Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Н.Энхбаяр МАХН-ын гишүүн, харин МАХН-ын дарга биш

Image result for О.БаасанхүүУИХ-ын гишүүн, МАХН-ын дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та МАХН-ын 1000 гишүүнийг цуглуулан өнгөрөгч бямба гаригт Төрийн ордонд намынхаа Их чуулганыг хийсэн. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын зүгээс хүчин төгөлдөр бус хурал. Луйврын хурал хийлээ гээд байгаа. Таны зохион байгуулсан хурал хүчин төгөлдөр биш юм уу.Та албан ёсоор МАХН-ын дарга болсон юм уу. Тэгэхээр танай нам хоёр даргатай болж таарав уу?

-Нэгдүгээрт, МАХН аравдугаар сарын 31-ний өдөр Бага чуулганаа хийж, намын дүрмийн дагуу Их чуулганаа зарлаж Монгол Улсын 21 аймгаас 900 орчим төлөөлөгчдийг авч ирсэн. Манай Г.Бямбасүрэн даргын гэр бүлд уй гашуу тохиолдсон, төрсөн хүү нь хүнд зодуулж, төрсөн дүү нь зуурдаар нас барчихаад ажил явдалтай байгаа учраас албан ёсны мэдээллээ гаргаж чадахгүй байна.

Ирэх долоо хоногт бид бүх баримт нотолгоотой хэвлэлийн хурал хийнэ. Өмнө нь ИЗНН, Ардчилсан нам Төрийн ордонд хурлаа хийж байсан. МАН энэ том байшинтай болохоосоо өмнө Төрийн ордонд хурлаа хийж байсан шүү дээ. Төрд суудал бүхий намын хувьд Төрийн ордонд хурал хийж болно. Хоёрдугаарт, бид Төрийн ордноос өөр газар хурал хийх гэхээр аюулгүй байдал талаасаа хүнд байгаа юм.

Чуулган хийдэг өдөр хоёр талд аймшигтайгаар дайрч давшлан тэр бүү хэл миний биед халдсан. Чуулганд оролцохоор ирсэн хүмүүсийн иргэний үнэмлэхийг хугалах, урилга, мандатыг нь урж хаясан. Түүнчлэн төлөөлөгчдийн үс, гэзэгнээс зулгааж, зодох, Сүхбаатарын талбай дээр УИХ-ын гишүүн хүнийг хутгалж, шөвгөлж ална гэж орилсон.

Энэ мэтчилэн хүчирхийллийн зүйлс болсон. Холын аймгуудаас Их чуулгандаа оролцохоор олон хүн сэтгэл зүрхээ зориулан ирсэн. 900 орчим хүний 300 орчим хүнийг нь бойкотлоод оруулаагүй. Үүнээс болж Төрийн ордонд байсан хүмүүс гарч чадахгүй, гадаа байсан нь орж чадахгүй тэр бүү хэл захиалсан хоол ундаа идэж чадахгүй маш хүнд байсан. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Өөрсдөө циркэд ард түмнийг турхирч, ард түмнийг доромжилж, гүтгээд явж байна. Хуулийн дагуу байж болно, хууль бус байж болно. Гэхдээ бид төртэй, хуультай улс.

Ардчилал гэдэг чинь хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхийг хангахын төлөө яваа. Жишээлбэл, тэнд орилж байгаа хүмүүсээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд болоод явбал яах вэ. Аймшигтай. Тиймээс энд байгаа хүмүүс Н.Энхбаяр даргыг ирээд хуралдаа ороосой гэж хүссэн. Харамсалтай нь зодуулж, нүдүүлсэн учраас хамгийн түрүүнд энэ хүнийг намаас чөлөөлөх ёстой гээд тогтоолоо 100 хувийн саналаар баталсан. Н.Энхбаяр даргыг намаас хөөгөөгүй, намын даргаас л буулгасан.

900 хүнийг чинь зочид буудалд байрлуулах, хоол унднаас эхлээд нэлээдгүй зардал гарсан байх. Таныг ардаа маш том дэмжлэгтэйгээр уг хурлыг хийсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжсэн, Ерөнхийлөгч Х.Баттулга Баянгол зочид буудлаар хангасан гээд байгаа л даа…

-Монгол Улсад ганц баян хүн байдаг нь Н.Энхбаяр. Бусад нь баян биш гэдэг хандлагаар ярих хэрэггүй. Бид Баянгол зочид буудалд 60 сая төгрөг төлөөд төлөөлөгчдөө байрлуулсан. Үүнийг МАХН-ын нарийн бичгийн дарга байсан хүн хувийнхаа мөнгөөр санхүүжүүлсэн. Тэр хүнийг Н.Энхбаяр гэдэг хүн намын даргад өрсөлдөж магадгүй гээд намаас хөөсөн гэж ярьдаг.

-Г.Шийлэгдамба уу?

-Биш. Энэ хүн Н.Энхбаяр даргатай нас, бие чацуу. Олон жил улс төрд зүтгэсэн хүн учраас намынхаа шинэчлэлийн төлөө зардлыг нь төлсөн.

-Санхүүжилтээ илүү тодорхой болгох боломж байхгүй юу?

-МАХН 30 мянган гишүүнтэй. Ийм олон гишүүнтэй нам 150 сая төгрөг гаргаад хурлаа хийчих боломжтой. Ардчилсан намын нэг жижигхэн залуу Ардчилсан залуучуудын холбооны дарга болох гээд 200 сая төгрөгийг хувиасаа гаргачихаж байна. Ж.Батзандан ах дүү найз нөхдөөсөө авсан байлгүй намынхаа даргад өрсөлдөхдөө 250 сая төгрөгийн дэнчин тавьчихаж байна шүү дээ. Бүхэл бүтэн нам ийм бага мөнгөөр өөрсдөө бараг зардлаа төлөөд хурлаа хийснийг гадуурхаж байгаа нь МАХН-д ганцхан мөнгөтэй хүн байдаг. Бусад хүмүүс нь мөнгөө нийлүүлээд хурал хийж болохгүй гэж үзлээр нийгмийн тархийг угааж байгаад харамсч байна. Шаардлагатай гэвэл бид санхүүжилтийг гаргана. Гэхдээ тэр хүмүүсийн аюулгүй байдлыг бодохгүй бол хэцүү. Хүрэлсүх ямар ч хамаагүй. Бид Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хянах гэж намаа шинэчилж байгаа. Тиймээс тааж яриад хэрэггүй. Тэнд байгаа 1000 хүнийг янз бүрээр хэлж, доромжилж болохгүй.

-МАХН-ын албан ёсны дарга нь та болоод Н.Энхбаяр МАХН-ын экс дарга болсон гэж ойлгож болох уу?

-МАХН-ын даргыг УИХ-д суудалтай гишүүндээ харьцуулж байгаа юм. Яагаад гэхээр Н.Энхбаяр даргыг огцруулсан. Улсын дээд шүүхэд бүртгүүлээд энэ намыг удирдаад аваад явах үүрэг нь үүсвэл би удирдаад явна. Н.Энхбаяр МАХН-ын гишүүн, харин МАХН-ын дарга биш. Тогтоолоор хүчингүй болсон.

-Танай намын тамга Н.Энхбаяр даргад байгаа. Гэтэл та намын дарга болчихлоо. Тамга тэмдгийн асуудал үүсэх байх даа. Шинээр хийлгэх юм уу?

-Тамга ямар ч хамаагүй. Улс төрөөс хол байгаа хүмүүсийг турхирах нь гэмт хэрэг. Бид хуулийн байгууллагаар нийгмийг хагалан бутаргах гэсэн энэ үйдлийнх нь дагуу явна.

Бид анх намаа байгуулахдаа тамгатай байсан юм уу. Намыг намын Их хурлаас байгуулдаг. Тамгатай хурал хийдэг гэдэг ойлголт хууль мэддэггүй хүмүүсийн яриа. Тогтоолоор бүх зүйл баталгаажаад явдаг. Тогтоолоо баталгаажуулаад явдаг юм. Тамгаа авч зугтаасан дарга гэдэг шиг энэ хүн тамгаа өгөхгүй их юм болох нь. Энэ тамгаар ямар нэгэн бичиг албажуулаад явбал гэмт хэрэг. Тиймээс энэ тамгыг ашиглахгүй байвал сайн байна. Монгол Улсын хуулийн дагуу Улсын дээд шүүх намын дарга, дүрмийн өөрчлөлтийг албажуулдаг.

-Одоо Улсын дээд шүүхэд тогтоолоо өгөх юм байна, тийм үү?

-10 хоногийн дотор бид бичиг баримтаа өгөөд албажаад явна.

-Улсын дээд шүүхээс Бага чуулганыг хүчингүй гэчихсэн юм биш үү?

-Улсын дээд шүүхээс Бага чуулганыг хүчингүй гэж үзээгүй. Тэгж үзэх үндэслэл байхгүй. Бага чуулгантай холбоотой Улсын дээд шүүх дээр очсон зүйл байхгүй. Улсын дээд шүүхэд МАХН-ын нэр бүхий гишүүдийг хөөх зорилгоор Бага чуулганы гишүүд дүрмэндээ өөрчлөлт хийлээ гээд Улс төрийн намын тухай хуулийн 13.6-г үндэслэн “Намын Их чуулганы чөлөөт цагт Бага чуулган дүрмийн өөрчлөлт хийж болно” гэсэн заалтыг бариад Улсын дээд шүүхэд дүрмийн өөрчлөлт хийх гэж явсан. Улсын дээд шүүх нэгдүгээрт намын дотоод асуудалд Улсын дээд шүүх шийдвэр гаргахгүй. Хоёрдугаарт, чөлөөт цаг гэдэг нь хоёр жил дотроо Бага чуулган нь өөрчлөлт хийж болохоос биш найман жил болчихоод одоо чөлөөт цаг гээд байж болохгүй. Гуравдугаарт, намын дүрмээр намын Их чуулганаар дүрмийн өөрчлөлт хийнэ гэж байхад 1000 хүний баталсан зүйлийг 100 хүрэхгүй хүн өөрчлөөд явах нь буруу гээд Улсын дээд шүүх материалыг нь хүлээж аваагүй. Тиймээс намын Их чуулганыг зарлах уу гэдгийг хоёр талаас асуусан. Хоёулаа хийнэ гэсэн. Тэгээд бид Их чуулганыг хийж байгаа юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүсийг турхирах, буруу мэдээлэл өгчихөөд үүнийг үнэн юм шиг ярих нь эрх чөлөө биш. Бүх зүйл хуультай.

-Гэхдээ таныг МАНАН-гийн гар хөл гээд байсан шүү дээ?

-Хэнээс хэдэн төгрөгийг хэзээ авсныг нотлоод яриад явах ёстой. Би үгүй гэдгээ нотолж чадна. Намын Их чуулган 2013 оноос хойш яригдаж, бэлтгэгдэж ирсэн. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийх гэж байсан юм. Яагаад гэхээр нэгдүгээрт, Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхэд намын Их чуулганы тогтоолыг бариад явахад 1000 хүнийг нулимж, хэлмэгдүүлэхгүй байгаасай гэсэн юмаа. Ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлж, дур зоргоороо хаалт хийх юм бол хоёр номероор Эрдэнэчулуун, Нарангэрэл нарын нэгийг нь дэвшүүлье гэдэг зорилгоор Их чуулганаа хийе гэсэн. Харамсалтай нь манай намд огт хамааралгүй залуу сүүлийн 30 минутад ухаан орж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшье гэсэн. Тэр нь С.Ганбаатар. Урд өдрийнх нь 00 цагт “Чи үнэхээр дэвшмээр байгаа юм бол тэрийгээ хэлээ. Бид байр сууриа нэгтгэе” гээд байхад тэр “Үгүй” гэсэн л дээ. Өглөө нь Нарангэрэлийг дуудаж ирээд “15 тэрбум төгрөг өг. Яг одоо энэ дансанд хий. Тэгээд дэвш” гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд хувийн үзэмжээр хандах юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ намын гишүүд бид С.Ганбаатарыг гаргахын төлөө явсан. Харамсалтай нь дахиад цагаан сонгууль гээчийг гишүүдээсээ асуугаагүй. 400 мянган хүн зөвшөөрөнгүүт миний бие “Сонгуулийн ерөнхий хороог огцруулъя” гэдэг албан бичиг бариад СЕХ-нд аваачиж өгсөн.

-Саяын хурлын үеэр зодоон цохиондоо тулсан гэлээ. Хэн тэгсэн юм бэ?

-Олон бодлогын алдаа байгаа учраас бид үүнийг шүүмжилж ярья гэсэн юм. Харамсалтай нь гишүүдээ зодсон, сүрдүүлсэн, орилж хашхирсан явдлыг гаднаас нь турхирсан. Жишээлбэл, би гаднаас төлөөллийг нь оруулъя гээд яваад очиход “Ичээч, ичээч” гээд орилоод унасан. Тэгэхээр нь би “Юун ичих. Та нарын хэн нь ормоор байна. Юу яримаар байна” гээд яриа хөөрөө болж өнөө хүмүүс нь ойлгох гээд ирэнгүүт цаанаас нь орилж, хашхирч, турхираад байсан. Ийм нөхцөлд бид яаж оруулах юм. Тэр дотор манай намын биш зөндөө хүн байсан. Манай намын учраа мэдэхгүй хөгшчүүд ч байсан юм. Тэдний төлөөллийг ороод ир гэсэн. Тиймээс энэ хүмүүст янз бүрээр хандахаа боль. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэнэ.

-Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нар хэзээ сонгогдох вэ?

-Удахгүй намын Бага чуулган хуралдана. Үүгээрээ томилдог дүрэмтэй. Энэ дагуу бид шийднэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *