авах нь чухал биш. Эцэслэн шийдвэрлэдэг байх нь чухал. Би тэгж үздэг. Өнөөдөр шударга ёс ярья гэвэл хуулийг сонголттой хэрэглэдгээ больчих хэрэгтэй. Монголд хууль үйлчилдэг бол бүх хэрэг шийдвэрлэгддэг болно. Бид чинь гуравхан саяулаа учраас хэн ямар юм хийснийг бүгд мэдэж байгаа. Баасанхүү хаана юу хийж байгааг мэдэж байгаа, Х.Баттулга хаана юу хийж явааг мэдэж байгаа, Ц.Нямбаатар юу хийж байгааг бүгд мэдэж байгаа. Хэргийг шийдвэрлэхгүй байдалд нийгмийн нэг хэсэг иргэд бухимдаад, нөгөө нэг хэсэг иргэд нь тоохгүй байдал ажиглагдаж байна л даа. Яагаад зарим иргэд тоохгүй байна гэхээр, за бүгдээрээ л адилхан хулгайч шүү дээ гэж яриад байгаа.

-Тухайн үед салбарын сайд нь байсан Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөнд маш олон хүн шүүмжлэлтэй хандсан…

-Хуульд байгаа боломж гэж байдаг. Тэр хүн гэм буруугаа зөвшөөрөөд харилцан тохиролцоод бүх ЖДҮ-чидээ илчлээд явж байгаа хүн. Тэр хүн олон гэмт хэргийг илчилж өгсөн гэдгээрээ шоронд заавал суухгүй байж болно. Одоо ЖДҮ яахав. Энэ Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Эрдэнэтийн шахаа, олон тендерүүдээ яах юм. Тэр бүү хэл улайм цайм нүдэн дээр мөнгөний хахууль өгч гардуулчихаад өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй л явж байна. Ард түмэн шударга ёсыг хүснэ гэдэг хуулийг сонголттой хэрэглэдэггүй болгоод, би хулгай хийвэл шоронд ордог, тэр хулгай хийвэл шоронд ордог ийм л ёсыг хүсээд байна. Шударга бус байдал зөвхөн хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байдаг.

-УИХ-ын сонгуулийн өмнө улстөрчдийг бөөнөөр нь барьж хорих ажиллагаа үргэлжиллээ. Энэ асуудлын цаана юу болоод өнгөрөв гэж та харсан бэ?

-Гол нь энэ улстөрчдийг шалгасан хэрэг нь өөр, ялласан байдал нь өөр байгаад гайхаад байна. Тэгэхээр энэ хэргүүд эргэлзээтэй гэсэн үг. Санжийн Баяр, С.Баярцогт нарыг Оюу толгойн асуудлаар шалгалаа гэж байсан. Хэрвээ Оюу толгойн асуудлаар шалгаад ял өгсөн бол Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал яригдана. Гэтэл Оюу толгойн асуудлаар биш өөртөө давуу байдал тогтоосон, мэдээлэлд ойроо ашиглаж хувьцаанаас ашиг олсон гэж огт өөр юмаар яллачихлаа. Жаргалтулгын Эрдэнэбатын хэргийн тухайд мөн надад хэвлэлд байгаа мэдээлэл л байна. Би хавтаст хэргүүдийг нь үзээгүй учраас нарийн ярих боломжгүй байгаад байна. Түүнд “нөхөн төлбөрийг олгохын тулд тодорхой лицензүүдийг шилжүүлсэн” гэдгээр ял өгчихлөө. Бас л түүний хэрэг дээр шалгасан асуудал, ялласан байдал хоёр нь өөр байна. Тэгэхээр л энэ хэргүүд нөгөө хонгил юм шиг л санагдаад явчихаж байна л даа.

-Удахгүй Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийн шийдвэрлэлт явагдах гэж байгаа. Та энэ хэрэг дээр байр сууриа илэрхийлэх боломжтой юу?

-Би 2016-2020 онд алуурчин гэж нэрлэгдэж байгаа Содномдаржаа, Чимгээ нарын амьдарч байсан газраас нь УИХ-ын гишүүнээр сонгогдож гарсан. Тэр үед чинь жижигрүүлсэн тойрог байсан учраас би яг тэр Их залуу гэдэг багаас нь гарсан. Тэгэхээр надад энэ хэргийг анхаарах шалтгаан байгаа биз. Би Ц.Хурц гэж хүнд хэлж байсан юм. Та бол жинхэнэ генерал юм даа гэж. Яагаад би энэ хүнийг жинхэнэ генерал юм даа гэж хэлсэн гэвэл Чимгээ, Содномдаржаа нарыг гэмт хэрэг хийсэн гэдэгт эргэлздэггүй. Гагцхүү гэмт хэргийг илрүүлэхдээ хууль зөрчих, эрхээ хэтрүүлсэн байна гэж боддог. Би нэг юмыг гайхаад байдаг юм. Энэ хэргийг яагаад ил болгодоггүй юм бол гэж. Нөгөө талынхан нь ганц л юм хэлдэг шүү дээ. Энэ хэрэг илэрсэн юм бол одоо олон нийтэд ил болгочихооч ээ гэж. Тэр үед Булган юу гэж ярьсан юм, Чимгээ, Содномдаржаа юу ярьсан юм бол. Шинжээч, гэрч нь бас юу ярьсан юм бол гээд бүгд энэ тухай мэдмээр байна. Гэтэл гэмт хэрэгтнүүдийг шоронд зургаа хоног хорьсон тухай асуудлыг хараад л бид ёстой аймшигтай гээд л яриад байгаа. Нэг талынхны тайлбараар насанд хүрээгүй хүн хэрэг хийдэггүй, малчин жолооч хэрэг хийдэггүй гээд л яриад байдаг. Малчин байсан ч юм уу, үгүй ч юм билүү хэн ч мэдэхгүй ш дээ. Тухайн үеийн 1998 оны мөрдөгч нарыг гайхалтай сайн мөрдөгч нар байсан гэж яриад байдаг. Би гайхалтай сайн байсан гэж бодохгүй байна. Тэр үеийн мөрдөгчдийг одоогийн мөрдөгч нарын хажууд бол хурууны хээгээсээ дээшээ ахихаар технологи байгаагүй шүү дээ. Гадаад, дотоодод сургууль төгсөөгүй. Оросын школоос өөр юм байхгүй. Юугаараа гайхалтай байгаад байгаа юм. Үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Анхны шинэ Эрүүгийн хуулийн хуульч нар чинь бид нар. Би 1993 онд Их сургуульд орсон. 1995 онд намайг оюутан байхад анхны шинэ Эрүүгийн хууль гарсан. Би 1997 оны өмгөөлөгч гэдэг чинь анхны шинэ Эрүүгийн хуулийн өмгөөлөгч. Ер нь энэ хэрэг хэзээ нэгэн цагт нарийн илрэх нь ойлгомжтой. Өвөө нар тэтгэвэртээ гарч, нөлөөлөл нь зайлж байж л энэ хэрэг тодорхой болно гэж боддог.

-Ер нь энэ хэргийн үр дүнг юу гэж харж байна?

-Энэ хэрэг шүүхээр яаж ч шийдэгдэж болно. Чимгээ, Содномдаржаа нарыг суллаж болно. Нэг л үнэн бий. 2000 онд ҮАБЗ-ийн гурван гишүүн МАН-д байсан. 2009 он хүртэл ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа бас л МАН-ынх байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нар байхдаа энэ хэргийг илрүүлэхгүй яасан юм. Одоо 2016 онд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд гурван хүн төрсөн ах дүү шигээ хамтдаа ойлголцоод явж байна. Тэгвэл энэ хэргийг яагаад илрүүлэхгүй байгаа юм. Хэн алсан юм гэдгийг яагаад гаргахгүй, яагаад ил тод ярихгүй байгаа юм. Би бол Хурц тэргүүтэй тагнуулын ажилтнуудыг өмгөөлсөндөө ярьж байгаа юм биш. Тэгээд ч эрүүгийн хуулийн 251-ээр бол хэрэг бүртгэгч, мөрдөгч ял авах ёстой. Мөрдөх албаны дарга нь цагаадсан юм чинь энэ зүйл ангиар ял өгөх нь угаасаа утгагүй. Уг нь аливаа Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа нь илрэх ёсгүй байдаг. Гэтэл тухайн үеийн Тагнуулын байгууллагад байсан хэн нэгэн үүнийг зохион байгуулалтайгаар илчилсэн. Нэг ёсондоо Ц.Хурц нар бол илэрсэн тагнуулууд л болчихлоо шүү дээ. Ер нь аль нэг улсад тагнуулын даргаа шоронд хийж байсан түүхийг би санахгүй юм байна. Тэр дундаа үе үеийн Тагнуулын дарга нар бол түүхэндээ үх, эвсэл амьдар гэдэг ийм зарчмаар явж ирсэн. Төрийн маш нууц, хар хайрцгийг авч явдаг байгууллага шүү дээ. Төр нь тагнуулчдаа уг нь хамгаалдаггүй юм аа гэхэд илчилдэггүй байх ёстой.

-Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй гэж таны хэлдэг үнэн л дээ. Маш олон хүн энэ хэргийг мэдмээр байгаа…

-Би Намбарын Энхбаяр гэдэг хүний өмгөөлөгч байсан. Дараа нь нүүрсний гэгдэх Л.Гансүхийн хэргийг би хөөцөлдөж хэвлэл мэдээллээр гаргуулж олны анхааралд оруулж байсан. Сая “Жи-Тайм”-ын хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийгээд хэвлэлээр гаргууллаа. “Жи- Тайм”-ын хэрэг бол маш ноцтой хэрэг байсан. Эрдэнэтийн нөлөө бүхий хууль, шүүх, тагнуулд ажилладаг гарууд нийлж байгаад Эрдэнэтийн 4000, Монгол Улсын 11 мянган хүнийг залилан мэхэлж 20, 30 тэрбум төгрөгийг авсан асуудал. Тэд нар зохион байгуулалттайгаар Казахстан улсын иргэн Ж.Маратыг хилээр зугтаалгасан. Энэ хэрэг гацсан байсныг би хөөцөлдөж байж шийдвэрлүүлсэн. Олон ч дайсантай болсон доо. Магадгүй миний ялагдлын нэг шалтгаан энэ хэргийг хөөцөлдөж, араас нь явснаас болсон ч байж магадгүй. Ер нь олны дуулиантай хэргүүдийг хэвлэл мэдээллээр цацдаг баймаар байна. Жишээлбэл, энэ яриад байгаа С.Зоригийн хэрэг, Жастын Батхүү, ЖДҮ, Санжийн Баяр, С.Баярцогтын хэргүүдийг юуг нь нууцалдаг юм бэ. Олон нийт энэ хүмүүсийг танина. Шүүх хурлыг хаалттай хийж юу нуугаад байгаа юм. Энэ шүүгдэж байгаа хүмүүст ч гомдол байгаад байна. Ард нийтээрээ шүүе л дээ. Дэлхийн чиг хандлагаар олон нийтийн анхааралд байгаа ийм хэргүүдийг ард түмэн шүүдэг байхгүй юу. Хуулийн заалт хэрэглэх эрхийг л хуульч буюу шүүгч эдэлдэг. Гэм буруутай гэвэл хуулийн заалтыг нь хараад тохирох ялыг нь оноодог. Харин манайд шүүх гэмт буруутайг нь баталчихсан, маргааш өглөө яваад очихоор нь чамайг гэмт буруутай гэсэн юм чинь гээд ялладаг. Ийм хошин байж болохгүй. Гэм буруутай эсэхийг хөндлөнгийн хүмүүс мэдэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *