Categories
мэдээ нийгэм

О.Алтансүх: Ажилгүй байгаа нь эхнэр, хүүхдээ хүчирхийлэх нөхцөл гэж тайлбарлаж болохгүй

Монгол Улсыг залуучуудын орон хэмээдэг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хариуцсан тусгайлсан агентлаггүй явж ирсэн билээ. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаар залуучуудын асуудлыг хариуцсан тусгайлсан агентлагийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр байгуулаад удаагүй байна. Энэ агентлагийг удирдахаар томилогдоод байгаа О.Алтансүхтэй ярилцлаа.


Залуучуудын хөгжил болон тэдний өмнө тулгардаг олон асуудлыг төрийн бодлогоор зохицуулах тусгайлсан агентлаг байгуулагдлаа. Нийт хүн амын 35 хувийг эзэлж буй залуучууд руу чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Өмнө нь залуучуудын асуудал зөвхөн салбар дундын зохицуулалтаар хэлэлцэгдэж, шийдэгддэг, тусгайлан хариуцсан төрийн байгууллага байсангүй. Харин энэ удаагийн УИХ, Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр ажиллах агентлаг байгуулах шийдвэрийг гаргасан. Манай байгууллага бол хэрэгжүүлэгч агентлаг. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт зөвхөн залуучуудын эрүүл мэнд, орон сууц, ажлын байр зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх талаар зургаан томоохон зорилтыг тусгасан. Энэ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамгийн чухал хийх ажил. Өөрөөр хэлбэл залуучууд руу чиглэсэн эрүүл мэндийн ямар бодлого баримтлах, ажлын байртай холбоотой ямар дэмжлэг үзүүлэх вэ? гэх мэт Засгийн газраас санаачилсан бодлогуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Мөн түүнчлэн залуучуудыг өөрсдөөсөө шалтгаалж нийгмээ өөрчлөх эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр идэвхи зүтгэл гаргаж ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан залуучуудын чиглэлээр хийх зорилт нь манай агентлагийн хийх ажил, газрын зураг гэж ойлгож болно.

Залуучууд маань удахгүй бие даасан хуультай болохоор Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэсэн. Энэхүү хуулийн ач холбогдол, зорилгын талаар танилцуулахгүй юу?

-Энэ бол Монголын залуучуудын томоохон байгууллага НАМЗХ-ны санаачилга, зүтгэл гэж болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлыг санаачлан 21 аймаг, олон арван сумдад хэлэлцүүлэг хийж залуучуудын саналыг тусгаж 2012-2016 оны УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч хэлэлцэж амжаагүй. Харин одоо манай салбарын сайдын ажлыг аваад энэ ажлаа үргэлжүүллээ. Хуулийн төсөл Засгийн газраар дэмжигдсэн, удахгүй УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг болон УИХ-д өргөн барих бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Нэг зүйлийг онцлоход энэхүү хууль нь халамжийн бус хөгжлийн хууль байх юм. Хуулийн гол зорилго нь залуучуудын хөгжлийг дэмжих тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, идэвхи оролцоог сайжруулах, хариуцлагатай залуу иргэнийг төлөвшүүлж, тэднийг дэмжихэд чиглэнэ. Мөн тэдэнд эх орон ч үзлийг төлөвшүүлэх дорвитой ажил хийгдэх юм. Үүнээс гадна “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай сан” байгуулна. Энэхүү сангаар дамжуулан залуучуудыг тодорхой бизнес эрхлэх, эрүүл мэнддээ анхаарах, хамтран амьдрах хэв маягт суралцахад нь зориулж тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үзэл санаа туссан.

-Залуучуудын хөгжил өөрсдийнх нь хариуцлага, хүчин чармайлтаас шалтгаална. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Ёстой загатнасан газар маажлаа гэдэг шиг үг хэллээ. Залуучуудын хариуцлага, ухамсар нь тэдний, цаашлаад нийгмийн хөгжлийн гол эргэлтийн цэг болох үедээ байна.

Бид сайн эцэг, эх байж үр хүүхдээ хайрлаж, эрүүл хүн болгон өсгөж, зөв хүн болгож хүмүүжүүлэх нь улс эх орныхоо өмнө хүлээх иргэний журамт үүрэг гэдгээ ухамсарлая. Гэтэл төлөвлөөгүй гэрлэлт, салалт, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь залуус бидний сэтгэлгээний, хариуцлагын үнэн дүр төрхийг харуулдаг. Энд тоо баримт дурьдахыг урьтал болгосонгүй. Бүгдээрээ л мэдэж, сэтгэл нь зовинож байгаа. Гэхдээ бүгдийг бусдаас нэхэх биш бид өөрчилж чадна гэсэн хандлага, бодитой санаачилга ус агаар шиг хэрэгтэй байна. Цалин багатай байгаа нь гэр бүл салах шалтгаан, ажилгүй байгаа нь эхнэр хүүхдээ хүчирхийлэх нөхцөл гэж тайлбарлаж болохгүй биз дээ. Тиймээс залуу хүн бүр эх орныхоо өмнө сэтгэлгээний хувьсгал хийх үүрэг хүлээж байгаа гэж ухамсарлаасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *