Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.
–Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулах болсон шалтгаанаас яриагаа эхэлье. МҮХАҮТ–аас юугаараа ялгаатай юм болгэж гайхах улс цөөнгүй байгаа байх?
-Дэлхийн ихэнх хот худалдааны танхимтай. Тэр танхим нь бизнес эрхлэгчдийг төлөөлж,эрх ашгийг нь хамгаалж чаддаг. Бизнесийн орчныг сайжруулахын төлөө ажилладаг жишиг бий. МҮХАҮТ бол Монголын нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Засгийн газар, УИХ-аас баталж байгаа хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахад бизнесийн дуу хоолойг хүргэхийн төлөө ажилладаг газар. Улаанбаатар хотын худалдааны танхим арай өөр. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн нэгдмэл ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. Ер нь Монгол ирээдүйд хэр хөгжилтэй улс байх нь Улаанбаатарт бизнесийн орчин ямар байгаагаас хамаарна. Тодруулж хэлбэл Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчин Монголын хөгжлийнгол цэг. Улаанбаатарын худалдааны танхим байгуулагдсан гол шалтгаан гэвэл энэ л дээ.
–Төр бизнесээс өндөр рейтингтэй байсаар ирсэн.Уг нь баялаг бүтээж байгаа гэдэг утгаараа бизнесийнхэн хүчтэй баймаар. Гэтэл өнөөдрийг хүртэл бизнесийнхэн нэгдэж, өөрсдийнхөө төлөө хүчтэй дуугарсан удаагүй. Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдах болсон гол шалтгаан нь энэ болов уу гэж харж байна?
-Тэгж ойлгож болно. Монгол Улс хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг бий болгоно гэсэн сонголтыг аль ерэн онд хийчихсэн. Бизнес эрхлэгчид дуу хоолойгоо нэгтгэж, эрх ашгаа хамгаалж чадаагүйн хор хөнөөл өнөөдөр гарч байна л даа. Ойлгомжгүй байдалд орчихоод байна. Төр бизнесийнхэнд ажил олгогч мэт авирласан хэвээр өнөөдрийг хүрчихлээ. Уг нь төр ажлын байр бий болгодоггүй. Хувийн хэвшил л бий болгодог. Хувийн хэвшил, тэнд ажилладаг хүмүүс бол Улаанбаатарын иргэд. Зүй нь нийслэлийн хөрөнгө оруулалт хувийн хэвшилд тулгуурлаж хийгдэх ёстой. Хотын хувьд иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг сургуулийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах гэх мэт суурь үйлчилгээний асуудалд анхаарах ёстой. Нийслэл хөрөнгө оруулалтад анхаарах ёсгүй гэх гээд байна л даа. Улаанбаатар хоёр том зах зээлийн дунд оршдог. Ази, Европыг холбодог. Энэ утгаараа танхимын үндсэн үүрэг бол Улаанбаатар хотыг Азийн санхүүгийн төв болгох. Улаанбаатарыг Азийн санхүүгийн төв болгохын тулд бизнесийнхэнд хийх зүйл их бий. Гадны хөрөнгө оруулагч мөнгөө хийлээ гэхэд хөрөнгө нь баталгаатай, ажиллаж амьдарч, сурах орчин нь аюулгүй, цэвэр цэмцгэр, найрсаг хот болох боломжийг бүрдүүлэхийн тулд бизнесийнхэн нэгдэж байна.Бид нэгдэж чадвал хотын удирдлагуудтай зөв түвшинд ойлголцоно. Таны хэлсэнтэй санал нэг байна. Бизнесийнхэн өнөөдрийг хүртэл тус тусдаа дор бүрнээ асуудлаа шийдэх гэж их явсан. Нэгдмэл байгаагүйн хор хөнөөл нь ямар ч төлөвлөлтгүй барилгажилт, доголдолтой нийтийн тээвэр зэрэг өчнөөн асуудлыг үүсгэчихээд байна л даа.
–Хот өөрөө замаа барьдгийг болиулах нь танхимын нэг зорилго байх нь гэж ойлголоо…?
-Хотын хийгээд байгаа хөрөнгө оруулалт бол ерөөсөө л бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн өгч буй татвар. Улаанбаатарт амьдардаг иргэдийн цалингаасаа татварт суутгуулж буй мөнгөөр л хөрөнгө оруулалт хийдэг. Энэ мөнгийг дөрвөн жил болоод солигддог нийслэлийн иргэдийн төлөөлөгчид юунд яаж зарахыг хуваарилдаг. Бидний мөнгийг улстөрчид дураараа хуваарилж болохгүй. Танхимын зориод буй нэг чиг энэ л дээ. Нийслэлчүүдийн өгсөн татварыг хувь хүний үзэл сонирхол, сонгуулийн системд тааруулж хуваарилж болохгүй. Компаниуд татвараа төлж л байгаа бол буцаагаад хяналт тавьдаг, зарцуулалтад нь оролцоотой байдаг механизмыг бүрдүүлье гээд байгаа юм. Харилцан ярилцаж шийдэж байж зөв хөрөнгө оруулалт хийгдэнэ. Улаанбаатар хотын худалдааны танхим цаашдаа Улаанбаатарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтад санал бодлоотусгахын тулд харилцан ойлголцож ажиллана. Бизнесийнхэн оруулж байгаа хөрөнгө оруулалтдаа эрсдэл хүлээдэг бол төр тэгдэггүй.
–Улаанбаатарыг Азийн санхүүгийн төв болгоно гэхээр Хонконг төсөөлөгдөж байна. Нийслэлээ Хонконг шиг хөгжүүлэхийн тулд ингэнэ гэсэн бодитой төсөөлөл байна уу?
-Удахгүй болох Монголын эдийн засгийн форумын үеэр Монголын мөрөөдөл 2030 онд хаана байх вэ, бид улс үндэстнээрээ, нэгдмэл эрх ашиг сонирхлоороо юу руу тэмүүлээд байна вэ гэдгээ ярилцаж томъёолно. Хүрэх цэгээ тодорхойлж байж яаж хүрэх вэ гэдгээ ярьцгаах ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улс ийм тийм болно гэсэн зорилго, чиглэл алга. П.Очирбат Ерөнхийлөгчийг анх “Бид Азийн бар болно” гэхэд хүмүүс олон янзаар хүлээн авч байсан. Миний хувьд тухайн цагтаа хамгийн зөв томъёолол байсан гэж хардаг. Тэгэхээр Улаанбаатар хот монгол мөрөөдлийн хүрээндирээдүйд ямар байх ёстойгоо тодорхойлох учиртай. Газар зүйн байрлал бүс нутгийн онцлогоо харахаар Монголын хөгжил уул уурхайд тулгуурлах байх. Мэдээж мал аж ахуйгаа хөгжүүлж таарна. Үүнээс гадна санхүүгийн төв байх гэсэн зоригтой зорилгыг дэвшүүлчих хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулагчдад найрсаг орчин бүрдэж амжаагүй байна. Гадны хөрөнгө оруулагчид Улаанбаатарт ирж санхүүгийн институц байгуулъя гэхэд хөрөнгө нь, данс нь, зорчих эрх нь баталгаатай байх ёстой. Улаанбаатар хотын худалдааны танхимын нэг гол үүрэг бол ийм орчныг бүрдүүлэхийн төлөө нөлөөлж ажиллах.
–Улаанбаатар хотын худалдааны танхим хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд ингэнэ, тэгнэ гэсэн нарийн төлөвлөгөө гаргаж амжаагүй ч танд санаа оноо байгаа байх?
-Төрөөс хийж буй хяналт шалгалт давхардсан, ойлгомжгүй, төр хэтэрхий давамгай оролцож байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна л даа. Жишээ нь өнөөдөр Монголд ороод ирчихсэн үйл ажиллагаа явуулж буй 200 орчим гадны хөрөнгө оруулагч хилээр гарах эрхээ хасуулсан байна. Шалтгаан нь янз бүр байх. Гэхдээ тэр хүн нутагтаа очих, зорчих эрхээ эдэлж чадахаа байна гэдэг сайн зүйл биш.
–Жастин Капла шиг байдалд орчихсон хүмүүс ийм олон байдаг хэрэг үү?
-Тийм тоо гарсан байна лээ. Хотел Монголиа гэссэн парадоксындор байж байгаа улсын тоо. Үүнээс гадна 2500 орчим монгол иргэн зорчих эрхээ хасуулсан байгаа. Дандаа л хувийн хэвшилд ажил төрөл эрхэлдэг хүмүүс. Бас нэг анхаарал татсан асуудал бий. Өнөөдөр 3500 гаруй татвар төлөгчийг цагдаа, хууль хяналтынхан шалгаадхэрэг үүсээд явж байна. Тэдний эхлээд хийдэг алхам нь компаниудын дансыг хаах. Компанийн данс хаана гэдэг маш бүдүүлэг асуудал. Цалингаа тавина, гадаад дотоодоос түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ татах гэх мэтбүх л үйл ажиллагаанд нь данс хэрэгтэй. Энэ мэтээр хуульд байхгүй, тогтоол, дүрэм, журмаар зохицуулагдсан асар олон саад бизнес эрхлэгчдэд байна. Тэр болгоныг арилгахын төлөө ажиллахаас аргагүй. Хөрөнгө оруулагчид мөнгөө аль болох өндөр ашиг олох улсад байршуулахыг хүснэ. Оруулсан мөнгөнийх нь дансыг хааж, зорчих эрхийг нь хасаад байдаг улсад хөрөнгө оруулалт хийх хүн олдохгүй. Хөрөнгө оруулалт хийж байгаа хүн урт хугацааны ашигтай байх нөхцөлийг төсөөлдөг. Гэтэл өнөөдөр манайд мөнгийг нь авчихаад хүнийг нь хөөж гаргах гээд байдаг хандлага их ажиглагдлаг. Эсвэл мөнгийг нь авчихаад хүнийг ньоруулж гаргадаггүй сонин явц өрнөөд байна л даа. Энэ болгоныг зөв тайлж, зөв ойлголцож байж бидний яриад байгаа таатай орчин бүрдэнэ.
–Улаанбаатарын худалдааны танхимын гишүүдийг харахаар “MCS”, “Петровис” гээд Монголын топ гэсэн бүх л компанийн нэр харагдаж байна. Яг хэчнээн компани танай танхимд нэгдээд байна?
-Өнөөдрийн байдлаар үүсгэн байгуулагч 64 компани анхныхаа хурлыг хийгээд Удирдах зөвлөлөө сонгочихлоо.Удирдах зөвлөлд 15 компани орж байгаа. 64 компанийн хувьд Монголын шилдэг татвар төлөгчид. Удирдах зөвлөлд 15 компани бий. Бүгд л нийгэмд өөрийн гэсэн мөртэй баялаг бүтээгчид. Удирдах зөвлөл хуралдаад MCS группын Од захирлыг ТУЗ-ийн дарга буюу ерөнхийлөгчөөр сонголоо. Бизнес эрхлэгчдийн хүлээлт хандлага маш өндөр байна л даа. Байгуулагдах цаг нь болсон гэж бүгд л хэлж байна. Бизнес эрхлэгчдийн хүсэл эрмэлзэл дээр үндэслэж байгуулагдсанболохоор үйл ажиллагааных нь цар хүрээ, нөлөөлөл нь илүү сайн байна гэдэгт итгэж байгаа. Бид төртэй адил түвшинд тогломоор байна. Төрийн ажиллах орон зайг бид бий болгох ёстой.
–Энэ олон компани хүсэл сонирхлоороо нэгдсэн гэхээр МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд бүрэн хүргэж, нөлөөлж чадаагүй байх нь дээ гэсэн хар төрж байна?
-Хуулиараа тухайн аймаг нийслэлд, үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид нэгдэж бие даасан танхим байгуулах эрхтэй. Мэдээж МҮХАҮТ-ын үйл ажиллагаа хангалттай хэмжээнд байсан бол энэ асуудал яригдахгүй байсан байж болно. Гэхдээ МҮХАҮТ-ын зорилго Улаанбаатар хотын худалдааны танхимынхтай зарчмын хувьд өөр. Хүрээ нь өөр л дөө. Нэг нь зөвхөн хотын асуудлыг шийднэ. Нөгөө нь улсыг хамарсан үйл ажиллагаа явуулна.
–Гэхдээ Монголын хувьд Улаанбаатар эдийн засгийн гол төв. Танхимын гишүүд тэр чигтээ танайх руу ороод ирчихсэн юм биш үү?
-Гишүүдийнх нь давхцлыг 80-90 хувьтай гэж харж байгаа. Хэрвээ Улаанбаатарын худалдаа аж үйлдвэрийн танхим сайн ажиллаад эхэлбэл гишүүдийн дэмжлэгийг илүү сайн авах байх. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хүний хувьд би нөхцөл байдлыг сайн ойлгож байна л даа. Анх яаманд харьяалагдаж байсан агентлагийг танхим гэж байгуулсан. Удирдлага нь тухайн үедээ цоо шинэ юм бий болгосон. Миний анзаарснаар бол сүүлдээ хэт аж ахуйн шинж чанартай болчихсон санагддаг. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой, эрх ашгийг хамгаална гэдэг өөр. Бодлогын, стратегийн үйлдлүүд түлхүү хийх ёстой. Магадгүй улс төрийн хэрэгсэл хэрэглүүр болоод хувирчихсаныг үгүйсгэхгүй.Энэ утгаараа хэт нүсэр бүтэцтэй, тэр нь үндсэн зорилгоо хангаж чадахаа байчихсан. Ажил нь сул учраас бизнесийнхэн тодорхой үйл ажиллагаанд нь оролцохоо байсан тал ч бий. Тэгээд өөр өөрсдийнхөөрөө явсан. Сүүлдээ эрх ашгаа хамгаалахын тулд CEO клуб, Бизнесийн зөвлөл, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл гэх мэтээр хэсэг бүлгээрээ нэгдэж ажиллах гэж үзсэн ч хүчгүйдсэн. Эцэстээ ийм алхамд хүргэсэн хэрэг л дээ. Гэхдээ ямар нэгэн эрх ашиг, амбицаар үндэсний танхимтай зөрчилдөх юм байхгүй. Бүс нутгийн хувьд өөр учраас.
–Бизнес, улс төрийн зааг ялгарахаа байсан, муусайн баячууд гэсэн хандлага хүчтэй байгаа гэж ирээд яривал асуудал их бий. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Улаанбаатарын танхим юу хийх вэ?
-Ахиад хэлэхэд бидний сонгосон нийгэм бол хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн тогтолцоотой. Хоолтой, ажилтай байх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарсан нийгэм. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл алдаа, оноо аль аль нь бий. Алдаагаа давтахгүйгээр урагшлах цаг нь ирсэн. Бидний адил байхыг хүсдэг хөгжилтэй орнуудад баялаг бүтээгчдийнх ньнэр хүнд асар өндөр. Гэтэл манайд эсрэгээрээ. Сүүлийн жилүүдэд бизнес улстөрхэт холилдож, нийтээрээ буруу ойлголттой болсон. Бизнес сайн байхаар л авлига өгдөг, авдаг, төрийн мөнгийг авсан гэж харддаг. Яагаад ийм байдалд хүрчихэв гэхээр тодорхой шалтгаан бий. Монгол жижиг зах зээлтэй. Төр нь капиталист нийгмийг сонгосон хэрнээбүгдийг хийх сонирхолтой. Хувийн хэвшилдээ зайгаа тавьж өгөхийг хүсдэггүй. Хөгжиж байгаа улс учраас дэд бүтцэд их мөнгө зарах шаардлага гарсан. Тэр мөнгөнийх нь хуваарилалтыг төр хийдэг учраас компаниуд ажил авахын тулд өөрийн эрхгүй төрийн хамааралд ордог. Ингээд л бизнесүүд нь улстөр рүү ороод эхэлчихсэн. Улстөртэй холилдох болсон шалтгаан нь ийм. Уг нь улстөр, бизнес жам жамаа хөөгөөд салах ёстой л доо. Бизнесийнхэн баялаг бүтээж,татвар төлөх ёстой. Орж ирж байгаа татварын мөнгийг нь улстөрчид иргэдийнхээ аюулгүй байдал үндсэн суурь хэрэгцээнд зөв хуваарилах ёстой. Түүнээс биш дөрвөн жилийн циклтэй гарч ирсэн нэг нөхөр бүх хуваарилалтад оролцоод авлига аваад байвал улс хөгжихгүй. Бизнесийн орчныг сайжруулна гэдэг зөвхөн бизнест хэрэгтэй зүйл биш. Бизнес ашиг орлоготой байвал хотын иргэдийн цалин нэмэгдэнэ. Татвар өсч улс хөгжинө. Ийм харилцан шүтэлцээтэй эд.
–Улаанбаатарын танхимын эхлээд хийх ажлыг сонирхмоор байна?
-Хотын удирдлагуудтай бизнесийнхний хүсээд буй зорилго чиглэлийн дагуу санамж бичиг байгуулна. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатарын худалдааны танхим бизнестэй холбоотой асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх болно.
Ц.БААСАНСҮРЭН