УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын зарим удирдах ажилтнууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр, “МАХН нь шинэчлэгдэх цаг нь болсон байна. Үүний тулд Бага чуулганыг хуралдуулах шаардлага үүсээд байна” хэмээн мэдэгдэв.
Тус намын дүрэмд Бага чуулганыг хуралдуулах санаачилгыг намын дарга, Гүйцэтгэх товчооноос дэвшүүлж болох ба мөн Бага чуулганы гишүүдийн 3/1 нь дэмжсэн тохиолдолд хуралдуулахаар заажээ. Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй гишүүд дэмжигчид Бага чуулган хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Бага чуулган хуралдсан тохиолдолд Их чуулган хуралдах бөгөөд үүгээр намын бодлогын шинэчлэлийг хийх бололцоо бүрдэнэ гэж тэд үзэж байна.
Учир нь МАХН зургаан жилийн өмнө нэрээ сэргээж УИХ-д анх 11 суудал авч байсан бол өнгөрөгч сонгуулиар нэг суудал авсан. Энэ нь нам дотор бодлогын зөрчилдөөн байгаагийн зэрэгцээ улстөрийн нам олонхи дагаж бодлого шийдвэрээ баталдаг зарчим алдагдаж, зөвхөн нэг хүний үгийг сонсдог болсонтой холбоотой гэж тэд ярив.
Түүнчлэн шат шатны хуралдааныг зохион байгуулахаар болж байгаа нь зөвхөн намын даргадаа хариуцлага тооцох тухай асуудал биш, намын бодлогын шинэчлэлийн асуудал байх болно гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодотгов.