Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар хүсвэл манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт та С.Зориг агсантай холбоотой хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Хэрэгт холбогдоод буй Эрдэнэтийн иргэдээс болж уг асуудалд анхаарал хандуулаад байгаа юм уу?

-Орхон аймгийн Их залуу багийн иргэд, сонгогч олон энэ асуудлыг анхааралдаа аваач гэж хүсч байна. Тэдэнд маань мэдээлэл хангалттай байхгүй байна. Надад ч гэсэн нарийн мэдээлэл байхгүй. Гэхдээ уг хэрэгт би маш их харамсч байна. Яагаад гэхээр давж заалдах шатны шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээчихлээ. Ядаж мөрдөн байцаалтад буцах болов уу гэсэн горьдлого надад байсан. Үнэхээр уг хэрэгт итгэж чадахгүй байна. Тухайн үед Эрдэнэтэд 100 мянга хүрэхгүй хүн амьдарч байсан. Бие биенийгээ сайн мэддэг. Аавыг нь, ээжийг нь, өөрийг нь таньж мэдэх хүмүүс тийм айхтар хэрэг хийгээгүй гэдгийг нь батлаад байдаг. Гэсэн ч шүүхийн шийдвэр гарчихлаа. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Хамгийн гол нь ард түмэнд эргэлзээтэй зүйл байгаа учраас олон зүйл хүсээд байна. Амьд гэрч юу ярьсан бол, энэ хүмүүсийн нөхцөл байдлыг дордуулсан шийдвэр гаргасан болов уу, юугаар нотолж хэргийг тохож байгаа юм бол гэхчлэн олон зүйл тодорхойгүй. Гэтэл өнөөдөр захиалгат аллага үйлдсэн гээд 25 жилийн ял өгчихлөө. Гэсэн мөртлөө захиалагч нь бас л тодорхойгүй.

-Та уг асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэсэн. Яг ямар хүсэлт тавьж байгаа юм бэ?

-Ерөнхийлөгчийг ажлын хэсэг гаргаач, уг хэрэгтэй холбоотой асуудлыг ил тод болго гэсэн зарлиг гаргаач гэж хүсэж байгаа. Ерөнхийлөгчид тийм эрх бий. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, анд нөхөр нь явсан хүний хувьд ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гаргуулаач гэж хүссэн. Ажлын хэсэг байгуулчихвал зарим нэг мэдээлэл олон түмэнд ил болно. Ядаж л гэрчийн мэдүүлгийг маш их сонирхож байгаа шүү дээ.

-Ер нь уг хэргийг нээлттэй хэлэлцэж болохгүй юу. С.Зориг агсны ар гэрийнхэн ч гэсэн нээлттэй хэлэлцэх хүсэлт гаргаж байсан?

-Одоогийн хуулиар боломжгүй байх л даа. Тагнуулын байгууллага болон цагдаагийнхны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа учраас хаалттай яваад байна. Тагнуулынхны ажилласан мөрдөн байцаалтын тушаал, шийдвэрт маш нууцын зэрэгтэй гээд тамга дарчихсан байдаг. Тэгэхээр үйл явцыг нээлттэй хийх боломжгүй. Нэг л гарц байгаа нь ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан зарим нэг зүйлийг тодорхой болгомоор байна. Ерөнхийлөгчөөс ямар хариу ирэхийг хүлээх л үлдсэн.

-УИХ ээлжит бус чуулган зарлах байх гэсэн хүлээлт үүсгэсэн хэдий ч өнөөг хүртэл хуралдсангүй?

-Гишүүд байхгүй байхад яаж ээлжит бус чуулганыг зарлах вэ дээ. Энэ хэдэн гишүүд чинь гадаад явж ханахгүй юм. Би шударга, бодитоор хэлье. Монголын эмгэнэл гурван Х-тэй холбоотой. Нэгдүгээрт, хулгайг зогсоохгүй байна. Хоёрдугаар, хэмнэлт хийхгүй байна. Гуравдугаарт, хөдөлмөрлөхийг мартчихлаа. Уг нь солонгосууд энэ гурвыг мөрдлөг болгоод боссон. Гэтэл бид эсрэгээрээ.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь уу. МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй болох учраас уг хөтөлбөрөөс татгалзах гээд байгаа юм уу?

-Тэгээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас дэвших хүн муухай харагдчих вий гэсэндээ л ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулаад байна. Тэрнээс биш яг үнэндээ бидэнд гарц байхгүй. Одоо ОУВС-тай харьц, үгүй бол Хятадад очиж боолчлогд гэсэн ганцхан гарц үлдсэн. Уг нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явдгаараа явах ёстой.

-Ээлжит чуулган эхлэхээр төсөвтөө тодотгол хийгээд ОУВС-д хандахад Захирлуудын зөвлөлийн хурал нь хүлээж авах юм болов уу?

-Тэрийг МАН-ын 65-аас асуу. Надаас асуугаад хэрэггүй. Би тэр хуралд суусан ч, суугаагүй ч хүсвэл тэд шийдвэрээ гаргана. Нэг л нам байгаа шүү дээ. Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө манайх үүргээ биелүүлэх үү, үгүй юу гэдгийг 65 л мэдэж байгаа. Миний хувьд амжаасай гэж хүсч байна. Уг нь тэд ажил хийе гэвэл өнөөдөр ч гэсэн хуралдаж болно. Гэтэл тэгэхгүй байна.

-МАХН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ?

-Тэрийг дэвшүүлнэ гэж хэлэх эрх надад байхгүй. Хуулиараа хориотой. Хэн гэж хүн сонгуульд нэр дэвшихийг тавдугаар сарын 1-нд зарлана. Дэвших магадлалтай олон хүн байна. Зарим хүн Н.Энхбаяр даргыг нэр дэвших эсэх тухай ярьдаг. Дэвшинэ гэвэл бусад гишүүдийнхээ адил бага чуулганаараа өрсөлдөж гарч ирээд дэвшиж болно. Тэгэхээр бага чуулганд бүх эрх бий.

-УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа дуулдсан?

-Хэнээс тэгж дуулаад байгаа юм бэ. С.Ганбаатараас тэр тухай асуусан чинь үгүй шүү гэдгээ хэлсэн. Бүр хоёулаа хамт хэвлэлийн бага хурал хийгээд би үгүй гэдгээ нотолъё гэсэн. Бүү мэд. С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшвэл сайн шүү дээ. Дэвшвэл дэвшинэ биз. Гэхдээ бага чуулганы шалгуурыг давах хэрэгтэй. Ер нь хэн ч дэвшиж болно шүү дээ. Хүсвэл Ц.Нямдорж, Н.Алтанхуяг нар манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг л дээ.

-Бага чуулган хэзээ хуралдах вэ?

-Хуулиараа тавдугаар сард хуралдах ёстой. Бид ажлын хэсэг гаргана. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс ажлын хэсэгт хандаад бага чуулганаар нэр дэвших эсэхээ хэлэлцүүлэх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *