Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Бие биенийхээ хулгайг илчилж байгаа нь сайн хэрэг боловч Монгол Улс тамирдах нь ээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын үйл ажиллагаа гацчихсан гэхэд хилсдэхгүй байдалтай байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс төртэй байх уу, үгүй юү гэдэг дээр санаа зовж байна. Учир нь Монгол Улс 26 тэрбум ам.долларын өртэй байгаа. Хэрвээ Парисын клубээр хэлэлцэх юм бол Монгол Улс хэд, хэдэн газар нутагаа өрөндөө алдана. Тиймдээ ч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж валютын нөөцийг бүрдүүлэх гэж байна. Энэ үед Монголын төрийг чадамжгүй болгох гэсэн гадна, дотны явуулга яваад байх шиг харагдаж байна. Цаад зорилго нь биднийг саарал жагсаалтад оруулах гээд байна уу гэх хардлага байна. Бид ондоо багтаж маш их өр төлнө. Японоос санхүүгийн дэмжлэг авъя гэсэн боловч сайн ярих нь зүйтэй гэсэн байна. Ярья гэдэг нь өгье гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр бид буцаад эдийн засгийн хүнд байдалд орох вий гэсэн болгоомжлол байна.

-Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байгаа. Энэ нь хэр зөв зүйтэй алхам юм бэ?

-УИХ-ын гишүүдийн тэмцлийг хоёр утгаар ойлгох ёстой болов уу. Хуралдаа суухгүй бойкот хийж УИХ-ын даргыг огцруулна гэж байгаа. М.Энхболд дарга үүнийг улс төрийн шахалт, шаардлага гэж ойлгоод дэмжих нь зөв. Учир нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмний амьдрал ядуу хэвээр байна. Гэтэл улстөрчид нь нүдэн дээр нь хагартлаа баяжчихсан. Авлига хээл хахууль нь цэцэглэчихсэн, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглаж дур зоргоороо зээл авдаг. Эрдэнэтийн 49, 51 хувь, Оюу толгой гээд санаа зовмоор зүйлүүд олон байгаа. Энэ бүхэнд ард түмэн гомдчихсон. Гомдчихсон учраас Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарыг дэмжээд байна. Би ч гэсэн УИХ-ын гишүүн, шударга бусын хонгилд дургүй хүнийг дэмжмээр байгаа юм. Нөгөө талдаа УИХ-ыг чадамжгүй болгож, чуулганы хуралдааныг явуулахгүй гэж байна. Нэг зүйлийг би гайхаад байгаа юм. УИХ-ын дарга нэр бүхий гишүүдээс ирүүлсэн шаардлагыг хэлэлцэж, тодорхой дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Уг байнгын хороог хуралдаж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл өнөөх гишүүд уг хурлыг дахиад бойкотолж байгаа юм. Тэгэхээр энэ бүхний цаад зорилго нь Их хурлыг чадамжгүй зорилготой юм болов уу гэж хараад байна. Их хурлыг чадамжгүй болгоод сайнаар яривал Үндсэн хуулийн хувьсгал хийнэ. Саараар яривал Монгол Улсыг дефолт зарлахад хүргэнэ. Ингээд Монгол Улсын аль нэг газрыг гадныханд найр тавьж өгөх гээд байгаа юм болов уу гэж бодож байна.

Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн ажлаа хийх хэрэгтэй. Энэ тухай би ил, далдаар хэлж, ҮАБЗ-ийн нарийн бичигт нь ч уламжилсан. ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх байсан. Энэ мэдээллийг зориуд гацаасанд би тун сэтгэл дундуур байгаа. ҮАБЗ-ийн тэргүүн юу ярихыг бид сонсох хэрэгтэй байсан. Энэ асуудлыг хүчээр зогсоосон залуучуудад тоглоом тоотой нь дээр шүү гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч ч гэсэн ингэж хэлэх цаг болсон. Л.Оюун-Эрдэнийг З.Энхболд сайн мэднэ. Х.Нямбаатарыг ямархуу хүүхэд гэдгийг бид ч, тэд ч мэдэж л байгаа шүү дээ. Эд нар цэвэрхэн хүмүүс биш шүү дээ. Цэвэрхэн хүмүүс гэдэг нь улс төрд удаагүй хүнийг хэлдэг юм. Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар хар багаасаа улс төрд явсан. Ах нарынхаа гар хөл болж явсаар ирсэн. Одоо ч гэсэн гар хөл нь болсоор байна. Одоо улстөрд тодрох цаг нь биш ээ. Тодорхой ажил хийх цаг нь ирчихээд байна. Бид цагаа үр ашиггүй, хоорондоо хэмлэлдэж өнгөрүүлж байна. Монголын төрд хэн хямрал үүсгээд байна гэдэг асуудал дээр тусгай албатууд байр сууриа нэгтгэх цаг болсон.

-Н.Номтойбаяр гишүүн “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан” талаар мэдээлсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан зарим гишүүдийг эгүүлэн татах тухай яригдаж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулинд УИХ-ын гишүүн хүний эхнэр, гэр бүлийн хүмүүс ЖДҮХС-гаас зээл авч болохгүй гэсэн хориг байхгүй. Мэдээж гишүүн хүн өөрөө ЖДҮХС-гаас зээл авч болохгүй шүү дээ. ЖДҮ-тэй холбоотойгоор 32 хүн шалгаж байгаа юм билээ. Урьдчилсан үзлэгээр 26 хүн нь сэжиг бүхий, есөн хүнд хавтаст хэрэг нээх бүрэн боломжтой байгаа. Үүнээс гурваас дөрвөн гишүүнийг нь эгүүлэн татах асуудал яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Ер нь бол ЖДҮХС-гаас зээл аваад түүгээрээ банкин дахь өрөө дарчихаж болохгүй. Жишээ нь, Засгийн газарт нөлөө бүхий байсан Б гэгч этгээд манай Эрдэнэтэд очоод Засаг даргаас нь газар авсан байна. Өнөөх газартаа зээл авч байгаад барилга барьжээ. Харин банкин дахь өрөө ЖДҮХС-гаас авсан зээлээрээ дарчихсан байгаа юм. Энэ бол гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр Н.Номтойбаярын ярьсан зүйл гэмт хэрэг мөн эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

Ер нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын тэмцэл, ЖДҮ, Л.Оюун-Эрдэнэ гэнэт ухаан ороод Монголыг хувьсгалжуулж байна гэх зэрэг зүйлүүд огт байхгүй ээ. Тийм үлгэр байдаггүй юм. Зүгээр л хотын фракц, зүүний хүчний фракц хоорондын эрх мэдлийн төлөөх дайн. Би чинь МАХН-ын хүн шүү дээ. Тийм учраас эдний түүхийг би маш сайн мэднэ. Энэ бол МАН-ын л хэрүүл. Үүнийг төрийн асуудал болгож байгаа нь зохимжгүй. Би Л.Болд гуайд л санаа зовж байна. Парламентын түүхийг ярих хэмжээний мундаг улстөрч хүн. Гэтэл өнөөдөр улс төрийн шахаанд орсноосоо болоод ийм тэнэг үйлдэл хийгээд явж байна.

-ЖДҮ, 60 тэрбумын асуудлын тухай цуурцгааж байна. Үүний цаана бонд, Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлууд дарагдаж үлдэх нь, том асуудлуудаа ярих хэрэгтэй гэдгийг хүмүүс хэлж байна л даа…

-Авлигатай тэмцэх газар авлигалыг 50 хувь бууруулъя гэвэл Эрдэнэтийг л судла. Үлдсэн хэсэг нь бусад жижиг асуудлууд байгаа байх. Н.Алтанхуяг “Ц.Элбэгдорж Эрдэнэтийг идэж дууссан бол ядаж шороог нь үлдээ” гэж зөв юм хэлсэн. Би өмнө нь Т.Ганболдтой уулзахад надад юу ч хэлээгүй. Яагаад тухайн үед нь яриагүй юм бэ гэж ард түмэн асууж л байгаа. Цаг нь болсон учраас л одоо ярьж байгаа юм байлгүй. Миний хувьд шударга бусын хонгил гэж зүйл байдаг юм бол нураая гэж бодож явсан шүү. Нүүрсний гэх хэргээр шоронд орсон Л.Гансүх, прокурорын өөдөөс чанга дуугарсан эмэгтэй нарын шүүх хурлыг телевизээр гаргах ажлыг би хийсэн юм. Л.Гансүх гарч ирээд “Намайг бүгд дэвслэх гэж байхад чи хэн бэ гэдгээ харууллаа. Баярлалаа” гээд хэлж байсан. Тэмцэнэ гэдэг нь цээжээ дэлдэхийг хэлдэггүй юм. Би Эрдэнэтийн луйварчидтай яс үзэж байгаа. Тулалдаж байгаа.

-Таны харж байгаагаар энэ тэмцэл хэзээ намжиж, парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бол?

-Ард түмэн МАН-ын 65 хүнийг сонгосон. Тэд Үндсэн хуулийг өөрчлөх ч эрхтэй хүмүүс шүү дээ. Гэсэн ч тэд улсаараа тоглож байна. Болохгүй гэдгийг би маш олон удаа хэлсэн. Жишээ нь, АТГ-ын даргыг томилж болохгүй гэдгийг би маш олон удаа л хэлсэн. М.Энхболдыг УИХ-ын дарга болгоно гэхэд нь би зөндөө л эсэргүүцсэн. Гэтэл өнөөдөр бүгд халаглаад л байх юм. Өөрсдийнх нь хулгай илэрчих гээд байгаа учраас л бие биенээ хэмлээд байна. Аль алиных нь хулгай илэрчих гээд байгаа хэрэг л дээ. Бие биенийхээ хулгайг илчилж байгаа нь сайн хэрэг боловч Монгол Улс тамирдах нь ээ. Улс эх орон минь дампуурчих вий гэж би их санаа зовж байна.

-Таныг МАХН-ын гишүүнээс нь хасна гэж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Би Н.Энхбаяр ахыгаа маш сайн ойлгож байгаа. Тэр хүн энэ намаас салах юм бол амиасаа салсантай адил болно. Гэхдээ ах мөнх настай биш. Бодлогоо нийлүүлээд, надаас уучлал гуйх хэрэгтэй. Намайг зөндөө л доромжилж, гутаалаа шүү дээ. Шоронд хийх гэж их л оролдлоо. Би тэр хүнийг шоронгоос гаргаж байхад, намайг шоронд хийх гээд байж болохгүй биз дээ. Шударга бусын хонгил байдгийг ах ч, би ч мэдэж байна. Одоо тэр хүн уучлал гуйгаад, намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийн дагуу даргынхаа эрх мэдлийг өг. Гишүүдээ хүндэл. Ингээд бид цаашаа явмаар байна. Нэмж хэлэхэд саяхан хошин шог шиг юм болсон. Саяхан Ерөнхий сайд суудалгүй намуудын удирдлагуудтай уулзсан. Тодруулбал, охин компанийнхаа төлөөллүүдтэй уулзсан гэсэн үг. Тухайн үед У.Хүрэлсүх Н.Энхбаяр даргыг урьсан чинь “Манайх суудалтай” л гэсэн байна лээ. Хөөрхий ах минь одоо улс төрийн орон зайгаа шударгаар тавьж өгөх цаг болсон. 1996 онд П.Очирбатыг намын дарга байхад нь Н.Энхбаяр тэргүүтэй 40 нөхөд орж албан тушаалыг нь авч байсан юм билээ. Харин 2016 онд нөхдүүдийг хөөх зорилгоор “Number one” хөдөлгөөнийхөн буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нар У.Хүрэлсүх ахаараа толгойлуулаад тэмцсэн. Ер нь заавал хэрэлдэж, зодолдож тэмцэх шаардлагагүй л дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *