УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг өргөн барилаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж Сангийн сайд хариулт өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголчууд машин угсраад гаргая гэхээр болдоггүй. Яагаад гэвэл гаалийн татвар нь хэрээс хэтрээд байна. Нөгөө л ярьдаг л юмнууд нь яваад байна. Энэ хөтөлбөрийг хийе гэж байгаа юм бол наад зах нь ямар үйлдвэр, тоног төхөөрөмж байна, тэрийг яаж зах зээлд оруулах вэ гэдгийг ярьмаар байна. Юун казино энэ дотор ороод ирэв ээ, казино энэ хоёр юугаараа холбоотой болчихож байгаа юм бэ, гуя дагаж хүзүү гэдэг шиг юм яваад байна л даа. Бид нар өнөөдөр хар тамхиа хянаж чадахгүй байгаа шүү. Энэ нь маш том үндэсний аюулгүй байдлын хэмжээнд орчихсон байгаа. Саяхан казиногийн асуудлаар мөрийтэй тоглосон нөхдүүдийн хэрэг гарсан. Хууль бус мөнгийг хянаж чадахгүй байна. Жилийн жилд л казино гэж юм орж ирэх юм. Казино, эдийн засгийн хүндрэл хоёр чинь тусдаа асуудал л даа. Казиногийн хууль ямар ашигтай болоод ийм юм ороод ирчихэв ээ.
Дээрээс нь энэ гадны банкийг оруулж ирэх явдал байна. Та бүхэн тооцоод үз, 27 хувийн хүү төлнө, 20 хувийн татвар төлнө. Бизнесийн компаниуд 60-70 хувиа алдчихаж байна. Тэгэхээр яаж ашиг олох юм бэ. 10 хувийн ашиг ч олохгүй байна шүү дээ. Аятайхан хууль орж ирэхээр улстөржүүлээд аваад явчихаад байна л даа.
ТҮЦ энэ тэр ажиллуулж байгаа иргэдийг татвараас чөлөөлмөөр байна шүү дээ. Дэлгүүрүүдээр ороод үзээрэй. Өрийн дэвтэр нэртэй бөөн зузаан дэвтэрүүд байгаа. 500, 1000 төгрөг гээд хажуу хамрын хүмүүстээ талх давс нийлүүлж байгаа, хар машин хэмээх НӨАТ-ын машин гэдэг юм чинь дараатай байна шүү дээ. Татварын тал дээр эд нараа ярьдаггүй юм уу. Татварынхаа хуулийг татаад авчихсан байдаг. Би одоо өөрөө өргөн барьдаг юм билүү. Үнэ тогтворжуулах хөтөлбөр чинь их аятайхан юм байсан. Одоо энийгээ буруу байсан юм шиг явчихаад байна. Энэ үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжих үү, үүнд хэр хэмжээний мөнгө босгох вэ, энэ дээр тодорхой саналууд байвал хэлж өгөөчээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Казиногийн хууль яагаад ороод ирэв ээ гээд байх юм, түрүүчийн Засгийн газар энэ хуулийг өргөн барьчихсан байсан шүү дээ.
Засгийн газар татарын хуулийг татаж авч байгаа шалтгаан бол хэлэлцүүлэг хийх явцад дахиад ес орчим салбар нэмэгдсэн. Орлого 2017 онд буурах эрсдэл үүссэн учраас буцааж татаж авсан. Миний хувьд тэр барилгын материалын салбарын хүрээнд нэр явагдаж байсан. Гэхдээ би барилга угсралтын компаний ажил хийж байсан нь үнэн. Надад ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
О.ӨНӨР