“Өдрийн сонин”-ы 2016.08.12-ны №184 (5449) дугаараас авч нийтлэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Сангийн сайдын хийсэн мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр дуулиан тарьж байна. Мэдэгдлээс өмнөх Засгийн газрын алдаатай шийдвэрүүд эдийн засгийг дампууруулсан гэх өнгө аяс цухалзаж байгаа?
-Хэдийгээр МАХН тухайн үед засаг барихад хамтарч оролцсон гэж ярьж байгаа боловч бодитоор аваад үзэхэд миний хувьд нам, засаг дотроо сөрөг хүчин байсан. Би их шүүмжлэлтэй хандаж байлаа. Үнэнийг хэлэхэд бүх зүйлд тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр хандаж нөхцөл байдлыг дордуулсан. Тухайн үед Монгол Улсын нэр хүнд өндөр байсан. Бондыг жилийн дөрвөн хувийн хүүтэй оруулж ирэхийг бүх гишүүд 100 хувь дэмжсэн. Би ч дэмжсэн. Гэхдээ тодорхой төсөл байхгүй, хэзээ төлөгдөх нь ойлгомжгүй, хэрвээ Монгол Улс өрөнд орвол гарах гарц нь тодорхой биш байна. Эхлээд үүнийгээ яриад тодорхой болгочихоод зээлээ аваач гэж хэлж байлаа. Гэтэл ороод ирэнгүүт нь шууд төмөр зам руу хийсэн. Одоо төмөр замын үлдэгдэл мөнгөө хийж чадахгүйгээсээ болоод хэдэн хүмүүсийг шоронд хийх гээд явж байна. Зээлийн хүү бага байсан ч богино хугацаатай зээлийг хурдан эргэлтэд оруулах ёстой. Тэгэхээр 2017 онд Монгол Улс зээл, хүүгээ төлөх гэж байгаа яг энэ мөчид бол хаа хаанаа хомсдол үүсчихсэн байгаа нь бодитой үнэн. Монголбанк дураараа аашилсан. УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүйгээр асар их мөнгө хэвлэгдсэн гэж би ойлгож байгаа. Жишээлбэл, 1072 хувьцааны мөнгө хаанаас гарав. 21 мянган төгрөг ард түмэндээ тараахад 350 сая ам.доллар гарч байсан. Одоо 300 мянган төгрөгийг тараахад хичнээн хэмжээний мөнгө гарсан бол. Тэр мөнгийг Монголбанк хэвлээд гаргачихав уу эсвэл гадны хүмүүс оруулчихав уу. УИХ-ын гишүүд нь бодит мэдээллээр хангагдахгүй байна. Одоогийн Засгийн газрыг дөнгөж байгуулагдахад нь би ихэнх сайдтай нь уулзаж яг бодит мэдээллээ гаргаж өгөөч ээ. Одоо төсөв яах юм гэж асууж байсан. Гэтэл өнөөдөр (өчигдөр) төсвийн төсөөлөл гээд төсөл нь орж ирж байна. Жишээлбэл, Эрдэнэтэд гурван тэрбум төгрөгөөр барих үерийн даланг 23 тэрбум төгрөг гээд оруулаад ирсэн байна. Ийм л болчихоод байна шүү дээ.
-Хямд зардлаар барьчихаж болох зүйлийг илүү үнэлээд байна гэж үү?
-Төрийн аудит гэж байгаа юм бол бүх гүйцэтгэл дээр аудитын дүгнэлт гаргаач ээ. Мөн төсвийн төслөө оруулж ирэхдээ аудитын дүгнэлтээ давхар хавсаргадаг байх хэрэгтэй. 76 гишүүн бүгдээрээ мэргэжлийн хүмүүс биш. Тиймээс тухайн газар даланг гурван тэрбумаар барих юм уу, 23 тэрбумаар барих юм уу гэдгийг шууд мэдэхгүй. Мэргэжлийн байгууллага оруулж ирсэн байх гээд нүдээ аниад үеийн үед төсөв баталж байсны гай гарч байна. Зөндөө жишээ бий. 2008-2012 оны үед Хан-Уулд барьж эхэлсэн төрөхийн барилга одоо царцчихаад байна. Таван тэрбум төгрөгийн өртгөөр барих худгийг таван сая ам.доллар гээд хийчихсэн. Ямар ч аудит гаргаагүй 10 ширхэг худаг ухчихсан газар байна шүү дээ. Энэ бүр дэндүү замбараагаа алдчихсан байхгүй юу. МАН-ын үед ч, АН-ын үед ч ийм байсан. Тэгэхээр одоо үүнийгээ цэгцэлье. Бие бие рүүгээ чихээд яахав. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа юу гэвэл хүнд байгаа. Хэнээс болов гэдгийг эхний ээлжинд ярихаа больё. Харин төсвөөс мөнгө хийсэн, хийх гэж байгаа гэсэн бүх ажил дээрээ хөндлөнгийн санхүүгийн шалгалт оруулъя. Жишээлбэл, “Сайн” малчин, оюутан, хашаа гэдэг хөтөлбөрүүд сайн зүйл үү гэвэл тийм. Гэхдээ “Сайн” хөтөлбөрийг санхүүжүүлэх мөнгө байсан уу гэвэл би мэдэхгүй байна.
-Өмнөх Засгийн газарт МАХН орж ажиллаж байсан. Тийм учраас алдаатай шийдвэрүүд байвал хариуцлага хүлээх байх?
-МАХН хамтарч засаг бариагүй шүү дээ. МАХН-д байсан хэдэн хүн сайдын суудал нэртэй авсан. Тэдний ихэнх нь ураг төрөл, хамаатан садан, хамгийн сүүлд нууц амрагаа хүртэл агентлагийн даргаар тавьж байгаад тэрэнтэйгээ хамт МАН-д урваад орчихсон. Үлдсэн хэдэн хүмүүсийг нь АТГ барьж авна гэх мэтээр үйл явдал өрнөсөн. Ийм учраас МАХН хариуцлагыг үүрэх бололцоогүй. Ардын нам засагт хамтарч байхдаа зургаан сайд тавиад зургаан мянган хүнийг ажилтай болгосон юм. МАХН дөрвөн сайд тавиад дөрвөн жил дараалан балбуулаад, нүдүүлээд хэдэн ураг төрөл хамаатан саднаа ажилтай болгосноос өөр олигтой бодлого явуулж чадаагүй. Үүнийг би шүүмжилж байсан. Сайд хийж байгаа хүмүүс сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ ний нуугүй хэлэхэд намынхаа багаар, намынхаа боловсон хүчнээр хийх ёстой болохоос сайдын хамаатан, цүнх барьдаг хүн хийх ёсгүй. Одоо МАН тэрийг дуурайгаад л явчихлаа. Монголын төр тэдэнд өртэй юм уу хаашаа юм. Нөгөө хэдийн цүнх барьдаг хүмүүст дэд сайдаас эхлээд есөн шидийн албан тушаал өгөөд л явж байна. Одоо Монголын төрөөр тоглохоо больцгооё. Сангийн сайдын мэдэгдэл бол ажлаа авсан хүн мэдээлэл өгсөн байх. Өмнө нь байсан хүмүүс худлаа мэдээлэл гэж өөрийгөө өмөөрөх эрхтэй.
-УИХ дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөц хасах болсон гэдэг мэдээлэл өгч байсан. Сангийн сайдын мэдэгдэл хийсний дараа манай улсын бондын үнэ унасан, долларын үнэ өссөн зэрэг сөрөг үзэгдэл харагдаж эхэллээ. Та үүнийг юу гэж үзэж байна?
-Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад эсвэл УИХ-аас тогтоосон тусгай дэгээр явуулаагүй бол ард түмэн мэдээллийг ил тод, нээлттэйгээр авах эрхтэй. Одоо үүн дээр хоёр сонголт байна. Бодит мэдээллийг ард түмэнд өгөөгүй, эдийн засгийг ийм болтол нууж байсан хүмүүс хариуцлага үүрэх ёстой. Эсвэл бодитой биш мэдээллээр ард түмнийг бужигнуулаад, эдийн засагт хохирол учруулсан гэж үзэж байгаа бол тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Нэг үгээр худлаа ярьж байгаа бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Харин үнэхээр ийм болчихсон бол бид мэдэх л ёстой шүү дээ. Бид төрийн санхүүгийн талаар мэдээллийг авах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Үндсэн хуулиар тэр эрхийг олгочихсон. Тийм учраас би 1072 хувьцааны мөнгө хаанаас гарсан, Эрдэнэтийн 49 хувийн 400 сая ам.доллар ямар эх сурвалжаас гаралтайг гаргаж ирнэ үү гээд УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Дээрээс нь Сангийн сайдын мэдээлэл бодитой эсэх асуудал байна. Миний хэлээд байгаа бодит санал бол төрийн аудитыг оруулчихъя. Аудитын дүгнэлт гаргуулчихъя. Тэгвэл АН, МАН-ын мэдээлсэн шиг байна уу гэдэг тодорно. Мэдээлэл бол ноцтой. Үүнийг үнэн эсэхийг эхлээд тогтооцгооё.
-Сангийн сайдын мэдэгдлийг аудитаар шалгаад АН, МАН-ын аль нэгнийх нь буруу боллоо гэж бодъё. Тэгвэл ямар хариуцлага хүлээлгэх юм бэ?
-Төрийн онц чухал мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан хариуцлага үүрч магадгүй. Би одоогоор мэдэхгүй байна. Эсвэл нөгөөдүүл нь хэрвээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан бол ядаж улс төрийн буюу ёсзүйн хариуцлага хамгийн багадаа хүлээнэ. Эрүүгийн хариуцлага ч үүрэх хууль эрхзүйн орчин байгаа шүү дээ.
-Эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлаар далайлгаж байгаад гадаадаас зээл авах, гадны банкийг оруулж ирэх гэж байна гэсэн хардлага олон нийтэд байгаа. Таны хувьд ямар нэгэн хардлага байна уу?
-Бидэнд эдийн засгийг аврах дөрвөн боломж байгаа. Нэгдүгээрт, “Стэнд бай” хөтөлбөрт орж болох юм. Гэхдээ тэр нь аюултай. 500 сая ам.долларын төлөө бид эдийн засгийн хараат байдалд орно. Эсвэл бонд босгох юм уу гадаадаас мөнгө зээлнэ. Гэвч Монгол Улсын нэр хүнд ийм байхад бидэнд өмнөх шиг таатай нөхцөлтэй зээл олдохгүй. Мөн дээрх хоёр хувилбар Монгол Улсад ч ашиггүй. Гуравдугаарт, таатай нөхцөлөөр төсөл хөтөлбөрийг Монгол Улсад байлгах. Жишээ нь, Оюу толгойн борлуулалтын орлогыг Монгол Улсын банк санхүүгийн системээр явуулахыг хатуу шаардаж болно. Тэр мөнгө энд байршиж байж бид борлуулалт дээр хяналт тавьж, мөн долларын ханшаа буулгана. Монгол Улсад ажиллаж байгаа бол манай орны санхүүгийн дүрэм, журмыг дагах ёстой. Бид татварын хөнгөлөлттэй нөхцөлөө тохирсон болохоос гадаадын банкинд мөнгөө хийхээр тохироо хийгээгүй. Би хуульч хүний хувьд хариуцлагатай хэлж байна шүү. Популизм хийгээгүй. Иймэрхүү байдлаар хурдны зам ч юм уу ярьж байгаа томоохон төслүүдийн мөнгийг яаралтай Монгол Улсын банкинд байршуулах нөхцөлтэйгөөр хийх ёстой. Ингэвэл зөв системээр эдийн засгаа эрүүлжүүлж чадна. Дөрөвдүгээрт, тодорхой төслүүдээ гадныханд зарах. Жишээлбэл, 34 хувиа эсвэл Таван толгойн ордуудаа зарж болно. Ийм л дөрвөн арга байгаа. Өөр арга алга. Ийм яаралтай арга хэмжээ авч байж эдийн засгаа аварна. Банкны хувьд одоо байгаа зургаан олигархи банкийг дампууруулахгүйн тулд Монголбанк мөнгө хэвлэж зээлүүлчихлээ. Энэ буруу. Зах зээлийн хууль байдаг юм бол зургуулаа дампуурвал дампуураг. Зах зээлийн өрсөлдөхүйц систем оруулж ирэхгүй юм бол өөр яах гээд байгаа юм. Өөр гарц байна уу. Эсвэл зургаан банкаа авар эсвэл шинэ банк оруулж ир. Чайна банк байна уу, Франц банк байна уу айх хэрэггүй. Монгол Улсын иргэд ажилтай орлоготой байх хэрэгтэй. Жилийн нэг хувийн хүүтэй зээл өгдөг банк байвал алга ташаад авах хэрэгтэй. Жилийн 25 хувийн хүүтэй зээл өгдөг банкаар яаж амьдрах гээд байгаа юм бэ. Үүнийг эрүүлээр сэтгээд бүгдээрээ ажиллая л даа. Бүгд ажилтай байвал орлоготой байна. Орлоготой байвал эдийн засаг чинь өөрөө өсөөд л явчихна.
Ж.БАЯРСАЙХАН