Categories
мэдээ нийгэм

Нянгийн бохирдол илэрсэн гурван тонн хар зайрмагийг устгав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгажээ.

Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үйлдвэрт үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авсны дараа устгалд оруулах юм.

Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор баталсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 8.3 “Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNSСАС 192 “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага”-ыг хангасан, … бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх арга хэмжээг авсан байна. Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй зайрмагт хяналт тандалт хийхэд эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангасан дүнтэй байна. Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагийг гурван компани импортолдог бөгөөд энэ онд 2 тонн импортолжээ. Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлаад байна.

МХЕГ цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *