Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Олон нийтийн анхаарал сонгуульд хандсан үеэр ноцтой заалттай хууль хэрэгжих гэж байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих Эрүүгийн хуулин дахь зарим ноцтой заалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “Долдугаар сарын 1-нээс маш ноцтой Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон байсан. Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улс төржсөн мэдэгдэл хийсэн. Эх орноосоо урвах заалтыг хэлж ярьж явсны эцэст нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар Я.Содбаатар, Б.Батзориг нарын гишүүд өргөн барилаа. Эх орноосоо урвагчидтай тууштай тэмцэнэ гэдэгт найдаж байна” гэж тодотгосон юм.

Тэрээр Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт 5-12 жил оногдуулна гэж зааж өгсөн явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, уг хуулийн заалтаар хар тамхины хэрэгтэй холбоотой 200 гаруй хүн ялаас чөлөөлөгдөхөөр байгааг онцоллоо. “Хуулийн ийм хөнгөн заалтыг өөрчлөх шаардлагатай” гэж онцлов. Улмаар “Эрүүгийн хуулийн 20.7 дугаар заалтад тохиролцож чадвал ялаас чөлөөлнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл хамт хар тамхи хэрэглэсэн хүнээ зааж өгвөл ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Ийм утгагүй заалт дэлхий дээр хаана ч байхгүй” гэлээ.

Мөн тэрээр “Эрүүгийн хуульд хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр жилийн ял онооно гэж заасан нь маш ноцтой зүйл хэмээн хэллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 16 жилийн ял онооно гэсэн тайлбар хийсэн. Гэтэл одоо шоронд байгаа хүмүүсийг автоматаар тав болгож интервал хийгээд суллахаар болж байна. Олон нийтийн анхаарал сонгуульд хандаад байгаа энэ үед ийм ноцтой заалттай хууль хэрэгжих гэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн хэрэгжилтэд ажлын хэсэг гаргаж, ноцтой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *